Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1305

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч С.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч С.Өг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2208000001523 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эмээ, өвөө, эгчийн хамт ** оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ** овогт С-н Ө (РД:*****).

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Ө согтуурсан үедээ 2022 оны 9 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө ** тоотод хохирогч Д.Хтай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж хоолойг нь боож, нүүр рүү цохиж зодон биед нь “зүүн нүдний зовхи, зүүн хацар, эрүү, хүзүү, цээж, баруун дал, зүүн бугалганд цус хуралт, зүүн бугуй, дээд доод уруулын салст, зулайн хуйханд цус хуралт, зүүн бугалганд зулгаралт, тархи доргилт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч С.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Эрүүгийн 2208000001523 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Д.Хгийн: “...2022 оны 09 сарын 02-ны өдөр ...19 цагийн орчим Өнайз охины хамт орж ирсэн. Надад хандаж “аниа ганц, ганц пиво уучих уу” гэхэр нь би зөвшөөрсөн. ...Ууж байх үед Ө “би ахдаа хайртай” гээд байхаар нь би тоглоод “ах чинь одоо хаана байгаа, би чиний хажууд байгаа биз дээ” гэж хэлсэн чинь Ө“та бол худлаа би ахдаа хайртай” гээд маргалдаж байгаад Ө “би явлаа” гээд хувцсаа бэлдэхээр нь би “Чи хүний үг даахгүй дандаа уурладаг, харанхуй болсон хойно битий яв, эгчийн хувьд чамд үг хэлж байна” гээд баруун гараараа нэг алгадсан чинь “чи миний эгч биш” гээд намайг боогоод газар унагаасан. Би уурлаад босож ирээд “чи намайг цохилоо” гээд дахин алгадсан чинь Ө “чи миний эгч биш, би чамайг ална” гээд гараа зангидаад маш олон удаа цохиод хоолой боосон. Өг “боль” гээд орилоод байхаар нь би “чи чимээгүй бол, эсвэл яв” гэж хэлсэн чинь Ө“чи миний найз охиныг юу гээд байгаа юм бэ” гээд намайг цохиж байгаад болихоор нь би Өн нуруунд сандалаар цохисон чинь эргээд дахин намайг цохихоор нь би гарын хуруунаас нь хазаад болиулахад намайг зөрүүлээд хазсан. Тухайн үед Н нөгөө өрөөнд манай 2 настай хүүхдийг харж байгаад гарч ирэхээр нь би “цагдаа дууд” гэж хэлсэн. Өявах гээд байхаар нь би “цагдаад өгнө” гэхэд хүчээр явах гээд байхаар нь би найз охины үснээс зулгаасан чинь намайг Ө дахин зодсон. Ө зугтаагаад гарах үед Н араас нь гараад цагдаад барьж өгөөд ирсэн.

...Миний хохиролд Ө 800,000 төгрөг өгсөн, хохирол бүрэн барагдсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7, 9 дэх тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.09.07-ны өдрийн 12151 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. Д.Хгийн биед зүүн нүдний зовхи, зүүн хацар, эрүү, хүзүү, цээж, баруун дал, зүүн бугалганд цус хуралт, зүүн бугуй, дээд доод уруулын салст, зулайн хуйханд цус хуралт, зүүн бугалганд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

Гэрч Ж.Н-ы: “2022 оны 09 сарын 02-ны орой ...Өутсаар пиво дуудаад 3 том пиво авсан. Уг пивоноос Х, Х, Ө нар уусан. ...Ө “ахдаа хайртай, миний ах надад тусалдаг” гээд ярих үед Х эгч “би яагаад байгаа юм, би чиний эгч юм байгаа биз дээ, чамайг би гэртээ байлгаж байгаа биз дээ” гэсэн чинь Ө уурлаад жижиг өрөөнд ороод “би явлаа” гээд хаалга саваад хувцсаа авч шидээд хүүхдийн тэрэг өшиглөсөн. Х эгч “чи хэзээ ийм болсон юм бэ” гэж алгадахад Ө уурлаад Х эгчийн хоолойг бооход Х эгч түлхэж холдуулаад дахин алгадсан. Ө Х эгчийг орон дээр дарж унагаагаад хоолойг бооход Х “болиоч” гээд орилсон. Би салгах гэхэд намайг түлхээд холдуулсан. Х эгч “Н цагдаа дууд” гэхээр нь цагдаа дуудаж байхад жижиг өрөөнд Ө орж ирсэн. Тухайн үед Х “явья” гээд Өд хэлэхэд Х эгч “чи яв, би дүүгээ явуулахгүй” гэж хэлсэн. Ө “чи миний найз охиныг хөөлөө” гээд уурлаад “та нар миний хамаатан биш. Та нарыг ална” гээд орилоод байсан. Халиун гарах гэж байхад Х эгч үснээс нь татаад сандал дээр суусан. Ө “тавиач” гээд Х эгчийн гараас хазахад газар унасан. Ө дээрээс нь Х эгчийг “тавиач” гээд гараараа 7-8 удаа нуруунд нь цохисон. Х эгч газарт хэвтэж байсан ба дээрээс нь гараа атгаад 2 удаа нүүр лүү нь цохисон. Би эргээд жижиг өрөөнд ороод хүүхэд айна гээд хаалга хаасан. Тэгэж байхад Ө жижиг өрөөнд орж ирээд өмдөө өмсөж байхад Х эгч орж ирээд “чамайг явуулахгүй, цагдаа ирж байгаа” гээд ус буцалгагч шидээд нурууг нь цохисон. Гэрээс гараад дагаж явж байгаад цагдаад барьж өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

Шүүгдэгч С.Ө-н: “2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр найз охин Хтай эгчи Х гийн гэрт хонохоор очсон. ...эхний пиво ууж байгаад найз охин Х-тай 00-н өрөөнд орж манай ахын талаар ярьсан. Тухайн үед Х намайг дуудаад “юу яриад байгаа юм” гэж асуухаар нь би “ахын талаар ярьсан” гээд ахыг тусалдаг талаар хэлсэн чинь “чи ахдаа илүү хайртай юм уу” гэхээр нь би “мэдээж ахдаа илүү хайртай” гэхэд эгч Х “ах руугаа зайл” гээд орилоод маргаан эхэлсэн. Эгч Х намайг алгадахаар нь би түлхсэн. Тухайн үед Х салгах гэхэд Х эгч түлхэж унагаасан. Намайг ус буцалгагчаар зүүн нүдэнд 1 удаа цохисон. Би түлхэж унагаагаад гарыг нь бариад дээр нь суугаад “та яагаад байгаа юм бэ” гэхэд “чи зайл” гээд орилоод байсан. Тухайн үед Х ирээд салгахад Х эгч “чи зүгээр зайл” гээд үсдээд тавихгүй байхаар нь болиулах гээд 2 удаа баруун гараараа хацар хэсэг рүү алгадсан чинь миний зүүн гарын эрхий хурууг хазсан. Миний хурууг хазаад тавихгүй болохоор нь хацар луу 3-4 удаа алгадсан. Тэгээд Х эгч Халиуны үснээс зулгаахаа болиод миний хурууг хазахаа больсон. Би хувцсаа аваад гарах гэхэд “цагдаад өгнө” гээд барьчихаад явуулахгүй байхаар нь баруун хөлөөрөө гар хэсэг рүү нь жийж тавиулаад гарсан. Гараад явж байхад цагдаа ирээд цагдаагийн газарт авч ирсэн. Би нэлээн согтуу байсан болохоор болсон зүйлийг дарааллын дагуу санахгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-1), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-40), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-49), төрсний гэрчилгээний хуулбар (хх-41), эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа (хх-42), Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (хх-43), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (хх-44), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-45), хохирол төлсөн баримт (хх-50), Д.Хг 100,000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудас (хх-61), шүүгдэгч, хохирогч нарын “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-65, 66), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-67), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-68) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Ө согтуурсан үедээ 2022 оны 9 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө ** тоотод хохирогч Д.Хтай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хоолойг нь боож, нүүрэн тус газарт нь цохиж зодон биед нь “зүүн нүдний зовхи, зүүн хацар, эрүү, хүзүү, цээж, баруун дал, зүүн бугалганд цус хуралт, зүүн бугуй, дээд доод уруулын салст, зулайн хуйханд цус хуралт, зүүн бугалганд зулгаралт, тархи доргилт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Д.Хгийн “...Бид нар пиво уусан. ...Ө “би явлаа” гээд хувцсаа бэлдэхээр нь би “чи хүний үг даахгүй дандаа уурладаг, харанхуй болсон хойно битий яв, эгчийн хувьд чамд үг хэлж байна” гээд нэг удаа алгадсан чинь “чи миний эгч биш” гээд намайг боогоод газар унагаасан. Би босож ирээд “чи намайг цохилоо” гээд дахин алгадсан чинь Ө гараа зангидаад маш олон удаа цохиод хоолой боосон. ...Дахин намайг цохихоор нь би гарын хуруунаас нь хазаад болиулахад намайг зөрүүлээд хазсан...” гэх мэдүүлэг (хх-7), шүүх эмнэлгийн 12151 дүгээр “1. Д.Хгийн биед зүүн нүдний зовхи, зүүн хацар, эрүү, хүзүү, цээж, баруун дал, зүүн бугалганд цус хуралт, зүүн бугуй, дээд доод уруулын салст, зулайн хуйханд цус хуралт, зүүн бугалганд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-23-24), гэрч Ж.Н-ы “Х эгч “чи хэзээ ийм болсон юм бэ” гэж алгадахад Ө уурлаад эгчийн хоолойг бооход Х эгч түлхэж холдуулаад дахин алгадсан. ...Ө дээрээс нь Х эгчийг “тавиач” гээд гараараа 7-8 удаа нуруунд цохихоор... Х эгчийг газарт хэвтэж байхад дээрээс нь гараа атгаад 2 удаа нүүр лүү нь цохисон...” гэх мэдүүлэг (хх-16-17),  шүүгдэгч С.Өн “...2 удаа баруун гараараа хацар хэсэг рүү нь алгадсан чинь миний зүүн гарын эрхий хурууг хазсан. Тавиулах гээд хацар луу 3-4 удаа алгадсан...” гэх мэдүүлэг (хх-36-37) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Ө согтуурсан үедээ эгч буюу хохирогч Д.Х-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, гараараа нүүрэнд хэд хэдэн удаа цохиж, хоолойг нь боож, хазаж, газар унаган өшиглөж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Хгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын 215,900 төгрөгийн баримт гаргаж өгсөн, хохиролд 800,000 төгрөг төлөгдсөн (хх-42), хохирогчийн “Миний хохирлыг бүрэн барагдуулсан. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, хүсэлт (хх-7, 65)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч С.Ө нь 2022 оны 9 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ ** тоотод хохирогч Д.Х-тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар хоолойг нь боож, нүүрэн тус газарт нь цохиж, зодон биед нь “зүүн нүдний зовхи, зүүн хацар, эрүү, хүзүү, цээж, баруун дал, зүүн бугалганд цус хуралт, зүүн бугуй, дээд доод уруулын салст, зулайн хуйханд цус хуралт, зүүн бугалганд зулгаралт, тархи доргилт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,

шүүгдэгч “Ялыг хүлээн зөвшөөрч байна, төлнө” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч С.Өнь “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар ахуйн хүрээнд согтуурсан үедээ хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, хохирогчийн нүүр лүү хэд хэдэн удаа цохиж, хоолойг боож, хурууг хазаж, газар унагаж өшиглөн эрх, эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын 215,900 төгрөгийн баримт гаргаж өгсөн, хохиролд 800,000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай, тодорхой орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ө-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Ө цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ** овогт Сн Өг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Өг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Өг 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ө торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Ө цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР