Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2024/0204/З |
Дугаар | 221/МА2024/0563 |
Огноо | 2024-08-21 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2024/0563
“И ” СӨХ-ны нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/910 дугаар “Сууц өмчлөгчдийн хорооны гэрчилгээ хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №313011000061 тоот И хотхон СӨХ-ны гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 535 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ө
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О
Гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал
Хэргийн индекс: 128/2024/0204/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “И ” СӨХ нь “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/910 дугаар “Сууц өмчлөгчдийн хорооны гэрчилгээ хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №313011000061 тоот И хотхон СӨХ-ны гэрчилгээг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 535 дугаар шийдвэрээр: “... И СӨХ-ноос Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/910 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан И СӨХ-ноос Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №313011000061 тоот И хотхон СӨХ-ны гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Засаг дарга нь шүүхээс тогтоосон 2 хүртэлх сарын хугацаанд И СӨХ-ны асуудлыг шийдвэрлэхдээ холбогдох хууль, журмын дагуу асуудлыг шалган тогтоож, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд мэдэгдэж, санал, тайлбарыг сонссоны үндсэн дээр дахин шинэ акт гаргах замаар Шийдвэрийн тогтоох хэсгийн нэгдүгээр заалтыг биелүүлэхийг дурдаж” шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
3.1. ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл” гэсэн урьдчилсан нөхцөл хангагдаж байж шинэ акт гарахаар түдгэлзүүлэх шийдвэр гаргана гэтэл урьдчилсан нөхцөл хангагдаагүй буюу үндэслэх хэсгийн 1.9, 1.10-д зааснаар хэргийн нөхцөл байдлыг зөв дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэчихээд давхар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-н урьдчилсан нөхцөл хангагдаж байна гэж дүгнээд шийдвэрийг гаргаж байгаа нь өмнөх шийдвэрээ үгүйсгэсэн буюу хоёр үзүүртэй асуудлыг нэг мөр шийдэж шийдвэрлээгүй ойлгомжгүй хууль зөрчсөн шийдвэр гаргаж байна гэж үзэж байна.
3.2. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 535 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/910 дугаар “Сууц өмчлөгчдийн хорооны гэрчилгээ хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2.1. Нэхэмжлэгч “И ” СӨХ нь Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/910 дугаар “Сууц өмчлөгчдийн хорооны гэрчилгээ хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №313011000061 тоот И хотхон СӨХ-ны гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.
2.2. Нэхэмжлэгч нь маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны А/910 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлээ “Баянзүрх дүүргийн Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох, 25 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулах, 26 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулах зэрэг ажиллагааг явуулахгүйгээр 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр А/910 тоот захирамж хууль бусаар гаргаад байна ... Авлигатай тэмцэх газрын зөвлөмж нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангахгүй байгаа талаар гаргаагүй, хуульд нийцсэн эсэхийг дахин нягтлан үзэж, шийдвэрлэх тухай зөвлөмж гаргасан байхад зөвлөмжийг буруугаар буюу хууль бусаар ашиглаж дахин шалгаж няглан үзсэн зүйлгүйгээр хууль бус захирамжийг гаргаад байна” гэж тайлбарлажээ.
2.3. Анхан шатны шүүх “... гэрчилгээг нь хүчингүй болгон шийдвэрлэсэн “И ” СӨХ-ны хууль зөрчсөн, хуурамч баримт бичиг бүрдүүлэн бүртгүүлсэн гэдгийг тус байгууллагаас хэрхэн шалган тогтоож, бүртгэл хийсэн албан хаагчдад ямар үндэслэлээр ажлаас халсан талаарх баримтууд шүүхэд ирүүлээгүй, зөрчлийг шалган тогтоосон ажиллагааг явуулсан эсэх нь тодорхойгүй байна ... Дээрх зөвлөмжийн агуулгаас үзвэл хариуцагч дүүргийн Засаг даргад нэхэмжлэгч И СӨХ-ны бүртгүүлэхэд бүрдүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаж, зөрчлийг тогтоосны үндсэн дээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллах талаар зөвлөсөн байтал хариуцагчаас энэ талаарх арга хэмжээг хуульд нийцүүлэн шалган тогтоогоогүй атлаа нэхэмжлэгчийн гэрчилгээг шууд цуцалсан нь үндэслэлгүй, маргаан бүхий захирамжийг гаргахаас өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдүүдээс урьдчилан тайлбар аваагүй, хуульд заасан журмын дагуу мэдэгдэх, сонсох ажиллагааг хийгээгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй. “И ” СӨХ-ны гүйцэтгэх захирал анх тус СӨХ-г бүртгүүлэхдээ бүрдүүлсэн баримт бичиг хуурамч, бүрдэл хангагдаагүй байхад нь бүртгэсэн гэх үйл баримтыг шүүхээс тухайн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой бүхий л нотлох баримтыг цуглуулсан боловч нэхэмжлэгч “И ” СӨХ-ны дээрх баримтуудыг тодруулбал, оршин суугчдын гарын үсгийг дуурайлган зурж, хуурамч бичиг баримт үйлдэн бүртгүүлсэн зөрчил гаргасан гэдгийг тогтоож, шийдвэрлэх нь шүүхийн эрх мэдлээс хэтэрсэн, дүгнэлт өгөх боломжгүй. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй “И хотхон” СӨХ-ны гэрчилгээ нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж ... нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр үйл ажиллагааг ойлгоно гэсэн шинжийг агуулаагүй” гэж 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №313011000061 тоот “И хотхон” СӨХ-ны гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар зөв дүгнэлт хийсэн атлаа маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/910 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.
2.4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах ..а , ..б байруудыг “Гүрт цамхаг” ХХК нь 2020 онд ашиглалтад оруулж, Баянзүрх дүүргийн хөгжлийн төвд 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын 80 дугаар албан бичгээр тус хороонд байрлах И хотхон ..а , ..б байрны СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хурлаар Б.Л-г гүйцэтгэх захирлаар томилсныг хорооны засаг даргаас татгалзах зүйлгүй болно, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Б.Л-с “И -77” СӨХ-г бүртгэж гэрчилгээ олгож өгнө үү гэх хүсэлт гаргасныг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 377 тоот, 2021 оны 12 сард 0065 тоот гэрчилгээг шинэчлэн олгож, Удирдах зөвлөлийн хурлын 01 тогтоолыг үндэслэн гүйцэтгэх захирлаар Б.Л-г томилсныг бүртгэжээ.
2.5. Улмаар Авлигатай тэмцэх газрын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05/16345 дугаар “зөвлөмж хүргүүлэх тухай” албан бичгийг Баянзүрх дүүргийн Засаг даргад ирүүлсний дагуу Засаг дарга 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр маргаан бүхий А/910 дугаар Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ хүчингүй болгох тухай захирамжаар “И ” СӨХ-ны 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 377, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 0065 дугаар гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, бүртгэлээс хасахаар шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.
2.6. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д “Хурлаас тогтоол, хурлын тэмдэглэл гаргах бөгөөд түүнд хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурж, холбооны тэмдгээр баталгаажуулна”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болох бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг хуралд оролцоогүй буюу эсрэг санал өгсөн гишүүд биелүүлэх үүрэгтэй”, 9.2-д “Бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно”, 9.3-д “Хэрэв сууц өмчлөгчид ногдох хэсгийн хориос дээш хувь нь нэг өмчлөгчтэй бол бүх гишүүдийн 75-аас дээш хувь оролцсоноор хүчин төгөлдөр болно”, 9.4-д “Энэ хуулийн 9.2, 9.3-т заасан хувьд хүрээгүй бол бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэж, дахин хуралдуулах хугацааг товлоно”, 9.5-д “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ”, 18 дугаар зүйлийн 18.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхтэй” гээд 18.1.1-д “холбоог зохион байгуулах хурлын шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын тамгын газар холбоог бүртгэх”, 18.1.2-д “холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах, биелэлтэд хяналт тавих”, 18.1.7-д “холбооны гишүүдийн хүсэлтээр болон шаардлагатай бол санаачлагаараа холбооны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, албан тушаалтнаар хяналт, шалгалт хийлгэж, дүгнэлт гаргуулах” гэж тус тус заажээ.
2.7. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд дүүргийн Засаг дарга нь холбоог бүртгэх, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, албан тушаалтнаар хяналт, шалгалт хийлгэж дүгнэлт гаргуулах эрхтэй байх бөгөөд бүх гишүүдийн хурлаас хурлын тэмдэглэл гарч, тэргүүлэгчид гарын үсэг зурахаар байна.
2.8. Нийслэлийн Баянзүрх дүүргийн хөгжлийн төвийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 320 дугаартай “... 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, тогтоолын эхний хэсэгт 19 цагт хурал эхэлсэн мэтээр бүрдүүлсэнтэй холбоотой баримт нь харанхуй болж байх үе бөгөөд материалд авагдсан бичиг баримтад хавсаргасан зургийн байдал нь өдрийн цагаар авсан байгаа нь хоорондоо зөрчилтэй ... Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д нийцүүлэхийн тулд нотлох баримтыг гэрэл зурагт тулгуурлан хуурамчаар бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй” гэх албан бичиг болон Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 0210604238 дугаар тогтоолоор иргэн А.Г нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн, “И -77” сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээг авч, бусдыг залилан мэхэлсэн, өмч хөрөнгийг шамшигдуулсан эсэхийг шалгах шаардлагатай гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болох нь тогтоогджээ.
2.9. Үүний дагуу Авлигатай тэмцэх газраас Баянзүрх дүүргийн Засаг даргад хандан 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 05/16345 дугаар “... “И ” хотхоны сууц өмчлөгчдийн холбоог үүсгэн байгуулах үйл явц Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн хүрээнд зохион байгуулагдаагүй, зөвшөөрөл хүссэн бичиг нь баримтын бүрдэл зохих ёсоор хангагдаагүй байсан байж болзошгүй байна. Иймд … хуульд нийцсэн эсэхийг дахин нягталж үзэж шийдвэрлэх” талаарх зөвлөмжийг хүргүүлсний дагуу Засаг дарга өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр олгогдсон 377, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр олгогдсон 65 дугаарын гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгож бүртгэлээс хассаныг буруутгах үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсонгүй.
2.10. Мөн Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “... сонсох ажиллагааг явуулаагүй” гэх бөгөөд хариуцагчийн хувьд тухайн шийдвэрийг гаргахдаа тус шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдийн өөрийгөө илэрхийлэх боломж буюу шийдвэр гаргах ажиллагаанд оролцоог нь хангаж, санал, тайлбар гаргах боломжийг олгосон талаар баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул уг ажиллагааг хийгээгүй гэж үзэх үндэслэлтэй байх боловч зөвхөн сонсох ажиллагааг хийгээгүй гэсэн үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй.
2.11. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/910 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангасан гэх мөртлөө захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь зөрчилтэй бөгөөд цаашид тодруулах асуудал бий, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж дүгнэсэн нь буруу болжээ.
2.12. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалт нь “нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” буюу захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан үүргийн хүрээнд шаардлагатай ажиллагааг бүрэн хийсэн боловч маргааны үйл баримтыг тогтоох нотлох баримт нь байхгүй, хангалтгүй бөгөөд шүүх болон хэргийн оролцогчоос үл хамаарах шалтгаанаар бүрэн дүүрэн цуглараагүй, үүний улмаас мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасан нотлох баримтыг үнэлэх, эрх зүйн дүгнэлт өгөх ажиллагаа хийх боломжгүйд хүрсэн үед энэхүү заалт хэрэглэгддэг.
2.13. Энэхүү маргааны хувьд уг заалтыг хэрэглэх үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/910 дугаар “Сууц өмчлөгчдийн хорооны гэрчилгээ хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 535 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийг 1 дэх заалтыг “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “И ” СӨХ-ны Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/910 дугаар “Сууц өмчлөгчдийн хорооны гэрчилгээ хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 3 дахь заалтыг хасаж, 4 дэх заалтыг 3 болгож, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ