Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 893

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Э, Л.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Гантулгабат,

яллагдагч Л.Г, түүний өмгөөлөгч Г.Баттогтох,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2285 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын бичсэн 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 105 дугаартай эсэргүүцлээр Д.Э, Л.Г нарт холбогдох 1806 05961 0868 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б овгийн Д-ын Э, 1998 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, ................. хороолол, ... дугаар гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:........................../;

 

2. Ө овгийн Л-ын Г, 1991 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:..................../;

Д.Э, Л.Г нар нь 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн өглөө 05 цагийн үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сод” нэртэй зочид буудлын гадаа хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, харилцан зодолдож Д.Э нь Л.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Л.Г нь Д.Эгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Э, Л.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Л.Гийн хүсэлтийн дагуу гэрчээр Лхамаа, автомашины жолооч нарыг асууж мэдүүлэг авах талаар прокурорын тогтоолоор шийдвэрлэсэн байхад уг тогтоол бүрэн биелээгүй байна. Тухайн хэрэг болох үед яллагдагч Л.Гтэй хамт явж байсан, болсон үйл явдлын дэргэд байсан Лхамаа гэх хүнийг гэрчээр асууж мэдүүлэг авахуулах тухай өмгөөлөгчийн хүсэлт үндэслэлтэй байна. Мөн гэрч З.Батсайханы мэдүүлэгт дурьдагдсан хүмүүс болох эхлээд газар унаад зодуулж байсан залуу болон зодож байсан залуу нь яллагдагч Д.Э, Л.Г нарын аль нь болох, хэн нь яаж зодсон талаар тодорхой болгох ажиллагааг  хийх шаардлагатай байна. Яллагдагчийн өмгөөлөгч нь бичгээр хүсэлт гаргаж өгсөн боловч хэрэгт авагдаагүй байна гэх асуудлыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тул хүсэлт гаргасан эсэх, гаргасан бол яагаад хэрэгт хавсаргаагүй эсэхийг шалгах нь зүйтэй.

Хэргийн материалыг танилцуулалгүйгээр хэргийг шилжүүлсэн, танилцах боломж олгохгүйгээр гарын үсэг зуруулаад шилжүүлсэн тухай өмгөөлөгч хүсэлт гаргасан. Цаашид мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлд заасан журмаар хэргийг оролцогч нарт танилцуулж дахин шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлэх нь зүйтэй байна.

Дээрх мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж яллагдагчийн өмгөөлөгч Г.Баттогтохын гаргасан хүсэлтийг хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор М.Очбадрах бичсэн эсэргүүцэлдээ: Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч А.Содбилэгийн 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн “...Лхамаагийн гар утасны 99882681 дугаар болон таксины жолоочийн гар утасны 88114906 дугаар луу удаа дараа залгасан” гэх тэмдэглэл,

2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр “гэрч болох Лхамаагийн гар утасны 99882681 дугаар луу өөрийн 94945090 дугаарын гар утаснаас удаа дараа залгасан боловч иргэн Лхамаа нь “би хөдөө, орон нутгаар явж байна, гэрчээр мэдүүлэг өгөх хүсэлгүй байна” гэх тэмдэглэл зэрэг баримтуудаар тухайн хэрэг болох үед яллагдагч Л.Гтэй хамт явж байсан Лхамаа гэх хүнийг Цагдаагийн байгууллагаас удаа дараа дуудаж, гэрчийн мэдүүлэг авах гэсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй болно. 

Мөн гэрч Б.Билгүүний: “...2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр би зөөгчөөр ажиллаад буух гэж байх үед гаднаас согтуу эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд “өрөө авъя” гэхэд “би өрөө байхгүй дүүрсэн” гэж хэлэхэд Цацрал гэх ажилтан руу дайрч байгаад гараад явсан. ...Тэгээд манай ажлын Э ажлаасаа гараад явсан. Би тамхи татах гээд гарах үед Э болон манай буудалд орж ирсэн согтуу эрэгтэй хоёр зууралдсан. ...Би согтуу залууг зодсон зүйл байхгүй. Эг газар унагаад толгой руу нэг удаа өшиглөх үед би согтуу залууг тэвэрч аваад салгасан. ...” гэх мэдүүлэг,

гэрч З.Батсайханы: “...Би 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн өглөө “Сод” зочид буудлын гадна өөрийн 46-47 УНП улсын дугаартай “Тоёота Приус 20” загварын саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэйгээ зогсож байхад үл таних 2 эрэгтэй нэгнийгээ газар унагаагаад зодоод байсан ба цаанаас нэг танихгүй залуу ирж салгасан. Тэгэхэд зодож байсан эрэгтэй хажуудаа зогсож байсан нэг эмэгтэйн хамт миний машины ар талын суудал дээр гүйж ирж суусан. Газар унаад зодуулж байсан залуу, цаанаас ирж салгасан залуу миний машины хойд талын хаалгыг онгойлгож, газар унаад зодуулж байсан залуу нь миний машинд суусан залууг өшиглөөд зодоод эхэлсэн. Тухайн үед би машины жолооны хүрдэн дээр суусан байсан ба хойд тал руу эргэж харах үед газар унаад зодуулж байсан залуу машин дотор суусан залууг өшиглөөд байсан. ...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тухайн хэрэг болох үеийн үйл баримт нотлогдон тогтоогдсон. Хэрвээ гэрч З.Батсайханы мэдүүлэг эргэлзээтэй гэж үзэж байгаа бол гэрчийг шүүх хуралдаанд оролцуулж, шүүхийн хэлэлцүүлэгт дахин мэдүүлэг авч хэргийг шийдвэрлэх боломжтой.

            Мөрдөн байцаалтын явцад яллагдагч Л.Гийн өмгөөлөгч Г.Баттогтохоос прокурорт бичгээр хүсэлт гаргасан талаарх баримт хавтас хэрэгт байхгүй. Харин хохирогч Л.Г нь 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хохирогчоор: “...Надтай хамт байсан Лхамаа гэх эмэгтэй, “Тоёота Приус 20” загварын автомашины жолооч нараас мэдүүлэг авахуулах хүсэлтэй байна. ...” гэх мэдүүлэг өгч, хүсэлт гаргасан байх бөгөөд хяналтын прокурор Б.Чимгээ нь 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр эрүүгийн 1806 0569 10868 дугаартай хэргийг “...хохирогч, яллагдагч Л.Гийн гэрчүүд байцаалгах хүсэлтийг хангаагүй, нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай...” гэх үндэслэлээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах тухай прокурорын тогтоол үйлдсэн. Энэ нь прокурорт бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэж байгаа прокурорын шийдвэр биш бөгөөд мөрдөн байцаалтын явцад хохирогчоос амаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн эрх зүйн хэлбэр юм.

Хэргийн материалыг яллагдагчийн өмгөөлөгчид танилцуулалгүйгээр хэргийг шилжүүлсэн, танилцах боломж олгоогүй гарын үсэг зуруулж шилжүүлсэн тухайд өмгөөлөгч Г.Баттогтох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Л.Гтэй албан ёсоор  байгуулсан “Өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г хавтас хэрэгт хавсаргуулахаар өгөөгүй байсан тул мөрдөн байцаалтыг дуусгаж, яллах дүгнэлт үйлдэж яллагдагчид гардуулах үед өмгөөлөгчид хэргийн материал танилцуулаагүй болно. Хавтас хэрэгт авагдсан баримтаар Д.Э, Л.Г нарт холбогдох хэрэгт 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 950 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн тухай прокурорын шийдвэр гарсан байх ба өмгөөлөгч Г.Баттогтох, яллагдагч Л.Г нар нь 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтас хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ.” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...мөрдөгч хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлийг бүрдүүлнэ.” гэж тус тус заасан байх бөгөөд өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг заавал танилцуулах тухай зохицуулалт биш бөгөөд хэргийн материалтай танилцах боломжоор хангана. Мөн өмгөөлөгч нь мөрдөн байцаалт дууссан аль ч үе шатанд хэргийн материалтай танилцах эрхтэй.

Иймд, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ШЗ/2285 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

Прокурор Ц.Гантулгабат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэрчийг дуудан ирүүлнэ, ирээгүй тохиолдолд албадан ирүүлж болдоггүй. Зайлшгүй тохиолдолд прокурор мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлэх тухай хуульчилсан. Прокурорын зүгээс Лхамаа гэх гэрчийг зайлшгүй дуудан ирүүлэлгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотлох боломжтой гэх үндэслэлээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Бусад гэрч болон хохирогч нарын мэдүүлгээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа.” гэв.

 

Яллагдагч Л.Гийн өмгөөлөгч Г.Баттогтох тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж оролцож байна. Би хүсэлтийг хэрэг бүртгэгч Содбилэгт өгсөн. Тухайн үед би Төв аймагт хуралтай байсан. Энэ тухай тайлбараа хүсэлттэйгээ хамт бичиж өгсөн. Гэтэл хавтас хэрэгт тайлбар нь байгаа боловч хүсэлт нь байдаггүй. Тухайн үйл явцад хэргийн газарт Лхамаа гэх гэрч хамт байсан учраас гэрчийн мэдүүлэг авах ёстой.” гэв.

 

Яллагдагч Л.Г тус шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбар байхгүй” гэв.

                                  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Д.Э, Л.Г нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж тус тус заажээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Л.Г мэдүүлэг өгөхдөө тухайн үйл явдлыг харсан, хамт явсан гэх Лхамааг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан байх бөгөөд прокурор уг хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна. Харин Лхамаа нь “хөдөө орон нутгаар явж байна, гэрчээр мэдүүлэг өгөх хүсэлгүй байна” гэснийг тэмдэглэсэн мөрдөгч А.Содбилэгийн тэмдэглэл  хэрэгт авагджээ.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн хэргийн газар байсан гэх  “Сод” зочид буудлын ажилтан Б.Билгүүн, таксины жолооч З.Батсайхан нар хэргийн талаар мэдүүлэг өгсөн байх бөгөөд Д.Э, Л.Г нарт холбогдох хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай гэрчийг талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулж мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоож, яллагдагч нарын гэм буруутай эсэхийг шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Яллагдагч Л.Г, түүний өмгөөлөгч Г.Баттогтох нар 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан, хэргийг 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдөр шүүхэд шилжүүлсэн байх тул өмгөөлөгч мөрдөн байцаалт дууссан аль ч үе шатанд хэргийн материалтай танилцах эрх нь нээлттэй юм.

 

Д.Э, Л.Г нар 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд тухайн зүйл хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах...” ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй.”, 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа, түүнийг тоолох журмыг тус тус тогтоосон болохыг шүүх анхаарвал зохино.

 

Иймд Д.Э, Л.Г нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан асуудлаар мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх шаардлагагүй гэж үзэж, прокурор М.Очбадрахын бичсэн эсэргүүцлийг агуулгын хувьд хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2285 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Д.Э, Л.Г нарыг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх хүртэл Д.Э, Л.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Т.ӨСӨХБАЯР

 

 

                        ШҮҮГЧ                                                                    М.ПҮРЭВСҮРЭН

 

 

                        ШҮҮГЧ                                                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ