Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1553

 

 

 

 

 

 

   2022       10          25                                   2022/ШЦТ/1553

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүгдэгч А.О,

нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч Ж.Бүрэнжаргал нарыг оролцуулан эрүүгийн 2206 00000 3096 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн А.О, 1988 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /Регистрийн дугаар: ***/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 9 дүгээр сарын 22-ны шөнийн 04 цагийн орчим *** тоот хашаанд байрлах нийтийн байрны 01 тоотод хамтран амьдрагч Э.Ог “Оогий гэгчтэй архи уусан байна” гэж хардаж түүнийг зүүн талын цээж орчим хөлөөрөө 2 удаа өшиглөсний улмаас хохирогч Э.Огийн биед цээжний зүүн 5, 9 дүгээр хавирганы хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч А.О нь хохирогч Э.Огийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь:

- шүүгдэгч А.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дахь тал/,

- Хохирогч Э.Огийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 21-ний оройн 20 цагийн орчим миний хамтран амьдрагч нөхөр болох А.Оын машинд З, Зийн найз, Э нартай таарч тэр 3 түүний машин дотор архи уусан. Тэгээд шөнө ойролцоогоор 01 цагийн орчим намайг унтаж байхад А.О архи уучихсан гэртээ орж ирээд, намайг Оогийтой хамт архи уусан гэж Оогийтой хардаж хэрүүл маргаан хийгээд, А.О миний хоолойг гараараа боож, биеийн зүүн хэсэгт байрлах хавирган тус газарт хөлөөрөө 1 удаа өшиглөж зодсон. Гэтэл гаднаас цагдаа нар манай гэрт орж ирээд А.Оыг аваад явсан. Тухайн үед хэн цагдаа дуудсаныг мэдэхгүй байна. Намайг А.О өмнө нь зодож цохиж байгаагүй. Миний биеийн зүүн хэсэгт байрлах хавирга орчим хөндүүрлэж өвдөж байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...2020 оноос хойш одоог хүртэл хамтран амьдарч байгаа, А.Отай танилцаж тэр цагаас одоог хүртэл хамтран амьдарч байна. ...А.О намайг бусадтай хардан хэрүүл маргаан үүсгэн улмаар бид 2 маргалдаж А.О хөлөөрөө миний цээжний зуун хэсэгт 2 удаа өшиглөж тухайн гэмтлийг миний биед учруулсан. А.О намайг анх удаа зодож байна түүнээс өмнө нь ямар нэгэн байдлаар намайг зодож, цохиж, амьдрагч А.От ямар нэгэн гомдол санал байхгүй. Мөн түүнээс нэхэмжлэх мөнгө төгрөг, эд зүйл байхгүй. Бид хоёр одоо эвлэрсэн нэг гэртээ хамт амьдарсан хэвээр байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20, 152 дахь тал/,

- Гэрч Э.Зийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...04 цагийн орчим миний гар утас дуугарахаар нь би утсаа хартал *** гэх дугаараас над руу залгаж байсан би утсаа аваад ярьтал нэг эмэгтэй хүн “танай 2 найз чинь хоорондоо зодолдоод байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 1 давхар луу бууж тэдний гэрт ортол А.О газар дээшээ хараад хэвтчихсэн, Э.О дээр нь суучихсан орилж байхаар нь би тэр хоёрт хандаж “болиоч та 2” гэхэд миний үгийг сонсохгүй А.О Э.Ог дээрээсээ түлхэж газар унагаагаад Э.Огийн цээжний зүүн хэсэг орчим хөлөөрөө 2 удаа өшиглөхөөр би боль гэж хэлсэн... А.О Э.Огийн зүүн талын нүүрэн хэсэгт 1 удаа алгадчихсан. Тэгээд би тэдний гэрээс гарсан. Тухайн үед А.О нэлээн согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дахь тал/,

- Шүүгдэгч А.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 22-ны шөнө 04 цагийн орчим архи ууж өөрийн хамтран амьдрагч эхнэр Э.Ог бусадтай хардаж, зодож хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна, би цаашид дахин хамтран амьдрагч эхнэр Э.Ог хэзээ ч зодож цохих үйлдэл гаргахгүй. Э.О нь надаас хохирол мөнгө нэхэмжлээгүй тул хэргийг шүүхээр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 145-146 дахь тал/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 13101 дугаартай: “...Дүгнэлт:

1. Э.Огийн биед цээжний зүүн 5, 9 дүгээр хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтмол нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 36-37 дахь тал/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-13 дахь тал/,

- Шүүгдэгч А.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед гаргасан “...энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн 156 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт  хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

Иймд А.Оыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 9 дүгээр сарын 22-ны шөнийн 04 цагийн орчим *** тоот хашаанд байрлах нийтийн байрны 01 тоотод хамтран амьдрагч Э.Ог “Оогий гэгчтэй архи уусан байна” гэж хардаж түүнийг зүүн талын цээж орчим хөлөөрөө 2 удаа өшиглөсний улмаас хохирогч Э.Огийн биед цээжний зүүн 5, 9 дүгээр хавирганы хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт үйлдэлд нь тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүх шүүгдэгч А.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар болон хувийн байдлыг нь харгалзан прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцсэн бөгөөд шүүх хуульд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн улмаас хохирогч Э.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч А.Оыг бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. А.Оыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.От 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар А.О нь 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга)  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар А.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, А.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.От урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР