Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 109/2024/0008/З |
Дугаар | 221/МА2024/0557 |
Огноо | 2024-08-21 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2024/0557
|
|
|
Г.Д-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэгч шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч Ц.Мөнхбат
Нэхэмжлэгч: Г.Д
Хариуцагч: Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Г.Д г Архангай аймгийн Чулуут сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр томилохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Чулуут сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр Г.Д г томилсон шийдвэр гаргахыг даалгах, Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь Салбар зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийг даалгах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаар шийдвэртэй;
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин
Хэргийн индекс: 109/2024/0008/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Д гаас Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргад холбогдуулан “Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын Г.Д г Архангай аймгийн Чулуут сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр томилохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Чулуут сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр Г.Д г томилсон шийдвэр гаргахыг даалгах, Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь Салбар зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийг даалгах”-аар маргасан байна.
2. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 0018 дугаар шийдвэрээр “Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дахь заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Д гаас Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын Г.Д г Архангай аймгийн Чулуут сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр томилохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Чулуут сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр Г.Д г томилсон шийдвэр гаргах, Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь Салбар зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийг Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргад даалгаж” шийдвэрлэжээ.
3. Хариуцагчийн төлөөлөгч Ц.М-с давж заалдах гомдолдоо:
3.1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийг зөрчин нотлох баримтыг дутуу цуглуулан үнэлэлт дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дахь заалтыг буюу “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ” гэсэн заалтын хэрэгжилтийг хангалгүй орхиж Хөдөлмөрийн тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудын маргаан бүхий захиргааны акттай холбоотой зүйл заалтуудын хэрэгжилтийг магадлан үзэлгүй хэргийг хянан хэлэлцсэн байна.
3.2. Иймд захиргааны хэргийг хянан хэлэлцэхдээ нотлох баримтыг дутуу шинжлэн судалж, үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулиудыг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 0018 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон хариуцагчийн гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Маргаан бүхий үйл баримтын талаар,
2.1. Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 01/308 дугаартай албан бичгээр Чулуут сумын цэцэрлэгийн эрхлэгчийн сул орон тооны захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлсний дагуу тус салбар зөвлөл сонгон шалгаруулалт зарлажээ.
2.2. Үүний дараа тус салбар зөвлөлөөс сонгон шалгаруулалтад тэнцэж, Чулуут сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд өрсөлдөж хамгийн өндөр авсан нэхэмжлэгч Г.Д г томилуулахаар 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар тогтоолоор нэр дэвшүүлж, энэ талаар Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт мөн өдрийн 132 дугаар албан бичгээр хүргүүлсэн байна.
2.3. Гэтэл Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 01/92 дугаар албан бичгээр “Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлд ...Г.Д нь Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2 дахь заалтыг хангахгүй байгаа тул томилох боломжгүй” гэсэн хариуг Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлсний дагуу тус зөвлөлөөс “...нэр дэвшигчийг татгалзах үндэслэлээ ирүүлэх журамд заасан хугацаа хэтэрсэн тул таны үндэслэлийг хүлээн авах боломжгүй” талаар 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 30 дугаар албан бичгээр мэдэгджээ.
2.4. Иймд нэхэмжлэгч Г.Д нь Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргад холбогдуулан “Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын Г.Д г Архангай аймгийн Чулуут сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр томилохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Чулуут сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр Г.Д г томилсон шийдвэр гаргахыг даалгах, Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь Салбар зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийг даалгах”-аар маргаж, түүний үндэслэлээ “...тухайн үед үйлчилж байсан Боловсролын ерөнхий хуульд заасан болон сул орон тооны шалгаруулалтад бүртгүүлэхэд тавигдах шаардлагыг бүрэн хангаж байсан. ...Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д заасны дагуу ...сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ...цэцэрлэгийн эрхлэгчийг томилох үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлэхээс татгалзаж байгаа нь хууль бус гэж үзэж байна” гэж, харин хариуцагчаас “...Г.Д нь Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2 дахь заалтыг хангахгүй байгаа тул томилох боломжгүй” гэж эс зөвшөөрч маргажээ.
3. Хууль зүйн үндэслэлийн талаар,
3.1. Анх Архангай аймгийн Чулуут сумын цэцэрлэгийн эрхлэгч өндөр насны тэтгэвэрт гарсантай холбогдуулан уг албан тушаалын сул орон тооны захиалгыг мөн сумын Засаг даргаас болон Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлд 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01/177, 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 01/308 дугаар албан бичгүүдээр тус тус хүргүүлжээ.
3.2. Үүний дараа Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөл нь Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу сонгон шалгаруулалтад оролцогч нарыг бүртгэж, уг сонгон шалгаруулалтын тайланг хянаж, шалгалтад тэнцэж хамгийн өндөр оноо авсан нэхэмжлэгч Г.Д г тухайн албан тушаалын сул орон тоонд томилуулахаар 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар тогтоолоор нэр дэвшүүлснийг Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2 дахь заалтыг хангахгүй гэсэн үндэслэлээр томилохоос татгалзсан үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасан “мэргэшсэн, тогтвортой байх”, 7.1.4-д “Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах”, 7.1.5-д “төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах” гэж заасан зарчим болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан
“хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан захиргааны үйл ажиллагааны зарчимтай нийцэхгүй байна.
3.3. Тодруулбал, Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д “Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн харьяа нутаг дэвсгэр дэх төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилж, хуульд заасан үндэслэлээр чөлөөлнө.”, мөн Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам, загвар батлах тухай” 25 дугаар тогтоолын 12 дугаар зүйлийн 12.1-д “Зөвлөл, Салбар зөвлөл нь сонгон шалгаруулалтын тайланг хянаж, шалгалтад тэнцэж хамгийн өндөр оноо авсан оролцогчийг тухайн албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлнэ”, 12.6-д “Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзаж болно. Энэ тохиолдолд татгалзсан үндэслэлийг Зөвлөл, харьяалах Салбар зөвлөлд ажлын 14 өдрийн дотор албан бичгээр ирүүлнэ.”, 12.8-д “Нэр дэвшигчийг томилохоос татгалзсан үндэслэл хуульд нийцээгүй бол энэ тухай Зөвлөл, Салбар зөвлөл эрх бүхий байгууллага, албан тушаалтанд нэр дэвшүүлсэн шийдвэрийг биелүүлэхийг даалгана” гэж тус тус заажээ.
3.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Архангай аймгийн Чулуут сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтад орж тэнцэн, хамгийн өндөр оноо авсан иргэн Г.Д г томилуулахаар нэр дэвшүүлж, уг албан тушаалын сонгон шалгаруулалтыг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хууль, журмын дагуу хэдийн зохион байгуулж дууссан байх бөгөөд сонгон шалгаруулалт болон түүний үр дүнтэй талуудын хэн аль нь маргадаггүй.
3.5. Гэтэл хариуцагч нь Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-т “Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн харьяа нутаг дэвсгэр дэх төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилж, хуульд заасан үндэслэлээр чөлөөлнө” гэж заасан хуулиар олгогдсон чиг үүргийг хэрэгжүүлэлгүй, Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлийн Г.Д г Чулуут сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд нэр дэвшүүлэх тухай 2023 оны 38 дугаар тогтоолын дагуу түүнийг уг албан тушаалд томилохоос татгалзсан нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцээгүй, хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.
3.6. Өөрөөр хэлбэл, Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагаас бусад боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч дараах тусгай шаардлагыг хангасан байна”, 33.2.2-т “боловсролын сургалтын байгууллагад тасралтгүй 10-аас доошгүй жил, үүнээс боловсролын сургалтын байгууллагад багшаар зургаагаас доошгүй жил, тэнхимийн эрхлэгч, албаны дарга, сургалтын менежер, нийгмийн ажилтан, арга зүйчээр дөрвөөс доошгүй жил ажилласан, мэргэжлийн тэргүүлэх болон түүнээс дээш зэрэгтэй байх” гэж заасан хуулийн заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан байгаагаас үзэхэд, энэхүү хуулийн зохицуулалт нь 2023 онд сонгон шалгаруулалтад оролцож, өрсөлдсөн албан тушаалдаа хамгийн өндөр оноо авч, уг албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн нэхэмжлэгч Г.Д д хамаарахгүй юм.
3.7. Энэ талаар анхан шатны шүүх “...Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд, нэхэмжлэгч Г.Д нь хуулийн дээрх зохицуулалт хэрэгжиж эхлэхээс өмнөх цаг хугацаанд сул орон тоог нөхөн сонгон шалгаруулалтад оролцон шалгарч, томилуулахаар нэр дэвшүүлсэн байх бөгөөд уг сонгон шалгаруулалтад холбогдуулан өргөдөл гомдол гараагүй, сонгон шалгаруулалт, түүний үр дүнтэй холбоотой асуудлаар ямарваа маргаан үүсээгүй, тус сонгон шалгаруулалт хүчин төгөлдөр байна. Иймд нэгэнт хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн зохицуулалт, шалгуурын дагуу сонгон шалгаруулалтад оролцож нэр дэвшүүлсэн этгээдийг сонгон шалгаруулалтаас хойших хугацаанд шинээр тавигдсан шалгуурт нийцээгүй гэх үндэслэлийг зааж тухайн албан тушаалд томилохоос татгалзсан нь иргэн Г.Д-н эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөнджээ” гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
3.8. Дээрхээс үзэхэд, хариуцагчийн “...захиргааны хэргийг хянан хэлэлцэхдээ нотлох баримтыг дутуу шинжлэн судалж, үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулиудыг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ