Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1269

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

улсын яллагч О.Эрхэмбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн,

шүүгдэгч О.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч О.Ч-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2208000001464 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “**” ХХК-д арматурчин ажилтай, ** тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт  ** тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ** овогт О-н Ч (РД:****).

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Ч согтуурсан үедээ 2022 оны 8 дугаар сарын 12-ны ** тоот гэртээ хамтран амьдрагч Б.Уг “ажлыхантайгаа гадуур гарах гэлээ” гэх шалтгаанаар маргалдан цохиж зодон “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хөмсөг, зүүн бугалга, баруун сарвууны эрхий хурууны хумсан доорх цус хуралт, зүүн мөрөнд зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч О.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугийн хувьд маргах зүйлгүй. Үнэхээр их гэмшиж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй” гэв.

Эрүүгийн 2208000001464 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Ун: “2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр “ажлынхантайгаа явах гэлээ” гэх асуудлаас болоод нөхөр О.Ч бид хоёр маргалдсан. Тэгтэл нөхөр “явлаа” гээд хувцсаа аваад гарсан, буцаж орж ирэхдээ архи уучихсан байсан. Маргалдаж байгаад намайг түлхэхээр нь би гараа атгаж байгаад нүүр хэсэгт нь 1 удаа цохисон. Тэгээд уурлаад миний нүүр хэсэгт гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон, намайг газар унахад нүүр хэсэгт 1 удаа өшиглөсөн. Өмнө нь хэрэлдэж байсан болохоос цохиж зодож байгаагүй. Нэхэмжлэх зүйлгүй. Авах ёстой арга хэмжээг нь хуулийн дагуу авахуулмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.08.17-ны өдрийн 11217 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Б.Ун биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хөмсөг, зүүн бугалга, баруун сарвууны эрхий хурууны хумсан доор цус хуралт, зүүн мөрөнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид алдагдуулахгүй. 5.Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

Гэрч Б.О-ийн: “...2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн үед гэртээ очтол эгч У “ажлыхантайгаа гарна” гэсэн чинь нөхөр Ч нь эгчийг хардаад тэр 2 маргалдаад Ч ах гэрээс гараад явсан. Ч ах шөнө 01 цагийн үед архи уусан орж ирээд У эгчтэй маргалдаад эгчийг үсдэж унагаад дээрээс нь толгой хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиод, 1 удаа толгой хэсэг рүү нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),

Шүүгдэгч О.Ч-ын яллагдагчаар өгсөн: “...Тухайн өдөр У “ажлын газрын хүмүүстэйгээ хоол иднэ” гэхээр нь явуулаагүй шалтгаанаар бид маргалдаж, У намайг “гэрээс гар, яв” гээд байхаар нь би гэрийн ойролцоо байрлах хүнсний дэлгүүрээс 100 гр архи авч уучихаад хэсэг хугацааны дараа гэр лүүгээ орсон. Намайг “архи уучихсан байна” гээд бид 2 хэсэг маргалдаж У намайг түлхэхээр нь би нүүр хэсэгт нь гараа атгаж байгаад 2 удаа цохисон. Тэгээд У унахаар зүүн мөр хэсэгт нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-53 дахь тал),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-34), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-24), оршин суугаа хаягийн лавлагаа (хх-31), хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа (хх-32), жолоодох эрхийн лавлагаа (хх-33), дансны хуулга (хх-35-44), “**” ХХК-ийн “О.Ч нь тус компанид арматурчнаар ажилладаг нь үнэн болно” гэх тодорхойлолт (хх-45), Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн албан бичиг (хх-64), Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан бичиг (хх-62-63), Эрүүл мэндийн даатгалын санд хохирол төлсөн баримт (хх-68), шүүгдэгч, хохирогч нарын “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-58, 59), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-70), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-69) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч О.Ч согтуурсан үедээ 2022 оны 8 дугаар сарын 12-ны ** тоот гэртээ хамтран амьдрагч Б.У-ийг “ажлыхантайгаа гадуур гарах гэлээ” гэх шалтгаанаар маргалдан цохиж зодон эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хөмсөг, зүүн бугалга, баруун сарвууны эрхий хурууны хумсан доорх цус хуралт, зүүн мөрөнд зулгаралт, цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.Ун “...Архи уучихсан орж ирсэн. Намайг түлхэхээр нь би цохитол уурлаад миний нүүр хэсэгт гараараа 2-3 удаа цохисон, намайг газар унахад нүүр хэсэгт 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хх-11-12), ), шүүх эмнэлгийн 11217 дугаар “...1.Б.Ун биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны цус хуралт зөөлөн эдийн няцрал, дух, баруун хөмсөг, зүүн бугалга, баруун сарвууны эрхий хурууны хумсан доор цус хуралт, зүүн мөрөнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-20-21), гэрч Б.О-н “...Ч ах архи уучихсан орж ирээд У эгчийг үсдэж унагаад толгой хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиод, 1 удаа толгой хэсэг рүү нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хх-17), шүүгдэгч О.Ч-ын “...У намайг түлхэхээр нь би нүүр хэсэгт нь гараа атгаж байгаад 2 удаа цохисон, унахаар нь зүүн мөр хэсэгт нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хх-51-53) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч О.Ч-ын согтуурсан үедээ хохирогч Б.Уийг “ажлыхантайгаа гадуур гарах гэлээ” гэх шалтгааны улмаас маргалдан, нүүр хэсэгт гараараа цохиж, өшиглөн хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ун эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан 259,000 төгрөгийг төлж барагдуулсан (хх-68), хохирогчийн “Хохирлыг барагдуулсан, гомдол санал байхгүй” гэх хүсэлт (хх-58)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч О.Ч согтуурсан үедээ 2022 оны 8 дугаар сарын 12-ны ** тоотод хамтран амьдрагч Б.Утэй “ажлыхантайгаа гадуур гарна” гэх шалтгааны улмаас маргалдан эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хөмсөг, зүүн бугалга, баруун сарвууны эрхий хурууны хумсан доорх цус хуралт, зүүн мөрөнд зулгаралт, цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлснийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд шийдэж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч О.Ч нь “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч согтуурсан үедээ “ажлынхантайгаа гадуур гарна” гэх шалтгаанаар хохирогчийн нүүр хэсэгт гараараа 2-3 удаа цохиж, хөлөөрөө өшиглөн эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, Эрүүл мэндийн даатгалын санд 259,000 төгрөгийг төлж барагдуулсан,  хохирогч “Гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай, тодорхой орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Чыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Ч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ** овогт О-н Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ч-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ч-ыг 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Ч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР