Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1365

 

 

 

 

      2022           11             03                                                      

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга П.Золбаяр,  

улсын яллагч: У.Анхжаргал,

шүүгдэгч: Б.Б, түүний өмгөөлөгч А.Г нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:   

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б-од холбогдох эрүүгийн 00000000000 тоот хэргийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                             

                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Б-ын Б /РД:00000000/,

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр, ****** аймгийн ***** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, Согоот 0-0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,  

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Орбит 0-0 тоотод хүргэн дүү С.Ш-тэй “хувийн таарамжгүй харилцааны” улмаас маргалдаж, хүзүүн хэсэгт нь хутгаар зүсэж биед хүзүүний зүүн хэсэгт “зүсэгдсэн шарх” гэмтлийг үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:             

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Орбит 0-0 тоотод хүргэн дүү С.Ш-тэй маргалдаж, түүний гартаа барьсан хутгыг булааж хүзүүн хэсэгт нь хутгаар зүсэж, хүзүүний зүүн хэсэгт нь “зүсэгдсэн шарх” гэмтлийг үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:

               -Хохирогч С.Ш-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Орбит 0-0 тоотод ...хадам ахтай аавын гэрт таараад хамт архи уухаар болсон. ...ажлын талаар ярилцаж байгаад ...маргалдаж миний хоолойноос боож байгаад гал тогооны ширээн дээр байсан хутгыг баруун гартаа барьж байгаад миний хүзүүний зүүн талын хэсэгт нэг удаа хутгалчихсан. Тухайн үед би нилээн согтсон байсан болохоор ухаан балартаад эргэж сэрэхэд хоолойноос цус гоожоод байхаар нь өөрийн өмсөж байсан подволкоор дарж байгаад гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

               -Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 08 дүгээр сарын 30-ны өдөр манай том хүү Б.Б нь ирсэн ба манайд хүргэн С.Ш бид 2 байсан юм. Улмаар 15 цагийн үед манай хүү, хүргэн хоёр нийлээд архи уусан ба гэр дотор мөнгөний асуудлаас болж маргаан үүссэн. Тэгээд би больцгоо гээд хөөгөөд гаргасан ба эхлээд Ш нь хутга барьж гарсан ба манай хүү түүнийг булааж аваад хүзүү хэсэгт нь 1 удаа зүсэж гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,

               -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Б.А-ын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 000000 дугаартай:

               “...1. С.Ш-д хүзүүний зүүн хэсэгт зүсэгдсэн шарх тогтоогдлоо.

               2. Дээрхи гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

               3. Эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

               4. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-18-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл хохирогч, гэрчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч Б.Б-ын яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 30-ны өглөө 09 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо орбит 0-0 тоотод байх аавынхаа гэрт амарч байсан юм. Тухайн үед босч дэлгүүр орж 0.5л-н Хараа нэртэй архи ууж байгаад тасраад унтаад өгсөн юм. Тэгээд өдөр 14 цагийн үед унтаж байхад манай хүргэн С.Ш гаднаас хүүхэдтэйгээ орж ирээд эхнэртэйгээ хүүхдийнхээ сургуулийнх нь бэлтгэлийг хийгээд орж ирлээ гэж надад хэлсэн. Тэгэхэд манай хүргэн намайг ганц шил архи аваад өгөөч гэж хэлэхэд нь би тэгье гэж хэлээд дэлгүүр ороод 0,33 граммын Хараа нэртэй архи аваад хамт аавын гэрт ирээд хувааж уусан. Тухайн үед архиа ууж байхад хүргэн маань намайг өөрийнхөө ажлын хөлсийг бичүүлж авч чадахгүй эхнэрээс асуугаад байх юм гэж надтай хэрүүл маргаан хийгээд миний зүүн мөрлүү ширээн дээр байсан гар утсаар нэг удаа цохиход нь би сууж байгаад босч ирээд барицалдаад зогсож байтал гаднаас аав Болд гэртээ ороод ирсэн Тэгээд аав орж ирээд хүргэнийг харьж унт гэж хэлээд гэрээс гаргаад надтай ярилцаад зогсож байтал удалгүй С.Ш гаднаас орж ирээд хөргөгчин дээр байсан хутгыг барьж байгаад одоо намайг шаагаад байх чаддын бол гээд байхаар нь би хутгыг нь гараас авах гээд ноцолдож байгаад баруун гараараа хутгыг нь бариад хүзүү хэсэгт нь зүсчих шиг болоод газарт уначихсан. Уг үйл явдлын дараа хүргэн маань газраас босч ирэхэд хүзүү нь зүсэгдчихсэн байсан. Тэгээд С.Ш-нг гэрээс гараад явахад нь би хашаанаас гараад охин дүүдээ хэлээд эмнэлэг дуудах талаар хэлсэн...” гэж /хх-ийн 76-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Өмгөөлөгчөөс шүүгдэгчийн хувийн байдлын талаар: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 64-р хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 65-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 66-р хуудас/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-ийн 67-р хуудас/, тээрвийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 68-р хуудас/, 2012.12.21-ний өдөр төрсөн хүү Б.Б 2006.09.26-ны өдөр төрсөн охин Б.А 2006.09.26-ны өдөр төрсөн охин Б.А нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 70-72-р хуудас/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 73-90-р хуудас/, эмчилгээний зардал төрсөн баримт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55-р хуудас/зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Б.А-ын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 00000000 дугаартай дүгнэлтээр хохирогч С.Ш-гийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон.       

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч С.Ш-гийн эрүүл мэндэд халдаж хүзүүн хэсэгт нь хутгаар зүсэж байгаа нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Хэдийгээр хохирогч С.Ш эхлээд хутга барьсан талаар гэрч мэдүүлсэн байх ч түүний эсрэг өөр аргаар аюулыг зайлуулах боломжтой, өөрөөр хэлбэл тухайн хутгаар хохирогчийн бие болох хүзүүг нь зүсэж байгаа шүүгдэгчийн үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх шинж байхгүй байна гэж дүгнэлээ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Б-ыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч С.Ш нь 500,000 төгрөг авсан цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Б-ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй  болно” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Улсын яллагчаас яллах дүгнэлтэд дурдагдсан нотлох баримтыг үндэслэж дүгнэлтээ гаргасан тул давхардаж ярих шаардлагагүй  байна. Эрүүгийн хариуцлагын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон. Энэ хүн их дуу цөөтэй, үгээ илэрхийлэх чадвар, чадамж сул байдаг. Тэгсэн байж буруугаа засах, залруулах чадвар сул байдаг. Энэ хүнийг гэм буруугаа засаж дахин гэмт хэрэгт холбогдохгүй байх гэж найдаж байгаа. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийг харгалзаж үзэхийг хүсэж байна. Эрүүгийн хариуцлагын хувьд санал нэг байна гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.Б-ыг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.  

Шүүгдэгч Б.Б-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1.2 гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”, 1.4 “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнгэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ажил хөдөлмөр /хувиараа барилгын ажил хийдэг/, ам бүл /эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг/ -ийг дээрх нөхцөл байдлаас гадна тус тус харгалзан үзлээ.  

 Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-од 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх нөхцөл байдлыг нь харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б-од торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б овогт Б-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Б.Б-од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.   

 

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

          5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.УРАНГУА