Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2024/0562

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Ц-ы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “...Төв аймгийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/83 дугаар захирамжаар Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт байрлах, Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа орон сууцны зориулалттай 400 м.кв газрыг давхардуулан Ж.Г-т олгосонтой холбогдох хэсэг, Төв аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/483 дугаар захирамжийн 18645288928160 нэгж талбарын дугаарт холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай    

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.Ц

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал

Хэргийн индекс: 123/2024/0005/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Ц нь “Төв аймгийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/83 дугаар захирамжаар Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт байрлах, Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа орон сууцны зориулалттай 400 м.кв газрыг давхардуулан Ж.Г-т олгосонтой холбогдох хэсэг, Төв аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/483 дугаар захирамжийн 18645288928160 нэгж талбарын дугаарт холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.       

2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаар шийдвэрээр: “… нэхэмжлэгч Г.Ц ы Төв аймгийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/83 дугаар захирамжаар Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт байрлах, Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа орон сууцны зориулалттай 400 м.кв газрыг давхардуулан Ж.Г-т олгосонтой холбогдох хэсэг, Төв аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/483 дугаар захирамжийн 18645288928160 нэгж талбарын дугаарт холбогдох хэсгийг тус тус Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1. Анхан шатны шүүх нэг, хоёр, гурав гэх мэтээр хэрэгт цугларсан баримтуудад дүгнэлт хийжээ. Энэ нь ойлгомжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэл ингэхдээ нотлох баримтыг хэрхэн үнэлсэн үнэлээгүй, тэрхүү нотлох баримт нь хэрэгт хамааралтай эсэхэд огт үнэлэлт дүгнэлт хийгээгүй байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон гол үндэслэл нь нэхэмжлэгч “газрын төлбөрөө төлөөгүй байна” гэх ганцхан үндэслэлийг дурдсан байдаг … Өөрөөр хэлбэл газар эзэмшигч газрын төлбөрийг төлөхгүй байх, гэрээнд заасан болзол зэргийг зөрчсөний улмаас газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах эрх нь зөвхөн тухайн шатны Засаг даргад байхаар хуульчилсан. Гэтэл Захиргааны хэргийн шүүх газрын төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг нь илт хууль зөрчиж хасч байгаа нь хууль зөрчсөн шийдвэр гаргасан асуудал юм. Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүхийн зорилго нь захиргааны байгууллага албан тушаалтны хуулт бус үйлдлийн улмаас иргэн, аж, ахуй нэгжийн зөрчигдсөн эрхийг сэргээх, нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх юм.

3.2. Маргаан бүхий газар нь Нэгдэл дундын өмч байсан бөгөөд өмч хувьчлалаар тодорхой хуулийн этгээдээс иргэнд шилжсэн, улмаар Зуунмод сумын Засаг даргын 1997 оны 205 дугаартай захирамжаар нэхэмжлэгч хамаарал бүхий байдлаар эзэмшсэн улмаар газар эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлтээ Зуунмод сумын Засаг даргад гаргасан ба Зуунмод сумын Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/227 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлсэн авсан үүнээс хойш газар дээр барилга барих бүх техникийн нөхцөл гаргуулан ажиллаж байсан талаараа нэхэмжлэлийн шаардлагадаа тусгадаг. Гэтэл анхан шатны шүүхээс 1997 оны 205 дугаартай захирамжаар эзэмшсэн Зуунмод сумын Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 221 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлсэн авсан гэх үйл баримтад огт дүгнэлт хийгээгүй, Зуумнод сумын Засаг даргын 1997 оны 205 дугаартай захирамжийн талаар хэргийн оролцогчдийн аль аль үйл баримт гаргаж байхад огт дүгнэлт хийгээгүй байна. Улсын Дээд Шүүхийн Нийт Шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолын 8 дугаар хавсарлтаар “захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр боловсрлуулах журмыг” баталжээ. Уг журмын 3.4.1 дэх хэсэгт “... хэргийг оролцогчийн өөрсдийн шаардлага татгалзалынхаа үндэслэл болгон зааж буй нотлох баримтуудыг үнэлж дүгнэсэн байдлаа бичнэ” гэж тодорхой журамлажээ. Гэтэл тул шүүх нь хэргийг оролцогчийн өөрсдийн шаардлага татгалзалынхаа үндэслэл болгон зааж буй нотлох баримтуудыг үнэлж дүгнэсэн байдлаа бичих нь бүү хэл тухайн үйл баримтыг нь огт шийдвэртээ бичихгүй орхигдуулжээ.

3.3. Маргаан бүхий тухайн нэгж талбар бүхий газрыг давхардуулан олгосон талаар хариуцагч байгууллага буюу Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгддэг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тухайн газрыг хуулийн дагуу эзэмшиж байсан эсэх талаар хариуцагч маргадаггүй бөгөөд давхардуулан олгосон гэх байдлаар зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч уг газрыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байсан талаар ямар нэгэн маргаан байхгүй талууд уг асуудал дээр маргадаггүй. Уг газрыг анх Зуунмод сумын Засаг даргын 1997 оны 205 дугаар захирамжаар барилгын хундаам бүхий газрыг нэхэмжлэгч эзэмшсэн улмаар Зуунмод сумын Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 27 ны өдрийн 227 дугаар захирамжаар нэхэмжлэгчид эзэмшүүлсэн байх бөгөөд дээрх шийдвэр захирамжууд нь хууль бус нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүсээгүй эсэх асуудлаар хариуцагч маргаж энэ талаар тайлбар шаардлага гаргаагүй. Иймд Захиргааны хэргийн шүүх хөндлөнгийн байх зарчмаа алдаж нэхэмжлэлийн шаардлагад байхгүй, талууд маргаагүй асуудалд дур мэдэн дүгнэлт хийж хэт нэг талыг баримталсан байдаг.

3.4. … Гэтэл аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2009 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө баталсан тогтоолд тухайн маргаан бүхий газрыг эзэмшүүлэх талаар тусгаагүй байхад аймгийн Засаг дарга дур мэдэн бүрэн эрхээ хэтрүүлэн захирамж гарган иргэн Г-т тухайн газрыг эзэмшүүлсэн, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь хэсэгт аймгийн Засаг дарга нь “...Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна” гэж заасан. Аймгийн Засаг дарга Ц.Э нь хууль бус 2009 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/83 дугаартай захирамжаар иргэн Ж.Г т газар эзэмшүүлэхдээ хуулийн дээрх заалтын дагуу Зуунмод сумын Засаг даргаас огт санал аваагүй, мэдэгдээгүй, хэрэв хуулийн дагуу санал авч мэдэгдсэн бол газрын давхардал, тухайн газрыг өөр этгээд эзэмшиж байгаа эсэх тодорхой болох байсан бөгөөд энэ талаар тухайн үед Зуунмод сумын Засаг даргаар ажиллаж байсан Г.М-л гэрчээр мэдүүлэг өгдөг бөгөөд бусад байдлаар санал аваагүй нь нотлогддог. Аймгийн Засаг дарга нь хууль бусаар бүрэн эрхээ хэтрүүлэхдээ зөвхөн нэг иргэний саналыг үндэслэн нөгөө иргэнд аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газрыг эзэмшүүлсэн. Өөрөөр хэлбэл, иргэн Намжилдорж гэх хүний саналыг үндэслээд шууд иргэн Ж.Г  гэх хүнд аймгийн Төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газрыг эзэмшүүлсэн болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон. Төв аймгийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/83 дугаартай захирамж гаргахдаа Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.3 дахь хэсэг гэх хуульд байхгүй заалт үндэслэсэн дээрх бүх шийдвэрүүд нь Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт заасан зарчимд нийцээгүй байна гэж үндэслэл бүхий тайлбар гаргаж мэтгэлцдэг. Гэтэл анхан шатны зүгээс дээрх үйл баримтад огт дүгнэлт өгөөгүй, шийдвэртээ тусгаагүй байна … Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс захиргааны хууль бус актыг хүчингүй болгуулах шаардлагад гаргасан тайлбар үндэслэл, энэ талаар хэрэгт цугларсан нотлох баримтад огт дүгнэлт хийгээгүй, шийдвэртээ огт тусгаагүй нь дээрх журмыг ноцтой зөрчсөн.

3.5. Маргаан бүхий 18645288928160 нэгж талбар бүхий газрыг Зуунмод сумын Засаг даргын 1997 оны 205 дугаар захирамжийг үндэслэн Зуунмод сумын Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/227 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Г.Ц  эзэмшиж байгаа, дээрх шийдвэрүүдийг эрх бүхий албан тушаалтан болон шүүхээс хүчингүй болгоогүй, нөгөөтэйгүүр аймгийн Засаг даргын 2014 оны А/483 дугаартай захирамжаар Г т эзэмшүүлсэн гэх ба нэг талбай бүхий газрыг 2 өөр этгээд нэгэн зэрэг эзэмшиж байгаа мэтээр харагдахаар байна. Нөгөөтэйгүүр захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг ашиглан анхан шатны шүүхээс шүүх хуралдаан болох өдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр өөрөө санаачлан гуравдагч этгээдэд ашигтай нотлох баримтыг өөрийн санаачлагаар олж тогтоосон. Энэ нь шүүгч шийдвэрээ урьдчилан гаргасан түүнийгээ нотлох баримтыг өөрөө цуглуулсан мэтээр харагдаж байна.

3.6. Иймд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүх уг хэргийг 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

2.1. Нэхэмжлэгч Г.Ц  нь Төв аймгийн Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/83 дугаар захирамжаар Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт байрлах, Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа орон сууцны зориулалттай 400 м.кв газрыг давхардуулан Ж.Г т олгосонтой холбогдох хэсэг, Төв аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/483 дугаар захирамжийн 18645288928160 нэгж талбарын дугаарт холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгохшаардлага бүхий нэхэмжлэлийг гарган маргажээ.

2.2. Анхан шатны шүүх “... Төв аймгийн Засаг даргаас маргаан бүхий газрыг Ж.Г т эзэмшүүлсэн 2009 оны А/83 дугаар захирамжийг батлан гаргах үед тухайн газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газарт хамаарч байсан бөгөөд уг газрыг эзэмших хүсэлтээ Г.Ц  Төв аймгийн Засаг даргад гаргаагүй, мөн Зуунмод сумын Засаг даргаас Г.Ц д тухайн газрыг эзэмшүүлсэн захирамжийг гаргаагүй байсан нь тогтоогдож байх тул хариуцагчийг Г.Ц ы эзэмшлийн газрыг давхцуулан Ж.Г т газар эзэмшүүлсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч Г.Ц д маргаан бүхий газрыг эзэмших эрх хуульд заасан журмаар олгогдоогүй тул нэхэмжлэгч нь маргаан бүхий 400 м.кв газрыг эзэмших эрхгүй … нэхэмжлэгч Г.Ц  нь маргаан бүхий газрыг эзэмших эрхгүй нь тогтоогдсон тул Ж.Г ын эзэмшиж буй нэгж талбарын 18645288928160 дугаартай газраа өмчлөх тухай хүсэлтээр тухайн газрыг түүнд өмчлүүлсэн хариуцагчийн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/483 дугаар захирамж хууль зөрчөөгүй байнагэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

2.3. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэснийг зөрчсөн байх тул хэргийн оролцогчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны явцад маргаж буй үндэслэл тус бүрд хамаарах, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулах үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэхээргүй байна.

2.4. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж зааснаар тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлж, цуглуулах нь шүүхийн үүрэг бөгөөд анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

2.5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/227 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Г.Ц  маргаан бүхий 18645288928160 нэгж талбар бүхий газрыг “Ажлын хувцас холдинг” ХХК-иас Г.Ц д шилжүүлсэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх тул уг газарт анх газар эзэмших эрх олгосон “А” ХХК-д хэрхэн эзэмшүүлсэн талаарх баримт, холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрүүд, дээрх захирамжаар шилжүүлсэн авсан газар нь Кадастрын нэгдсэн санд яагаад бүртгэгдээгүй, иргэн, аж ахуй нэгжтэй газар эзэмших гэрээ байгуулсан эсэх, газрын төлбөрөө төлсөн эсэх талаарх баримтууд авагдаагүй байх тул эдгээр баримтуудыг цуглуулж, тодруулсны үндсэн дээр хууль зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

2.6. Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “… Маргаан бүхий 18645288928160 нэгж талбар бүхий газрыг Зуунмод сумын Засаг даргын 1997 оны 205 дугаар захирамжийг үндэслэн Зуунмод сумын Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/227 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Г.Ц  эзэмшиж байгаа, дээрх шийдвэрүүдийг эрх бүхий албан тушаалтан болон шүүхээс хүчингүй болгоогүй, нөгөөтэйгүүр аймгийн Засаг даргын 2014 оны А/483 дугаартай захирамжаар Г т эзэмшүүлсэн гэх ба нэг талбай бүхий газрыг 2 өөр этгээд нэгэн зэрэг эзэмшиж байгаа мэтээр харагдахаар байна” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй.

2.7. Мөн анхан шатны шүүх Төв аймгийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/83 дугаар захирамжаар Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт байрлах, Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа орон сууцны зориулалттай 400 м.кв газрыг давхардуулан Ж.Г т олгосонтой холбогдох хэсэг, Төв аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/483 дугаар захирамжийн 18645288928160 нэгж талбарын дугаарт холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх бөгөөд анхан шатны шүүх маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдаа зөрчлийг давж заалдах шатны шүүх зөвтгөн засаж, маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

2.8. Иймд анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг бүрэн цуглуулаагүй, нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлийг бүрэн дүүрэн тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                          Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                          З.ГАНЗОРИГ

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ