Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1239

 

 

 

 

 

 

 

     2022            10           05                                    2022/ШЦТ/1239

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Э.Чанцалням,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Чанцалнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 02578 1450 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол улсын иргэн, 1981 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн

/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Одонтын 25 дугаар гудамж 13а тоотод иргэн Б.Чыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь Хаан банкны картыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч улмаар дотор нь байсан 894.000 төгрөгийг авч ашиглан, түүнд нийт 899.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1113 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухай: шүүгдэгч Б.Э:

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаангүй болохоо илэрхийлэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэдүүлэг, тайлбар, дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.Э нь 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Одонтын 25 дугаар гудамж 13а тоотод иргэн Б.Чыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь Хаан банкны картыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч улмаар дотор нь байсан 894.000 төгрөгийг авч ашиглан, түүнд нийт 899.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Б.Чын “...би 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр төрсөн дүү Батхишиг, Гэрэлээ болон түүний найз эмэгтэйн хамт 5 шил архи хувааж ууцгаасан юм. Тэгээд архи ууж байхдаа дэлгүүр рүү Гэрэлээгийн хамт орж, архи, идэх уух юм, тамхи, ундаа гэх зүйл авсан. Тухайн үед Гэрэлээ хажууд байсан болохоор Хаан банкны картын нууц код мэдчихсэн байх. Би гэртэй архиа ууж байгаад согтоод унтчихсан байсан. Маргааш нь дүү Батхишигийн хамт сэрсэн. Би картаа хайгаад олохгүй байхад Батхишиг надад өгчих гээд байхад өгөхгүй гээд байсан, өчигдөр хамт архи уусан Гэрэлээ авч явсан юм байгаа биз гэж байсан. Тэгээд Хаан банкны картаа хаалгах гэтэл 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 33.000 төгрөг, 11.000 төгрөг, 850.000 төгрөг тус тус АТМ-ээс уншуулж авсан байхаар нь цагдаад өргөдөл гаргасан.

Надад учирсан хохиролд 800.000 төгрөг өгсөн. Би үлдсэн мөнгөө нэхэмжлэхгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй..” гэсэн мэдүүлэг /хх18, 20/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх12-13/,

Шүүгдэгч Б.Эийн яллагдагчаар өгсөн “...Би Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Улаан дэлгүүрийн автобусны буудлын ойролцоо зүс таних Чын гэрт Зүүн салаа орчмоор архи уудаг хүмүүстэй хамт 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хамт архи ууж байгаад Ч ахтай хэд хэдэн удаа дэлгүүр орсон. Би хамт дэлгүүр орох үедээ картынх нь нууц кодыг мэдсэн. Тэгээд хамт ууж байгаад нэлээн согтоод Ч ахыг тасраад унасан байхад нь би Хаан банкны виза картыг нь аваад архи ундаа авсан. Мөн АТМ-ээс 850.000 төгрөг авсан. Уг мөнгөөрөө уугаад дуусгасан. Би уг хэргийг хэн нэгэнтэй хамтарч үйлдээгүй, ганцаараа үйлдсэн. ...Миний Ч ахаас хулгайлж авсан виза карт гээгдэж алга болсон” гэсэн мэдүүлэг /хх33/, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

3. Хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэйгээр буюу өөрт ашигтай байдал бий болгох зорилгоор бусдын өмчлөх эрхэд халдан, эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болно.

Шүүгдэгч нь хохирогчийн Хаан банкны виза картаас зөвшөөрөлгүй мөнгө авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх ба уг үйлдлийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 899.000 төгрөгийн хохирол учирсан байна.

4. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

5. Хохирогч Б.Ч нь “надад учирсан хохиролд 800.000 төгрөг өгсөн. Би үлдсэн мөнгөө нэхэмжлэхгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул Б.Эийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

6. Улсын яллагчаас шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, дүгнэлт гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна.

7. Хулгайлах гэмт хэрэг нь шунахайн сэдэлттэйгээр үйлдэгддэг тул тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх боломжгүй. Харин хохирогчид хохирлыг төлж, хохирогч гомдол, саналгүй гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан байх тул хохирол төлөгдсөн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

9. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нь хуульд нийцэж байх ба шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

10. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дискийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийг 260 /хоёр зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дискийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР