Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/162

 

 

 

 

 

 

   2022       11          03                                   2022/ШЦТ/1623

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүгдэгч С.А,

нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч Н.Өнөрбаяр /томилолт/,

хохирогч А.Ц нарыг оролцуулан эрүүгийн 2206 00000 3191 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн С.А, 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /Регистрийн дугаар: ***/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.А нь 2022 оны 9 дүгээр сарын 28-ны шөнийн 02 цагаас 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнгөн бар нэртэй баранд үйлчлүүлж байсан А.Цтой маргалдаж, улмаар пивоны шилээр толгойд нь цохиж, биед нь зүүн чихний дэлбэнд шарх, зүүн чихний дэлбэн, эрүү, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд болон оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч С.А нь хохирогч А.Цын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

- Шүүгдэгч С.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн өдөр би нэг найзтайгаа бааранд орсон. Баарны гадна 4 эмэгтэйтэй танилцаад хамт бааранд орсон  Бааранд ороход хохирогч 7-8 залуутай хамт сууж байсан. Дараа нь хэрүүл, маргаан үүсээд би биеэ хамгаалах зорилгоор толгойд нь шилээр цохисон.” гэх мэдүүлэг,

- Хохирогч А.Цын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн өдөр энэ хүн хэдэн охинтой орж ирсэн. Би найзуудтайгаа юм яриад сууж байсан. Би утасаа оролдож байгаад дээшээ гарсан чинь миний толгойд пивоны шилээр цохисон. Хохирол, төлбөр авсан. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх хүсэлтэй байна” гэв,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дахь тал/,

- Хохирогч А.Цын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө найз нарын хамт орой 18 цагт хичээл тараад МУБИС-ийн ард бадаг Идэр их сургуулийн хажууд байдаг Огторгуй нэртэй караокед ороод тэр караокеноос 21 цаг өнгөрч байхад гарсан санагдаж байна. Тэр караокеноос гарцгаагаад Сансарын Банана нэртэй барны зүүн талын Мөнгөн бар нэртэй бар санагдаж байна, тэр баранд 22 цаг өнгөрөөгөөд орцгоосон, тэр баранд ороод нэг шил, нэрийг нь хараагүй, ногоон шилтэй архи авч ууцгаасан. Тэгээд бид нар тэр авсан архиа ууцгаагаад бүжиглээд байж байтал тэр баранд нэмж орж ирсэн ямар ч байсан 3-4 хүмүүс манай ширээнд сууцгаахаар нь наана чинь хүмүүс сууж байгаа шүү дээ гэсэн чинь энэ барны хүмүүс ийшээ шахаад суучих гэж хэлсэн шүү дээ гэхээр нь бид нар юм ярилгүй сууцгаасан. Тэгээд манай найз нар бүжиглээд зарим нь ширээн дээр сууцгааж байсан чинь манай ээж над руу мессеж бичээд байхаар нь би доошоо харж ээж рүү мессеж биччихээд дээшээ босоод иртэл нэг залуу нь шууд миний толгой руу пивоны шилээр цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 6, 8 дахь тал/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 13317 дугаартай: “...Дүгнэлт:

1. А.Цын биед зүүн чихний дэлбэнд шарх, зүүн чихний дэлбэн, эрүү, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна.

2. Дээрх гэмтлүүд нь 2022.09.28-ны өдөр үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 11-12 дахь тал/,

- Хохирлын баримтууд /хх-ийн 17-20 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг хялбаршуулсан журмаар эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

Иймд шүүгдэгч С.Аг 2022 оны 9 дүгээр сарын 28-ны шөнийн 02 цагаас 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнгөн бар нэртэй баранд үйлчлүүлж байсан А.Цтой маргалдаж, улмаар пивоны шилээр толгойд нь цохиж, биед нь зүүн чихний дэлбэнд шарх, зүүн чихний дэлбэн, эрүү, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүх шүүгдэгч С.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар болон хувийн байдлыг нь харгалзан прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын санал гаргаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцсэн бөгөөд шүүх хуульд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.           

Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн улмаас хохирогч А.Ц нь хохирол төлбөр нэхэмжилсэн 689.086 төгрөгийн баримтыг хэрэгт гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгч С.А нь уг хохирлыг мөрдөн шалгаж ажиллагааны явцад бүрэн төлж барагдуулсан байна.

Хохирогч А.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.А нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлөх төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. С.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Ад 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар С.А нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, С.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Хохирогч А.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар С.Агаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР