Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/142

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Б.*******

          Улсын яллагч Ч.*******

          Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

          Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******д холбогдох эрүүгийн 2222000000153 дугаартай  хэргийг 2022 оны  09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1979 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй,  малчин, ам бүл 8, эхнэр хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн ******* сумын 4 дүгээр баг ******* гэх газарт оршин суух, улсаас авсан шагналгүй, урд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овогт *******гийн ******* РД:/*******/.

    Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч С.******* нь Дундговь аймгийн ******* сумын төвд 2022 оны 08 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө тус  сумын иргэн ыг бургасаар баруун шуунд нь цохиж эрүүл мэндэд нь баруун шуу ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэв.

           Шүүгдэгч С.*******ы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ******* сумын 4 дүгээр баг ******* гэх газарт манай сумын залуучуудын дунд адуучин тэмцээн болсон. Тэмцээн өндөрлөсний дараа тэмцээнд оролцсон хүмүүс болон хол ойроос ирсэн хүмүүс манай гэрт ирж айраг цагаа, архи дарс ууж байгаад явсан. Шөнийн 00 цагийн орчимд манай гэрт манай сумын Эрдэнэбаяр ирсэн. Бид 2 ойр зуурын юм ярьж байгаад Мягмаржав хоёр залуугийн хамт явсан. Яг ямар учраас болж маргалдсанаа сайн мэдэхгүй байгаа. Мягмаржав болон хамт явсан 2 хүн нь манай гэрийг тойроод мотоциклтой яваад байсан. Тэгэхээр нь би гэрийн гадаа байсан бургасыг аваад мотоциклын ар талд сууж явсан Мягмаржавыг цохисон. Тэгээд тэд нар явцгаасан. Манай эхнэр тэд нарын араас очсон. Тэгээд гар нь эвгүй болчихож гээд шөнө эмнэлэг авч явсан. Маргааш нь манай эхнэр ирэхдээ Мягмаржавын гар нь хугарсан байна, би аймаг явж үзүүлээд ирлээ гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 /

       Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ******* сумын 4 дүгээр багт адуучин тэмцээн болсон юм. Би тухайн тэмцээнд оролцсон надтай хамт явсан гэх ах тэмцээн зохион байгуулсан айл руу намайг орхиод явсан байсан. Би тэмцээн болсон газарт унаагүй үлдээд 2 найзаараа *******ы гэрт хүргүүлсэн. Тэнд ах байсан ба ахад хандаж “та яагаад намайг орхиод явж байгаа юм бэ?” би тэнд унаагүй үлдлээ шүү дээ гэж хэлээд 2уулаа явах уу? гэж ахад хэлсэн. ах явъя гээд бид 2 гэрээс гарсан ба бид 2 мотоциклтой хөдлөх гэж байхад ******* гэрээсээ гарч ирээд надад хандаж дүү их том болжээ. Чиний морь мал уяна гэж юу байдаг юм бэ? гэж надад агсан тавьж намайг мотоциклын ард сууж байхад мотоциклоос татаж унагасан. Тэгээд намайг дээлээр минь хоолойг маань бооход тэнд байсан , гэх 2 найз *******ыг хорьж болиулсан. Миний өөдөөс агсраад дайраад байхаар нь би өөрийгөө хамгаалж *******ыг тонгорч унагасан. ******* бид 2 дээр дороо орж зууралдаж байхад *******ы эхнэр хүүхдүүд нь гарч ирээд бид 2-ыг салгасан. Би ахтай хамт хөдлөх гээд тэдний вагончигны хажууд мотоциклтойгоо зогсож байхад ******* вагончигныхоо урд талаас нэг урт зүйл барьж гүйж ирээд ах бид 2 түүнээс зугтаагаад хөдөлсөн. Бид 2-ыг мотоциклтой хөдөлж байхад ******* миний араас барьж байгаа хатуу зүйлээрээ 2-3 удаа цохисон. Би тэгэхэд нь толгойгоо гараараа хамгаалж дарахад барьж байсан хатуу зүйлээрээ миний баруун гарын бугуйн дээр цохсон. Бид 2 тэднийхээс хөдлөөд зогссон. Тэр үед миний баруун гар хөдөлж чадахгүй байсан ба миний гарыг найз Эрдэнэбилэг жийргээр ороож байхад Зоригсайханы эхнэр бид нар дээр гүйгээд ирсэн. Тэгээд яасан бэ?, юу болсон бэ? гэхэд би гар хөдөлж болохгүй байна гэсэн. Тэгээд *******ы эхнэр машинаа унаад аймаг явж үзүүлье гэсэн ба аймагт ирээд гарынхаа зургийг авхуулахад хугарсан байна гэсэн. Тэр шөнө харанхуй байсан болохоор сайн харагдаагүй. Мод шиг урт зүйл байсан. Намайг очиход архи уусан зүйл байгаагүй. Түүний яриа нь халамцуу юм шиг байгаад байсан. Эрүүлдээ бол тийм асуудал гаргах хүн биш. Би түүнийг цохиж зодсон асуудал байхгүй. Намайг мотоциклоос дугтарч унагахаар нь *******ыг тонгорч унасан. Би айраг уусан байсан. Архи уугаагүй. Гар хугарснаас өөрөөр бэртэж гэмтээгүй. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа гаргуулж авна” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 /

            Гэрч Г.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ******* сумын 4 дүгээр багийн  ******* гэх газарт сумын залуучуудын дунд адуучин тэмцээн болсон. Манай үеийн залуучууд тухайн тэмцээнд оролцоод тэмцээн зохион байгуулсан айлд очиж айраг ууж, хорхог идэж байгаад Мягмаржав, бид 3 мотоциклтой Мягмаржавтай хамт явсан   ахыг авах гээд *******ы гэр рүү явсан. Мягмаржавыг орхиод *******ы гэр рүү явсан байсан. Бид 3 *******ы гэрт очсон ба ******* ахын эхнэр бид 3-ыг мах ид гэсэн. Тэгэхэд бид 2 хажуу гэрт нь ороход  вагончигт байсан хүмүүс Мягмаржав, нарыг явах уу? гэсэн. Тэгэхэд ******* ах хамт гарч ирсэн ба бид 2 мотоцикл дээрээ сууж байгаад хөдлөхөд бэлэн болсон байсан. ах болон Мягмаржав нар мотоцикл дээрээ суугаад бас хөдлөх гэж байсан. ******* Мягмаржавыг мотоциклоос татаж унагаагаад хэрүүл маргаан үүсгэсэн. Юунаас болж маргасныг би мэдэхгүй. Зоригсайхан “ахын дүү нар их том болжээ” гэж байсан. ******* Мягмаржавыг заамдсан. Тэр үед *******ы эхнэр гэрээс гарч ирээд салгах гэтэл Зоригтайхан дийлдэхгүй байсан. Тэгээд ******* ах Мягмаржавыг юм ярья гэж гэрээсээ урагшаа аваад явсан. Тэр 2 учраа олсон бололтой буцаж ирсэн. Тэгээд бид 4 явах гээд бид 2 арай түрүүлээд хөдөлсөн. Нөгөө хоёр араас хөдлөхөд Зоригсайхан гүйж ирээд Мягмаржавын нуруу хэсэг рүү нэг удаа баруун талын гаранд нь нэг удаа цохисон. Ямар зүйлээр цохисныг нь харанхуй шөнө болсон байсан болохоор мэдэхгүй урт л зүйл байсан. Бид нар тэндээс хөдлөөд жаахан явж байгаад зогссон. , Мягмаржав хоёр дээр очиход Мягмаржавын гар нь эвгүй болчихлоо гэсэн. Би гарыг нь бариад үзэхэд баруун гар нь тохойныхоо дунд хэсгээс овойгоод эвгүй болсон байсан. Тэгэхээр нь бид 2 хөлийнхөө жийргээр боож өгсөн. Тэр үед *******ы эхнэр гэрээсээ гүйж ирээд Мягмаржавын гарыг аймаг руу эмнэлэг рүү явж, үзүүлсэн. Бид 3 айраг уусан байсан, архи уугаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 /

         Гэрч М.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “8 дугаар сарын 20-ны өдөр ******* сумын 4 дүгээр баг “Гучин” гэх газарт адуучин тэмцээн болсон. Тухайн өдөр Мягмаржав унаа байхгүй гээд надтай сундлаад явж байсан. Би тэндээс Зоригсайханы гэрт очсон. Намайг тэнд байж байхад миний араас Мягмаржав, , гэх залуучуудын хамт ******* ирсэн. Ингээд Мягмаржав намайг хоёулаа явах уу гэсэн. Бид нар *******ы гэрт адуу мал ярьж, айраг ууж сууж байгаад гарцгаасан. Гэрээс гарахад ******* бид нарын араас гарч ирсэн. Мягмаржав бид хоёр хөдлөх гээд мотоцикл дээрээ суусан. ******* мотоциклоос буулгаад юм ярих гэж байснаа урагшаа явцгаасан. Би тэр хоёрын араас мотоциклоо асаагаад очсон чинь тэр 2 зууралдсан байдалтай хүмүүс салгасан байсан. Тэгээд Мягмаржавыг сундлаад гэрийн гаднаас хөдөлсөн. Тэгэхэд ******* бид хоёрын араас гүйж ирээд Мягмаржавын араас мод шиг зүйлээр 2 удаа цохисон. Эхний цохилт нь оноогүй, мотоциклын ард талын ачмаг дээр нь унасан сүүлийнх нь Мягмаржавыг онох шиг болсон, яг хаана нь оносныг би мэдээгүй. Мотоцикл барьж явсан гэрээс жаахан холдоод Мягмаржав миний гар эвгүй болчихлоо, зогсоорой гэсэн. Бид хоёрын араас 2 ирсэн. Мягмаржавын гарыг үзээд байж байхад эхнэр нь ирсэн. Тэгээд Мягмаржавыг эмнэлэгт үзүүлэхээр аймаг руу авч явсан. Гэрт бол янз бүрийн асуудал болоогүй. ******* халамцуухан байсан. Мягмаржавыг ямар байсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/

         Дундговь аймгийн шүүх шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 252 дугаартай:

  1. Мягмаржавын биед баруун шуу ясны далд хугарал, гэмтэл тогтоогдлоо.

         2. Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал, хатуу гадаргуутай зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна.

         3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

          4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23 /,

        Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/

        Яаралтай тусламжийн хуудас  /хх-ийн 24-25 /

        Эд хөрөнгөтэй эсэх талаар хураангуй лавлагаа /хх-ийн 39/

        Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/

        Шүүх хуралдаанд шүүгдэгчээс гаргаж өгсөн мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2021 оны тооллого зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ.

 

Үйл баримтын талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч нь 2022 оны 08 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө тус аймгийн ******* сумын 4 дүгээр баг ******* гэх газарт бусдад зодуулсан үйл явдал болсон, уг үйл явдлын улмаас ын эрүүл мэндэд баруун шуу ясны далд хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан байна.

 

 Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

   Хохирогч ын эрүүл мэндэд баруун шуу ясны далд хугарал бүхий” бүхий хүндэвтэр зэргийн гэмтлийг шүүгдэгч С.******* нь 2022 оны 08 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө тус аймгийн ******* сумын 4 дүгээр баг ******* гэх газарт бургасаар цохиж /зодож/ учруулсан гэм буруутай болох нь:

         шүүгдэгч С.*******ы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ******* сумын 4 дүгээр баг ******* гэх газарт манай сумын залуучуудын дунд адуучин тэмцээн болсон. Тэмцээн өндөрлөсний дараа тэмцээнд оролцсон хүмүүс болон хол ойроос ирсэн хүмүүс манай гэрт ирж айраг цагаа, архи дарс ууж байгаад явсан. ...Мягмаржав болон хамт явсан 2 хүн нь манай гэрийг тойроод мотоциклтой яваад байсан. Тэгэхээр нь би гэрийн гадаа байсан бургасыг аваад мотоциклын ар талд сууж явсан Мягмаржавыг цохисон. ...Манай эхнэр тэд нарын араас очсон. Тэгээд гар нь эвгүй болчихож гээд шөнө эмнэлэг авч явсан. Маргааш нь манай эхнэр ирэхдээ Мягмаржавын гар нь хугарсан байна, би аймаг явж үзүүлээд ирлээ гэсэн” гэх,

       хохирогч ын: “2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ******* сумын 4 дүгээр багт адуучин тэмцээн болсон юм. Би тухайн тэмцээнд оролцсон надтай хамт явсан гэх ах тэмцээн зохион байгуулсан айл руу намайг орхиод явсан байсан. Би тэмцээн болсон газарт унаагүй үлдээд 2 найзаараа *******ы гэрт хүргүүлсэн. .... ******* гэрээсээ гарч ирээд надад хандаж дүү их том болжээ. Чиний морь мал уяна гэж юу байдаг юм бэ? гэж надад агсан тавьж намайг мотоциклын ард сууж байхад мотоциклоос татаж унагасан. Тэгээд намайг дээлээр минь хоолойг маань бооход тэнд байсан , гэх 2 найз *******ыг хорьж болиулсан. Миний өөдөөс агсраад дайраад байхаар нь би өөрийгөө хамгаалж *******ыг тонгорч унагасан. ******* бид 2 дээр дороо орж зууралдаж байхад *******ы эхнэр хүүхдүүд нь гарч ирээд бид 2-ыг салгасан. Би ахтай хамт хөдлөх гээд тэдний вагончигны хажууд мотоциклтойгоо зогсож байхад ******* вагончигныхоо урд талаас нэг урт зүйл барьж гүйж ирээд ах бид 2 түүнээс зугтаагаад хөдөлсөн. Бид 2-ыг мотоциклтой хөдөлж байхад ******* миний араас барьж байгаа хатуу зүйлээрээ 2-3 удаа цохисон. Би тэгэхэд нь толгойгоо гараараа хамгаалж дарахад барьж байсан хатуу зүйлээрээ миний баруун гарын бугуйн дээр цохсон. Бид 2 тэднийхээс хөдлөөд зогссон. Тэр үед миний баруун гар хөдөлж чадахгүй байсан ба миний гарыг найз Эрдэнэбилэг жийргээр ороож байхад Зоригсайханы эхнэр бид нар дээр гүйгээд ирсэн. ...Тэгээд *******ы эхнэр машинаа унаад аймаг явж үзүүлье гэсэн ба аймагт ирээд гарынхаа зургийг авхуулахад хугарсан байна гэсэн. Тэр шөнө харанхуй байсан болохоор сайн харагдаагүй. Мод шиг урт зүйл байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 /

      гэрч Г.гийн: “ 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ******* сумын 4 дүгээр багийн  ******* гэх газарт сумын залуучуудын дунд адуучин тэмцээн болсон. .... ******* Мягмаржавыг мотоциклоос татаж унагаагаад хэрүүл маргаан үүсгэсэн. Юунаас болж маргасныг би мэдэхгүй. Зоригсайхан “ахын дүү нар их том болжээ” гэж байсан. ******* Мягмаржавыг заамдсан. Тэр үед *******ы эхнэр гэрээс гарч ирээд салгах гэтэл Зоригтайхан дийлдэхгүй байсан. .... Тэгээд бид 4 явах гээд бид 2 арай түрүүлээд хөдөлсөн. Нөгөө хоёр араас хөдлөхөд Зоригсайхан гүйж ирээд Мягмаржавын нуруу хэсэг рүү нэг удаа баруун талын гаранд нь нэг удаа цохисон. Ямар зүйлээр цохисныг нь харанхуй шөнө болсон байсан болохоор мэдэхгүй урт л зүйл байсан. Бид нар тэндээс хөдлөөд жаахан явж байгаад зогссон. , Мягмаржав хоёр дээр очиход Мягмаржавын гар нь эвгүй болчихлоо гэсэн. Би гарыг нь бариад үзэхэд баруун гар нь тохойныхоо дунд хэсгээс овойгоод эвгүй болсон байсан.” Гэх,

         гэрч М.Эрдэнэбаярын: “08 дугаар сарын 20-ны өдөр ******* сумын 4 дүгээр баг “Гучин” гэх газарт адуучин тэмцээн болсон. Тухайн өдөр Мягмаржав унаа байхгүй гээд надтай сундлаад явж байсан. Би тэндээс Зоригсайханы гэрт очсон. ... Мягмаржав бид хоёр хөдлөх гээд мотоцикл дээрээ суусан. ....Тэгээд Мягмаржавыг сундлаад гэрийн гаднаас хөдөлсөн. Тэгэхэд ******* бид хоёрын араас гүйж ирээд Мягмаржавын араас мод шиг зүйлээр 2 удаа цохисон. Эхний цохилт нь оноогүй, мотоциклын ард талын ачмаг дээр нь унасан сүүлийнх нь Мягмаржавыг онох шиг болсон, яг хаана нь оносныг би мэдээгүй. Мотоцикл барьж явсан гэрээс жаахан холдоод Мягмаржав миний гар эвгүй болчихлоо, зогсоорой гэсэн. ... Мягмаржавын гарыг үзээд байж байхад эхнэр нь ирсэн. Тэгээд Мягмаржавыг эмнэлэгт үзүүлэхээр аймаг руу авч явсан.” гэх мэдүүлгүүд болон хохирогч ын биед баруун шуу ясны далд хугарал бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон шинжээчийн дүгнэлт,  гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлээр нотлогдож байна.

 

     Шүүгдэгч С.*******ы хохирогч ыг бургасаар цохиж хүндэвтэр гэмтэл /хохирол/ учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

   Иймд шүүгдэгч С.*******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч нь хохирол төлбөрийн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй тухайгаа шүүхэд мэдэгдсэн байна. Иймд шүүгдэгч С.*******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогчийн хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.

           Эрүүгийн хариуцлагын талаар:

          Шүүх шүүгдэгч С.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

         Улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчид 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хэсэгчилэн төлүүлэх” дүгнэлтийг тус тус гаргаж байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн,...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж хуульчилсан байх тул улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан шүүгдэгчид 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг шүүх хүлээн аваагүй болно.

      Шүүгдэгч С.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчид учирсан хохирол, түүний хувийн байдал зэрэгт дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

            Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч С.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

   1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

          5. Шүүгдэгч С.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

         7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             З.УУГАНБАЯР

 

 

 

 

 

 

 

v