| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/1492/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1568 |
| Огноо | 2022-10-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1568
2022 10 27 2022/ШЦТ/1568
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,
улсын яллагч Б.Эрдэнэбаяр,
шүүгдэгч Б.О нарыг оролцуулан эрүүгийн 2206 02990 2854 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.О, 2001 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, ээж хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /Регистрийн дугаар: ***/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.О нь 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдөрт шилжих шөнө 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Бтай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас зодолдон нүүр рүү гараараа цохих, үснээс нь зулгаах, толгойгоор нь газар мөргүүлэх зэргээр хохирогчийн биед духанд зөөлөн эдийн няцрал, зүүн зовхины дотор булан, баруун хацар, баруун өвдөгт цус хуралт, баруун хацрын төвгөр, хүзүү, зүүн эгэм, зүүн шуу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт:
Дээрх шүүгдэгч Б.О нь хохирогч Б.Бы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
- Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
- Хохирогч Б.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн үед найз Ариунцэцэгийн гэрт ганцаараа очиход Энхмаа байсан. Тэгээд гурвуулаа хамт найз Оюунтуяагийн гэрт очсон. Энхмаа, Ариунцэцэг бид гурав гараад “Хаппи” гэдэг баар руу такси бариад явсан. Би тухайн үед нэлээд согтсон байсан болохоор хэнтэй ямар шалтгааны улмаас зодолдсон гэдгээ санахгүй байна. Ариунцэцэгийн хэлснээр бол нэг хүүхэн ирээд л намайг цохиод авсан гэсэн. Тэгээд тэр бид хоёр зодолдож байхад баарны хамгаалагч нар ирээд гаргасан байсан. Гадаа гараад үргэлжлүүлээд зодолдсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дахь тал/,
- Гэрч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ороод пиво захиалчхаад бүжиглэж байхад манай найз Б.Б руу нэг шар үстэй, туранхай онигор нүдтэй, цайвар царайтай, 160 см орчим өндөртэй хар өнгийн цээживчтэй, хар савхитай, цагаан саарал пүүзтэй, хар өмдтэй 22-23 орчим насны эмэгтэй дайраад үснээс нь зулгаагаад тэр хоёр тайзан дээр өнхөрч унасан. Тэр эмэгтэйн найзууд цаанаас нь ирээд нэлээд бужигнаан болсон. Тэр хоёрыг боссоны дараа юу болсныг шар үстэй охиноос асуусан чинь энэ гичий чинь манай найз залуугийн гараас хөтлөөд байна гэсэн. Тэгэхээр нь би хэл амаараа учраа олъё гэсэн чинь над руу дайраад байхаар нь найзууд нь аваад үүдний ширээний хажууд суусан. Тэгээд маргаан болоод би шар үстэй охины найз залуу гэх залуутай муудалцаж байхад баарны хамгаалагч нар ирээд бид нарыг гаргасан. Гараад Б.Бы утас нь олдохгүй байж байсан чинь нөгөө хэд бөөнөөрөө гараад ирсэн. Б.Б та нар миний утсыг авсан гээд шар үстэй охиноос зуураад байсан чинь би яахаараа утсыг чинь авдаг юм гээд Б.Бы нүүр рүү салаавч гаргаад байсан. Тэрнээс болж дахин маргаан болоод тэр охин Б.Быг үсдээд дарж унагаагаад дахин зодоон болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дахь тал/,
- Гэрч Э.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд намайг бүжгийн талбай дээр байж байхад Б.Б нэг охинтой зодолдож байсан. Тэгээд салгах гээд байж байхад баарны хамгаалагч нь ирээд салгасан. Тэгээд байж байхад тэр охин туранхай 160 см орчим өндөртэй, шар үстэй, цайвар царайтай, хар өнгийн цээживчтэй гадуураа хар өнгийн эрэгтэй савхи өмссөн, бариу хар өнгийн өмд өмссөн, цагаан кеттэй охин над руу янхан, гичий минь гэх мэт эмэгтэй хүнээс гарахааргүй муухай үгээр доромжлоод байсан. Гараад ир гээд байхаар нь би тайзны голоос гараад тэр охиныг үстсэн, тэр охин бас намайг үсдээд тэр охины найз залуу нь намайг эхлээд намайг янхан минь тавь гэж байсан аа, эгч ээ та тавьчих гээд байхаар нь тавьсан чинь нийлээд над руу дайраад найз охиныгоо наадхаа алаад хая гээд байсан. Тэр охинтой маргалдаад байж байхдаа би цамцаа тайлахдаа Б.Бы утсыг барьж байгаад гараас салаад унагаачихсан байна лээ. Б.Б надаас утсаа нэхэхээр нь тухайн үедээ гараасаа алдсанаа мартчихаад би мэдэхгүй гэсэн чинь тэгвэл гадаа байгаа хэд авсан гаръя гээд гарсан. Гадаа гараад Б.Б нөгөө шар үстэй охины цамцнаас зуураад утсыг минь өг цагдаа ирэхээр шалгуулъя гэсэн чинь тэр охин Б.Быг үсдээд доош нь дараад духаар нь цементэн явган хүний замыг мөргүүлээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дэх тал/,
- Гэрч Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Бааранд бүжиглэж байсан чинь гурван эмэгтэй намайг оролдоод, татаж чангаагаад байсан юм. Манай эхнэр хамт байсан болохоор холоос хараад уурлаад хүрч ирээд тэр гуравтай хэрэлдээд нэгэнтэй үстэлцсэн. Тэр үстэлцсэнтэйгээ газарт унасан чинь нөгөө хоёр нь дээрээс нь өшиглөөд байсан. Тэгээд баарны хамгаалагч нь бид нарыг гар гээд гадаа гаргасан. Гадаа гараад манай эхнэр Б.О нөгөө дотор байхдаа үстэлцсэн эмэгтэйтэй дахиж үстэлцээд зодолдсон. Тэгээд цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дэх тал/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 8292 дугаартай: “...Дүгнэлт:
1. Б.Бы биед духанд зөөлөн эдийн няцрал, зүүн зовхины дотор булан, баруун хацар, баруун өвдөгт цус хуралт, баруун хацрын төвгөр, хүзүү, зүүн эгэм, зүүн шуу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 23-24 дэх тал/ зэргээр тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч Б.Оыг 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдөрт шилжих шөнө 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Бтай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас зодолдон нүүр рүү гараараа цохих, үснээс нь зулгаах, толгойгоор нь газар мөргүүлэх зэргээр хохирогчийн биед духанд зөөлөн эдийн няцрал, зүүн зовхины дотор булан, баруун хацар, баруун өвдөгт цус хуралт, баруун хацрын төвгөр, хүзүү, зүүн эгэм, зүүн шуу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Шүүгдэгч Б.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдал, хохирогч гомдол саналгүйгээ илэрхийлж эвлэрсэн зэргийг харгалзан прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ялын санал гаргаж, түүнийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцсэн гэж шүүх шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч Б.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрт учирсан хохирлоо баримтаар нэхэмжилсэн төлбөрийг шүүгдэгч Б.О нь төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Б.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Оыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.О нь 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР