Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
Хэргийн индекс | 188/2022/1184/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1212 |
Огноо | 2022-09-30 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1212
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,
улсын яллагч Н.Ундрах,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Бг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000001446 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ** тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ** овогт Б-н Б (РД:**).
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Б согтуурсан үедээ 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ** тоот гэртээ хохирогч хадам эх Д.Н-тэй маргалдан цээж рүү гараараа түлхэж унагаж, эрүүл мэндэд нь “зулайд шарх, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр эхнэртэйгээ муудалцаад гэртээ халамцуу орсон. Хоёр хүүхдээсээ уучлалт гуйгаад сууж байсан. Хадам ээж согтуу, намайг хэл амаар доромжлоод байсан. “Байж бай л даа, би 2 хүүхдээсээ уучлалт гуйж байна” гээд түлхтэл унаад цус гарсан. Болсон зүйлд их харамсаж байна. Дахиж ийм зүйл хийхгүйг хичээнэ. Торгох ял өгнө үү” гэв.
Эрүүгийн 2208000001446 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Д.Н-ийн: “2022 оны 6 дугаар сарын 11-ний орой 21 цагийн орчим гэртээ 4 зээгийн хамт байхад хүргэн Б нэлээд согтолттой орж ирсэн. Ямар нэгэн шалтгаангүй, зээ нарыг маань 2 гараас нь чанга бариад шоглоод орилуулаад байхаар нь загнатал хүргэн Б“ээж юун сүртэй юм” гээд намайг цээж рүү баруун гараараа 1 удаа цохиход би арагшаа унахдаа хувцасны шүүгээ толгойгоороо мөргөж ухаан алдсан. Хэсэгхэн хугацааны дараа зээ нар уйлаад татахаар нь сэрээд цагдаад дуудлага өгсөн. Би гомдолтой байна, хуулийн хариуцлага хулээлгэж өгнө үү. Би эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6, 10-11 дэх тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.08.17-ны өдрийн 11173 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Д.Нн биед зулайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ (хавтаст хэргийн 25-26 дахь тал),
Насанд хүрээгүй гэрч А.Э-н: “2022 оны 6 дугаар сарын 11-ний орой 21 цагийн үед хойд аав Б гаднаас орж ирсэн. Ээж найзуудтайгаа уулзаад гадуур явж байсан. Хойд аав Б надад “ээжийгээ битгий ийм хуурамч бай гэж хэлээрэй” гээд намайг загнаад байхаар нь өрөөнөөс гараад том өрөөнд хэвтэж байсан чинь залгаад “дүүгээ дагуулаад жижиг өрөөнд ороод ир” гэхээр нь би дүүтэйгээ жижиг өрөөнд орсон чинь хойд аав уйлчихсан сууж байсан. Би орж суугаад утсаа оролдож байтал “аавд нь аймаар хэцүү байна” гээд уйлаад байсан. Эмээ Н өрөөнд орж ирээд “битгий 2 хүүхэд зовоогоод бай” гээд намайг “наанаа юу хийгээд суугаад байгаа юм гаръя” гэхээр нь гарах гээд бостол аав намайг гаргахгүй гээд гараас татсан чинь би дүү дээрээ давхралдаад уначихсан. Аав эмээг “та цаашаа бай” гээд ууралж босч ирээд түлхсэн чинь эмээ хойшоо хананы булан мөргөөд уначихсан, эмээгийн толгойноос цус гараад ухаан алдаад уначихсан. Би бүр айгаад, уйлаад эгч Уранчимэг рүү залгаад “аниа аав согтуу орж ирээд эмээд уурлаад түлхээд унагасан чинь эмээ унаад ухаан алдаад толгойноос нь цус гараад байна, та хурдан ирээрэй” гэж ярьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),
Гэрч Д.У-н: “...манай эгчийн охин Э над руу залгаад “эгчээ хүрээд ирээч, хурдлаарай, аав эмээг цохиод унагачихлаа” гэж ярьсан. ...намайг ороход ээжийн толгойноос маш их цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-55), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-60), нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмжийн үйлчилгээ авдаггүй лавлагаа (хх-50), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-54), оршин суугаа газрын хаягийн лавлагаа (хх-56), эд хөрөнгөтэй лавлагаа (хх-57), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-58), шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй тодорхойлолт (хх-59), хохирлын баримтууд (хх-38-40) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг,
шүүгдэгчээс шүүх хуралдаанд гаргасан өгсөн “хохиролд 170,000 төгрөг төлсөн” банкны баримт, хохирогч Д.Нн “Хүргэн Б.Бс эмчилгээний зардал 170,000 төгрөг авсан нь үнэн. Б.Бд гомдолгүй” гэх хүсэлтийг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Б согтуурсан үедээ ** тоот гэртээ 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 21 цагийн орчим хохирогч хадам эх Д.Нтэй маргалдан түүний цээж рүү түлхэж унаган эрүүл мэндэд нь “зулайд шарх, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Д.Нийн “...зээ нарыг маань 2 гараас нь чанга бариад шоглоод орилуулаад байхаар нь загнатал хүргэн Б“ээж юун сүртэй юм” гээд намайг цээж рүү баруун гараараа 1 удаа цохиход би арагшаа унахдаа хувцасны шүүгээ толгойгоороо мөргөж унаад ухаан алдсан...” гэх мэдүүлэг (хх-6), шүүх эмнэлгийн 11173 дугаар “1.Д.Нн биед зулайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-25-26), гэрч Д.Ун “...намайг ороход ээжийн толгойноос маш их цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг (хх-16-17), насанд хүрээгүй гэрч А.Эн “...аав Б согтуу орж ирсэн. ...Би өрөөнөөс гарах гээд бостол аав гаргахгүй гээд гараас татсан чинь би дүү дээрээ давхралдаад уначихсан. Аав эмээг “та цаашаа бай” гээд ууралж босч ирээд түлхсэн чинь эмээ хойшоо хананы булан мөргөөд уначихсан, эмээгийн толгойноос цус гараад ухаан алдаад уначихсан...” гэх мэдүүлэг (хх-22) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Бы согтуурсан үедээ хадам эх буюу хохирогч Д.Нн цээж хэсэг рүү нь гараараа түлхэж унаган хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Нн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын 167,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн, хохиролд 170,000 төгрөг төлөгдсөн, хохирогчийн шүүхэд ирүүлсэн “Гомдолгүй” гэх хүсэлтийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Б согтуурсан үедээ ** тоотод 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Д.Нтэй маргалдаж, түүний цээжин тус газарт гараараа цохин түлхэж унаган эрүүл мэндэд нь “зулайд шарх, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна...” гэж,
шүүгдэгч “Зээл, өртэй байгаа тул ажлаа хийгээд явах нь чухал байна. Торгох ял өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан хадам эх буюу хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдан цээж рүү түлхэж унаган хувцасны шүүгээ мөргүүлж гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын 167,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн, хохиролд 170,000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Гомдолгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай, тодорхой орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэлээ.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тодорхой орлоготой)-ийг харгалзан шүүгдэгч Б.Б-г 500,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Улсын яллагчийн “Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв. Өөрөөр хэлбэл нийтэд тустай ажил хийлгэх ял нь тодорхой цаг хугацаа, орон зайгаар шүүгдэгчийн ажил хөдөлмөр хийх, чөлөөтэй зорчин явах эрхийг хязгаарладаг ял бөгөөд тухайн шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлж амжиргаагаа залгуулах нөхцөл байдал, амьдралын ахуй, нөхцөл (ам бүл 4)-ийг дордуулахаар байна гэж үзсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ** овогт Б-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР