| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2022/1183/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1211 |
| Огноо | 2022-09-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхтүвшин |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1211
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,
улсын яллагч Г.Мөнхтүвшин,
хохирогч Э.О,
шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Э.Г-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000001358 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 1, ** тоотод оршин суух,
урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 571 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, биелүүлсэн,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/632 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж биелүүлсэн, ** овогт Э Г (РД:*****).
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Э.Г нь 2022 оны 7 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, “Ц” бааранд хохирогч Э.О-г 1 удаа хамар хэсэгт мөргөж, гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Э.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Хохирогчийг нэг мөргөөд, нэг цохисон. ...Хохирогч манай ажлын хүнтэй маргалдаад байхаар нь салгатал ээжийг минь доромжлохоор нь би цохисон. Баримттай хохирлыг төлж барагдуулна. Гэм буруугаа хүлээж байна. Дахиж шүүхээр орохгүйг хичээнэ” гэв.
Хохирогч Э.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “А бааранд үйлчлүүлсэн. “Үйлчилгээ таалагдахгүй байна” гэж баарны эзэн Б-д хэлсэн. “Чи намайг доромжиллоо” гээд Б намайг цохисон, түлхсэн. Гэтэл шүүгдэгч салгах гэж ирээд зодсон. Хохиролд 1 сая төгрөг авсан. Амьсгалахад жаахан хэцүү байгаа. 1 сарын цалин 1,950,000 төгрөг, цаашид эмчилгээний зардлаа нэхэмжлэнэ” гэв.
Эрүүгийн 2208000001358 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Э.О-ы: “2022 оны 7 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө 2 цагийн үед найз У, Б, Г нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Цамбын “А” бааранд орсон. Гн төрсөн өдрийг урьдчилаад тэмдэглэж архи, пиво уусан. Бүжиглэж байгаа эмэгтэй хүмүүс нь ирж бүжиглэхгүй байхаар нь баарны эзэн гэх эрэгтэйд энэ талаар хэлэхэд “чи намайг доромжилдог хэн бэ” гээд миний цээж хэсэг рүү нэг удаа цохиод хоолой боож цээж рүү түлхсэн. Маргалдаад байж байсан чинь хажуугаар нэг залуу гэнэт орж ирээд миний хамар луу нэг удаа мөргөж, дахин нэг удаа нүүр лүү гараараа цохиж, өвдгөөрөө зүүн хэвлий хэсэгт цохисон. Миний хамраас цус гараад цагдаад дуудлага өгсөн. Хамар хугаралтай, эмчилгээ хийлгэмээр байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.07.27-ны өдрийн 10293 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Э.Огийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хавтаст хэргийн 40-41 дэх тал),
Гэрч Б.Бн: “2022 оны 7 дугаар сарын 22-23-ны шилжих шөнө манай бааранд О гэх залуу 3 найзын хамт орж ирсэн. Од “тооцоогоо хий” гэж бармен хэлсэн чинь “тийм юм байхгүй, би тооцоогоо хийсэн” гэсэн. Дараа нь камерын өрөөнд орж ирээд тооцоогоо хийсэн гээд маргалдаж эхэлсэн. Г гаднаас орж ирээд “боль” гэсэн чинь хэрүүл маргаан хийгээд салцгаасан. Г Огийн нүүр хэсэгт нэг удаа мөргөсөн чинь О доошоо суучихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал),
хохирлын баримт (хх-5, 38), “Б” ХХК-ийн “Э.О нь металл хяналтын албан тушаалтай ажилладаг” гэх тодорхойлолт (хх-9-10), дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-15-18), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-81), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-56), эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол (хх-63, 64), шийтгэх тогтоолын хуулбар (хх-65-68, 103-107), эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа (хх-80), оршин суугаа газрын хаягийн лавлагаа (хх-82), дансны хуулга (хх-83-97), хохирогчид “Нэг сая төгрөг” хохиролд төлсөн баримт (хх-102) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг,
хохирогчоос шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирлын “Эмний 25,400 төгрөг, шатахууны 100,000 төгрөгийн 2 ширхэг”, нийт 3 ширхэг баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Э.Гнь 2022 оны 7 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, “Ц” бааранд хохирогч Э.Ог толгойгоороо 1 удаа хамар хэсэгт мөргөж, гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирогчид 1 сая төгрөг төлсөн, бусад зардлаа жич нэхэмжлэх эрхтэйг дурдах саналтай...” гэж,
хохирогч “Байхгүй” гэж,
шүүгдэгч “Гэм буруугаа хүлээж байна. Дахиж шүүхээр орохгүйг хичээе” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Гнь 2022 оны 7 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, “Ц” бааранд хохирогч Э.Ог хамар хэсэгт нэг удаа мөргөж, гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Э.Огийн “...бид нар архи, пиво уусан. Нэг залуу гэнэт орж ирээд миний хамар луу нэг удаа мөргөж, дахин нэг удаа нүүр лүү гараараа цохиж, өвдгөөрөө зүүн хэвлий хэсэгт цохисон...” гэх мэдүүлэг (хх-23-24), шүүх эмнэлгийн 10293 дугаар “1.Э.Огийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-40-41), гэрч Б.Бн “...Г Огийн нүүр хэсэгт нэг удаа мөргөсөн...” гэх мэдүүлэг (хх-36-37), дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-15-18) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Гн хувийн таарамжгүй харилцаа үүсгэж хохирогч Э.Огийн нүүрэн хэсэгт мөргөж, гараараа нэг удаа цохиж хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Огийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын 130,000 төгрөг, эмийн 25,400 төгрөг, шатахууны 100,000 төгрөг, нийт 255,400 төгрөгийн баримт гаргаж өгсөн, хохиролд 1,000,000 төгрөг төлөгдсөн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч “Ажилгүй байсан 1 сарын цалин нэхэмжилнэ” гэж байгаа боловч “Б” ХХК-ийн “Э.О нь металл хяналтын ажилтан ажилтай,07 сарын 26-ны өдрөөс 08 сарын 14-ний өдрийг дуустал 20 хоног уурхайд ажиллах байсан нь үнэн болно” гэх тодорхойлолтоос өөр тухайн нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон болон холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй байна гэж шүүх дүгнээд хохирогч Э.О “ажилгүй байсан хугацааны цалин, цаашид хийгдэх эмчилгээний зардал”-ын нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Э.Г хохирол төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгч “Хэлэх зүйл байхгүй” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч үйлчилгээ үзүүлж байхдаа хохирогчтой маргалдан эрх, эрх чөлөөнд халдан нүүрэн хэсэгт нэг удаа мөргөж, нэг удаа гараараа цохиж гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын 255,400 төгрөгийн баримт гаргаж өгсөн, хохиролд 1,000,000 төгрөг төлсөн, хохирогч “ажилгүй байсан хугацааны цалин, цаашид хийгдэх эмчилгээний зардал нэхэмжилнэ” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Э.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэлээ.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тодорхой орлоготой)-ийг харгалзан шүүгдэгч Э.Гг 700,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ** овогт Эн Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гг 700,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гторгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Гцагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Э.О “ажилгүй байсан хугацааны цалин, цаашид хийгдэх эмчилгээний зардал”-тай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР