Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 125/ШШ2020/0018

 

 

НЭХЭМЖЛЭГЧ НЭХЭМЖЛЭЛЭЭСЭЭ ТАТГАЛЗСАН,

ГУРАВДАГЧ ЭТГЭЭД БИЕ ДААСАН ШААРДЛАГААСАА

ТАТГАЛЗСАНЫГ БАТАЛЖ, ХЭРГИЙГ

ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Сонинболор би О.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э-ын нэхэмжлэлтэй Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан, “Улсын Их хурлын 2016 оны сонгуулийн 31 дүгээр тойргийн 1,2,3,4 дүгээр хэсэг дэх Сонгуулийн тухай хууль, журам зөрчиж хийсэн 2323 сонгогчийн бүртгэлийг хүчингүй болгуулах, Сонгуулийн тухай хууль, Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, давхардлыг шалгах, сонгогч шилжих журам зөрчигдсөн болохыг хүлээн зөвшөөрөх, үүний улмаас Улсын их хурлын сонгуулийн 31 дүгээр тойрогт нэр дэвшигч О.Ц-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э  шүүхэд гаргасан хүсэлтдээ: С.Э  би О.Ц-ийн нэхэмжлэлтэй Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна.

О.Ц нь Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Улсын Их хурлын 2016 оны сонгуулийн 31 дүгээр тойргийн 1,2,3,4 дүгээр хэсэг дэх Сонгуулийн тухай хууль, журам зөрчиж хийсэн 2323 сонгогчийн бүртгэлийг хүчингүй болгуулах, Сонгуулийн тухай хууль, Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, давхардлыг шалгах, сонгогч шилжих журам зөрчигдсөн болохыг хүлээн зөвшөөрөх, үүний улмаас Улсын их хурлын сонгуулийн 31 дүгээр тойрогт нэр дэвшигч О.Ц-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргаснаар захиргааны хэрэг үүсгэж, тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагаа явагдаж байна.

Нэхэмжлэгч О.Ц нь Монгол улсын Их хурлын 2020 оны ээлжит сонгуульд 15 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж, Улсын их хурлын гишүүнээр сонгогдож, тангаргаа өргөсөн билээ.Тэрээр нэгэнт Улсын их хурлын гишүүн болсон учир дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхээр хянан шийдвэрлүүлэх үр дагаваргүй болсон болно.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч надад нэхэмжлэлээсээ татгалзах эрх 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн итгэмжлэлээр бүрэн олгогдсон болно.

Иймд нэхэмжлэгч талын зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа учир нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж шүүхэд гаргасан хүсэлтдээ: О.Ц-ийн нэхэмжлэлтэй Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу бие даасан шаардлага гаргасан бөгөөд тус бие даасан шаардлагуудаасаа мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасны дагуу татгалзаж байгаа учир би даасан шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э нь Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Улсын Их хурлын 2016 оны сонгуулийн 31 дүгээр тойргийн 1,2,3,4 дүгээр хэсэг дэх Сонгуулийн тухай хууль, журам зөрчиж хийсэн 2323 сонгогчийн бүртгэлийг хүчингүй болгуулах, Сонгуулийн тухай хууль, Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, давхардлыг шалгах, сонгогч шилжих журам зөрчигдсөн болохыг хүлээн зөвшөөрөх, үүний улмаас Улсын их хурлын сонгуулийн 31 дүгээр тойрогт нэр дэвшигч О.Ц-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Мөн гуравдагч этгээд Б.Ч-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж нь Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “...Улсын их хурлын 2016 оны сонгуулийн 31 дүгээр тойргийн хэмжээнд нийт хэдэн сонгогч шилжин очиж сонгогчийн нэрсийн жагсаалтанд бүртгүүлснийг тогтоолгох, 31 дүгээр тойргийн хэмжээнд нийт шилжин очсон сонгогчдоос хэдэн сонгогч санал авах хэсгийн хороонд иргэний үнэмлэх, сонгогч шилжих хуудсаа өөрийн биеэр авч ирснийг үндэслэн санал авах хэсгийн хороо сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэснийг тогтоолгох, 31 дүгээр тойргийн хэмжээнд нийт шилжин очсон сонгогчдоос хэдэн сонгогч өөрийгөө төлөөлөх итгэмжлэлийг бусдад олгосныг үндэслэн санал авах хэсгийн хороо сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэснийг тогтоолгох, 31 дүгээр тойргийн хэмжээнд нийт шилжин очсон сонгогчдоос өөрийн биеэр ирээгүй болон итгэмжлэл үндэслэлгүйгээр хэдэн сонгогчийн бүртгэлийг сонгуулийн санал авах хэсгийн хороо Сонгуулийн тухай хууль, Сонгогчийн нэрсийн жагсаалт үйлдэх, давхардлыг шалгах сонгогч шилжих журмыг тус тус зөрчиж бүртгэснийг тогтоолгох, 31 дүгээр тойргийн хэмжээнд өөрийн биеэр ирээгүй болон итгэмжлэл олгоогүй байхад нь сонгогчийг сонгогчийн нэрсийн жагсаалтанд бүртгэсэн бүх бүртгэлийг хүчингүй болгуулах...” –аар бие даасан шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж нь бие даасан шаардлагаасаа тус тус татгалзах тухай хүсэлтээ шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч О.Ц-ээс төлөөлөгч С.Э-д, гуравдагч этгээд Б.Ч-ээс төлөөлөгч Г.Ж-д олгосон итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-д заасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхийг олгосон байна.

Нэхэмжлэгч О.Ц-ээс 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төлөөлөгч Ө.С-т шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг 1 жилийн хугацаатай олгосон ба итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С-ын нэхэмжлэгчийг шүүхэд төлөөлөх эрх дуусгавар болсныг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах” эрхтэй, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д “Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хэргийн оролцогчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж тус тус заасан ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан, гуравдагч этгээд бие даасан шаардлагаасаа татгалзсан тухайгаа бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурж, маргаанаа  дуусгавар болгож байгаа нь хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд бие даасан шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э-ын нэхэмжлэлтэй, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Ч-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж-ын бие даасан шаардлагатай Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, бие заасан шаардлага гаргасан гуравдагч этгээд бие даасан шаардлагаасаа татгалзсаныг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.СОНИНБОЛОР