Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 334

 

 

Б.Л-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/02977 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Л-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШГА-нд холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НШГА-аас Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 03928 дугаар шийдвэрийн дагуу 50 130 000 төгрөг гаргуулж Ш.Цогд олгохоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа болно. Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр НШГА нь миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205057283 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 6 дугаар хороо Энхтайвны өргөн чөлөө 83 дугаар байрны 20 тоот 44.95 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн хураасан. Миний бие НШГА-нд тус байрыг 195 000 000 төгрөгөөр үнэлэн үнийн саналаа өгсөн. Гэтэл Бэсгэ ХХК-г томилж, хөрөнгийг 83 703 620 төгрөгөөр үнэлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу 70 хувиар тооцож 58 592 534 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаа тухай мэдэгдэх хуудсыг 2017оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 3\472 дугаар мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь миний өмчлөлийн орон сууцыг зэх зээлийн үнээс хэтэрхий доогуур үнэлж миний өмч хөрөнгийг үнэгүйдүүлж байгаад гомдолтой байна. Гэтэл НШГА миний байрыг зах зээлийн үнээс хэтэрхий доогуур үнэлж байгаа явдалд гомдолтой байна. Иймд эрхийн улсын бүртгэлийн Ү-2205057283 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 6 дугаар хороо Энхтайвны өргөн чөлөө 83 дугаар байрны 20 тоот 44.95 м.кв талбайтай орон сууцыг 83 703 620 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Үнэлгээ бага гэдэг нь Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн хийсэн тайлангаар тогтоогдож байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2016/03928 дугаар шийдвэрийн дагуу 50 130 000 төгрөг гаргуулж Ш.Цогд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Б.Л, Б.М нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол 83 дугаар байр 20 тоот 44.95 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнийн санал авахад Б.Л, Б.М нар барьцаа хөрөнгийг 195 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй тул үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний Бэсгэ ХХК-ийг үнэлгээчнээр томилж үнэлгээ тогтоолгоход 83 703 620 төгрөгөөр үнэлсэн байна. Үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч болон өмчлөгч нарт 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 3/472 тоот албан мэдэгдлээр мэдэгдсэн байна. Анхны албадан дуудлага худалдаанд 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 83 дугаар байр, 20 тоот 44.95 м.кв талбайтай орон сууцыг үнэлэгдсэн үнэ 83 703 620 төгрөгийн 70 хувь буюу 58 703 620 төгрөгөөр оруулахад худалдан борлогдоогүй байна. Анхны албадан дуудлага худалдаа шүүхээс түдгэлзүүлсэн захирамж ирэхээс өмнө явагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасан хугацаанд гомдол гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар НШГА-нд холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.Л-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШЗ2017/01772 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүхийн шүүгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн зүйлийн 91.1.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчид шүүгч нь уг хэргийг шударгаар эцэслэн шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ төрж байх тул түүнийг татгалзан гаргах тухай хүсэлтийг гаргасан. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж, хэргийг шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын санаачилга буюу хүсэлтийн үндсэн дээр явагддаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах, зохигч эвлэрэх, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх зэрэг харилцан зөвшилцөн сайн дурын үндсэн дээр асуудлаа өөрсдийн хүсэл зоригоор шийдвэрлэх боломжтой. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэх, үргэлжлүүлэх, төгсгөх талаар талууд бие дааж шийдвэрлэх эрхтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6-д заасны дагуу хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийг Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргах эрх зүйн зохицуулалттай байна. Шүүгч шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг бие даан шийдвэрлэж, хэргийг шийдвэрлэсэн нь шүүгчид хуулиар олгогдоогүй эрхийг эдэлсэн мэргэжлийн ноцтой алдаа гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчснөөс шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Б.Л хариуцагч НШГА-нд холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2016/03928 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ш.Ц-н хариуцагч Б.Л, Б.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 50 130 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.                                                                          /хх-19 дүгээр тал/

 

Дээрх шийдвэрийн дагуу Б.Л, Б.М нарын өмчлөлийн хоёр өрөө орон сууцны үнийн дүнгээс төлбөрийг барагдуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байна.

 

Дээрх шүүгчийн захирамжинд Б.Л, Б.М нарын өмчлөлийн хоёр өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шийдвэрлээгүй байх бөгөөд төлбөр авагч Ш.Ц-д  зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийн барьцаанд бариулсан эсэх үйл баримт тодорхой бус байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлтийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч гаргаж болно. Дээр дурдсан этгээд шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэх үүрэгтэй.” гэж зааснаас үзвэл шүүх хуралдааны хэлэлцүүлгийн аль ч шатанд хэргийн оролцогчид шүүгчийг татгалзан гаргах эрхтэй байна.

 

Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг гаргасан байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт зааснаар тухайн хүсэлтийг ерөнхий шүүгчээр шийдвэрлүүлэлгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг шийдвэрлэсэн алдааг гаргажээ.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх зөрчсөн, давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/02977 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т-с давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР

 

 

                             ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ