Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 125/ШШ2020/0019

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Сонинболор би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Жаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч А.Мөнх-Амьдралд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/09 дугаар “Үндэслэлгүйгээр авсан тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Жаргал, хариуцагч А.Мөнх-Амьдрал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Б.Жаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Нийгмийн даатгалын Улсын байцаагчийн 2014 оны 12 сарын 23-ны өдрийн 01/09 тоот улсын байцаагчийн актаар миний бие Б.Жаргалыг Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь заалтаар 2007 оны 03 сарын 01-ны өдрөөс цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгохдоо Батлан хамгаалахын төв архивын 1991 оны 03 сарын 22-ны өдрийн 136 тоот архивын лавлагааны “Армийн улс төрийн хүмүүжлийн газрын санал дүгнэлт, өөрийн хүсэлтийг үндэслэн 1991 оны 04 сарын 01-ны өдрөөр тасалбар болгон цэргийн албанаас бэлтгэлээр халсугай” гэснийг "Орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтийн учир халж Ховд аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны хөдөлмөр нийгэм хангамжийн мэдэлд” шилжүүлсүгэй гэж засварлан хуурамч баримт бичиг үйлдэн тэтгэвэр тогтоолгож 11,177,029 төгрөгийг үндэслэлгүйгээр тогтоолгон авсан зөрчил илэрсэн тул нөхөн төлүүлэхээр акт тогтоосон. Миний бие нь 1977 онд МАА-ийн 174 дүгээр ангид хугацаат цэргийн албанд татагдаж цэргийн алба хаагаад, Цэргийн Ерөнхий дээд сургуулийн дэргэдэх Офицерын мэргэжил дээшлүүлэх курсийг 1979 оны 07 дугаар сард төгсөж Ховд аймгийн Ардын армийн 123 дугаар ангид Батлан хамгаалах яамны сайдын тушаалаар хуваарилагдан ажилласан. Тус ангид 1979 оны 07 дугаар сараас 1991 оны 04 сарын 01-ны өдөр хүртэл ажиллаж байгаад БНМАУ-н Батлан хамгаалахын сайдын 1991 оны 03 сарын 22-ны өдрийн 136 дугаар тушаалаар “орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр” цэргийн албаны бэлтгэлээр халсан байдаг. Гэвч БНМАУ-ын Батлан хамгаалахын сайдын 1991 оны 03 сарын 22-ны өдрийн 136 дугаар тушаалаар Армийн улс төр, хүмүүжлийн газрын санал дүгнэлт, өөрийн хүсэлтийг үндэслэн мөн цэргийн албанаас бэлтгэлээр халсан гэсэн 2 тушаал сүүлд гарч ирсэн. Миний бие нь 2007 онд цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгохдоо Батлан хамгаалах яамны төв архиваас олгосон “орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр” цэргийн албаны бэлтгэлээр халсан тушаал болон холбогдох баримтыг үндэслэн тэтгэвэрт гарч Ардын армид 14 жил ажилласан төдийгүй Цэргийн албан хаагчийн тэтгэвэрдэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар тэтгэвэр авах эрхтэй гэж ойлгож байгаа. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа, ажиллаж байсан байдал, цалин, хөдөлмөр хөлс болон бусад холбогдох баримтыг үндэслэн нийгмийн даатгалын эрх бүхий байцаагч тэтгэвэр тогтоосон. Дээрх БНМАУ-н Батлан хамгаалахын сайдын 1991 оны 03 сарын 22-ны өдрийн 136 дугаар тушаал нь утга агуулгын хувьд зөрүүтэй гарсныг нь тухайн үед би мэдээгүй, мэдэх боломж ч байгаагүй. Учир нь Цэргийн байгууллага нь гаргасан тушаалаа уншаад тушаалын хувийг нь гардуулж өгдөггүй байсан. Иймд Ховд аймгийн Нийгмийн даатгалын Улсын байцаагчийн 2014 оны 12 сарын 23-ны өдрийн 01/09 тоот улсын байцаагчийн актыг хүчингүй болгож өгнө үү. Миний бие нь хуурамчаар ямар нэгэн баримт бүрдүүлээгүй болно гэжээ.

Хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч А.Мөнх-Амьдрал шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлчилгээний албаны дарга, хяналт шалгалтын улсын байцаагч А.Мөнх-Амьдрал би 2014 оны 12 сарын 23-ны өдрийн 01/09 дүгээр актаа хууль ёсны үндэслэлтэй захиргааны акт гэж үзэж байна. Учир нь хариуцагч би уг актаа хуулиар өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу гаргасан бөгөөд актад дурдсан зөрчил нь холбогдох баримтаар тогтоогдсон тул төлбөр барагдуулахаар шийдвэрлэсэн болно. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8-р зүйлийн 8.1-т “цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр авах эрх үүсэх нөхцөл”, 2-т “цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр авах эрх үүсэх нөхцөл”-ийн талаар хуульчилжээ. “Орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр”, “биеийн эрүүл мэндээр”, “цэргийн алба хаах нас хэтэрсэн” зэрэг гуравхан шалтгаанаар цэргийн албанаас халагдсан этгээд цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэврийн нөхөн тооцуулж авах эрх үүсдэг. Дээр дурьдсан 3 шалтгаанаар өөр шалтгаанаар цэргийн албанаас халагдсан тохиолдолд цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэврийн нөхөн тооцуулж авах эрх үүсэхгүй. Нэхэмжлэгч Б.Жаргалын тухайд авч үзвэл Батлан хамгаалахын сайдын 1991 оны 03 сарын 22-ны өдрийн 136 дугаар тушаалаар 2007 оны 03 сарын 01-ний өдрөөс цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэврийг тогтоолгон авсан байдаг. Тэтгэврийн хувийн хэрэгт авагдсан Батлан хамгаалахын сайдын 1991 оны 03 сарын 22-ны өдрийн 136 дугаар тушаалд Б.Жаргалыг орон тоо зохион байгуулалтын өөрчлөлтөөр цэргийн албанаас халагдсан мэтээр бичсэн байжээ. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрхтэйгээ нотлох баримтыг тэтгэвэр авагч этгээд бүрдүүлэн өргөдөл гаргах хуулиар тогтоосон журамтай. Энэхүү журмын дагуу Батлан хамгаалахын сайдын 1991 оны 03 сарын 22-ны өдрийн 136 дугаар тушаалыг Б.Жаргал өргөдөлдөө хавсарган ирүүлсэн байдаг. Гэтэл Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2014 оны 12 сарын 17- -ы өдрийн 9д/6995 дугаар албан бичгээр Батлан хамгаалахын төв архивын лавлагаа, тушаалын хуулбарыг хуурамчаар үйлдэн цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгон улсад онц их хэмжээний хохирол учруулсан иргэдийн нэрсийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналт, шинжилгээ үнэлгээний газарт хүргүүлжээ. Ингэхдээ Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас холбогдох шалгалтыг хийж, хуульд заасны дагуу акт тогтоож улсад учруулсан хохирлыг барагдуулахыг Нийгмийн даатгалын ерөнхий газраас шаарджээ. Уг албан бичгийн хавсралтын 4-т нэхэмжлэгч Бямбажавын Жаргалын нэр дурдагджээ. Нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Ариунаагаас 2014 оны 12 сарын 19-ний өдрийн 6/2163 дугаар албан бичгээр Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандаж, Батлан хамгаалахын төв архивын лавлагааг хуурамчаар үйлдэн тэтгэвэр тогтоолгосон нь нотлогдсон иргэдэд холбогдуулан акт тавьж, улсад учруулсан хохирлыг барагдуулахаар улсын байцаагчийн акт тогтоож, хариу ирүүлэхийг шаардсан. Энэхүү албан бичгийн дагуу тэтгэврийн хувийн хэрэг болон эрх бүхий байгууллагаас холбогдох лавлагаа, баримт бичгийг гаргуулан хяналт шалгалт явуулахад нэхэмжлэгч Б.Жаргал нь хуурамч баримт бүрдүүлж, цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгосон нь нотлогдсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Жаргалын анх тэтгэвэр тогтоолгоход гарган өгч, хувийн хэрэгт хавсаргагдсан Батлан хамгаалахын сайдын 1991 оны 03 сарын 22-ны эдрийн 136 дугаар тушаал нь хуурамч болох нь тогтоогдсон. Батлан хамгаалахын төв архивын 2014 оны 12 сарын 17-ны өдрийн 10268 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаанаас үзэхэд нэхэмжлэгч Б.Жаргалтай холбогдох лавлагаа авсан тухай гарахгүй, Батлан хамгаалахын яамны сайдын 1991 оны 03 сарын 22-ны өдрийн 136 дугаар тушаалаар өөрийн хүсэлтээр цэргийн албанаас халагдсан байжээ. Тодруулбал нэхэмжлэгч Б.Жаргалын анх тэтгэвэр тогтоолгоход гарган өгч, хувийн хэрэгт хавсаргагдсан Батлан хамгаалахын сайдын 1991 оны 03 сарын 22-ны өдрийн 136 дугаар тушаал нь Батлан хамгаалах яамны Төв архивд байхгүй, үндсэн архивын хувиас үндэслэлийн хувьд зөрүүтэй байжээ. Үндсэн архивын тушаалаар нэхэмжлэгч Б.Жаргал нь өөрийн хүсэлтээр цэргийн албанаас халагдсан байхад тэрээр орон тооны өөрчлөлтөөр халагдсан мэтээр бичигдсэн хуурамч тушаалаар тэтгэвэр тогтоолгосон байжээ. Түүнчлэн нэхэмжлэгч Б.Жаргал нь анх хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгохдоо Батлан хамгаалахын Төв архиваас лавлагаа авч байгаагүйгээс үзэхэд тэрээр хуурамч баримтаар тэтгэвэр тогтоолгосон эргэлзээгүй нотлогдож байсан тул улсад учирсан их хэмжээний хохирлыг нэн даруй барагдуулах шаардлагаар Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 23 зүйлийн 1 болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 23 зүйлд заасны дагуу улсын байцаагчийн акт тогтоосон болно. Нийгмийн даатгалын хяналт шалгалт, улсын байцаагчийн акт нь төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилготой бөгөөд нэхэмжлэгч Б.Жаргалын хуурамч баримт бүрдүүлэн хууль бусаар нийгмийн даатгалын сангаас авсан 11177029 төгрөгийг буцаан төлүүлж, улсыг хохиролгүй болгох шаардлагатай болох нь тогтоогдсон. Улсын байцаагчийн актыг нэхэмжлэгч Б.Жаргалд танилцуулахад гарын үсэг зурахгүй гэж бичгээр тайлбар гаргасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхийг хүсье гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуралдаанаар Б.Жаргалын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч А.Мөнх-Амьдралд холбогдох, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/09 дугаар “Үндэслэлгүйгээр авсан тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” актыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ 6 дугаар зүйлийн 6.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана” гэж зааснаар захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлж, Нийгмийн даатгалын Ерөнхий газарт гомдлоо гаргаж хариуг авсан байна.

Шүүхээс нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, шүүхэд хуралдаанд хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч А.Мөнх-Амьдрал нэхэмжлэгч Б.Жаргалын цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэврийн хувийн хэрэгт хяналт шалгалт хийж 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/09 дугаар “Үндэслэлгүйгээр авсан тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” акт тогтоож, Б.Жаргалаас үндэслэлгүй олгосон гэх 11177029 /арван нэгэн сая нэг зуун далан долоон мянга хорин ес/ төгрөгийг нөхөн төлүүлэхтэй холбоотой маргаан үүсчээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ“... миний бие 1979 оны 7 сараас 1991 оны 4 сарын 01-ний өдөр хүртэл Ардын армийн 123 дугаар ангид салаан захирагч, МХЗЭ-ийн нарийн бичгийн дарга, Улс төрийн хэлтсийн даргын Хувьсгалт залуучуудын эвлэлийн ажил эрхэлсэн туслах зэрэг албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 1991 онд ардчилал гарч миний ажиллаж байсан орон тоо цомхотголд орсон тул орон тоо зохион байгуулалтын өөрчлөлтөөр цэргийн албанаас халах тушаал уншиж танилцуулсан...гэтэл архивын лавлагаа хуурамч гэж акт тогтоосон нь хууль бус...” гэж тайлбарлажээ.

Хариуцагчаас “...Б.Жаргалыг Батлан хамгаалахыг сайдын 1991 оны 136 дугаар тушаалаар өөрийн хүсэлтийг үндэслэн цэргийн албанаас бэлтгэлээр халсан ба Г.Цагаанхүү нь Батлан хамгаалахын төв архивын орлогч даргаар ажиллаж байхдаа Б.Жаргалыг орон тоо зохион байгуулалтын өөрчлөлтөөр цэргийн албанаас халсан гэх хуурамч лавлагаа гаргаж өгсөн нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 сарын 04-ний өдрийн 2622 дугаар шүүгчийн захирамжаар тогтоогдсон...” гэж тайлбарлан маргажээ.

Хэргийн үйл баримтын тухайд:

Цагдаагийн Ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргын 2014 оны 12 сарын 17-ны өдрийн 9д/6995 дугаар албан бичгээр Батлан хамгаалахын Төв архивын лавлагаа, тушаалын хуулбарыг хуурамчаар үйлдэж цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгосон байж болзошгүй хүмүүсийн нэрсийг Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын даргад хүргүүлж, улмаар Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын даргын 2014 оны 12 сарын 19-ний өдрийн 6/2163 дугаар албан бичгээр хуурамч лавлагаа үйлдэн тэтгэвэр тогтоолгосон нотлогдсон гэх нэр бүхий тэтгэвэр авагчдын нэрсийг Аймаг, нийслэлийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлж, нийгмийн даатгалын санд их хэмжээний хохирол санаатай учруулсан иргэдэд улсын байцаагчийн акт тогтоож төлбөр барагдуулах арга хэмжээ яаралтай авахыг даалгаснаар Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч А.Мөнх-Амьдрал нь Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын даргын 2014 оны 12 сарын 19-ний өдрийн 6/2163 дугаар албан бичгээр хуурамч лавлагаа үйлдэн тэтгэвэр тогтоолгосон нотлогдсон гэх нэр бүхий тэтгэвэр авагчдын нэрс хүргүүлсний дотор нэхэмжлэгч Б.Жаргалын нэр ирсэн учир түүний цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэврийн хувийн хэрэгт хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтаар нэхэмжлэгч Б.Жаргал нь Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүсэлт гарган 2007 оны 3 сарын 01-ний өдрөөс цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгохдоо Батлан хамгаалахын төв архивын 1991 оны 3 сарын 22-ны өдрийн 136 тоот архивын “...Армийн улс төрийн хүмүүжлийн санал дүгнэлт, өөрийн хүсэлтийг үндэслэн цэргийн албанаас бэлтгэлээр халсугай...” гэх лавлагааг өөрчлөн “...орон тоо зохион байгуулалтын өөрчлөлтийн учир цэргийн албанаас бэлтгэлээр халж...” гэх хуурамч бичиг баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон тул түүний 2007 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 сарын 19-ний өдөр хүртэл үндэслэлгүйгээр авсан тэтгэвэр нийт 11177029 /арван нэгэн сая нэг зуун далан долоон мянга хорин ес/ төгрөгийг нэхэмжлэгч Б.Жаргалаар  нөхөн төлүүлэхээр акт тогтоосон байна.

Нэхэмжлэгч Б.Жаргал нь Батлан хамгаалах яамны сайдын 1977 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн н/122 дугаар тушаалаар ардын армийн дугаар ангид цэрэг, бага дарга, 1979 оны 7 сарын 09-ний өдрийн н/191 дүгээр тушаалаар Ардын армийн 123 дугаар ангид салааны даргаар, Ардын армийн улс төрийн газрын даргын 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн н/109 дүгээр тушаалаар Ардын армийн 123 дугаар ангид МХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаар, 1986 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн н/85 дугаар тушаалаар Ардын армийн 123 дугаар ангийн Улс төрийн хэлтсийн даргын ХЗЭ-ийн ажил эрхэлсэн тусла дүгээр зүйлийн хаар тус тус томилогдон ажиллаж байсан нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, түүний 319608 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар[1] тус тус нотлогдож байна.

Нэхэмжлэгч Б.Жаргалыг Батлан хамгаалахын сайдын 1991 оны 3 сарын 22-ны өдрийн 136 дугаар тушаалаар[2] “....Армийн улс төрийн хүмүүжлийн газрын санал, дүгнэлт, өөрийн хүсэлт...” гэх үндэслэлээр 1991 оны 4 сарын 01-ний өдрөөр тасалбар болгон цэргийн албанаас бэлтгэлээр халсан болох нь Батлан хамгаалахын төв архивын 2015 оны 4 сарын 01-ний өдрийн 2698 дугаар албан бичгээр нотлогдож байна.

Гэтэл нэхэмжлэгч Б.Жаргалын цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтооход үндэслэл болсон Батлан хамгаалахын сайдын 1991 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 136 дугаар тушаалын лавлагаанд “...123 дугаар ангийн эвлэлийн ажил эрхэлсэн туслах ахмад Б.Жаргалыг орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтийн учир цэргийн албанаас бэлтгэлээр халж ...” гэж дурдсан ба энэ нь Батлан хамгаалахын сайдын 1991 оны 3 сарын 22-ны өдрийн 136 дугаар тушаалын Б.Жаргалыг цэргийн албанаас халсан үндэслэлээс утгын хувьд зөрүүтэй байна.

Тодруулбал нэхэмжлэгч Б.Жаргалын цэрийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох үндэслэл болсон Батлан хамгаалахын төв архивын орлогч дарга Г.Цагаанхүүгийн олгосон гэх Батлан хамгаалахын сайдын 1991 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 136 дугаар тушаалын архивын лавлагааг хуурамчаар үйлдсэн талаар Цагдаагийн Ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Г.Цагаанхүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн /2002 он/ 294 дүгээр зүйлийн 294.2, 1581.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2015250000665 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж[3], 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр тус эрүүгийн хэргийн иргэний хариуцагчаар Б.Жаргалыг татан[4], 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Б.Жаргалаас тайлбар[5] авчээ.

Улмаар тус эрүүгийн хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 сарын 04-ний өдрийн 2622 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" захирамжаар[6] “...Яллагдагч Г.Цагаанхүү нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24:00 цагаас өмнө гэмт хэрэг үйлдсэн бөгөөд түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн ялаас өршөөн хасах болон өршөөлд хамруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэгт хамаарч байна...” гэх үндэслэлээр Г.Цагаанхүүд холбогдох эрүүгийн 2015250000665 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2-ийн 1-д зааснаар 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн алба хаагч орон тоо зохион байгуулалтын өөрчлөлтөөр цэргийн албанаас халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Б.Жаргалын цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтооход үндэслэл болсон Батлан хамгаалахын сайдын 1991 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 136 дугаар тушаалын лавлагаа нь хуурамч болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байгаа ба Б.Жаргал нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2-ийн 1-д заасан “...орон тоо зохион байгуулалтын өөрчлөлтөөр...” гэх хуульд заасан шаардлагыг хангаагүй атлаа тэтгэвэр тогтоолгосон хууль бус байх тул 2007 оны 3 сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 сарын 23-ны өдөр хүртэл авсан тэтгэвэр нийт 11177029 төгрөгийн акт тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2-ийн 1-д заасныг баримтлан Б.Жаргалын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч А.Мөнх-Амьдралд холбогдох, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/09 дугаар “Үндэслэлгүйгээр авсан тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.СОНИНБОЛОР

 

 

[1] хх-ийн 91-р хуудас

[2] хх-ийн 49-50-р хуудас

[3] Хх-ийн 66-р хуудас

[4] Хх-ийн 64-р хуудас

[5] Хх-ийн 65-р хуудас

[6] Хх-ийн 145-р хуудас