Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1329

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

улсын яллагч Р.Очирсүрэн,

шүүгдэгч М.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч М.Дг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208019401635 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “**” ТББ-д менежер, орчуулагч ажилтай, ** тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 2, эхийн хамт ** тоотод түр оршин суух,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/1578 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгэж, 2 жилийн хугацаагаар тэнсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/516 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хорих ял, 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар ялыг тус тус өршөөн хэлтрүүлсэн, ** овогт М-ы Д (РД:****).

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Д согтуугаар 2022 оны 6 дугаар сарын 03-ны орой 18-19 цагийн орчим ** тоот гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч П.Зтай маргалдан пивоны шил 2 удаа шидэн толгой, хүзүүнд онож, гараараа зүүн нүд рүү цохиж газар унаган чирж эрүүл мэндэд нь “дух, зүүн өгзөгт шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, нуруу, зүүн дал, шуу, өвдөг, баруун шуу, гуя, шилбэнд цус хуралт, дух, баруун шуу, зүүн өгзөгт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч М.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Зүүн нүдэнд цохиогүй. Хүзүүн дээр нь сорви байхгүй. Эхлээд над руу тавагтай чихэр шидсэн. Миний буруу, би хөнгөн гэмтэл учруулсан. Ойролцоогоор 4-5 лааз пиво уусан. Пивоны шил шидсэн, харин цохисон зодсон зүйл байхгүй. Эмнэлэг дагуулж явж оёдол тавиулж, холбогдож зүйлийг авч өгсөн. Гэм буруугаа ойлгож, ухамсарлаж байгаа. Дахиж ийм алдаа гаргахгүй. Торгох ял өгнө үү” гэв.

 

Эрүүгийн 2208019401635 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч П.Згийн: “2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 20 цагийн үед найз Бтэй салсан найз залуу Дн байшинд очсон. Бид 3 хорь гаран 0.5 литрийн лаазтай пиво ууж хоносон. Маргааш нь мөн пиво ууцгаасан. Гэнэт Д хэрүүл хийгээд намайг янз бүрээр хэлээд өмнө нь болоод өнгөрсөн зүйлийг ярьж хардаж дайраад эхэлсэн. Над руу пивоны хоосон шил шидэж толгойн орой руу онохоор нь би эргүүлээд ширээн дээр байсан чихрийн шилэн тавгийг шидсэн чинь оноогүй. Ддахиж нэг пивоны хоосон шил шидээд миний нурууны дээд хэсэгт хүзүүний доод хэсэгт оносон. Би тэднийхээс гараад цагдаа дуудах гэж байгаад болиод буцаад ортол Дгараа атгаж байгаад миний зүүн нүд рүү нэг удаа цохисон. Нэхэмжлэх зүйл байхгүй, одоо бие зүгээр болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16, 19 дэх тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.06.10-ны өдрийн 8247 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.2.5. П.Згийн биед дух, зүүн өгзөгт шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, нуруу, зүүн дал, шуу, өвдөг, баруун шуу, гуя, шилбэнд цус хуралт, дух, баруун шуу, зүүн өгзөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3.6. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.7. Дээрх гэмтэл нь мохоо болон ир, үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 8. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 9. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хавтаст хэргийн 51-52 дахь тал),

Гэрч Э.Ан: “2022 оны 06 сарын 03-04-нд шилжих шөнө ...Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, Алтайн хаяг тодорхойгүй газарт иргэн П.З дуудлага мэдээлэл өгсний дагуу очиж шалгахад П.З нь хуучин найз залуу намайг зодсон гэх духны орчимд шалбарсан, өвдөг, хөл өвдөөд байна гэсэн. Биеийн далд хэсэгт учирсан гэмтэл шарх анзаарагдаагүй, байшинд ороод харахад хамаг эд зүйлсийг аваад шидсэн, эмх замбараагүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дэх тал),

Шүүгдэгч М.Дн: “...2022 оны 06 сарын 02-ны өдөр манай гэрт өмнө үерхэж байсан З нэг эмэгтэй найзтайгаа 20-21 цагийн орчим ирсэн. Бид пиво уугаад бид 2 унтах гэж байтал найз нь “та 2 унтах гэлээ” гэж уурлахаар нь босоод байж байтал З нэлээн муудаад унтах гэж байснаа гэнэт уурлаад над руу чихрийн таваг шидэж гэдсэнд оносон, аяга таваг хагалан, хувцас хатаагчийн төмрөөр намайг цохисон. Би уурлаж пивоны шил аваад З руу шидсэн чинь шил хананд ойгоод Згийн духанд шалбаралт үүссэн. Над руу дайраад байхаар нь 2 удаа буйдан руу түлхэж суулгасан. Над руу дайрч байхдаа тээглэж унаад ширээг хугалж унасан. Би хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-68 дахь тал),

дуудлагын лавлагааны хуудас (хх-8), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-70), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-81), жолоодох эрхийн лавлагаа (хх-84), Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.09.27-ны өдрийн “М.Д нь 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн гэх гүйцэтгэх баримт бичиг нь тус газрын цахим мэдээллийн санд бүртгэлгүй байна” гэх албан бичиг (хх-101), “Шударга төрийн төлөө” төрийн бус байгууллагын “М.Днь тус байгууллагад орчуулагч менежер хийдэг нь үнэн” гэх тодорхойлолт (хх-105), дансны хуулга (хх-106-113) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч М.Д согтуурсан үедээ 2022 оны 6 дугаар сарын 03-ны орой 18-19 цагийн ** гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч П.З руу пивоны шил 2 удаа шидэн толгой, хүзүүнд онож, гараараа зүүн нүд хэсэгт цохиж газар унаган чирж эрүүл мэндэд нь “дух, зүүн өгзөгт шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, нуруу, зүүн дал, шуу, өвдөг, баруун шуу, гуя, шилбэнд цус хуралт, дух, баруун шуу, зүүн өгзөгт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч П.Згийн “...Бид нар пиво уусан. Дхэрүүл хийгээд намайг янз бүрээр хэлээд өмнө нь болоод өнгөрсөн зүйлийг ярьж хардаж дайраад эхэлсэн. Пивоны хоосон шил шидэж толгойн орой руу онохоор нь, ...дахиж нэг пивоны хоосон шил шидээд нурууны дээд, хүзүүний доод хэсэгт оносон. Мөн гараа атгаж байгаад миний зүүн нүд рүү нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-15-16), шүүх эмнэлгийн 8237 дугаар “1.2.5. П.Згийн биед “дух, зүүн өгзөгт шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт хүзүү, нуруу, зүүн дал, шуу, өвдөг, баруун шуу, гуя, шилбэнд цус хуралт, дух, баруун шуу, зүүн өгзөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  8. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-51-52), гэрч Э.Ан “...П.З нь хуучин найз залуу намайг зодсон гэх духны орчимд шалбарсан, өвдөг хөл өвдөөд байна гэсэн...” гэх мэдүүлэг (хх-48-49), шүүгдэгч М.Дн “...бид пиво ууцгаасан. ...би уурлаж пивоны шил аваад З руу шидсэн чинь хананд ойгоод Згийн духанд шалбаралт үүссэн. Над руу дайраад байхаар нь 2 удаа буйдан руу түлхэж суулгасан...” гэх мэдүүлэг (хх-65-68) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М.Дн согтуурсан үедээ хохирогч П.Зтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн 2 удаа пивоны шил шидэж онон, гараараа нүдэнд цохиж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч П.Згийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хх-19-20)-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “М.Д нь согтуугаар 2022 оны 6 дугаар сарын 03-ны орой 18-19 цагийн орчим ** тоот гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж  хохирогч П.З руу пивоны шил 2 удаа шидэж, толгой болон хүзүүн тус газар онож, гараараа зүүн нүд хэсэгт цохиж газар унаган чирж эрүүл мэндэд нь “дух, зүүн өгзөгт шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, нуруу, зүүн дал, шуу, өвдөг, баруун шуу, гуя, шилбэнд цус хуралт, дух, баруун шуу, зүүн өгзөгт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,

шүүгдэгч “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм алдаа гаргахгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тус тус дурдаж байна.   

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар ахуйн хүрээнд согтуурсан үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж шүүгдэгч 2 удаа пивоны шил шидэж хохирогчийн биеийг оносон, нүд рүү нэг удаа цохих үйлдлээр хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “нэхэмжлэх зүйл байхгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ хандаж буй хандлага, эрхэлсэн ажилтай, тодорхой орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дг 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (“Шударга төрийн төлөө” төрийн бус байгуулагад ажилтай, тодорхой орлоготой)-ийг харгалзан шүүгдэгч М.Д-ыг 850,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Д цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ** овогт М-ы Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-г 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850,000 (найман зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дг 850,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Д цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР