Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1317

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

улсын яллагч Р.Мягмардорж,

шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч П.Бг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208019201338 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ** тоотод оршин суух,

урьд Ажилчины районы ардын шүүхийн 1991 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 81 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87 дугаар зүйл, 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар нэмж нэгтгэн нийт 10 жил хорих ял шийтгүүлж, 8 жилийн хорих ял өршөөгдөж, 1992 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1996 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 419а дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 8 жил хорих ял шийтгүүлж, 2000 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил, 3 сар, 24 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 

Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 429 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2003 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,  

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах ял шийтгүүлж, 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,  

Сонгинхайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 194 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 450 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлж, эдэлсэнд тооцсон,  

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/898 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, ял биелэгдээгүй, ** овогт Пн Б (РД:****).

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч П.Б согтуурсан үедээ 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянхошууны хуучин эцсийн автобусны буудал дээр байрлуулсан байсан “Киа Бонго” маркын ** улсын дугаартай автомашинаас хохирогч Ө.Өн эзэмшлийн “Самсунг А72, Хуавэй Вай-7” загварын хоёр ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн,

мөн согтуурсан үедээ 2022 оны 6 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө ** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр буюу хохирогч А.Утай хувийн таарамжгүй харилцаанаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь “зүүн зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх, цус хуралт, зүүн мөр, хоёр бугалга, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч П.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Эхнэртэйгээ архи хувааж уучихаад маргалдаад, гадуур тэнээд явчихдаг учир уурлаад зодсон. Харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, хөнгөн ял өгнө үү” гэв.

Эрүүгийн 2208019201338 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

1. Шүүгдэгч П.Б согтуурсан үедээ 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянхошууны хуучин эцсийн автобусны буудал дээр борлуулалт хийхээр байрлуулсан байсан “Киа Бонго” маркын ** улсын дугаартай автомашинаас хохирогч Ө.Өн эзэмшлийн “Самсунг А72, Хуавэй Вай-7” загварын хоёр ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн талаар:

Хохирогч Ө.Өн: “2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр борлуултанд ****** улсын дугаартай “Киа Бонго” загварын автомашинаар явж байгаад 16 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянхошууны хуучин эцсийн автобусны буудал дээр борлуулалтаа хийж дуусаад машиндаа суутал машин дотроос миний “Самсунг галакси А-72, Хуавэй Ү-7” загварын 2 ширхэг гар утас алдагдсан байсан. Автомашинаа түгжээгүй, онгорхой орхисон байсан. Гар утаснуудаа суудал дээр ил тавьсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

“Мастер Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022.06.03-ны өдрийн 22/049 дүгээр тайланд: “Самсунг галакси А-72 загварын 2021 оны 4 дүгээр сард худалдан авсан гар утас 1 ширхэг 700,000 төгрөг, Хуавей вай-7 загварын 2022 оны 4 дүгээр сард худалдан авсан гар утас 1 ширхэг 100,000 төгрөг, нийт дүн 800,000 төгрөг” гэжээ (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

Шүүгдэгч П.Бн яллагдагчаар өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянхошууны хуучин эцэс дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд явж байтал автобусны буудал дээр тэвштэй хүргэлтийн тээврийн хэрэгслийн жолооч байхгүй, хаалга нь онгорхой байхаар нь би 2 ширхэг гар утас авчихсан. Тухайн үед авсан 2 утсаа Хархорин зах дээр үл таних хүнд 80,000 төгрөгөөр зараад архи аваад уучихсан. Би хулгай хийсэндээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дахь тал),

Камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн: “...2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр ... бичлэгийн 00:35 секунтэд цэнхэр саравчтай малгай, цагаан цамц, хар өмдтэй 45-50 орчим насны эрэгтэй гар утас хулгайд алдагдсан цагаан өнгийн Портер маркын автомашины жолооч талын хаалга дээр байгаа бичлэг байв. Бичлэгийн 00:46 секунтэд ...автомашины жолооч талын хаалга хэсгээс гарч ирээд 00:47 секунтэд баруун гартаа барьсан гар утсаа зүүн гартаа шилжүүлж бариад зам хөндлөн гарч байгааг харуулав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-8 дахь тал),

2. Шүүгдэгч П.Б согтуурсан үедээ 2022 оны 6 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө ** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр буюу хохирогч А.Утай хувийн таарамжгүй харилцаанаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь “зүүн зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх, цус хуралт, зүүн мөр, хоёр бугалга, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн талаар:

Хохирогч А.Ун: “2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ** тоотод гэртээ хоёр шил архи нөхөртэйгөө хамт хувааж уусан. Бид хоёр нэлээн согтчихсон. Манай нөхөр намайг “Чи архи уухаараа дандаа гэрээс гарч явдаг” гээд уурлаад зүүн нүд хэсэг рүү гараараа цохиж авсан. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.07.04-ний өдрийн 9359 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. А.Уийн биед зүүн зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх, цус хуралт, зүүн мөр, хоёр бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хавтаст хэргийн 79-80 дахь тал),

Шүүгдэгч П.Бн яллагдагчаар өгсөн: “2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 18 цагийн үед эхнэр У бид 2 гэртээ 0,75 литрийн архи 2 шилийг хувааж уугаад би согтоод эхнэр У архи уухаараа гэрээс гараад янз бүрийн хүмүүстэй уулзаад байдаг болохоор нь уурлаад “битгий архи уучихаад гарч ороод бай” гээд маргалдаад Урн нүүр лүү гараараа 2-3 удаа, бие хэсэг рүү 1-2 удаа цохисон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 158-159 дэх тал),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-130), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-83), шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-89-127), иргэний оршин суугаа газрын хаягийн лавлагаа (хх-131), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-132, 142), эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа (хх-133), дуудлага мэдээллийн жагсаалт (хх-141) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг,

улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.10.18-ны өдрийн 3/19665 дугаар “П.Б 2021.08.31-ний өдрийн 898 дугаар тогтоолоор 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн гэх баримт бичиг нь тус газрын цахим мэдээллийн санд бүртгэлгүй” тухай 1 хуудас албан бичгийг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч П.Б нь 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянхошууны хуучин эцсийн автобусны буудал дээр борлуулалт хийхээр байрлуулсан байсан “Киа Бонго” маркын ******* улсын дугаартай автомашинаас хохирогч Ө.Өгөөдэйн эзэмшлийн “Самсунг А72, Хувэй Вай-7” загварын хоёр ширхэг нийт 800,000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн, мөн согтуурсан үедээ 2022 оны 6 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө ** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр буюу хохирогч А.Утай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, эрүүл мэндэд нь “зүүн зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх, цус хуралт, зүүн мөр, хоёр бугалга, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах, хохирогч Уртнасанд төлөх төлбөргүй, хохирогч Өгөөдэйд 800,000 төгрөгийн төлбөртэй тул гаргуулах саналтай” гэж,

шүүгдэгч “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, ажил хийж хохирлоо төлнө” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч П.Бг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч П.Б нь хохирогч Ө.Ө өөрийн гар утсыг тээврийн хэрэгсэлдээ үлдээж, хаалгыг түгжихгүй, цонхыг онгорхой орхиж явсныг далимдуулан тээврийн хэрэгсэл дотроос 2 ширхэг гар утас хулгайлж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “агуулахад нэвтэрч” үйлдсэн гэх тухайн хэргийн хүндрүүлэх шинжийг хангахгүй байна гэж шүүх дүгнэсэн болно. Өөрөөр хэлбэл уг тээврийн хэрэгслийн бүхээгийг эд зүйл хадгалах зоиулалтаар тусгайлан тоноглож, хамгаалалт хийгээгүйгээс гадна шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд гэмт хэрэг үйлдэж, уг тээврийн хэрэгсэл дотор байсан гар утсыг хулгайлахдаа тээврийн хэрэгслийн цоожинд түлхээр тааруулан онгойлгох, багаж хэрэгсэл ашиглан цоожийг эвдэх, цонхыг хагалах зэрэг аргаар бүхээгт нэвтэрсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүх хуралдаанаар П.Б согтуурсан үедээ 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянхошууны хуучин эцсийн автобусны буудал дээр байрлуулсан байсан “Киа Бонго” маркын **  улсын дугаартай тээврийн хэрэгслээс хохирогч Ө.Өн эзэмшлийн “Самсунг А72, Хуавэй Вай-7” загварын хоёр ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан,  

мөн согтуурсан үедээ 2022 оны 6 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө ** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр буюу хохирогч А.Утай хувийн таарамжгүй харилцаанаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь “зүүн зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх, цус хуралт, зүүн мөр, хоёр бугалга, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Ө.Өн “...борлуулалтаа хийж дуусаад машиндаа суутал машин дотроос миний “Самсунг галакси А-72, Хуавэй Ү-7 загварын 2 ширхэг гар утас алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (хх-12), “Мастер Үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “Самсунг галакси А-72 загварын гар утас 1 ширхэг 700,000 төгрөг, хуавей вай-7 загварын гар утас 1 ширхэг 100,000 төгрөг” гэх тайлан (хх-19-20), хохирогч А.Уртнасангийн “...манай нөхөр намайг “чи архи уухаараа дандаа гэрээс гарч явдаг” гээд надад уурлаад миний зүүн талын нүд хэсэг рүү гараараа цохиж авсан юм...” гэх мэдүүлэг (хх-72), шүүх эмнэлгийн 9359 дүгээр “1. А.Ун биед зүүн зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх, цус хуралт, зүүн мөр, хоёр бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-79-80), шүүгдэгч П.Бн “...жолооч нь байхгүй, хаалга нь онгорхой байхаар нь би тээврийн хэрэгсэл дотроос 2 ширхэг гар утас авчихсан Хархорин зах дээр үл таних хүнд 80,000 төгрөгөөр зараад архи аваад уучихсан... эхнэр Утай маргалдаад нүүр лүү гараараа 2-3 удаа, бие хэсэг рүү 1-2 удаа цохисон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хх-52-53, 158-159) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч П.Бн хохирогч Ө.Өн тээврийн хэрэгсэл дотроос “Самсунг А-72, Хуавэй Вай-7” загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн шинжтэй,

мөн шүүгдэгч, хохирогч нар ахуйн хүрээнд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр хохирогч А.Утай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж нүүр хэсэгт нь 2-3 удаа, бие хэсэг рүү хэд хэдэн удаа цохиж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн улмаас хохирогч А.Ун эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хх-72)-ийг үндэслэн шүүгдэгчийг хохирогч А.Уд төлөх төлбөргүй гэж,

хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Өд 800,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “Хохирлоо барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг (хх-12)-ийг үндэслэн шүүгдэгч П.Бс 800,000 (Найман зуун мянга) төгрөг гаргуулж, хохирогч Ө.Өг (** тоотод оршин суух, РД:**, утас:**)-д олгохоор шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 75 хоног буюу 2 сар 15 хоногийг нэмж нэгтгэн нийт 4 жил 2 сар 15 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар өмнөх тогтоолоор оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 50 хоног буюу 1 сар 20 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 4 жил 2 сар 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 4 жил 4 сар 05 хоногоор тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч “Хэлэх зүйл байхгүй, миний буруу, хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тус тус дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч согтуурсан үедээ, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, хохирогчийн цонхоо онгорхой орхисон тээврийн хэрэгсэл дотроос 2 ширхэг гар утас хулгайлсан, үл ялих зүйлээр шалтаглан хохирогч болох эхнэрийн эрх, эрх чөлөөнд нүүр, бие хэсэг рүү хэд хэдэн удаагийн цохих үйлдлээр халдан гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогч Ө.Өд 800,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч Ө.Ө “Хохирлоо барагдуулж авмаар байна” гэх, хохирогч А.Ун эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч А.Ун “гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч П.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 75 хоног буюу 2 сар 15 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 1 (нэг) жил 2 (хоёр) сар 15 (арван тав) хоногоор тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар   Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 898 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгч П.Б нь эдлээгүй байх тул тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.  

Шүүгдэгч П.Бн 2022.09.29-ний өдрөөс 2022.10.25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 26 (хорин зургаа) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцон, хасах нь зүйтэй.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Бхэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч П.Бг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч ** овогт П-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч П.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 75 хоног буюу 2 сар, 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 1 (нэг) жил 2 (хоёр) сар 15 (арван тав) хоногоор тогтоосугай.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бт Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 898 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бн цагдан хоригдсон 26 (хорин зургаа) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хассугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бс 800,000 (Найман зуун мянга) төгрөг гаргуулж, хохирогч Ө.Ө (** тоотод оршин суух, РД:**, утас:**)-д олгосугай.

9. Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Б хохирогч А.Уд төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Л.БААТАР