Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 125/ШШ2020/0017

 

НЭХЭМЖЛЭГЧ, ХАРИУЦАГЧИЙН

ЭВЛЭРЛИЙГ БАТАЛЖ ХЭРГИЙГ

ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч С.Оюунгэрэл би Ж.Айбекийн Ховд аймгийн Ховд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Газар эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Айбек шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Айбек миний бие нь Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн нутаг, 7-гийн газар гэх нэртэй газарт хүнсний ногоо тарих зориулалтаар 5 га газар эзэмших зөвшөөрөл хүсэж Ховд аймгийн Ховд сумын Засаг дарга болон сумын газрын даамалд 2019 оны 4 дүгээр сард өргөдөл гаргасан. Манайх нэгдэл нийгмийн үеэс эхлэн одоог хүртэл олон жил Ховд аймгийн Ховд сумын нутаг дэвсгэр хүнсний ногоо, тарвас тарьж ургацын үр шимээрээ амьдралаа залгуулж ирсэн. Эзэмшихийг хүсэж өргөдөл гаргасан дээрх газарт миний аав С.Жаханбек нь 2002 оноос хойш 18 жил хүнсний ногоо тарьж байгаа бөгөөд миний бие нь бага наснаасаа аавынхаа хамт хүнсний ногоо тарьсаар ирсэн бөгөөд хүнсний ногоо тарьж амьжиргаагаа залгуулж байна. Ховд аймгийн Ховд сумын Засаг дарга болон газрын даамалд газар эзэмших тухай хүсэлт гаргаснаас хойш “Судалж байна. Шийдвэр гарахаар хариу өгнө” гэсээр өдийг хүрсэн.

Гэтэл 2020 оны 4 дүгээр сараас бидний хүсэлт гаргасан Ховд аймгийн Ховд сумын 7-гийн газарт ногоо тарьдаг иргэдэд газар олгож эхэлсэн бөгөөд харин миний хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөхгүй байсан тул Ховд аймгийн Засаг даргад хандан “Ховд сумын Засаг даргын эс үйлдэхүйг” шийдвэрлүүлэх талаар гомдол гаргасан боловч хариу өгөхгүй байна.

Миний бие нь эзэмшихээр хүсэлт гаргасан Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн 7-гийн газарт хүнсний ногоо тарих зориулалтаар нэн тэргүүн ээлжинд газар эзэмших эрхтэй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ховд сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Ховд сумын Улаанбураа багийн иргэн Ж.Айбек нь 2019 оны 4 сарын 26-ны өдөр долоогийн газраас газар тариалан эрхлэх зориулалтаар 5 га газрыг эзэмшүүлэх тухай хүсэлтийн дагуу 2019 оны хагас жилийн төлөвлөгөөнд тусгаж батлуулсан.

Тухайн иргэний ирүүлсэн өргөдөл нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөний бүрдүүлэх материалын жагсаалтанд орж архивлагддаг тул дахин бичиг баримт бүрдүүлж ирүүлэхийг С.Жаханбект мэдэгдсэн боловч ирүүлээгүй тул 2019 онд газар эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй. Ж.Айбекийн хүсэлтийг 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дахин тусгаж, Ж.Айбекийн аав болон С.Жаханбект бичиг баримтаа бүрдүүлж өгөөрэй гэж хэлүүлсэн боловч одоо хүртэл хуулийн дагуу материалаа ирүүлээгүй байна.

Иймд Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргаж, 33 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэх тул материалаа бүрдүүлж хүсэлт гаргасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг олгоход бүрэн боломжтой гэжээ.

Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын байгуулсан эвлэрлийн гэрээнд: “... Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Жаханбек, хариуцагч Ховд аймгийн Ховд сумын Засаг дарга Ш.Ерболат бид Ж.Айбекийн Ховд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Газар эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт зааснаар дараахь байдлаар эвлэрч эвлэрийн гэрээ байгуулж байна.

1.           Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас “...газар эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох...” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

2.           Нэхэмжлэлийн “...газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгуулах...” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч Ж.Айбек нь Газрын тухай хуульд заасан газар эзэмшихэд шаардагдах баримт бүрдүүлж ирүүлснээс хойш нэг сарын дотор  хариуцагч Ховд сумын Засаг дарга нь Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн нутаг, 7-ийн газарт Ж.Айбект 4.1 га /41456 кв метр/ газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргаж, гэрээ байгуулж гэрчилгээ олгох, ингэхдээ нэхэмжлэгч Ж.Айбекийн эзэмшихийг хүссэн 3456 кв метр газрыг нэхэмжлэгч Ж.Айбекийн 4.1 га /41456 кв метр/ газарт оруулж эзэмшүүлэх нөхцөлтэйгээр эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн Ж.Айбек нь Ховд аймгийн Ховд сумын Засаг даргад холбогдуулан газар эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгасан шийдвэр гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Жаханбек, хариуцагч Ховд аймгийн Ховд сумын Засаг дарга Ш.Ерболат нар “...нэхэмжлэгч Ж.Айбекийн эзэмшихийг хүссэн 3456 кв метр газрыг нэмэгдүүлж 4.1 га /41456 кв метр/ газарт оруулж эзэмшүүлэх...”-ээр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг 2020 оны 8 сарын 17-ны өдөр бичгээр байгуулж, гарын үсэг зуран баталгаажуулан шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч Ж.Айбекээс 2020 оны 6 сарын 16-ны өдөр олгосон итгэмжлэлээр төлөөлөгч С.Жаханбекид хариуцагчтай эвлэрэх эрх олгосон байна.   

Иймд нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрсэн эвлэрэл тэдгээрийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн, хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Айбекийн Ховд аймгийн Ховд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Газар эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   С.ОЮУНГЭРЭЛ