| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2022/0336/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/351 |
| Огноо | 2022-10-28 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/351
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2022/0336/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,
Шүүгдэгч Д.Чулуунцэцэг /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт Боржигон овогт Дариймаагийн Чулуунцэцэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218001820380 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Боржигон овогт Дариймаагийн Чулуунцэцэг /РД: МК68051346/, 1968 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, охин, зээ нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Түлээтийн 2 дугаар гудамжны 75 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Д.Чулуунцэцэг нь 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Эрүүл мэндийн хоёрдугаар төвд Ц.Ариунхандын гээгдүүлсэн Самсунг А52 маркийн гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж 650,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Чулуунцэцэг мэдүүлэхдээ: “...Миний буруу, би 250,000 төгрөгийг хохирогчид төлсөн. 400,000 төгрөгийг цаашид төлж барагдуулна.” гэв.
Эрүүгийн 2218001820380 дугаартай хэргээс:
Хохирогч Ц.Ариунхандын мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/, Капитал зууч ХХК-ийн үнэлгээ /хавтаст хэргийн 17 дахь тал/, Мобиком корпораци ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 4/6530 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 49 дэх тал/, Д.Чулуунцэцэгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргийг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Д.Чулуунцэцэгийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.Чулуунцэцэг нь 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эрүүл мэндийн хоёрдугаар төвд Ц.Ариунхандын гээгдүүлсэн Самсунг А52 маркийн гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж 650,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар болон шүүх хуралдаан хэлэлцүүлгийн шатанд судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгч өөрөө гэм буруугаа хүлээсэн тул шүүгдэгч Д.Чулуунцэцэгийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.
Шүүгдэгч Д.Чулуунцэцэг нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Д.Чулуунцэцэг нь 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Эрүүл мэндийн хоёрдугаар төвд Ц.Ариунхандын гээгдүүлсэн Самсунг А52 маркийн гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж 650,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:
Хохирогч Ц.Ариунхандын мөрдөн байцаалтад 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн “...Би Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газарт арга зүйчээр ажилладаг. 2022 оны 03 дугаар сарын 17-ны өглөө 08 цагийн үед ажил дээээ очсон бөгөөд 08 цаг 30 минутын үед манай хүү Сумъяабазар миний 99406409 дугаарын утас руу залгаад тухайн үед би гар утсаараа хүүхэдтэйгээ ярьж байгаад гар устаа хаана тавьсан гэдгээ санахгүй байна. Тэгээд гар утас руугаа хамт ажилладаг хүнийхээ утсаар залгахад эхлээд дуудаж байснаа хэсэг хугацааны дараа унтарсан учраас цагдаагийн байгууллагад хандсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,
Капитал зууч ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “...Ц.Ариунхандын эзэмшлийн 2021 оны 05 дугаар сард худалдаж авсан Самсунг А52 маркийн 64GB багтаамжтай гар утас /хуучин/ 1ш эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 650000=00 /зургаан зуун тавин мянга/ төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн жагсаалт /хавтаст хэргийн 17, 18 дахь тал/,
Д.Чулууцэцэгийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн 2 дугаар төвийн эмчид өөрийнхөө биеийг үзүүлэх гээд өглөө 08 цаг өнгөрч байхад очоод эмчийн өрөөний үүдэнд хүлээлгийн сандал дээр сууж байхад миний хажууд сууж байсан хүн босож явахдаа цэнхэр өнгийн гадаргуутай андройд гар утсаа сандал дээр орхиод босоод яваад өгсөн. Тэгэхээр нь би тухайн гар утсаа асууж сураглаад хүн ирээгүй учир гэр рүүгээ аваад явсан. Тэгээд тухайн гар утас дэлгэцэн дээрээ нэвтрэх нууц үгтэй байсан учир гар утасны засварчинаар нууц үгийг нь тайлуулаад өөрийн хүү Цэдэнжавын Ганзоригийн нэр дээр ашиглаж байсан Мобикомы 99707558 дугаарыг тухайн гар утсанд хийгээд 2 сар гарангийн хугацаанд хэрэглэж ашиглаж байгаад усанд унагаад эвдчихсэн. Тэгээд засвар авах боломжгүй гэж гар утас засварчин хэлэхээр нь гэрийнхээ хог дээр хаясан. Би хүний гээгдэл эд зүйлийг ашиглаж бусдад хохирол учруулсан хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Би тухайн хохирлыг төлж барагдуулна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс шүүгдэгч Д.Чулуунцэцэгийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.Чулуунцэцэгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгчийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгчийн шунахайн сэдэлт, амар хялбар аргаар амьдрах гэсэн зорилго нөлөөлсөн гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 650,000 төгрөгөөс 250,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул үлдэгдэл 400,000 төгрөгийг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн 10-62 тоотод оршин суух хаягтай Борлууд овогт Цэвээний Ариунханд /РД: ОЖ81092603, утас 99406409/-д олох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч саналдаа: “Шүүгдэгч Д.Чулуунцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна.” гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.Чулуунцэцэг нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч Д.Чулуунцэцэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос төлж барагдуулсан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Ял шалгасан хуудсаар шүүгдэгч Д.Чулуунцэцэг нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдалтай байна.
Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Д.Чулуунцэцэгт ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлж байгаа байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чулуунцэцэгт 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумаас гарч явахыг хориглохоор тогтоож биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Чулуунцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Дариймаагийн Чулуунцэцэгийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд мэдсээр байж завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чулуунцэцэгт 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Д.Чулуунцэцэгт шүүхээс оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумаас гарч явахыг хориглохоор тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Чулуунцэцэг нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2, 173, 174 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Д.Чулуунцэцэг нь өөрийн байнга оршин суух газраа өөрчлөх зайлшгүй шаардлагатай тохиолдолд ял эдлэх бүсээ өөрчлүүлэх үндэслэл бүхий хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чулуунцэцэгээс 400,000 төгрөг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн 10-62 тоотод оршин суух хаягтай Борлууд овогт Цэвээний Ариунханд /РД: ОЖ81092603, утас 99406409/-д олгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Чулуунцэцэг нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР