Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0622

 

Иргэн Г.*******ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Б.******* нарыг оролцуулан хийж, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн  07 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Г.*******ын нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: “Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамал, байгаль орчны хяналын улсын байцаагч-ийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны ажлаас үндэслэлгүй халагдсан болон ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах” гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгож, Г.*******ыг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын тамгын газрын “газрын даамал, байгаль орчны хяналтын улсын байцаагч”-ийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл ажлаас үндэслэлгүй халагдсан хугацааны цалин олговор болох 661945 /зургаан зуун жаран нэгэн мянга есөн зуун дөчин таван/ төгрөгийг нэхэмжлэгч Г.*******од олгох, уг хугацаанд хамаарах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгаж; нэхэмжлэлийн шаардлагын “2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийхийг даалгах” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор Г.*******ыг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын “газрын даамал, байгаль орчны хяналтын улсын байцаагч”-ийн ажил, албан тушаалд эгүүлэн томилсон шийдвэр гаргах, ажлаас үндэслэлгүй халагдсан хугацааны цалин олговорт 661945 төгрөг олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх буюу хүн амын орлогын албан татварын суутган тооцож, дэвтэрт зохих бичилт хийх”-ийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Миний бие Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамал, байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай Г.******* Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 113/ШШ2016/0007 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах шатны журмаар гомдол гаргаж байна.

Учир нь: Г.******* миний бие Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Баянтал сумын Засаг даргын тамгын газрын “газрын даамал, байгаль орчны хяналтын улсын байцаагч”-ийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажлаас үндэслэлгүй халагдсан хугацааны цалинг холбогдох хуульд заасны дагуу нөхөн гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 113/ШШ2016/0007 дугаар шийдвэрээр дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгож, Г.******* намайг Баянтал сумын Засаг даргын тамгын газрын “газрын даамал, байгаль орчны хяналтын улсын байцаагч”-ийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн хэрнээ 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг мөн хугацаанд нөхөн төлүүлж бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “... Г.*******ыг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилсон боловч нэхэмжлэгч нь “Америкийн нэгдсэн улсад аялалын журмаар зорчсон” гэх үндэслэлээр ажиллаагүй, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй байх тул 2016 оны 01 дүгээр сарын 19-ны өдрөөс 2016.01.28-ны өдрөөс 2016.01.28-ны өдрийг хүртэл ажиллаагүй болон 2016.01,28-ны өдрөөс 2016.08.05-ны өдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, энэ хугацаанд хамаарах нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, зохих бичилт хийхийг даалгах шаардлага хангагдах боломжгүй хэмээн дүгнэсэн болно.

Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 7 дугаар зүйлийн 7.1.10, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 27 дугаар зүйлийн 27.1.1, 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар Г.******* миний хувьд “төрийн жинхэнэ албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдаж, цалин хөлс” авах бүрэн эрхтэй билээ.

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй зүйл Г.******* миний хувьд огт байхгүй болно.

Төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд давж заалдах шатны шүүхийн магадлал, хуулиар хүлээсэн ажил үүргийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр Г.******* миний бие Америкийн нэгдсэн улсаас Монгол Улсад яаралтай ирсэн болно.

Харин ч Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчсөн хууль бус захиргааны акт гарган, актын улмаас хийгдэж буй үйлдлээс болж Г.******* миний бие “газрын даамал, байгаль орчны хяналтын улсын байцаагч”-ийн үүрэгт ажлыг хийж чадаагүй нь Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан “Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэсэн заалттай огт хамаагүй юм.

Намайг Америкийн нэгдсэн улсад аялж байх үед Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 553 дугаар магадлал гарсан.

2016 оны 01 дүгээр сарын 19-ний үеэр Баянтал сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.******* миний фэйсбүүк хаягаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 553 дугаар магадлал гарч таныг ажилд тань буцааж томилохоор болсон гэж хэлсэн.

Б.******* “ажилд эгүүлэн томилсон тушаалыг гаргасан, та Америкийн нэгдсэн улсад байгаа юм бол, таны тушаалыг хэнд өгөх вэ” гэхээр нь миний төрсөн ахад өгчих гэсэн болно.

2016 оны 01 дүгээр сард Америк улсаас Монгол улсруу нислэг хийхэд туйлын бэрх болчихсон байсан. Учир нь: Америк улсаас Монгол улсруу шууд нислэг байдаггүй бөгөөд БНХАУлсын Бээжин хотын нисэх буудлаар дамжиж Монгол Улсад ирэх боломжтой байсан.

Тухайн үед БНХАУ-ын хаврын баяр буюу “цагаан сар” таарсан учраас Америк улсаас БНХАУлсруу явах онгоцны тийз дуусчихсан, олдохгүй, үнэхээр хүнд байдалд орсон.

Надад олдсон онгоцны тийз нь 2016 оны 02 дугаар сарын 08 өдөр Америкийн нэгдсэн улс БНХАУ-ын Бээжин хот, Бээжин-Улаанбаатар чиглэл таарсан. Уг шугамаар 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр буюу Монгол Улсын цагаан сарын баярын шиний хоёрны өдөр Бээжин-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор Монгол Улсад ирж Баянтал сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.*******гийн гар утас руу залгаж эхэлсэн. 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Б.******* даргатай очиж уулзахад “таныг ажил тасалсан үндэслэлээр ажлаас тань халсан” гэж хэлэхэд нь би ажлаас халагдсан болохоо мэдсэн болно.

Баянтал сумын Засаг даргын Тамгын газарт 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баянтал сумын Засаг даргын Тамгын газар очиж ажлаас халагдсан тушаалаа авах гээд очиход Баянтал сумын Засаг даргын орлогч М.Наранмандах “иргэний танхимд Г.*******ын тушаалыг үлдээсэн байсан чинь Баянтал сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга Х.Мөнхбаатар иргэний танхимыг түгжээд явчихсан байна” чи ажлаас халагдсан тушаалаа 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ирээд ав гэсэн хариу өгсөн. Үүний дагуу 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ажлаас халагдсан тушаалыг гардаж авсан.

Үүнээс дүгнэж үзэхэд Г.******* миний хувьд төрийн албан хаагчийн албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй зүйл байхгүй байна. Харин Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын хууль бус үйлдлээс болж төрийн албан хаагчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болсон нь тогтоогдож байна.

Хөдөлмөрийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Байгалийн болон нийтийг хамарсан гамшиг, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар ажилдаа ирж чадаагүй ажилтанд үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний олговор олгоно” гэж заажээ.

Г.******* миний хувьд Америкийн нэгдэн улсаас 2016.01.19-ний өдрөөс 2016.02.17-ны өдрийг хүртэлх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар Хөдөлмөрийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар, 2016.02.17-ны өдрөөс 2016.08.05-ны өдрийг хүртэлх хугацаанд төрийн захиргааны албан тушаалын ТЗ-6-1-д заасан шатлал зэргийн дагуу төрийн албан хаагчийн цалин хөлсөө авах бүрэн эрхтэй хэмээн үзэж байна

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээс болж Г.******* миний төрийн албанд ажилласан хугацаа тасалдах, цалин хөлс, нийгмийн баталгаа алдагдах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөхгүйн улмаас төрийн байгууллагаас үйлчилгээ авах эрхүүд минь ноцтой зөрчигдөж байна.

Иймд Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 113/ШШ2016/0007 дугаар шийдвэрт 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг мөн хугацаанд нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газарт даалгах өөрчлөлтийг оруулж өгнө үү.

Давж заалдах шатны шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлтэй болно” гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэл бүхий байх тул анхан шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо шүүхийн шийдвэрт “2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг мөн хугацаанд нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газарт даалгах” өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.******* нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 553 дугаар магадлалаар өмнө эрхэлж байсан Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын “газрын даамал, байгаль орчны хяналтын улсын байцаагч”-ийн албан тушаалд эгүүлэн тогтоогдож, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилсон ба тухайн үед нэхэмжлэгч нь Америкийн нэгдсэн улсад зорчиж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог ба нэхэмжлэгч нь 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ажилдаа орохоор ирсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэж зааснаар нэхэмжлэгчийн ажилдаа орохоор ирсэн өдрөөс өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй буюу ажлаас нь үндэслэлгүй халсан байх тул мөн хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг авах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь хуульд нийцэхээр байна.

Учир нь нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн томилсон тушаал 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гарсан боловч тухайн үед нэхэмжлэгч гадаад улсад зорчиж байсан шалтгааны улмаас тэр даруй ажилдаа орох боломжгүй байсан байх ба энэ шалтгаан нь арилмагц ажилдаа орохоор ирсэн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан үүргээ гүйцэтгэж, цалин хөлсөө авах боломжтой байжээ. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндсэн шаардлага буюу Г.*******ыг үндэслэлгүйгээр чөлөөлсөн шийдвэр хуульд нийцээгүй талаар болон түүний эрхийг зөрчсөн талаар зөв дүгнэлт хийж, уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн ажилдаа ирэх боломжгүй байсан шалтгаан 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөр арилж, үүрэгт ажилдаа орохоор ирэхэд нь “ажил тасалсан үндэслэлээр” түүнийг чөлөөлсөн шийдвэр гаргасан байсан нь хууль бус болохыг шүүх нэгэнт тогтоосон, уг шийдвэрт гомдол гараагүй тул тухайн өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

Мөн түүнчлэн анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад зохих хуулийг хэрэглээгүй байх тул дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийхийг Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгаж, нэхэмжлэлийн энэ шаардлагын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь  заалтад “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-г баримтлан” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 70200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, 70200 төгрөгийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж улсын орлого болгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

                                    ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

                                    ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

                                    ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ