Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2019/00002

 

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2019/00002

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч З.Доржнамжин, М.Мөнхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг ... дүгээр хороо, ... дугаар хэсэг, Оргил хотхон ...дүгээр байр, ... тоотод оршин суух, Н...ургийн овогтой Б... Э.../РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг ... дүгээр хороо, Жалханц хутагт дамдинбазарын гудамж, ... дугаар байранд байрлах, Б... цэцэрлэг боловсрол сургалтын байгууллага /РД:.../,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, ... байр, ... тоотод оршин суух, М...овогтой Б... Б... /РД:.../ нарт холбогдох,

 

72,324,950 төгрөг гаргуулах, Баянгол дүүрэг ... дүгээр хороо, ... дүгээр хороолол, Жалханц хутагт дамдинбазарын гудамж ... дугаар байрны ... давхрын ...тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд саад учруулахгүй байхыг хариуцагч нарт даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, Н.Эн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эийн өмгөөлөгч С.У, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ч, иргэдийн төлөөлөгч Ө.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

                               

Нэхэмжлэгч Б.Эгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Э нь улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хороолол, Жалханц Хутагт Дамдинбазарын гудамж, ... дугаар байрны ... дүгээр давхрын 401, 402, 403 тоотод байршилтай, үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг хууль ёсоор өмчилдөг. Б.Э нь 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэн Б.Бтай ажлын байр түрээслэх гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг 1 жилийн хугацаатай түрээсэлсэн. Түрээслэгч Б.Б нь гэрээ байгуулснаас хойш удаа дараа түрээсийн төлбөрөө дутуу төлж, байнга чирэгдэл учруулж, хойноосоо эрэл хайгуул болгож явуулдаг байсан. Мөн сүүлийн сарын түрээсийн төлбөрүүдийг төлөөгүй. Улмаар нэхэмжлэгч нь 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн шүүхэд анх нэхэмжлэл гаргасан. Тухайн нэхэмжлэл шаардлага нь Б.Бгаас түрээсийн гэрээний үүрэгт 7,800,000 төгрөг гаргуулах, түрээсийн байрыг хариуцагчийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэх байсан. 3 шатны шүүхээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр түрээсийн байрыг Б.Бгийн эзэмшлээс албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд Б.Б нь Захиргааны хэргийн шүүх дээр нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэлийн агуулгын хувьд Б.Эгийн нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээ, холбогдох бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч анхан болон давж заалдах шатны шүүхээс тус тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж. Б.Б ч өөрөө нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөөд Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргаагүй байдаг. Тухайн хөрөнгө нь Б.Эгийн өмч мөн гэдэг нь нотлогдсон. Б.Э нь шүүхийн ажиллагаа дуусч, Б.Бгийн эзэмшлээс өөрийн эд хөрөнгийг албадан чөлөөлүүлсний дараагаар н.Г гэдэг хүнтэй түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээ байгуулсны дараа Н.Г түрээсийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах үүрэг үүсэж, түүнийхээ дагуу эзэмших, ашиглах гэхэд Б.Б гэдэг хүн барилгын 4 давхар руу гарах хэсэгт өрлөг өрж, саад болсон байдаг. Үүнтэй холбоотой мөн Иргэний хэргийн шүүхэд хандсан. Ингээд 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2596 дугаартай шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 161 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолуудаар өрлөг өрсөн хэсгийг өмнөх байдалд сэргээж, хохирлыг Б.Бгаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Б.Б нь шүүхийн шийдвэр магадлал, тогтоолыг сайн дураар биелүүлээгүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандсан. Үүнтэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, Б.Бгаас нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 32,000,000 гаруй төгрөгийг гаргуулах, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болсон үйлдлийг таслан зогсоох ажиллагаа хийгдэж, дуусгавар болсон байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон гол үндэслэл нь тухайн 63 дугаар байр руу орж, гарах төв орц, гарцын 3 хаалганы түлхүүрийг Б.Э нь хүлээж авсан. Шүүхийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийгдсэн. Үзлэгийн явцад аль хаалганы түлхүүрүүдийг авсан талаар тодорхой тайлбарласан. Энэ талаар баримт хэрэгт авагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдснээр Б.Э нь өөрийн эд хөрөнгийг захиран зарцуулах боломжтой боллоо гэдэг байр суурьт хүрсэн. Д.Ттай 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан. Сарын түрээсийн төлбөр 3,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцож, түрээсийн гэрээний урьдчилгаанд 6 сарын төлбөр болох 18,000,000 төгрөгийг авсан. Д.Т нь урьдчилгаа мөнгөө өгсөн тул үйл ажиллагаа явуулах байраа үзэх, завсар үйлчилгээ хийх шаардлагатай байна гээд миний бие Д.Тын хамт түрээсийн байранд очиход Б БСБ-ын удирдлагуудын зүгээс оруулахаас эрс татгалзсан үйлдлийг гаргасан. Танайх баруун талын хаалгаар орж гар, энэ бол цэцэрлэгийн үйл ажиллагаа явагдаж байгаа газар тул та нарыг гол хаалгаар оруулахгүй гэдэг байр сууринаас бидэнд хандаж байсан. Д.Т нь нэгэнт түрээсийн эд хөрөнгөө эзэмших, ашиглах боломжгүй болсон тул түрээсийн гэрээнээс татгалзаад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд түрээсийн гэрээний урьдчилгаанд төлсөн 18,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрээр 18,000,000 төгрөгийг гаргуулан Д.Тад олгохоор шийдвэрлэсэн. Тус шүүх хуралдаанд Б БСБ-ыг үүсгэн байгуулагч н.Артагийг гэрчээр оролцуулсан. Н.Артаг нь уг барилгын 1-3 давхар, 5 давхарт сургуулийн өмнөх боловсролын Б цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Цэцэрлэг нь онцгой орчин, бага насны хүүхэд хүмүүждэг тул хамаагүй хүмүүс явуулдаггүй. Тиймээс цэцэрлэгийн төв хаалгаар оруулахгүй гэдэг мэдүүлгийг өгч байсан. Энэ нь холбогдох бусад байгууллагаар нотлогдоод 18,000,000 төгрөгийг Д.Тад буцаад олгохоор шийдвэрлэсэн. Нэгэнт хэрэг явдал ийм болсон учир нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлж 18,000,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 247,000 төгрөгийн хамт Д.Тад олгосон. Б.Э тухайн байрны 4 давхрыг 2008 оноос хойш өмчилж байгаа. Тус объектод 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл нэг ч удаа үйл ажиллагаагаа явуулж чадаагүй. Нэг ч удаа өөрийн эд хөрөнгөө эзэмших, ашиглах эрхээ бүрэн хэмжээнд хэрэгжүүлж чадаагүй. Өөрийн эд хөрөнгөө түрээслэнэ гэдэг нь эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлж байгаа нэг хэлбэр байгаа. Бусдад хөрөнгөө түрээслээд, тооцоо мөнгөө хийгээд явдаг. Б БСБ болон Б.Б нар нь түрээслэгч нарыг оруулахгүй гэж хэл ам хийж, хууль бус үйлдэл гаргадаг. Энэ нь эргээд нэхэмжлэгч Б.Эгийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд шууд саад, хохирол учруулж байгаа үйлдэл болж байна. Б БСБ болон Б.Б нарын хууль бус үйлдлийн улмаас Д.Ттай байгуулсан түрээсийн гэрээ хэрэгжих боломжгүй болсон. Иймд гэм хорын хохиролд 72,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 247,950 төгрөг, нотариатын зардал 7,700 төгрөг, нийт 72,324,950 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хороолол, ... дугаар байрны ...01-403 тоотод байршилтай үл хөдлөх хөрөнгийн эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь саад болохгүй байхыг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээ хэрэгжих боломжгүй болсноос учирсан хохиролд 72,324,950 төгрөг гаргуулна гэсэн шаардлага гаргасан байна. Түрээсийн гэрээ байгуулсан байсан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр орж урьдчилгаанд авсан байсан 18,000,000 төгрөгийг өгсөн гэж байна. Хан-Уул дүүргийн шүүхээс 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр маргааныг хэлэлцээд шийдвэр гаргасан. Шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхой дурдсан. Гэрээ цуцлагдсан талаар Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дахь хэсгийг заасан үндэслэлийг барьж хэргийг шийдвэрлэсэн. Тийм болохоор түрээслүүлэгчид түрээслэгч түрээсийн байрыг хүлээлгэж өгөөгүй байна гэдэг үндэслэлээр шийдвэр гаргасан. Түүнээс биш гуравдагч этгээд буюу бусдын буруутай үйлдэл байна гэж хэргийг шийдвэрлээгүй. Үндэслэх хэсэгт гуравдагч этгээд буюу Б цэцэрлэгийн хууль бус үйлдлийн улмаас болж үүссэн хохирлыг төлөхгүй гэж маргасан боловч түрээсийн гэрээнд заасан хөрөнгийг түрээслэгч буюу нэхэмжлэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байна гэж заасан. Тэр хурал дээр одоо байгаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан. Тухайн шийдвэрт юу гэж тусгагдсан байдаг вэ гэхээр хариуцагчийн төлөөлөгч уг түрээсийн гэрээний хөрөнгө болох обьектод орохын тулд зөвхөн төв хаалгаар биш өөр гарцаар орох боломжтой гэж тайлбарласан. Гэтэл одоо болохоор биднийг очихоор төв хаалгаар оруулахгүй, баруун хаалга нь аваарын хаалга учир хүн орох боломжгүй. Эднийх хууль бус үйлдэл гаргаж биднийг оруулахгүй байна гэж нэхэмжлэл гаргаад байгаа нь үндэслэлгүй юм. Шүүхээс үзлэг хийсэн. Үзлэгээр уг цэцэрлэгийн байр нь 5 давхар байр байгаа. Баруун талдаа, урд талдаа гэсэн 2 хаалгатай. Энэ 2 хаалганы аль ч хаалгаар 4 давхар руу орох боломжтой. Шүүхийн үзлэгийн тэмдэглэл хэрэгт баримтаар авагдсан. Өмнө нь аль ч хаалгаар орж болно ш дээ гэж Хан-Уул дүүргийн Иргэний шүүх дээр маргаж байсан бол одоо өмнөх байр сууриа эрс өөрчлөөд төв хаалгаар орох боломжтой, баруун талын хаалгаар орох боломжгүй гэж ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Эднийх баруун хаалгаар ор гээд байдаг, төв хаалгаар оруулахгүй гэж цэцэрлэгийн удирдлагууд шаардлага тавьсан гээд яриад байна. Энэ нь өөрөө учиртай. Цэцэрлэг нь бага насны хүүхэд хүмүүждэг сургалтын байгууллага тул өөрөө онцлогтой. Цэцэрлэгийн онцлогийг харуулсан хууль, журам, барилгын норм дүрэмд заагдсан тусгай шаардлагууд байдаг. Тухайлбал Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт цэцэрлэг нь барилга байгууламж, сургалтын орчны стандарт, хүүхдийн хоол хүнс, эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй байдлын норм, нормативыг өмчийн хэлбэр харгалзахгүй мөрдөнө гэж заасан. Сургалт-хүмүүжлийн байгууллагын барилга төлөвлөлтийн норм ба дүрэм БНбД-II-66-88-ын 3.9-т сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагыг биеэ даасан тусдаа барилгатай байхаар төлөвлөж байгуулна. Олон нийтийн иргэний барилга БНбД-31-03-03ын 3.6-д цэцэрлэг, бага сургууль, ажилчдын сууцыг нэгдсэн эзэлхүүнээр төлөвлөвөл цэцэрлэгийн барилгад бие даасан гарц төлөвлөнө гэж заасан. Цэцэрлэгийн тусгай зөвшөөрөл авч явуулж байгаа үйл ажиллагаан дээр нэг гарцыг 2 байгууллага ашиглах боломжгүй. Энэ тохиолдолд цэцэрлэгийн удирдлагуудын хүсэл зоригоос хамаарахгүй. Удирдлагууд хууль тогтоомжоо мөрдөх ёстой. Энэ хуулийн шаардлагын хүрээнд та нар баруун талын хаалгаар орж үйл ажиллагаагаа явуулаач ээ гэдэг шаардлагыг хэлэхээр үгүй ээ, бид төв хаалгаар чинь орох ёстой гэдэг. Төв хаалгаар оруулахгүй болохоор та нар хууль бус үйлдэл гаргаад байна гээд мөнгө нэхэмжлээд, эрх зөрчлөө гээд байгаа нь үндэслэлгүй юм гэжээ.

  

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: 

 

 Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Б цэцэрлэг боловсрол, сургалтын байгууллага, Б.Б нарт холбогдуулан 72,324,950 төгрөг гаргуулах, Баянгол дүүрэг ... дүгээр хороо, ... дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж ... дугаар байрны ... давхрын ...тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд саад учруулахгүй байхыг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Хариуцагч Б цэцэрлэг боловсрол сургалтын байгууллага, Б.Б нар нь миний өмчлөлийн Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хороолол, ... дугаар байрны ...01-403 тоотод байршилтай үл хөдлөх хөрөнгийг тус барилгын 1, 2, 3, 5 давхарт Б цэцэрлэг боловсрол сургалтын байгууллага цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа гэх шалтгаанаар урд талын голын хаалгаар орж, гарахад саад учруулж байна. Мөн байраа Д.Ттай 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаатай, нэг сарын 3,000,000 төгрөгийн төлбөр төлөхөөр тохиролцож, түрээсийн гэрээ байгуулан 6 сарын төлбөрт 18,000,000 төгрөгийг авсан. Хариуцагч нар түрээслэгчийг дээрх шалтгаанаар байрны төв хаалгаар оруулахаас эрс татгалзсан үйлдлийг гаргаснаас түрээслэгч гэрээнээс татгалзаж, төлбөрт төлсөн 18,000,000 төгрөгийг буцаан гаргуулж авсан. Өөрийн эд хөрөнгөө эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагч нар хууль бус үйлдлээр саад хийж, хохирол учруулж байгаа тул эдгээр хууль бус үйлдлийн улмаас түрээсийн гэрээ хэрэгжих боломжгүй болж олох байсан орлого 72,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 247,950 төгрөг, нотариатын зардал 77,000 төгрөг нийт 72,324,950 төгрөгөөр хохирсон гэж, хариуцагч нар татгалзаж буй үндэслэлээ ...Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хороолол, 63 дугаар байрны 1, 2, 3, 5 давхарт Б цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Барилга баруун болон урдаа гэсэн хоёр хаалгатай. Нэхэмжлэгч барилгын баруун хаалгаар орох, гарах боломжтой. Урд хаалгаар оруулахгүй гэж саад хийсэн зүйл байхгүй. Цэцэрлэг нь бага насны хүүхэд хүмүүждэг сургалтын байгууллага тул хууль, журам, барилгын норм дүрэмд заагдсан тусгай шаардлагуудын дагуу гадны хүнийг цэцэрлэгийн хаалгаар оруулах боломжгүй гэж тайлбарлажээ.

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасны дагуу эрх нь зөрчигдсөн этгээд эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээлгэхээр шүүхэд хандах, мөн хуулийн 106 дугаар зүйлд 106.2-т зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.

 

Хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000124832 дугаар гэрчилгээ, Б цэцэрлэг боловсрол сургалтын байгууллагын гэрчилгээ, дүрэм, зохигчдын тайлбараар хариуцагч Б боловсрол сургалтын байгууллага нь Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хороолол, Жалханз Хутагт Дамдинбазарын гудамж 63 дугаар байрны 1, 2, 3, 5 давхарт цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулдаг, үүсгэн байгуулагч нь С.Артаг, цэцэрлэгийн эрхлэгчээр Б.Бг томилсон, нэхэмжлэгч уг байрны 4 дүгээр давхрын ...тоот, 200 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь тус тус тогтоогдож байна.

 

Маргаан бүхий барилгад шүүхээс үзлэг хийхэд ертөнцийн зүгээр урд талын голд том, баруун талд урагш харсан жижиг хаалгатай байх бөгөөд энэ хоёр хаалгаар барилгын 1-5 давхарт гарах шаттай байна.

 

Иргэний хуулийн 140 дүгээр зүйлийн 140.1-д зааснаар Хөрш залгаа эзэмшил газрын хилийн зааг болон хоёр талаасаа нэгэн зэрэг ашиглагдаж байгаа хашаа буюу бусад байгууламжийг хөршүүд тэгш эрхтэй ашиглах бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлэхдээ нөгөө талынхаа газар ашиглах эрхэд саад болохгүй байх үүрэгтэй. Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2596 дугаар шийдвэрээр маргаж буй барилгын хоёр орц, гарц, шатыг нэхэмжлэгч Б.Э Иргэний хуулийн 140 дүгээр зүйлийн 140.1-д заасны дагуу тэгш эрхтэй ашиглах, нөгөө өмчлөгч саад болохгүй байх үүрэгтэйг тогтоожээ. /хх-ийн 34-42 дугаар тал/

           

            Нэхэмжлэгч Б.Э нь Д.Ттай 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ... дугаар байрны ... давхрын 401, 403 тоот, 200 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөө 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд аж ахуйн үйл ажиллагаа явуулах зориулалтаар, түрээсийн төлбөр сард 3,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцож, түрээсийн гэрээ байгуулжээ. /хх-ий 45-46 дугаар тал/ Түрээслэгч Д.Т нь түрээсийн үл хөдлөх эд хөрөнгийг гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй болсон гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж, 6 сарын түрээсийн төлбөрт төлсөн 18,000,000 төгрөгийг Б.Эгаас буцаан гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/00513 дагаар шийдвэрийн үндэслэх хэсэгт ...түрээсийн зүйлийг гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй болсон нь гэрч С.Артагийн шүүх хуралдаанд гаргасан ...уг барилгын 1-3, 5 давхруудад сургуулийн өмнөх боловсролын Б цэцэрлэг нь үйл ажиллагаа явуулдаг, цэцэрлэг нь онцгой орчин бөгөөд бага насны хүүхдүүд хүмүүждэг тул хамаагүй хүмүүс явуулахгүй, тиймээс ч цэцэрлэгийн төв хаалгаар оруулахгүй гэсэн мэдүүлэг, тайлбараар тогтоогдсон гэж дүгнэн нэхэмжлэгч Б.Эгаас 18,000,000 төгрөгийг гаргуулж Д.Тад олгохоор шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч Б цэцэрлэг боловсрол сургалтын байгууллага нь нэхэмжлэгч Б.Эгийн үл хөдлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа гэх шалтгаанаар барилгын урд талын голын хаалгаар оруулахгүй, гаргахгүй саад учруулсан болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/00513 дагаар шийдвэр, шүүхэд гэрч Д.Тын өгсөн мэдүүлэг, хариуцагчаас гаргасан ...Цэцэрлэг нь бага насны хүүхэд хүмүүждэг сургалтын байгууллага тул өөрөө онцлогтой. ...Цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа учир урд талын голын орц гарцыг 2 байгууллага ашиглах боломжгүй гэх татгалзал, тайлбар зэргээр нотлогдож байна гэж үзэв.

 

Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Сургалт-хүмүүжлийн байгууллагын барилга төлөвлөлтийн норм ба дүрэмд заасны дагуу цэцэрлэгийн барилгад бие даасан гарц төлөвлөсөн байх шаардлага нь цэцэрлэг, сургалтын үйл ажиллагаа явуулж буй этгээдэд хамаарна. Энэ шаардлагын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн эрхийг хязгаарлаж орох, гарахад саад учруулж буй үйлдлийг хууль бус гэж үзнэ.

 

Харин хариуцагч Б.Б нь хариуцагч Б цэцэрлэг боловсрол сургалтын байгууллагын эрх бүхий албан тушаалтан байх бөгөөд өмчлөгчийн эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд иргэнийхээ хувьд саад учруулсан нь нотлогдохгүй байна.

 

Иймд Баянгол дүүрэг ... дүгээр хороо, ... дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж ... дугаар байрны ... давхрын ...тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Б.Э нь хоёр орц гацраар орох, гарах зэрэг эзэмшиж, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг хариуцагч Б цэцэрлэг боловсрол сургалтын байгууллагад даалгах, хариуцагч Б.Бд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.6-д зааснаар бусдын эрхийг зөрчсөн этгээд нөгөө этгээдийнхээ эрхийг мэдэж байсан боловч санаатай зөрчсөн бол эрх бүхий этгээд эд хөрөнгийн хохирлоос давсан ашгийг нөхөн төлөхийг шаардаж болно.

 

Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлж, эд хөрөнгөө түрээсэлсний төлбөрт 18,000,000 төгрөгийг авсан хэдий ч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр шийдвэрээр түрээсийн гэрээг цуцалж, 18,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Дээрх хуулийн зохицуулалт болон хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэвэл нэхэмжлэгч түрээсийн гэрээний дагуу 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэл буюу шүүхийн шийдвэр гарах хүртэл 6 сарын хугацаанд 18,000,000 төгрөг олох байсан орлогоор хохирсон байдал тогтоогдож байна. Талууд түрээсийн гэрээний хугацааг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл үргэлжлүүлэхээр тохиролцсон ч энэ хугацаанд олох байсан орлогоор хохирсон гэж үзэх боломжгүй. Учир нь гэрээ цуцлагдаж цаашид үргэлжлэх боломжгүй нөхцөл бий болсныг нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарахад мэдсэн. Үүнээс хойш хариуцагчийн буруугаас орлого олох боломжгүй болж 54,000,000 төгрөгөөр хохирсон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт 247,950 төгрөг, шүүхэд гаргасан нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтыг бүрдүүлэхэд гарсан зардалд 77,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/00513 дагаар шийдвэрээр нэхэмжлэгч Д.Тын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүхийн зардлыг хариуцагч Б.Эгаас гаргуулахаар шийдвэрлсэн. Маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх эсэх нь маргагч талуудын эрхэд хамаарна. Тухайн маргаанд хариуцагч Б.Эгийн татгалзал үндэслэлгүйг тогтоож, шүүхийн зардлыг хариуцуулахаар шийдвэрлсэн байх тул хариуцагч нараас шүүхийн зардалд 247,950 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

 

Дээрх байлдаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 77,000 төгрөгийн зардал гарсан нь Мөнгөний тасалбар-ын баримтаар нотлогдож байх тул хариуцагч Б цэцэрлэг боловсрол сургалтын байгууллагаас 77,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагч Б цэцэрлэг боловсрол сургалтын байгууллагаас 18,077,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 54,247,950 төгрөгт болон хариуцагч Б.Бд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 140 дүгээр зүйлийн 140.1, 495 дугаар зүйлийн 495.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Б цэцэрлэг боловсрол сургалтын байгууллагаас 18,077,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 54,247,950 төгрөгт болон хариуцагч Б.Бд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.Э нь Баянгол дүүрэг ... дүгээр хороо, ... дүгээр хороолол, Жалханц хутагт дамдинбазарын гудамж ... дугаар байрны ... давхрын ...тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглах, захиран зарцуулахад саад учруулахгүй байхыг хариуцагч Б цэцэрлэг боловсрол сургалтын байгууллагад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Бд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Эгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 589,800 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б цэцэрлэг боловсрол сургалтын байгууллагаас248335 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР

 

            ШҮҮГЧИД З.ДОРЖНАМЖИН

 

                                                                                    М.МӨНХТӨР