| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2018/02957/и |
| Дугаар | 102/ШШ2018/03779 |
| Огноо | 2018-12-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2018/03779
| 2018 оны 12 сарын 14 өдөр | Дугаар 102/ШШ2018/03779 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ..., ...лол, ... тоотод оршин суух, Ш овогт Б.Г/РД: .../-ын
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. дугаар хороо, . дүгээр хороолол, . . дугаар байрны . тоотод оршин суух, Я...р овогт Д..Б /РД: .../-д холбогдох,
Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Хан-Уул дүүргийн . дүгээр хороо..., . гудамж, . дугаар байрны . тоот хувийн сууцны өмчлөх эрхийг Б.Гын нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагч Д.Б, гэрч Д.Нарантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Гын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Б.Г миний бие нь мөнгөний хэрэгцээ шаардлага гарсан тул иргэн Д.Стэй тохиролцсоны дагуу түүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн ...хороо, ... хотхон, ... гудамж, ...дугаар байрны . тоот хувийн сууцыг иргэн Д.Баас зээл авахад ашигласан ба тэрээр бэлэн мөнгө алга, оронд нь 2 ширхэг автомашин өгье, чи цааш нь мөнгө болгоод ав гэсний дагуу 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хэлцэл хийж ... улсын дугаартай ланд круйзер 200 загварын автомашин, ... УНС улсын дугаартай ланд круйзер 105 загварын автомашинуудыг тус тус авч, оронд нь Хан-Уул дүүргийн ...хороо, ... хотхон, ... гудамж, ...дугаар байрны ... хувийн сууцыг иргэн Д.Бд Хувийн сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж шилжүүлсэн. Гэтэл Д.Б нь одоог хүртэл ... улсын дугаартай ланд круйзер 200 загварын автомашин, ... УНС улсын дугаартай ланд круйзер 105 загварын автомашинуудыг надад өгөлгүйгээр Хан-Уул дүүргийн ...хороо, ... хотхон, ... гудамж, ...дугаар байрны ... хувийн сууцыг өөрийн өмчлөл болгосон. Түүнчлэн Б.Г миний бие нь Д.Баас зээл авах л зорилготой байсан болохоос дээрх орон сууцыг худалдах зорилго байгаагүй. Угаасаа дээрх орон сууцыг 105,000,000 төгрөгөөр худалдах ямар ч үндэслэл байхгүй. Д.Б нь чи зээлийнхээ барьцаа болгож энэ үл хөдлөх эд хөрөнгөө миний нэр дээр худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүл гэсний дагуу гэрээг байгуулсан. Иймд хувийн сууц худалдах, худалдан авах тухай 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Хан-Уул дүүргийн ...хороо, ... хотхон, ... гудамж, ...дугаар байрны ... хувийн сууцны өмчлөх эрхийг Б.Гын нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Б.Г болон иргэн Д.Б нарын хооронд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан хувийн сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Хан-Уул дүүрэг, ...хороо, ... хотхон, ... гудамж хотхон, ... дугаар байр, ... 247 м/кв бүхий хувийн сууцыг иргэн Б.Гын нэр дээр шилжүүлэхийг иргэн Д.Бд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Б.Г нь ...ХХК-ийн захирал бөгөөд хувийн сууц барих үйл ажиллагаа эрхэлдэг. Хан-Уул дүүрэг, ...хороо, ... хотхон, ... гудамж, ... дугаар байр, ... 247 м/кв бүхий хувийн сууцыг иргэн Д.Бд худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн. Ямар учир худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн бэ гэвэл Ганбаяр нь Хан-Уул дүүрэг, ...анд хэд хэдэн барилга барьж байсан бөгөөд барилгын ажлаа дуусгахад мөнгө хэрэгтэй болсон тул мөнгө зээлэх хүн хайсан. Тэгээд Д.Бтай уулзаж, Д.Баас мөнгө зээлэхээр болсон. Д.Б тухайн үед бэлэн мөнгөгүй тул ланд 100, ланд 200 маркийн 2 автомашиныг өгөөд, уг хоёр автомашиныг Батсайхан нь өөрийн найзын банк бус санхүүгийн байгууллагад тавиад мөнгө болгочих гэж хэлж байсан. Тухайн үед худалдах-худалдан авах гэрээ хийсэн ч гэсэн иргэд хоорондоо 2 автомашин өгч, буцааж өгөх хугацааг тохирч байсан. Ингэснээр бодит байдал дээр худалдах худалдан авах гэрээ хийгээгүй юм. Тухайн үед ланд 100 маркийн тээврийн хэрэгслийг 35,000,000 төгрөг, ланд 200 маркийн тээврийн хэрэгслийг 70,000,000 төгрөгөөр, нийт 105,000,000 төгрөгөөр тооцохоор тохирсон байсан. Гэтэл тухайн ланд 200 маркийн машиныг огт аваагүй юм. Ланд 200 маркийн тээврийн хэрэгсэл нь Монголиан инвест систем банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байсан. Уг ланд 200 маркийн машиныг 70,000,000 төгрөгөөр тохирч банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж зээлийн гэрээ, барьцааны гэрээнд гарын үсэг зуруулсан боловч 22,500,000 төгрөгийг Б.Гын данс руу шилжүүлж, уг мөнгөнөөс буцаагаад 17,000,000 төгрөгийг нь Хуягтын Ганбат гэж хүн авсан. Хуягтын Ганбат гэх хүн нь Батсайханы дагуулж ирсэн хүн нь байсан. Ингээд үндсэндээ 70,000,000 төгрөгөөр тохирсон боловч 5,500,000 төгрөгийг нь авсан. Ланд 100 маркийн машиныг авсан бөгөөд банк бус санхүүгийн байгууллагад тавиад, цааш нь худалдан борлуулж захиран зарцуулсан байдаг. Тиймээс ланд 100 маркийн машины төлбөр 35,000,000 төгрөг, ланд 200 маркийн машины төлбөр 5,500,000 төгрөг, нийт 42,500,000 төгрөгийн зээлийн төлбөртэй байгаа. Уг төлбөрийг буцааж өгнө гэхэд хүү, алданги нэхэмжилдэг бөгөөд сүүлдээ 200,000,000 төгрөг болгож амаараа нэхээд, хувийн сууцыг шилжүүлж өгдөггүй юм. Нэхэмжлэгчийн зүгээс анх Д.Бтай мөнгө зээлэх гэж холбогдсон. Уг 247 м/кв талбай бүхий орон сууц нь 105,000,000 төгрөг буюу 1/кв-ийг нь 500,000 төгрөг хүрэхгүй үнээр худалдана гэж байхгүй. Анхнаасаа барьцаа хөрөнгө болгож байсан бөгөөд худалдах худалдан борлуулах хүсэл зориг байгаагүй, зээлийн гэрээг халхавчлах зорилготой, дүр үзүүлж хийсэн хэлцэл юм гэв.
Хариуцагч Д.Бы шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Б.Г нь зээл авахдаа хувийн сууцаа барьцаалсан мэтээр нэхэмжлэл шүүхэд гаргажээ. Б.Г нь Хан-Уул дүүргийн ...хороо, ... хотхон, ... гудамж, ...дугаар байрны ... дутуу баригдсан хувийн сууцаа 105,000,000 төгрөгөөр үнэлж, надад байсан ... УБД улсын дугаартай ланд круйзер 200 загварын автомашин, ... УНС улсын дугаартай ланд круйзер 105 загварын автомашинуудыг мөн 105,000,000 төгрөгөөр үнэлж худалдаж-худалдан авах гэрээ байгуулж надад хувийн сууцаа худалдсан. Дээрх 2 машиныг түүнд хүлээлгэж өгсөн бөгөөд тэрээр цааш нь захиран зарцуулсан нь баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нотлох баримтгүйгээр намайг гүжирдэж байна. Би хүү, алданги зэрэг төлбөр шаардаж байгаагүй. Тухайн хаус гэх хувийн сууц нь үндсэндээ 4 өрөө байр бөгөөд дулааны шугам сүлжээ нь шийдэгдээгүй, ашиглалтанд ороогүй байр байгаа. Уг хувийн сууцыг би худалдаж авсан бөгөөд Б.Г нь өөрөө надад үнэлж зарсан байгаа. Уг үнэ нь алдсан ч байсан оносон ч байсан миний л хариуцлага юм. Би тухайн барилгыг ордон болгох, жорлон болгох нь миний асуудал бөгөөд миний өгсөн машиныг яах нь нэхэмжлэгч талын эрх байсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Д.Бд холбогдуулан хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Хан-Уул дүүргийн ...хороо, ... хотхон, ... гудамж, ...дугаар байрны ... хувийн сууцны өмчлөх эрхийг Б.Гын нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Шүүхээс дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Г нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Д.Баас мөнгө зээлэхдээ Хан-Уул дүүргийн ...хороо, ... хотхон, ... гудамж, ...дугаар байрны ... хувийн сууцыг барьцаалсан, түүнд мөнгө бэлэн байгаагүй тул ... улсын дугаартай ланд круйзер 200 загварын автомашин, ... УНС улсын дугаартай ланд круйзер 100 загварын автомашинуудыг цааш нь мөнгө болгоод ав гэсний дагуу машинуудыг нэр дээрээ шилжүүлсэн. Хувийн сууцаа Д.Бд худалдах зорилго байгаагүй гэжээ.
Зохигчид 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хувийн сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Д.Сээс олгосон итгэмжлэлээр Б.Г нь Хан-Уул дүүргийн ...хороо, ... хотхон, ... гудамж, ...дугаар байрны ... хувийн сууцыг 100,000,000 төгрөгөөр Д.Бд худалдсан ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ. гэж заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан байна.
Ингэхдээ худалдан авагч Д.Б нь ... улсын дугаартай ланд круйзер 200 загварын автомашиныг 70,000,000 төгрөгөөр, ... УНС улсын дугаартай ланд круйзер 100 загварын автомашинуудыг 35,000,000 төгрөгөөр, нийт 105,000,000 төгрөгөөр үнэлж худалдан авч буй Хан-Уул дүүргийн ...хороо, ... хотхон, ... гудамж, ...дугаар байрны ... хувийн сууцны төлбөрт өгөхөөр Б.Гтай тохиролцсон ба худалдан авагчБ.Г нь 105,000,000 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр буцаан төлөөгүй тохиолдолд хувийн сууц худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр болох талаар тохиролцож 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Иргэд хоорондын хэлцэл байгуулжээ.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр болсон тул Д.Б нь 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн ...хороо, ... хотхон, ... гудамж, ...дугаар байрны ... хувийн сууцны өмчлөгчөөр бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн ... тоот гэрчилгээг авчээ.
Нэхэмжлэгч Б.Г нь итгэмжлэлийн үндсэн дээр маргаан бүхий хувийн сууцыг Д.Бд худалдсан ба Д.Б нь 2 автомашиныг төлбөртөө тооцож өгсөн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т Дүр үзүүлэн хийсэн хэлцэл, мөн 56.1.3-д Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хйисэн хэлцэл гэж үзэх буюу зээлийн болон барьцааны гэрээг халхавчлах зорилгоор худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл дүр үзүүлсэн хэлцэл-ээр хэлцэл хийгч талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй буюу ямар нэг хууль зүйн үр дагавар гаргахыг хүсдэггүй, харин өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл хийгч талууд уг хэлцлийг хэрэгжүүлэх хүсэл зориггүй байдаг.
Нэхэмжлэгч Б.Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г нар нь ... хариуцагч Д.Б нь ланд круйзер 200 машиныг огт хүлээлгэж өгөөгүй гэх боловч 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрээ байгуулагдсан байхад нэхэмжлэгч нь ланд круйзер 200 машиныг аваагүй гэх гомдлоо 1 жил 10 сарын хугацаанд төрийн зохих байгууллагад гаргаагүй, мөн нэхэмжлэлийн шаардлагын энэ үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй болно.
Иймд нэхэмжлэгч Б.Гын хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Хан-Уул дүүргийн ...хороо, ... хотхон, ... гудамж, ...дугаар байрны ... хувийн сууцны өмчлөх эрхийг Б.Гын нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг баримтлан 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хувийн сууц худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Хан-Уул дүүргийн ...хороо, ... хотхон, ... гудамж, ...дугаар байрны ... хувийн сууцны өмчлөх эрхийг Б.Гын нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмэлэгч Б.Гын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР