Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1256

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Ж.Сувданчимэг,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Эг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208017341328 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, “**” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт ** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ** овогт Бн Э (РД:****).

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Э согтуурсан үедээ 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 21 цагийн орчим ** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.Б-ыг хэл амаар доромжлон “надаас салах гэлээ” гэх шалтгаанаар уурлаж, үснээс нь зулгааж, ороолтоос татаж хоолойг нь боож Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар 50 цагийн албадан сургалтад хамрагдаж, 10 хоног баривчлагдсан,

2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.Б-г “архи үнэртээд байна, цаашаа” гэж түлхэхэд нь уурлаж, хоолойноос базаж, толгой, зүүн чамархай хэсэгт цохин зодож Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар 50 цагийн албадан сургалтад хамрагдаж, 20 хоног баривчлагдсан,

2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.Б-ыг “чамаас муухай архи үнэртээд байна” гэж хэллээ гэх шалтгаанаар уурлаж, хэвлийн тус газарт гараараа 2-3 удаа цохиж, баруун талын гуяны дотор хэсэг рүү 1 удаа, толгойн тус газарт гараараа 2-3 удаа цохиж зодсон буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул одоо мэдүүлэг өгөхгүй. Болсон үйлдлийг санаж байгаа. Одоо архи уухгүй байгаа. Гэм буруугийн талаар маргахгүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэв.

Эрүүгийн 2208017341328 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Г.Бын: “** тоотод нөхөр Э, 5 хүүхдийн хамт амьдардаг. Нөхөртэйгөө их бага хэмжээгээр маргаж муудалцаж байсан. Миний санаж байгаагаар 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр гэрт нөхөр Э зодож 10 хоногийн баривчилгаанд явсан. Дараа нь 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр гэрт байхдаа зодож 20 хоногийн баривчилгаанд явсан. Дараа мөн гэртээ 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр маргалдаад намайг зодсон. Шүүх эмнэлэгт үзүүлсэн биед зүүн хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалга, гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдсон гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт гарсан. Түүнээс хойш надад гар хүрээгүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Э намайг 3 удаа зодсон асуудалд шүүхээс боломжтой бол эрх хязгаарлах шийтгэл оногдуулахыг хүсэж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12, 14 дэх тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.05.04-ний өдрийн 6514 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. Г.Бын биед зүүн хацрын төвгөрт зөөлөн эдийэ няцрал, цус хуралт, баруун бугалга, гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

Шүүгдэгч Г.Э-ын: “...Миний санаж байгаагаар 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гэртээ байхдаа согтуу хоорондоо хардалтаас болж маргалдаад би хоолой руу нь гараараа түлхсэн. Эхнэр гомдол гаргаж би баривчлах шийтгэл авсан. 2022 оны 4 дүгээр сарын эхээр өдрийг нь санахгүй байна, бас гэртээ эхнэртэйгээ маргалдаад гар хүрсэн асуудал гарсан. Би 20 хоногийн баривчлах шийтгэл авсан. 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр би гэртээ согтуу байж байхад эхнэр “заваан архины үнэр гаргаад байна, сэжгийн юм” гээд бага зэрэг маргалдаад хацар, гарын булчин, гуя руу нь алгадаад хөхрөлт үүсэж цагдаад хандсан. Би сүүлийн зодсон асуудлаас хойш архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эхнэртэйгээ маргаж муудалцаагүй. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна, дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 81 дэх тал),

аюулын зэргийн үнэлгээ (хх-66-67), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.24-ний өдрийн 458, 2022.05.05-ны өдрийн 1043 дугаар шийтгэврийн хуулбарууд (хх-68-71),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-48), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-39), эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа (хх-49), гэрлэсний бүртгэлийн лавлагаа х-42), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд (хх-43-47), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хх-50), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-51), тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа (хх-52), “**” ХХК-ийн “Б.Э нь гагнуурчин ажилтай нь үнэн” гэх тодорхойлолт (хх-54), дансны хуулга (хх-55-60), АСАП сангийн лавлагаа (хх-61-65) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Э согтуурсан үедээ 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 21 цагийн орчим ** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.Быг хэл амаар доромжлон “надаас салах гэлээ” гэх шалтгаанаар уурлаж, үснээс нь зулгааж, ороолтоос татаж хоолойг нь боож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар 50 цагийн албадан сургалтад хамрагдаж, 10 хоног баривчлагдсан,

2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр гэртээ согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.Быг “архи үнэртээд байна, цаашаа” гэж түлхэхэд нь уурлаж, хоолойноос базаж, толгой, зүүн чамархай хэсэгт цохин зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар 50 цагийн албадан сургалтад хамрагдаж, 20 хоног баривчлагдсан,

2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гэртээ согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.Быг “чамаас муухай архи үнэртээд байна гэж хэллээ” гэх шалтгаанаар уурлаж, хэвлийн тус газарт гараараа 2-3 удаа цохиж, баруун талын гуяны дотор хэсэг рүү 1 удаа, толгойн тус газарт гараараа 2-3 удаа цохиж зодон гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Г.Бын “...2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гэртээ байхдаа нөхөр Э зодож 10 хоногийн баривчилгаанд явсан. 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр мөн гэртээ зодож 20 хоногийн баривчилгаанд явсан. 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр бас надтай маргалдаад зодсон...” гэх мэдүүлэг (хх-11-12, 14), шүүх эмнэлгийн 6514 дүгээр “1. Г.Бын биед зүүн хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалга, гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх шинжилгээ (хх-33-34), аюулын зэргийн үнэлгээ (хх-66-67), шүүгдэгч Г.Эын “...Миний санаж байгаагаар 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гэртээ согтуу хардалтаас болж маргалдаад хоолой руу нь гараараа түлхсэн асуудлаар баривчлах шийтгэл авсан. 2022 оны 4 дүгээр сарын эхээр гэртээ эхнэртэйгээ маргалдаад гар хүрч 20 хоногийн баривчлах шийтгэл авсан. 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр би гэртээ согтуу байхад эхнэр “заваан архины үнэр гаргаад байна, сэжгийн юм” гээд би бага зэрэг маргалдаад хацар, гарын булчин, гуя руу нь алгадаад хөхрөлт үүссэн. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна, дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэх мэдүүлэг (хх-81) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Эн согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр буюу хохирогч Г.Быг 3 удаа зодсон санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, гэр бүлийн ашиг сонирхлыг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13-д “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй...” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д “Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална”  гэж тус тус хуулиар баталгаажуулжээ.

Шүүгдэгч Б.Э гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.Быг байнга зодсон идэвхтэй үйлдэл гаргасан бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан байхыг шаардахгүй, гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэнээр төгсдөг.

Шүүгдэгч Б.Эн 3 удаагийн зөрчлийн тухайд тоо болон хууль зүйн шинжээрээ гэмт хэрэг гэж дүгнэх хууль зүйн шалтгаант холбоо үүссэн, тухайлбал үйлдлүүдийн хооронд хөөн хэлэлцэх хугацаа тасарч, өмнөх үйлдлүүдийг сүүлийн үйлдэлтэй нэгтгэж эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэл болсон гэж үзэв. Зөрчилд шийтгүүлсэн нь нэг удаагийн тохиолдол бөгөөд тэрхүү зөрчлийн үйлдэл дангаараа гэмт хэргийн шинжийг хангаж чадахгүй боловч өөр бусад ижил тохиолдлуудтай нэгдэж (дээрх 3 удаагийн зодсон үйлдэл) гэмт хэргийн шинжийг хангаж байгаа тул зөрчилдөө шийтгүүлсэн нь хууль бус үйлдлийн цаана хамгаалагдаж байгаа харилцааг Эрүүгийн хуулиар хамгаалах зорилгыг хязгаарлах үндэслэл болох учиргүй юм.    

Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн хөөн хэлэцэх хугацааг хэрэглэх үндэслэл нь гурав, түүнээс дээш удаагийн гэр бүлийн хүчирхийллийн үйлдэл болон зөрчлүүдийн нэг нь дангаараа гэмт хэргийн шинжийг хангахгүй бөгөөд Эрүүгийн хуулиар тогтоосон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг ашиглах боломжгүй, харин үйлдэл, зөрчлүүдийн нийлбэр Эрүүгийн хуулиар тогтоосон гэмт хэрэгт (11.7) шилжиж байгаа болно.     

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Бын эрүүл мэндэд хохирол учраагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирогчийн “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг (хх-14)-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Энь 2022 оны 1 дүгээр сарын 31-ний орой 21 цагийн орчим ** тоот гэртээ согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.Быг хэл амаар доромжлон улмаар “надаас салах гэлээ” гэх шалтгаанаар уурлаж, үснээс нь зулгааж, ороолтоос нь татаж хоолойг нь боож, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар 50 цагийн албадан сургалтад хамрагдаж, 10 хоног баривчлагдсан, 2022 оны 4 дүгээр сарын 09-ний ** тоот гэртээ согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.Быг “архи үнэртээд байна, цаашаа” гэж түлхэхэд нь уурлаж, улмаар түүний хоолойноос базаж, толгой, зүүн чамархай хэсэгт цохин зодож, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар 50 цагийн албадан сургалтад хамрагдаж, 20 хоног баривчлагдсан, 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ** тоот гэртээ согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.Быг “чамаас архи муухай үнэртээд байна” гэж хэллээ гэх шалтгаанаар уурлаж, улмаар түүний хэвлийн тус газарт гараараа 2-3 удаа цохиж, баруун талын гуяны дотор хэсэг рүү 1 удаа, толгойн тус газарт гараараа 2-3 удаа цохиж зодсон буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,

шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэрийг үл ялих зүйлээр шалтаглан эрх, эрх чөлөөнд нь үсдэх, хоолой боох, цохиж зодох үйлдлээр халдаж байнга зодсон), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учраагүй, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирогч “Гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай, орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байн гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авч шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ** овогт Бн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.Э-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн, дахин гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, түүнд ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР