Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1330

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

улсын яллагч О.Пүрэвсүрэн,

шүүгдэгч В.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч В.Лг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2208032371707 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “**” уурхайд ажилладаг гэх, ** тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт ** тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ** овогт В-н Л (РД:*****).

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч В.Л согтуурсан үедээ 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр  ** тоотод болон орцонд хохирогч Н.Ттай маргалдан зодож эрүүл мэндэд нь “баруун мөр, зүүн дал, баруун, зүүн мөр, тохойн цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч В.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гаргасан үйлдэлдээ харамсаж байна. Хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 350,000 төгрөг өгсөн” гэв.

 

Эрүүгийн 2208032371707 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Н.Тн: “2022 оны 09 сарын 22-ны өдөр ...Л араас орж ирээд хамт тамхилаад дэлгүүр гарч нэг шил архи аваад манай гэрт уусан. Тэгсэн эхнэр орж ирээд бид хоёр луу орилж хашгичаад “та хоёр нийлж архи уулаа” гэхээр нь архиа аваад доошоо граш руу орж уусан. Орой 19 цагийн орчим байх Лн эхнэр манай эхнэртэй хамт караоке явсан. Ирэхэд нь Л 0.5 литрийн архи авчруулаад уусан. Гэнэт Л над руу дайраад агсан тавиад хүүхдийн тэрэг авч шидээд манай эхнэрийг “янхан, гичий” гэж доромжлоод байхаар нь би эхнэрээ өмөөрөөд барилцаж орцонд гараад ноцолдсон. Би тухайн үед хөл нүцгэн байсан болохоор плитан шалан дээр хальтарч унасан. Л миний нуруу руу өшиглөөд гараараа цохиод байсан. Эмчилгээний төлбөрт 350,000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.09.28-ны өдрийн 13191 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. Н.Тбиед баруун мөр, зүүн дал, баруун, зүүн мөр, тохойн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэжээ (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

Гэрч Т.Ин: “2022 оны 09 сарын 22-ны орой 20 цагийн орчим нөхөр найз Лгоо гэрт архи ууж байсан. Би хэдэн үг хэлэхэд Л гарч явсан. Тэгснээ буцаж орж ирснээ учиргүй уурлаад намайг хойшоо түлхэж унагасан. Нөхөр “яаж байгаа юм” гэхэд нөхрийн нүүр лүү 2 удаа цохисон. Нөхөр газар унахад Л нуруу руу нь дэвсээд, гараараа дал орчимд цохиод байсан. Гэрийнх нь хаалганы гадаа зогсож байхад нөхрийг шалан дээр унагаж, дахин дэвссэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),

Шүүгдэгч В.Л-н яллагдагчаар өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр багын найз Т-тай маргалдаж түүнийг гар болон хөлөөрөө өшиглөж цохин хөнгөн хохирол учруулсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Дээрх гэмтлүүдийг би учруулсан. Би эмчилгээний зардал 350,000 төгрөгийн хохирол төлсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-55), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-51), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-52), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-53), иргэний оршин суугаа хаягийн лавлагаа (хх-54), үл хөдлөх эд хөрөнгөтэй лавлагаа (хх-56-57), шүүгдэгч, хохирогч нарын “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-58, 59), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-63-64), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-68) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч В.Л согтуурсан үедээ 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр  **  тоот болон орцонд хохирогч Н.Ттай маргалдан зодож эрүүл мэндэд нь “баруун мөр, зүүн дал, баруун, зүүн мөр, тохойн цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Н.Т“...Л бид хоёр архи уусан. ...гэнэт Л над руу дайраад агсан тавиад хүүхдийн тэрэг авч шидээд эхнэрийг “янхан, гичий” гэж доромжлоод байхаар нь би эхнэрээ өмөөрөөд Лтой барилцаж аваад орцонд гараад ноцолдсон. Хальтарч унасан, Л миний нуруу руу өшиглөөд гараараа цохиод байсан...” гэх мэдүүлэг (хх-7-9), шүүх эмнэлгийн 13191 дүгээр “1. Н.Т баруун мөр , зүүн дал, баруун, зүүн мөр, тохойн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-21-22), гэрч Т.Ин “...Л буцаж орж ирснээ учиргүй уурлаад намайг түлхэж унагасан. Нөхөр “яаж байгаа юм” гэхэд нүүр лүү нь 2 удаа цохисон. Нөхөр газар унахад Л нуруу руу нь дэвсээд, гараараа дал орчимд цохиод байсан...” гэх мэдүүлэг (хх-14), шүүгдэгч В.Лн “...2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр найз Ттай маргалдаж түүнийг өшиглөж цохин хөнгөн хохирол учруулсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хх-48) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч В.Лн согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан  хохирогч Н.Тыг цохин, өшиглөн, дэвсэж зодон хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Т эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 350,000 төлөгдсөн, хохирогчийн “350,000 төгрөг авсан, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг, хүсэлт (хх-9, 59)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч В.Л нь 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ** тоотод хохирогч Н.Ттай маргалдан зодож эрүүл мэндэд нь “баруун мөр, зүүн дал, баруун, зүүн мөр, тохойн цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,

шүүгдэгч “Хэлэх зүйл байхгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч В.Л нь “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар ахуйн хүрээнд согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан шүүгдэгч хохирогчийн нүүр хэсэгт 2 удаа цохиж, хөлөөрөө дэвсэж хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 350,000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай, тодорхой орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Лг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч В.Л цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ** овогт В-н Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Лг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Лг 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Л торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч В.Л цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Лт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР