Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 188

 

“Гурван гал трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар, Г.Пүрэвсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Баясгалан, Э.Энх-Эрдэнэ, гуравдагч этгээд Нийслэлийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ариунцэцэг, гуравдагч этгээд “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батжаргал, Э.Жаргал нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний  өдрийн 984 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2017/0115 дугаар магадлалтай, “Гурван гал трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 984 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1, 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А/113 дугаар захирамжаар “Улаанбаатар хотын банк” ХХК-д олгогдсон 3000 м.кв талбайтай газрын эзэмших эрх болон Нийслэлийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 490, 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгох “Гурван гал трейд” ХХК-ийн захирал Г.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2017/0115 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 984 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Гурван гал трейд” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 490 дүгээр захирамж, 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 дугаар захирамжийн Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдох хэсэг, 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/113 дугаар захирамжийн “Улаанбаатар хотын банк” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Гурван гал трейд” ХХК-иас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны хийгээд үндэслэл бүхий талаас хянаагүй бөгөөд магадлалын 6 дахь талд “...орчмыг газар зохион байгуулалтын хувьд олон нийт ажил хэргийн бүс байхаар төлөвлөсөн байх тул “2008, 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн хэмжээнд төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх талаар огт тусгагдаагүй байхад төсөвт байгууллагад газар эзэмшүүлсэн” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.” гэсэн дүгнэлт хийжээ.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ:”, 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана;” гэж тус тус заасан байна. Хавтаст хэрэгт авагдсан ямар үйл баримтаар нийслэлийн болон дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ...төсөвт ...байгууллагад эзэмшүүлэх ямар ч шийдвэр авагдаагүй бөгөөд ийм үйл явдал огт болоогүйг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй.

Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно.” гэж заасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан ямар ч баримтаар дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчим хэрэгжээгүй болохыг анхан болон давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй болно.

“Улаанбаатар хотын банк” ХХК ямар учраас төсөвт байгууллага гэж үзсэн нь ойлгомжгүй бөгөөд Компанийн тухай хуулиар байгуулагдсан аж ахуйн нэгжийг төсөвт байгуллага гэж шүүх дүгнэж Монгол Улсын Үндсэн хуулийн “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны зарчим мөн” гэсэн заалтыг зөрчсөн байхад шүүгч хүн гагцхүү хуульд нийцүүлэн хэрэг маргааныг шийдвэрлэх үүргээ зөрчсөн байна.

Мөн магадлалын Хянавал хэсэгт “...106.3.1.захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” шийдвэрийг шүүхээс гаргахаар тус тус заажээ” гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Хууль зөрчсөн ба хуулиар тогтоосон журмыг зөрчсөн нийслэлийн Засаг даргын шийдвэр нь хууль бус захиргааны акт бөгөөд худалдааны төвийн үйлчилгээний хаалгыг хаагаад барилга барих гэж шийдвэр гаргаж байгаа нь Монгол Улсын иргэний Үндсэн хуулиар олгогдсон аж ахуй эрхлэх, эдийн засгийн харилцаанд оролцох эрхийг зөрчөөд байгааг огт хардаагүй шүүгчтэй болжээ.

Мөн шүүхээс “...Мөн Монгол Улсын Их Хурлын 2013 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 23 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хөгжлийн чиг хандлагын баримт бичигт”... гэсэн ишлэл авч дүгнэлт хийсэн байна. Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлд газрын талаар Улсын Их Хурлын бүрэн эрхийг заасан бөгөөд үүнд нэг хотын газрын талаар дүгнэлт хийх шийдвэр гаргах эрхийг олгоогүй байхад шүүх Монгол Улсын хуулийг үл тоож хууль хэрэглээний алдаа гаргасан байна. Хуулиар эрх олгоогүй байгууллагын шийдвэрийг шүүх шийдвэрийн үндэслэл болгох эрхгүй бөгөөд хуулиас давсан тогтоол гэж байх ёсгүйг шүүх анхаарсангүй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг ханган тухайн газарт дахин дуудлага худалдаа зохион байгуулж, төсвийн орлого нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Гурван гал трейд” ХХК нь “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 490 дүгээр захирамж, 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 дугаар захирамжийн Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдох хэсэг, 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/113 дугаар захирамжийн “Улаанбаатар хотын банк” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Маргаан бүхий акт болох Нийслэлийн Засаг даргын 2008 оны 490 дүгээр, 2013 оны А/1050 дугаар захирамж нь хариуцагч Газрын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээндээ гаргасан, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Харин Нийслэлийн өмчийн харилцааны газраас “Улаанбаатар хотын банк” ХХК-д шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/113 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.-т “Энэ хуулийн 35.1.4, 35.1.6-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй”; 35.1.4.-т “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх”; гэснийг зөрчжээ.

Хуулийн энэхүү зохицуулалтаас үзвэл Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-ийн дагуу төсөвт байгууллагад “зайлшгүй хэрэгцээ”-г нь үндэслэн олгосон газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэхийг хориглосон байна. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасан газар эзэмшигчийн эрх нь зөвхөн Монгол улсын 18 насанд хүрсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага буюу “хувийн эрх зүйн хуулийн этгээд”-д хамааралтай гэж тайлбарлаж болохоор байна /Газрын тухай хуулийн 6.1, 38.1/.

Иймд хариуцагч маргаан бүхий актаар төсөвт байгууллагад /Өмчийн харилцааны газарт/ олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хувийн өмчийн хуулийн этгээдэд /”Улаанбаатар хотын банк” ХХК-д/ “шилжүүлсэн” нь дээрх зүйл, заалтуудыг зөрчжээ.

Гэтэл давж заалдах шатны шүүх маргаан бүхий акт нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д нийцсэн гэж, төсөвт байгууллагад хамааралгүй зүйл, заалтыг хэрэглэсэн нь буруу байна.

Мөн анхан болон давж заалдах шатны шүүхээс “маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь, хэрэв төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээ үгүй болсон бол тухайн газрыг эзэмших эрхийг Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгохдоо шударга ёс, тэгш байдлыг хангах нь төрөөс /хариуцагчаас/ баримтлах ёстой зарчим юм /Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3/. Энэ утгаараа нэхэмжлэгчийн хувьд “худалдааны төвийнх нь шатнаас 1 метрийн зайд орших газрыг дуудлага худалдаа, сонгон шалгаруулалт зарлалгүйгээр гуравдагч этгээд “Улаанбаатар хотын банк” ХХК-д шилжүүлсний улмаас тэрээр тухайн газрыг эзэмших эрхийг авахын тулд бусадтай, тухайлбал гуравдагч этгээдтэй тэгш, шударга өрсөлдөх эрх нь зөрчигдсөн” гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй.

Иймд шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2017/0115 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...нэхэмжлэгч “Гурван гал трейд” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 490 дүгээр захирамж, 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 дугаар захирамжийн Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдох хэсэг, 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/113 дугаар захирамжийн “Улаанбаатар хотын банк” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “нэхэмжлэгч “Гурван гал трейд” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/113 дугаар захирамжийн “Улаанбаатар хотын банк” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдэх “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 490 дүгээр захирамж, 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 дугаар захирамжийн Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                   Г.БАНЗРАГЧ