Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
Хэргийн индекс | 105/2022/0823/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1613 |
Огноо | 2022-11-02 |
Зүйл хэсэг | 11.4.1., |
Улсын яллагч | Б.Эрдэнэбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1613
2022 11 02 2022/ШЦТ/1613
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүгдэгч О.Б,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,
улсын яллагч Б.Эрдэнэбаяр /томилолт/,
хохирогч Х.Б нарыг оролцуулан эрүүгийн 2106 04092 1485 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн О.Б, 1990 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 32 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, өвөө, ахын хамт *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /Регистрийн дугаар: ***/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байрны гадна хохирогч Х.Бтэй “таксины төлбөр дутуу хийлээ” гэж маргалдаж, түүний баруун хөл рүү өшиглөж, биед баруун өвдөгний урд чагтан холбоосны хэсэгчилсэн урагдал, үений суналт бүхий хүндэвтэр гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт:
Дээрх шүүгдэгч О.Б нь хохирогч Х.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
- Шүүгдэгч О.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би энэ залууг найз охинтой нь циркээс аваад Чингис зочид буудлын эсрэг талд байрлах 03 дугаар байрын ард буулгасан. Төлбөр тооцоо хийх үед маргаан үүссэн. Би за чинийхээр больё гэж хэлээд өгсөн мөгийг нь авсан. Гэтэл энэ залуу машинаас буухдаа миний нүүр лүү хужиртын шилтэй ус шидсэн. Тэгээд би энэ усаа арч гэж хэлэхэд намайг цохих гэж хөөгөөд гүйцэхгүй болохоороо миний машины толийг өшиглөсөн. Би яаж байгаа юм бэ гэх хэлэхэд намайг цохисон. Би цагдаа ирэх хүртэй байж бай гэж хэлэхэд эхнэрээ дуудсан. Би эхнэрт нь болсон зүйлийн талаар тайлбарлаж хэлэхэд өө тийм үү гэж хэлсэн. Дараа нь энэ залуу эхнэрээ дагуулаад гэр лүүгээ орох гэж байхад нь байж байгаач ээ гэж хэлэхэд намайг гүйж ирээд өшиглөхдөө хөлөө гэмтээсэн гэж байгаад унасан. Тэгээд цагдаа, түргэн тусламж хоёр ирсэн.” гэх мэдүүлэг,
- Хохирогч Х.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Энэ хэрэг гараад одоо яг 365 хоног болж байна. Тухайн үед найзтайгаа төрсөн өдөр тэмдэглээд их дэлгүүрийн ойролцоогоос энэ хүний таксинд суугаад явсан. Би гэрчийн мэдүүлэгт хэлээд байгаа шиг согтуу байгаагүй. Тэр орой 12 хүнтэй хамт 7 шил шампанск уусан байсан. Маргааш нь гэр бүлээрээ ажилтай байсан учраас 01-02 цагийн үед тарсан байх. Гэртээ очоод тооцоо хийх үед эхлээд надад 4 километр гарсан гэж хэлээд 10.000 төгрөг нэхэх үед нь би 6.500 төгрөг шилжүүлчхээд буу үед намайг хараагаад байсан. Би гартаа барьж байсан усаа шидэхэд араас гарч ирээд гэр лүүгээ явж байх замд миний хүзүү рүү нулимсан. Бид хоёр ноцолдож байх үед толь нь хугарсан. Гэтэл манай хажуу талын байрын үүдэнд энэ хүн өөрөө орилоод эхэлсэн. Би санаа зовоод гэртээ ормоор байсан. Цагдаа дуудсан байгаа байж байгаараа гэж хэлэхэд нь би манай гэр нэг давхарт байдаг гэртээ орно гээд явтал араас боогоод тавиулах гэж байх үед миний өвддөгийн дотор хэсэг рүү О.Б өшиглөсөн. Шинжээчийн дүгнэлтэд урагдал гэж яриад байгаа ч урд талын шөрмөс тасарсан байгаа учраас заавал хагалгаанд орох шаардлагатай. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү.” гэх мэдүүлэг,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дахь тал/,
- Хохирогч Х.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өөрийнхөө төрсөн өдрийг тэмдэглээд циркийн доор байдаг ZU гэх нэртэй караокеноос гараад найзын хамт таксинд суусан. Тийн гэр нь цэргийн хажууд байх мөнгөн завьяа байранд байдаг тэгээд замдаа буусан. Би такситайгаа цаашаа гэр лүүгээ явсан. Тэгээд гэрийн гадаа очоод тооцоогоо төлөх болсон манай байр луу чипээр ордог учраас такси орж чадахгүй болохоор наана нь таксинаас буусан таксины жолооч 10.000 төгрөг гарсан гэж надад хэлсэн. Тэгээд би хэдэн километр гарсан бэ гэсэн чинь надад 4 км гэж хэлсэн тэгэхээр нь би 6000 төгрөг болох юм биш үү гэж асуусан чинь шөнийн тарифаар явж байгаа км нь 2000 төгрөг гэж хэлэн 2000 төгрөг болохгүй юм биш үү гээд угаасаа шөнийн тариф гэж байхгүй биз дээ гэж асуусан чинь бүх такси шөнө 2000 байдаг мэдэхгүй байж гээд аягүй олон юм ярьсан их ууртай байсан. Тэгээд би дансыг нь асуусан. Тэгээд дансаа хэлэхээр нь би 6500 төгрөг шилжүүлсэн. Надад хэлэхдээ 4 км гаран явсан гэж хэлсэн байсан. Тэгээд таксинаас буугаад явж байсан чинь араас хэрүүл хийгээд намайг мөнгөө дутуу өглөө гээд гуйлгачин түйлэгчинээр дуудаад байсан. Тэгэхээр нь би ууж явсан усаа нөгөө хүн рүү шидсэн. Гэхдээ нөгөө хүнийг оноогүй тэгээд гэр лүүгээ орох гээд цаашаа алхаж байсан чинь араас хүрч ирээд миний хүзүүний зүүн хэсэг рүү нулимсан. Тэгээд би эргэж хараад уурлаад хүн рүү нулимаад байхдаа яадаг юм гээд хүрээд ирэхээр нь заамдаад авсан тэгээд цохих гэсэн чинь нүүрээ хаасан. Тэгэхээр нь чамтай зодоон хийгүй гээд нөгөө хүнийг түлхсэн би нэг гартаа эхнэртээ өгөх гээд цэцэг барьсан явж байсан. Тэгээд нөгөө хүн бөгсөөрөө хойшоо газар унасан. Тэгээд нөгөө залуу чинь намайг аллаа цагдаа дуудаарай гээд орилоод байсан. Тэгээд бид 2 жоохон хэрүүл хийж зогсож байгаад хаячхаад явах гэж байсан чинь миний хувцасны араас татаад чи намайг зодсон цагдаа дуудна гэсэн. Тэгээд тэрийг нь тавиулах гэж байгаад нүдний шилээ унагаасан. Тэгээд нөгөө хүн зугтаагаад яваад өгсөн, би араас нь очоод цохих гэж байхдаа би машиныхаа баруун талын толийг нь гэмтээсэн. Тэгсэн намайг чи толь хугалчихлаа гэсэн. Тэгэхээр нь би чи цагдаад хэлээд төлүүл гэсэн. Би гэртээ орлоо гээд буцаад явсан чинь утсаар яриад дагаад яваад байсан. Тэгээд би гэрийнхээ хаалган дээр ирээд орох гэсэн чинь намайг дахиад татаад одоо би цагдаа дуудсан чи наана байж бай гэсэн. Тэгээд араас хүн дагаад байсан болохоор нь би эхнэр лүүгээ залгаад чи гараад ирээч гээд эхнэрээ дуудсан байсан. Тэгээд манай эхнэр гарч ирсэн. Тэгсэн нөгөө залуу миний пальтоны дотор байсан цамцнаас зуурсан байсан. Тэгээд тавиулах гээд гараа далайсан. Тэгсэн чинь нүүрээ хаасан. Тэгэхээр нь би тэр хүнийг тавиулах гээд түлхсэн чинь миний баруун хөлийн өвдөг хэсгийн дотор тал руу нөгөө хүн баруун хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би газар унасан. Тэгээд босох гэхээр босож чадахгүй байсан. Тэгээд хөл аймаар өвдөөд байсан өшиглүүлж байхдаа миний хөл аймаар дуугарсан. Тэрийг нь би өвдөг дуугарч байна гэж бодсон. Манай эхнэр намайг өргөж оруулсан би мөлхөж байгаад байрныхаа гадна талд байдаг сандал дээр суусан, нөгөө хүн намайг хараад зогсож байсан. Би гэр лүүгээ орсон ороод өвдгөө харсан чинь аймаар хавдсан байсан. Тухайн үед нөгөө залуу 2 цагдаагийн хамт манай гэрт бас орж ирсэн байсан эргүүлийн 2 цагдаа миний өвдгийг харчхаад гэмтэл ор гэж хэлээд нөгөө хүнээ дагуулаад гарсан. Тэндээсээ гэмтэл ороод рентген зураг авхуулсан. Эмч нь рентген зургаар ясны гэмтэл алга МК1 зураг авхуулаад яг яасан нь харагдана гэсэн тэгээд гэмтлийн МК1 очир ихтэй байгаа хувийн эмнэлэг ор гэж хэлсэн. Буцаж гэртээ ирж амраад хүйтэн жин тавиад хоносон. 2 хоногийн дараа олдож байгаа цаг дээр нь Гранд мед эмнэлэг дээр очоод өвдгөндөө МК1 зураг авхуулсан. Шинжилгээний хариу нь өвдөгний урд чагтан холбоос тасарсан, дотор холбох шөрмөс сунасан, нугалагч болон тэнийлгэгч булчин өндөрссөн эмгэг өөрчлөлттэй, өвдөгний үе орчмын зөөлөн эд дохионы эрчим өндөрссөн дархмал хавангийн өөрчлөлттэй, өвдөгний үеийн шингэн ихэссэн цус алдалттай гэсэн оноштой байсан. Миний хөл олон хоног хавантай байж байгаад 2 хоногийн өмнөөс бууж байгаа явж чадахгүй байсан. Эмнэлэг орохдоо суга таягтай, хөлөндөө юм зүүж байгаад эмнэлэг явдаг байсан эмнэлгийн зүгээс мэс заслын дүгнэлт гаргаж байгаад нэг мөсөн бүх тооцоогоо гаргаж байгаад очих юм бол явдал чирэгдэл багатай хавангаа буутал хөдөлгөөнгүй гэртээ амар гэж хэлсэн. Явж чадахгүй байсан учраас цагдаа дээр ирж чадаагүй. Би тэр хүнтэй зодолдсон зүйл бол байхгүй намайг өшиглөөд газар унасныхаа дараа барьж явсан цэцгийнхээ шороог шидсэн. Тэгсэн нүүр нь шороо болсон байсан бусдаар бол зодолдсон зүйл байхгүй хоорондоо зууралдсан. Зуусан байсныг нь тавиулах гэж оролдсон. Би тэр залуугийн гуя руу нь нэг удаа өшиглөсөн, зүүн тал хавьцаа цохисон олон удаа цохиж зодсон зүйл байхгүй салгах гээд л ү зсэн. Намайг явж байхад хойноос боосон. Тэгэхээр нь би их уурласан. ...Миний баруун хөлд таксины жолооч намайг өшиглөхөд учирсан гэмтэл юм. Тэр хүн миний хөл рүү өшиглөж, энэ гэмтэл учирсан. Өмнө нь бол би тэр хүнтэй маргалдсан барьцалдсан, бие рүү нь 4-5 удаа цохисон, машиных нь толийг хугалсан зэрэг үйлдлүүд хийсэн. Намайг оруулахгүй, зууралдаад байсан. Мөн хөлөө гэмтээсний дараа барьж явсан шороотой амьд цэцгийг шидсэн нүүрийг нь шороо болгосон асуудлууд байгаа. Гол нь миний хөлийн гэмтэл нь тэр залуу миний хөл рүү өшиглөсөн учраас надад гэмтэл учирсан юм. Би барьцалдаад доошоо харж байсан миний 2 хөл газар байсан юм. Би өшиглөх үйлдэл хийгээгүй байсан. Манай байрны гадна сандал байдаг. Гэхдээ бид барьцалдсан газраас 1-2 метрийн зайд байсан. Тэр сандал руу ойртож гэмтэх боломж байгаагүй. Өнөөдрийн байдлаар шинжилгээний төлбөр болох 631.000 төгрөг, урт бэхэлгээ 120.000 төгрөг, градустай бэхэлгээ нь 180.000 төгрөг, таяг 50.000 төгрөгөөр нийт 981.000 төгрөгийн зардал гарсан. Чагтаган холбоосыг залгах мэс засал Гранд мед эмнэлэгт 10.000.000 төгрөгөөр хийнэ гэсэн. Эдгээрийг би энэ хүнээс нэхэмжилж байна. Ардаас нь физик эмчилгээ энэ тэр хийгдэх юм билээ. Бодит зардал одоогоор сайн мэдэгдэхгүй байна. ...Тухайн үед тэр хүн миний баруун хөлний дотор хэсэг рүү баруун хөлөөрөө өшиглөсөн тэр үед миний хөлний яс дуугарах шиг болсон гэхдээ шүрмэс байсан юм байна лээ харин би тэр хүнд өшиглүүлээд газар унахдаа өөрийн биеийн нийт жинг баруун хөл дээрээ авч чадахгүй болоод баруун гар талаа дагаад газар унахдаа баруун гарын гуя тохой ташаа мөр хэсгээрээ газар тулж унасан би тухайн хүний араас уурлаад очоод барилцалдаж аваад барьцалдах явцад тухайн тээврийн хэрэгслийн баруун талын толь хугарсан тэрнээс биш миний тухайн хүний тээврийн хэрэгслийн толь хэсгийг зориудаар очиж эвдэлсэн зүйл байхгүй энэ үйл явдал санамсаргүй байдлаар болсон юм аа.Гэхдээ би тухайн хүний толны төлбөрийг прокурор, шүүхийн шатанд төлнө” гэх мэдүүлэг /хх-ийн 20, 23-24, 140 дэх тал/,
- Гэрч Г.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-ны өдөр шилжих шөнө би гэртээ унтаж байсан чинь миний утас дуугарсан тэгсэн манай нөхөр Х.Б залгаад гялс орцынхоо хаалгыг онгойлгоорой гэсэн. Би хувцсаа өмсөөд гараад хаалга онгойлгосон. Манай нөхөр Х.Б хаалгаар орох гэсэн чинь жолооч нь араас нь татаад оруулахгүй байсан. Тэгээд тэр 2 хоорондоо муудалцаад байсан. Тэгээд би болиулах гэсэн чинь жолооч залуу Х.Бийн баруун өвдөг рүү өшиглөсөн. Х.Б арагшаа цементэн дээр саваад унасан. Босож ирж чадахгүй байсан болохоор түргэн дуудаад цагдаа дуудсан. Дараагаар нь гэмтэл ороод хөлийнх нь зургийг авхуулсан. Тэгсэн яс нь хугараагүй байна гэсэн. Тэгээд хүмүүсээр түшүүлээд гэртээ ирсэн хөл нь аймаар хавдсан, цус хурсан байсан. Тэгээд шөнөжингөө халуурсан. Маргааш нь МRI зураг авхуулсан чинь өвдөгнийх нь чагтан холбоос нь тасарсан байна гэж хэлсэн. Тэр орой манай нөхөр ганцаараа явж чадахгүй гэртээ хэвтэж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Гранд мед эмнэлэг дээр өвдөгний чагтан холбооны хагалгаанд орохоор болсон. Энэ хагалгаа нь нэлээн хүнд хагалгаа байгаа юм гуяын арын булчингаас аваад өвдөгний үед нь залгаж хийх юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дахь тал/,
- Гэрч А.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сүлд 113 чиглэлд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Сүлд 10-аас 03 цаг 25 минутад Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 3 дугаар байрны гадаа таксины мөнгөө өгөхгүй байна гэсэн дуудлага мэдээллийг очиж шалгахад дуудлага өгсөн гэх хүн нь гадаа зогсож байсан бөгөөд юу болсон талаар тодруулахад таксины мөнгөө өгөхгүй миний машиныг зурчхаад гэр лүүгээ зугтаагаад орчихлоо дуудлага өгсөн иргэний хамт уг айл руу ороход нэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн залуу орон дээрээ нүцгэн хэвтэж байсан эхнэр нь юу болсон талаар би харсан наад залуу чинь манай нөхрийн түлхэж унагаагаад зодсон. Бид гомдолтой. Одоо гэмтлийн эмнэлэг явж үзүүлнэ гэсэн. Тэгээд би дуудлага өгсөн иргэнийг аваад Баянзүрх дүүргийн цагдаагийн Хоёрдугаар хэлтэс рүү авч явсан. Тухайн залуу нь доогуураа шалдан сууж байсан хөл өвдөөд байна гээд эхнэр нь массаж хийж байсан аль хөлийг нь одоо сайн санахгүй байна. Босож явахгүй байсан ерөөсөө сууж байгаад надтай харьцсан. Манай нөхрийг орцны үүдэн дээр 2-3 удаа цохиж түлхэж унагаасан би харсан бас хөл рүү нь өшиглөсөн гэж хэлсэн. Намайг анх дуудлага хүлээж аваад очиход дуудлага өгсөн хүн хэвийн байдалтай байсан үйлчлүүлж байсан хүн нь таксины мөнгөө өгөхгүй танхайраад миний машиныг цохисон гэж хэлсэн. Харанхуй байсан болохоор машины эвдрэл гэмтэл сайн харагдаагүй. Дуудлага өгсөн хүн надад зодолдож цохилцсон талаар юм яриагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 28, 30 дахь тал/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 24 ний өдрийн 11512 дугаартай: “...Дүгнэлт:
1. Х.Бийн биед баруун өвдөгний урд чагтан холбоосын хэсэгчилсэн урагдал, үений суналт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 36-37 дахь тал/,
- Шинжээч эмч Ө.Сарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...баруун өвдөгний урд чагтан холбоосны хэсэгчилсэн урагдал, үений сунгалт нь мохоо зүйлийн буюу нэг удаагийн өшиглөх үед үүссэх боломжтой гэмтэл ба уг гэмтэл нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Өөрөө унахад үүсэх боломжгүй. Хавирах, өшиглөх, дэвсэх эсвэл зам тээврийн ослын үед уг гэмтэл нь үүсэх боломжтой. Хохирогч нь надад үзүүлэхдээ өшиглүүлсэний улмаас үүссэн гэж өгүүлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49, 129 дэх тал/,
- Шүүгдэгч О.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Тэр залуу намайг өшиглөх гээд гүйж ирэхдээ өөрийгөө хамгаалаад хөлөө өргөхөд тэр өвдөгөөрөө миний хөл рүү өшиглөж гэмтээсэн юм. Тэр залуугийн хөлөнд гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Маргаан таксины тооцооноос болон тэр залуу над руу шилтэй ус шидсэнээс болоод маргаан үүссэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 60 дахь тал/,
- Хохирлын баримтууд /хх-ийн 71 дэх тал/,
- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 141-145 дахь тал/,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 153-157 дахь тал/ зэргээр тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч О.Быг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байрны гадна хохирогч Х.Бтэй “таксины төлбөр дутуу хйилээ” гэж маргалдаж, түүний баруун хөл рүү өшиглөж, биед баруун өвдөгний урд чагтан холбоосны хэсэгчилсэн урагдал, үений суналт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Шүүгдэгч О.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэрэг гарсан, үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар зэргийг харгалзан үзэж шүүгдэгч О.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч Х.Б нь өөрт учирсан хохирол болох 631.000 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн ба шүүгдэгч О.Б нь хохирогчид хохирол төлбөр барагдуулаагүй болно. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Баас 631.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Бэд олгохоор шийдвэрлэв.
Мөн хохирогч Х.Б нь өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болохыг дурдав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. О.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Бад 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Бад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар О.Баас 631.000 /зургаан зуун гучин нэгэн мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Х.Бэд олгосугай.
7. Хохирогч Х.Б нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР