Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2018/03502

 

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2018/03502

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, . дүгээр хороо, ...дугаар гудамж, ...тоотод оршин суух, ... овогт Ц. Н. /РД: .../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, ... дугаар гудамж, ... тоотод оршин суух, ... овогт ... /РД: .../-т холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, хашааны газар, байшин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.О, хариуцагч Г.У, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

 

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Ц.Нын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ц.Н миний бие 2010 оны 9 дүгээр сараас Г.Утай амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2011 оны 8 дугаар сарын 14-ний өдөр охин У.Е төрсөн. Эхний үед эвтэй амьдарч байсан ба Монгол ёсоор Уын ээж, аав нь албан ёсоор хадаг тавьж миний ээж, ааваас гуйсан. Би нөхөр, хүүхэддээ хайртай, хүн яаж амьдардаг тэр хэмжээнд амьдрахыг л боддог, бусадтай адил гадуур явж элдэв ааш зан гаргадаггүй. Нэг мэдэхэд л нөхөр маань гадуур явдаг, би өөр хүүхэнд хайртай болсон чамтай амьдрахгүй гээд явсан. Би олон удаа 2-лаа хүүхдээ бодьё, хүүхэд аавгүй өсөж болохгүй, хүүхдийн хүмүүжилд нөлөөлнө, чи наад хүүхнээ мартчих, би чамайг уучилья гэж гуйхад чамд л муу биз дээ, би сална гэдгээ хэлсэн. Нөхөр маань чи харин хашаа, байшин авахгүй шүү гэж хэлсэн. Би хүүхэдтэйгээ орон байргүй хүнд байгаа тул Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, ... дугаар гудамж, ... тоотод байрлах газар, байшинг хариуцагчаас гаргуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Г.Уын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г.У миний бие 2010 оны 9 дүгээр сараас Ц.Нтай амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2011 оны 8 дугаар сарын 14-ний өдөр охин У.Е төрсөн. Би өөр хүүхэнтэй харилцаа үүсгэж байгаагүй, хүүхэддээ тэтгэлэг өгнө. Харин Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, ... дугаар гудамж, ... тоотод байрлах газар, байшин нь миний нэр дээр байдаггүй тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг зөвшөөрөхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч Г.Ут холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, хашааны газар, байшин гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ц.Н, хариуцагч Г.У нар 2010 оноос хамтран амьдарч, гэрлэлтээ батлуулаагүй ба тэдний дундаас 2011 оны 8 дугаар сарын 14-нд охин У.Е төрсөн болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан 0463907 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч Г.У нь хүүхэддээ тэтгэлэг өгөхийг зөвшөөрсөн. Харин ... Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, ... дугаар гудамж, ... тоотод байрлах газар, байшин нь миний нэр дээр байдаггүй тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; үүрэгтэй ба маргаан бүхий Баянгол дүүрэг, . дүгээр хороо, ... дугаар гудамж, ... тоотод байрлах газар, байшингийн кадастрын зураг, гэрчилгээг гаргуулах тухай хүсэлтээсээ шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, ... дугаар гудамж, ...тоотод байрлах газар, байшинг гаргуулах тухай энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд 2011 оны 8 дугаар сарын 14-нд төрсөн охин У.Ед 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-ээс 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Г.Уаас гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Баянгол дүүрэг... дүгээр хороо, ... гудамж,... тоотод байрлах газар, байшинг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 2011 оны 8 дугаар сарын 14-нд төрсөн охин У.Ед 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-ээс 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Г.Уаас гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Баянгол дүүрэг, ...дүгээр хороо, ... гудамж, ... тоотод байрлах газар, байшинг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

  

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            М.МӨНХТӨР