| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2018/04521/и |
| Дугаар | 102/ШШ2019/00054 |
| Огноо | 2019-01-02 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2019/00054
| 2019 оны 01 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2019/00054 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дүгээр хороо, ... дүгээр хороолол, ... хутагт Д... гудамж, ... ... дугаар байрны ...тоотод оршин суух, Ч... овогт Р... А...РД: .../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, Эрчим хүчний гудамж, ...-ийн зүүн талд өөрийн байр, С...ХХК /РД: .../-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 31,425,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д, хариуцагчийн төлөөлөгч Т.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Агийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Р.А нь хариуцагч С ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 08/08 тоот, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 09/25 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулан хамтран ажилласан. Гэрээнд тусгасан ажлуудыг автозамын стандарт, норм, дүрэм, журмын дагуу чанартай хийж, хүлээлгэн өгч, улсын комисст хамтран хүлээлгэн өгсөн байгаа. Тус компанийн захирал Т.Д, инженер н.М, менежер н.О, хөнгөн бетон үйлдвэрийн дарга, санхүү хариуцсан албан тушаалтай н.П нартай удаа дараа утсаар болон биечлэн уулзаж гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсөө авахаар хандахад улсын комисс хүлээж аваад төрийн сангаас төлбөр орж ирэхээр төлөх болно гэж хэлж байсан. Мөн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр санхүү хариуцсан албан тушаалтан н.Птэй уулзахад Өмнөговь аймагт байрлах барилгад хөнгөн бетон нийлүүлсэн, Улаанбаатар хот, Бэлх зусланд хаусын ажил тус тус хийж байгаа, эдгээр ажлуудын төлбөр орж ирэхээр төлбөрийг төлнө гэх байдлаар бас хойшлуулж байсан. Түүнээс хойш 2018 оны 10 сарын 17-ны өдөр миний бие тус компанийн байранд өөрийн биеэр очиж албан бичгээр төлбөр тооцоог барагдуулах талаар хариуг хугацаа зааж ирүүлэхийг мэдэгдсэн боловч албан ёсоор хариу өгөөгүй. Тэгээд захирал Даваасүрэнтэй нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн орой холбогдоход 7 хоногийн дараа утсаар яриарай, төлбөр орж ирэх гэж байгаа тул үлдэгдэл төлбөрийг төлөх болно гэж хэлээд утсаа салгаж түүнээс хойш утсаа авахгүй бөгөөд төлбөрөө төлөөгүй.
Иймээс ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 20,950,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 сарын 17 өдрийг хүртэл тооцож нийт 321 хоногоор тооцож 33,624,750 төгрөгийн алданги, тус компаниас гэрээний үлдэгдэл төлбөр хүүгийн хамт 54,574,750 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 08/08 тоот, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 09/25 тоот ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 20,950,000 төгрөг, алданги 10,475,000 төгрөг, нийт 31,425,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 234.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэх заалтын дагуу 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №0808 тоот, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №0925 тоот ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцож гаргуулахаар нэхэмжилж байгаа. Иймд хариуцагч С ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үндсэн үүрэг 20,950,000 төгрөг, алдангид 10,475,000 төгрөг, нийт 31,425,000 төгөргийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч С ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн төлөөлөгч Т.Дгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: С ХХК нь Р.Атай 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 08/08 тоот 57,972,000 төгрөгийн үнийн дүн бүхий, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 09/25 тоот, 42,432,000 төгрөгийн үнийн дүн бүхий ажил гүйцэтгэх гэрээнүүдийг байгуулан Хөдөө, аж ахуйн их сургууль, Мал эмнэлгийн хүрээлэнгийн гадна зам талбайн тохижилтын ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Туслан гүйцэтгэгч Р.Ад нийт 104,000,000 төгрөгийн дүнтэй ажил байсан бөгөөд үүнээс бидний зүгээс 80 орчим хувь болох 79,454,000 төгрөгийг төлсөн, одоо үлдэгдэл 20,950,000 төгрөг төлөгдөөгүй байгаа нь үнэн бөгөөд хариуцагчийн зүгээс төлөхийг зөвшөөрч байгаа. Яагаад төлж чадаагүй өнөөдрийг хүрсэн бэ гэхээр төсвийн хөрөнгө барьж байгаа барилга, төсвийн хүрэлцээ, санхүүжилтийн байдал зэргээс шалтгаалан төлбөрөө төлж чадаагүй. Үлдэгдэл төлбөрийг төлөх хугацаа өнгөрсөн хэдий ч бид нийт үнийн дүнгийн 80 орчим хувийг төлсөн байгаа. Чанарын барьцаа, чанарын баталгаа гэж 10 хувийг нь туслан гүйцэтгэх компани 1 жилийн дараагаас нэхэмжилж авдаг журамтай бөгөөд энэ талаар Барилгын тухай хуулинд зохицуулсан байдаг.
Нэхэмжлэгч хэрвээ алдангаасаа чөлөөлөхгүй бол Р.Агийн чанаргүй гүйцэтгэсэн ажлыг өөр хүмүүсээр дахин гүйцэтгүүлэсэн ажил, уг ажлын дүн, материал үрэгдүүлсэнтэй холбоотой хөлсөнд нийт 4,378,000 төгрөгийг манай зүгээс бусдад Р.Агийн өмнөөс төлсөн тул энэ төлбөрийг суутгуулах саналтай байгаа. Чанаргүй хийсэн ажлыг нь тодорхой хэлбэл явган хүний замын түвшин алдагдаад зам руу ус ордог байсан бөгөөд үүнийг н.Амарсанаад хэлэхэд төлбөр гүйцэт аваагүй тул засварлах боломжгүй байгаа гэж хэлсэн тул уг засварыг бид өөрсдөө хийж дуусгасан. Мөн Мал эмнэлгийн хүрээлэнгийн хувьд бас барилгынхаа хаяавчнаас зам нь өндөр хийгдсэн тул замын ус барилгын хаяавч руу ордог байсан. Тиймээс алдангаа хасвал засвар хийсэн ажлын төлбөрийг бид өөрсдөө хариуцах болно гэв.
Шүүх зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.А нь хариуцагч С ХХК-д холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 31,425,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч С ХХК нь ... гэрээний үлдэгдэл төлбөр 20,950,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа. Харин алдангийг зөвшөөрөхгүй. Учир нь төсвийн хөрөнгөөр санхүүжиж байсан тул төлбөрөө төлөх хугацаа хэтэрсэн. Мөн нэхэмжлэгч Р.А нь гэрээнд заасан ажлаа зохих ёсоор чанартай гүйцэтгээгүйн улмаас доголдол үүссэн. Энэ доголдлыг манай компани бусад этгээдээр гүйцэтгүүлж 4,378,000 төгрөгийн зардал гарсан. Алдангиа хасахгүй бол энэ төлбөрийг суутгуулна гэж маргаж байна.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Р.А, хариуцагч С ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 08/08 тоот гэрээ байгуулан Хөдөө, аж ахуйн их сургуулийн хичээлийн 2 дугаар байрны барилгын өргөтгөлийн гаднах нийт 1559.5 м/к зам талбайн тохижилт, үүнд: 1.Асфальт бетонон зам 562.5 м/к, 2.Эко хавтантай зогсоол 542 м/к, 3.Карма эко хавтантай зогсоол 128 м/к, 4.Явган хүний зам, тэргэнцэртэй талбай 327 м/к-ын тохижилтын ажлыг 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд Р.А хийж гүйцэтгэх, ажлын хөлс болох 57,972,000 төгрөгийг хариуцагч С ХХК төлөх үүргийг,
Мөн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 09/25 тоот гэрээ байгуулан Мал эмнэлгийн хүрээлэнгийн барилгын гадна талбайн тохижилт, үүнд: 1.Асфальт бетонон зам 750 м/к, 2.Явган зам 160 м/к, 3.Эко хавтан 10 м/к-ын тохижилтын ажлыг 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд Р.А хийж гүйцэтгэх, ажлын хөлс болох 42,432,000 төгрөгийг хариуцагч С ХХК төлөх үүргийг тус тус хүлээж 2 удаагийн гэрээ байгуулжээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна., мөн хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно. гэжээ.
Нэхэмжлэгч Р.А нь 2017 оны 8-аас 11 дүгээр сарын хооронд Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Хөдөө, аж ахуйн их сургууль, Мал эмнэлгийн хүрээлэнгийн барилгын гадна талбайн буюу асфальт бетонон зам, явган хүний зам, зогсоолын тохижилтын ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгөх, хариуцагч тохирсон хөлсийг төлөхөөр харилцан тохиролцсоны дагуу Р.А нь Хөдөө, аж ахуйн их сургуулийн гаднах асфальт бетонон 562.5 м/к зам, эко хавтантай 542 м/к зогсоол, карма эко хавтантай 128 м/к зогсоол, явган хүний /тэргэнцэртэй/ 327 м/к замын тохижилтын ажлыг хийж гүйцэтгэн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр С ХХК-д хүлээлгэж өгсөн, мөн Мал эмнэлгийн хүрээлэнгийн барилгын гаднах асфальт бетонон 750 м/к зам, явган хүний 160 м/к зам, эко хавтан 10 м/к талбайн тохижилтын ажлыг хийж гүйцэтгэн 2017 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр С ХХК-д хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч болон хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан Хөдөө аж ахуйн их сургууль, Мал эмнэлгийн хүрээлгийн барилгын гадна талбайн ажлыг хийж гүйцэтгэсэн, төлбөрийн үлдэгдэл 20,950,000 төгрөг гэсэн тайлбар зэргээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж шүүх дүгнэлээ.
Зохигчдын хооронд 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 08/08 тоот, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 09/25 тоот ажил гүйцэтгэх 2 удаагийн гэрээ байгуулагдсан бөгөөд Хөдөө, аж ахуйн их сургуулийн хичээлийн 2 дугаар байрны барилгын өргөтгөлийн гадна нийт 1559.5 м/к зам талбайн тохижилтын 57,972,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээний үүргээ хариуцагч С ХХК нь бүрэн төлж барагдуулсан болох нь ажил гүйцэтгэх 2 удаагийн гэрээний үлдэгдэл төлбөр 20,950,000 төгрөг, хариуцагчийн ... гэрээний төлбөрт нийт 79,454,000 төгрөг төлсөн, одоо 20,950,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэх тайлбар болон Хаан банкны Р.А нарын эзэмшдэг 5030333709 тоот дансны хуулга зэргээр тогтоогдож байна.
Мал эмнэлгийн хүрээлэнгийн барилгын гаднах зам талбайн тохижилтын ажлыг хийж гүйцэтгэх тухай 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 09/25 тоот гэрээний үүрэгт хариуцагч С ХХК нь 42,432,000 төгрөгийг төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн хийж гүйцэтгэсэн болох нь 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Мал эмнэлгийн хүрээлэнгийн гаднах 920 м/к зам, талбайн тохижилтын ажлыг хүлээлгэн өгсөн тухай актаар тогтоогдож байна. Гэрээний үлдэгдэл төлбөрт 20,950,000 төгрөгийг төлөхийг хариуцагч зөвшөөрсөн.
Зохигчдын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 09/25 тоот ажил гүйцэтгэх гэрээний 6.1-д Талууд энэхүү гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй эсвэл зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд ажлын үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлнө. гэжээ. Нэхэмжлэгч Р.А гэрээнд заасан хугацаанд буюу 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр үүргээ гүйцэтгэсэн болох нь дээр дурдсан баримтаар тогтоогдсон тул энэ өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл нийт 321 хоногийн алданги нь /20,950,000 төгрөгийн 0.5 хувь 104,750 төгрөг/ нийт 33,624,750 төгрөг болж байна. Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж хуульчилсан тул алдангийг хуульд заасан хэмжээнд нийцүүлж, 10,475,000 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч С ХХК нь ... нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан тул манай компани бусад этгээдээр доголдлыг арилгуулж, хөлсөнд нь 4,3780,000 төгрөгийг төлсөн, энэ төлбөрийг хасуулна гэж маргажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; үүрэгтэй гэжээ. Хариуцагч нь хуульд заасан үүргээ гүйцэтгээгүй буюу Р.Агийн хийж гүйцэтгэсэн ажлын доголдлыг баримтаар нотлоогүй, мөн бусад этгээдээр доголдлыг арилгуулж, хөлс төлсөн гэх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно. Мөн Р.Агийн хийж гүйцэтгэсэн ажлыг норм, дүрэмд нийцсэн тул хүлээж авсан гэх ажил хүлээлцсэн актууд хэрэгт авагдсан тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Иймд хариуцагч С ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 20,950,000 төгрөг, алдангид 10,475,000 төгрөг, нийт 31,425,000 төгөргийг гаргуулж нэхэмжлэгч Р.Ад олгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч С ХХК-иас 31,425,000 төгөргийг гаргуулж нэхэмжлэгч Р.Ад олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 315,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 315,075 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР