Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1559

 

 

 

 

 

 

   2022       10          25                                   2022/ШЦТ/1559

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүгдэгч Э.Б,

нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ нарыг оролцуулан эрүүгийн 2011 01205 0303 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Э.Б, 1997 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** тоотод оршин суух, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон, /Регистрийн дугаар: ***/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Фейсбүүк компанийн мэдээллийн сүлжээгээр дамжуулагдах хэрэглэгч Г.Тын нүүрномын өгөгдөлд хууль бусаар халдан нэвтэрч, түүний найз Ц.Маас мөнгө зээлээч гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон итгэл төрүүлж, Н.Тгийн Хаан банкны *** тоот дансаар 350.000 төгрөг шилжүүлүүлэн, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо хорооны нутаг дэвсгэр, Шархадны эцэс Нарлаг төвийн гадна байрлалтай Хаан банкны автомат тооцоолуурын машин (АТМ)-аас гарган авч залилсан,

2020 оны 6 дугаар сарын 06-ний өдрийн 22 цагийн орчимд, Фейсбүүк компанийн мэдээллийн сүлжээгээр дамжуулагдах хэрэглэгч Б.Дын нүүрномын өгөгдөлд хууль бусаар халдан нэвтэрч, түүний найз А.Аг мөнгө зээлээч гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон итгэл төрүүлж, Н.Тгийн Хаан банкин дахь *** тоот дансаар 3,000,000 төгрөг шилжүүлүүлэн, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Кино үйлдвэрийн автобусны буудлын голомт банкны автомат тооцоолуурын машин (АТМ)-аас гарган авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Дээрх шүүгдэгч Э.Б нь Фейсбүүк компанийн мэдээллийн сүлжээгээр дамжуулагдах хэрэглэгч Г.Тын нүүрномын өгөгдөлд хууль бусаар халдан нэвтэрч, түүний найз Ц.Маас мөнгө зээлээч гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон итгэл төрүүлж, Н.Тгийн Хаан банкны *** тоот дансаар 350.000 төгрөг шилжүүлүүлэн, Хаан банкны автомат тооцоолуурын машинаас гарган авч залилсан үйл баримт нь:

- Шүүгдэгч Э.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

- Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 14-20 дахь тал/,

- Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 24-26 дахь тал/,

- Хаан банкны харилцагч Н.Тийн *** тоот харилцах дансны 2020 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн хуулга /1хх-ийн 28-29 дэх тал/,

- Хохирогч Ц.Ц.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 06-ны өдөр манай найз болох Т гэх хүний фейсбүүк хаягаас миний фейсбүүк цахим хаяг pyy “3000000 төгрөг яаралтай зээлээч, удаахгүй маргааш гэхэд өгнө” гэж бичихээр нь “надад 350.000 төгрөг л байна” гэж хэлтэл Г.Тын хаягаас “би нэг хүнээс 2.600.000 төгрөг авахаар болчихлоо. Чи наад мөнгөө *** дугаарын данс руу явуулчих. Наад дансны чинь эзэмшигч Т гэж хүн байгаа би хөдөө ажилтай явж байгаа болохоор наад данс руугаа шилжүүлчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь дээрх данс руу нь 350.000 төгрөгийг интернэт банк үйлчилгээг ашиглан Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн орчимд байхдаа шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 50-51 дэх тал/,

- Хохирогч Г.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 06-ны өөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд ажлаар явж байсан бөгөөд тухайн газар сүлжээгүй байсан. Маргааш нь буюу 2020 оны 6 дугаар сарын 07-ны 01 цагийн үед сүлжээтэй газар очсон байхад үеэл дүү Алтангэрэл над руу залгаад таны фейсбүүк хаягаас над руу мөнгө гуйсан чат бичээд байна гэж хэлсэн. Тэгээд миний фейсбүүк хаягаар өөр хүн нэвтэрч орсныг мэдсэн ба миний ойр дотнын хүмүүс рүү мөнгө нэхсэн чатуудыг бичсэн байсан. Манай найз Ц.Маас 350.000 төгрөг авсан байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 148-149 дэх тал/,

- Гэрч Н.Тгийн: “...2020 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Э.Б Шархадны эцсийн буудал дээр ирчихлээ гэхээр нь би тосож аваад найзындаа очсон. Манай найзын гэрт байхад Э.Б миний виза картыг аваад дэлгүүр ороод ирье гээд явсан. 10-20 орчим минутын дараа ирсэн. Дэлгүүр орж юу авсан эсэхийг нь мэдээгүй. Ариунзаяагийн гэрт хоол идчихээд бид хоёр 21 цагийн үед гарсан. Такси бариад Хан-Уул дүүргийн 02 дугаар хороо буюу 19 дүгээр хороололд байх гэртээ хүргүүлэхээр явж байсан. ...Тэгтэл кино үйлдвэрийн тэр хавьд байдаг Хаан банкны Экспресс банкны АТМ руу ороод 20-30 минут болж байгаад гарч ирсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 152 дахь тал/,

- Хаан банкны 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 50/5444 дугаартай албан бичиг /1хх-ийн 105 дахь тал/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 106-108 дахь тал/ зэргээр,

Мөн Фейсбүүк компанийн мэдээллийн сүлжээгээр дамжуулагдах хэрэглэгч Б.Дын нүүрномын өгөгдөлд хууль бусаар халдан нэвтэрч, түүний найз А.Аг мөнгө зээлээч гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон итгэл төрүүлж, Н.Тгийн Хаан банкин дахь *** тоот дансаар 3,000,000 төгрөг шилжүүлүүлэн, Голомт банкны автомат тооцоолуурын машинаас гарган авсан үйл баримт нь:

- Шүүгдэгч Э.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

- Хохирогч А.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гэртээ байж байтал “***” гэсэн фейсбүүк хаягаар 3,000,000 төгрөг 1 хоногийн хугацаатай зээлээч гэхээр нь би Дг гуйж байна гээд зөвшөөрөөд өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын данснаас Дгийн хэлсэн Хаан банкны Т гэсэн нэртэй *** тоот данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 27 дахь тал/,

- Гэрч Н.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн Хаан банкин дахь *** тоот данс миний өөрийн данс юм. Би уг данстай холбоотой байдаг картаа 2020 оны 6 дугаар сарын 06-ны өдөр миний таньдаг Э.Б гэх залуу надаас авч ашиглаж байсан. Тухайн үед миний дансанд 3,000,000 төгрөг хаанаас, ямар учраас орж ирсэн талаар мэдэхгүй байна. Би Э.Б гэх залуутай танилцаад 2 сар гар болж байсан бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 06-ны өдөр надаас картыг чинь ашиглаад мөнгө авах хэрэгтэй байна, түр хэрэглүүлээч гэж надаас авч байсан.” гэх мэдүүлэг /2хх-ийн 34 дэх тал/,

- Гэрч Б.Аийн “...Би Т гэх хүнийг танихгүй. Би 2020 оны 6 дугаар сарын 06-ны өдөр бусдын фейсбүүкийг ашиглаж хууран мэхлэн 3,000,000 төгрөг авсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /2хх-ийн 37-38 дахь тал/,

- Н.Тгийн Хаан банкин дахь *** тоот дансны хуулга /2хх-ийн 51-53 дахь тал/,

- “***” гэх нэртэй фейсбүүк хаягаас харилцсан зурвас /2хх-ийн 46-49 дэх тал/,

- А.Агийн Хаан банкин дахь *** тоот дансны хуулга /2хх-ийн 46-50 дахь тал/ зэргээр тус тус тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Иймд шүүгдэгч Э.Быг 2020 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Фейсбүүк компанийн мэдээллийн сүлжээгээр дамжуулагдах хэрэглэгч Г.Тын нүүрномын өгөгдөлд хууль бусаар халдан нэвтэрч, түүний найз Ц.Маас мөнгө зээлээч гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон итгэл төрүүлж, Н.Тгийн Хаан банкны *** тоот дансаар 350.000 төгрөг шилжүүлүүлэн, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо хорооны нутаг дэвсгэр, Шархадны эцэс Нарлаг төвийн гадна байрлалтай Хаан банкны автомат тооцоолуурын машин (АТМ)-аас гарган авч залилсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг,

2020 оны 6 дугаар сарын 06-ний өдрийн 22 цагийн орчимд, Фейсбүүк компанийн мэдээллийн сүлжээгээр дамжуулагдах хэрэглэгч Б.Дын нүүрномын өгөгдөлд хууль бусаар халдан нэвтэрч, түүний найз А.Аг мөнгө зээлээч гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон итгэл төрүүлж, Н.Тгийн Хаан банкин дахь *** тоот дансаар 3,000,000 төгрөг шилжүүлүүлэн, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Кино үйлдвэрийн автобусны буудлын голомт банкны автомат тооцоолуурын машин (АТМ)-аас гарган авсан гэмт үйлдэлд нь мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүх шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэрэг гарсан, үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Э.Б нь шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан бөгөөд хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Э.Быг бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Мөн бусдын цахим мэдээлэлд хууль бусаар халдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Бд 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Бд 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр, Мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн Э.Бын нийт биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Быг зайлшгүй тохиолдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Бд энэ тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 5 /тав/ сар 11 /арван нэг/ хоногийн хугацаагаар оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 7 /долоо/ хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр нэмж нэгтгэн, нийт биеэр эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 2 /хоёр/ жил 7 /долоо/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Э.Б нь цагдан хоригдсон хоногггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Т.ШИНЭБАЯР