| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2022/1230/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1253 |
| Огноо | 2022-10-07 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Р.Мягмардорж |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1253
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,
улсын яллагч Р.Мягмардорж,
хохирогч Б.П,
шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Ог холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208017301479 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “**” ХХК-д сорьцлогч ажилтай, ам бүл 2, эхийн хамт ** оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ** овогт Бн О (РД:**).
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.О согтуурсан үедээ 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, “Г” караокед хохирогч Б.Птой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хавсарч унаган, дугтарч “зүүн хацар яс, зүүн хоншоор ясанд урд болон арын хана, зүүн нүдний ухархайн доод хана, гадна хана, хамар ясны хугарал, зүүн нүдний зовхинд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “5 дугаар сарын 11-нд караокед орж уусан байсан. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй. Сууж байхад мөрнөөс татаад, хэд хэдэн удаа ирээд юм авна гэсэн. Мөрнөөс татаад микрофон булаацалдаад байхаар нь уураа барьж дийлэлгүй хавсарч унагаасан. Түргэн зуурын уур асуудлыг шийдэхгүй гэдгийг ойлголоо” гэв.
Хохирогч Б.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “05 сарын 11-нд тус караокед орсон. 6 лааз пиво уусан. Дууны номоо өгөөч гэхэд “ядаргаатай п... вэ” гээд дугтарсан. Найз нь түүнийг “болиоч” гэсэн. Түүнээс хойш 2 өдөр босож чадаагүй. Эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна. Шүүгдэгчийн мөрөн дээр гараа тавьсан, харин зулгаагаагүй. Хохиролд 210,000 төгрөг авсан. Хагалгааны 5 сая төгрөг нэхэмжилж байна” гэв.
Эрүүгийн 2208017301479 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Б.Пийн: “...Тухайн караокед байхад “дууны ном өгөөч” гэхэд намайг барьж аваад хавсарч газар унагаагаад босох гэхэд мөрөн дээрээс дугтарч газар унагаасан. Би биеийнхээ зүүн талаар плитан шалан дээр нүүр хэсгээрээ хүчтэй унасан. ...Би эмнэлэгт 130,000 төгрөгөөр үзүүлж, шинжилгээ өгсөн. Гомдолтой байна. Эмчилгээний зардал 130,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28, 31 дэх тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.05.18-ны өдрийн 7067 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Б.Пийн биед зүүн хацар яс, зүүн хоншоор ясны урд болон арын хана, зүүн нүдний ухархайн доод хана, гадна хана, хамар ясанд хугарал, зүүн нүдний зовхинд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хавтаст хэргийн 50-51 дэх тал),
Шинжээч Б.Долгормаагийн: “Б.Пийн биед учирсан гэмтлүүд нь нүүрний зүүн хэсгээр мохоо зүйл дээр цохигдох буюу бичлэгт үзүүлсэн нөхцөлд үүсгэгдэх боломжтой ба 1 удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дэх тал),
Шүүгдэгч Б.О-н: “...2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Баянхошууны тойргийн ойролцоо байдаг караокед орж суугаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байтал нэг үл таних залуу хохирогч П архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тэнд байсан хүмүүсийг өдөөд хэл амаар доромжлоод ширээ дамжиж суугаад яваад байсан. Өөрийнх нь дуулах ээлж ирээгүй байхад ном, микрофон зэргийг хүмүүсээс булааж аваад байсан. Миний ард ирснээ мөрнөөс татаад байхаар нь би “боль” гэж хэлсэн чинь улам мөрөн дээр дараад байхаар нь би босож Пийг гараараа түлхээд хавсраад унагасан. Тэгсэн чинь П гараад явсан. Ээжтэйгээ болон 2-3 үл таних залуутай хамт ороод ирсэн. П “цагдаад хандана” гээд байхаар нь би “тэгээ” гээд цагдаа хүлээж хэсэг суусан. Пийн ээж болон залуучууд намайг хэл амаар доромжлоод байхаар нь би гараад явсан. Пийн хөмсөгний дээд хэсэг орчмоос цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 112-113 дахь тал),
камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-11-15),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-64), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-69), тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа (хх-68), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хх-73), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (75), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хх-76), дансны хуулга (77-78), хохирлын баримт (хх-104) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,
шүүгдэгчээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирол төлбөр шилжүүлсэн гэх дансны 3 хуудас хуулгыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.О согтуурсан үедээ 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, “Г” караокед хохирогч Б.Птой хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж хавсарч унаган, дугтарч эрүүл мэндэд нь “зүүн хацар яс, зүүн хоншоор ясанд урд болон арын хана, зүүн нүдний ухархайн доод хана, гадна хана, хамар ясны хугарал, зүүн нүдний зовхинд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Б.П-ийн “...6 лааз пиво уусан. Караокед байхад дууны ном өгөөч гэхэд намайг барьж аваад хавсарч унагаагаад босох гэхэд мөрөн дээрээс дугтарч газар унагаасан, би плитан шалан дээр нүүр хэсгээрээ хүчтэй унасан...” гэх мэдүүлэг (хх-27-28), шүүх эмнэлгийн 7067 дугаар “1.Б.П-ийн биед зүүн хацар яс, зүүн хоншоор ясны урд болон арын хана, зүүн нүдний ухархайн доод хана, гадна хана, хамар ясанд хугарал, зүүн нүдний зовхинд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-50-51), шүүгдэгч Б.Он “...П миний мөрнөөс татаад байхаар нь би “боль” гэж хэлсэн чинь улам мөрөн дээр дараад байхаар нь би Пийг гараараа түлхээд хавсраад газар унагасан...” гэх мэдүүлэг (хх-112-113) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.О-н согтуурсан үедээ хохирогч Б.Пийг тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан мөрнөөс нь дугтарч, хавсарч унаган хүндэвтэр хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Пийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын 130,000 төгрөг (хх-104)-ийн баримт гаргаж өгсөн, хохиролд 275,000 төгрөг төлөгдсөн, хохирогчийн “Гомдолтой байна” гэх мэдүүлэг (хх-27-28)-ийг үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан баримттай хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Б.П шүүхийн хэлэлцүүлэгт “Хагалгаа хийлгэх 5 сая төгрөгийг гагуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй тул иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй байна гэж шүүх үзээд нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Онь 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, “Гарьд” караокед хохирогч Б.П-той тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан эрүүл мэндэд нь “зүүн хацар яс, зүүн хоншоор ясанд урд болон арын хана, зүүн нүдний ухархайн доод хана, гадна хана, хамар ясны хугарал, зүүн нүдний зовхинд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай...” гэж,
шүүгдэгч “Өөрийн уурыг барьж чадаагүй үйлдэлдээ харамсаж байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч олон нийтийн газар согтуурсан, шүүгдэгч тухайн үед үүссэн маргааны улмаас хохирогчийн эрх, эрх чөлөөнд мөрнөөс дугтарч, хавсарч унаган халдаж гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохиролд 275,000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Гомдолтой байна, хагалгааны 5 сая төгрөг нэхэмжилнэ” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай, тодорхой орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ог 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (Нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (“ *******” ХХК-д ажилладаг, тодорхой орлоготой)-ийг харгалзан шүүгдэгч Б.Ог 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ** овогт Бн О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-г 1,000,000 төгрөгөөр торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Б.П гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР