Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1243

 

 

 

 

 

 

 

 2022           10           06                                             2022/ШЦТ/1243

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Э.Оргилбат,

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Оргилбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 01667 1424 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, 1986 оны 6 дугаар сарын 17-ны Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,

- Улиастай сумын сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 87 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

- Улиастай сумын сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2003 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн,

- Завхан аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 544 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 925 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 544 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож, үлдэх 2 жил 6 сарын хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон,

   /,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах “Цагаан дэглий” зочид буудлын 212 тоот өрөөнд байсан С.Бгийн куртикнээс Хаан банкны 5830134705 тоот данстай картыг хулгайлан авч, данснаас 5.100.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 9 дүгээр сарын 23-ний өдрийн 1107 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Б.Д.

1. Шүүгдэгч Б.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, түүний өмгөөлөгч нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэдүүлэг, тайлбарыг дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.Д нь 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах “Цагаан дэглий” зочид буудлын 212 тоот өрөөнд байсан С.Бгийн куртикнээс Хаан банкны 5830134705 тоот данстай картыг хулгайлан авч, данснаас 5.100.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч С.Бгийн "..Би 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 17 цагийн үед “Да хүрээ” захаас таксинд суусан ба тухайн жолоочоос биеэ үнэлэгч хаагуур байдаг талаар асуухад жолооч Саппоро дээр байдаг гэхээр нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны Саппорогийн автобусны буудал дээр үл таних эмэгтэй хүнтэй танилцаж, 150.000 төгрөгөөр харилцан тохиролцоод “Цагаан дэглий” гэсэн дэн буудалд 18 цагийн үед орсон ба орохоосоо өмнө тухайн дэн буудлын ойролцоо байдаг нэг дэлгүүр орж 2 ундаа авахдаа өөрийн Хаан банкны нууц үгээ дэлгүүрийн кассчинд хэлсэн ба тэр үед нөгөө эмэгтэйтэй цуг байсан. Тэгээд дэн буудлын өрөөнд орсны дараа нөгөө эмэгтэй намайг толгойгоо угаачих гэхээр нь би нойлд ороод гарсны дараа харсан чинь нөгөө эмэгтэй байхгүй мөн миний куртикны дотор талын түрийвчинд байсан миний Хаан банкны картыг аваад явсан байсан. Тэгээд би цагдаад хандсан. Тухайн эмэгтэйг дахиж харвал танина,

“...одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би хохирлын мөнгө болох 4.000.000 төгрөгийг хүлээж авлаа. Би үлдэгдэл 1.100.000 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж байна. Би одоо Завхан аймгийн Улиастай суманд ажил хийж байгаа бөгөөд өнөөдөр ажлаас чөлөө авч орон нутгаас ирлээ. Би дахин ирж мэдүүлэг өгөх, шүүх хуралд оролцоод байж чадахгүй байна..." гэсэн мэдүүлэг \хх 29, 30\,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: "Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагаан дэглий” дэн буудлын хяналтын камер байх бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 19 цаг 01 минут 33 секундэд эхэлж байв. 19 цаг 01 минут 33 секундэд хяналтын камерт /1/ цагаан өнгийн том хэмжээний футболктой жижиг хэмжээний гар цүнхтэй, доогуураа хар өнгийн жинсэн өмдтэй хар өнгийн гуталтай эмэгтэй, нөгөө залуу нь хар өнгийн цамцтай дотуураа хар улаан өнгийн шоотой цамц доогуураа десант өнгийн 25 орчим насны залуу эмэгтэй хоёр “Цагаан дэглий” дэн буудал руу орж байгаа, 19 цаг 01 минут 38 секундэд дэн буудлын хүлээн авах дээр зогсож байгаад 19 цаг 01 минут 53 секундэд хүлээн авах хүнд тооцоо хийж байв. 19 цаг 23 минут 01 секундэд 212 тоот өрөөнөөс гарч байгаа бичлэг байв. 19 цаг 25 минут 55 секундэд 212 тоот буудлын өрөөнөөс цагаан өнгийн том хэмжээний футболктой хар өнгийн өмдтэй эмэгтэй ганцаараа гүйгээд, дэн буудлаас гараад явж байгаа бичлэг байв” гэжээ. \хх23\, хохирогч С.Бгийн 5830134705 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх8/, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна. 

3. Хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэйгээр буюу өөрт ашигтай байдал бий болгох зорилгоор бусдын өмчлөх эрхэд халдан, эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болно.

Шүүгдэгч нь хохирогчийн картыг ашиглан 6 удаагийн гүйлгээгээр данснаас нь  мөнгө шилжүүлж авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх ба уг үйлдлийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 5.100.000 төгрөгийн хохирол учирчээ.

4. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

5. Хохирогч С.Б нь 5.100.000 төгрөгөөс 4.000.000 төгрөгийг хүлээн авсан, үлдэгдэл 1.100.000 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй.” гэж заасан. Хохирогч өөрөө нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь хууль зөрчсөн, бусад этгээдийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэлд хамаарахгүй тул хүсэлтийг хүлээн авч шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.  

 

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

7. Улсын яллагчаас шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх дүгнэлт, санал гаргасан.

8. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, зорчих эрхийг хязгаарлах ял хорих ялаар солигдох тул түүний хувийн байдлыг харгалзан энэ үйлдэлд нь 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэжээ.

9. Шүүгдэгч Б.Д нь хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, урьд 5 удаа санаатай гэмт хэрэг үйлдэж байсан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасныг харгалзлаа. 

11. Шүүгдэгч Б.Д нь зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байхдаа санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь үндэслэлгүй болно. Харин хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, бусдад учруулсан хохирлыг барагдуулсныг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан. Шүүгдэгч Б.Д нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 925 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 544 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож, үлдэх 2 жил 6 сарын хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2 жил 6 сарын хугацаанд Улаанбаатар хотоос явахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон байна.

Гэтэл шүүгдэгч Б.Д нь 2022 оны 5 дугаар сарын 03-ны хулгайлах гэмт хэрэг үйлдэж зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх дэглэмийг ноцтой зөрчиж, ялыг биелүүлээгүй байх тул тухайн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн ялыг хорих ялаар сольж эдлүүлэх үндэслэл бүрджээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хорихоос өөрийн төрлийн ялыг биелүүлэхгүй байхад түүнд дахин хорихоос өөр төрлийн ял оногдуулан нэмж нэгтгэх, эсвэл тус тусад нь ялыг эдлүүлэх нь үндэслэлгүй юм.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 4/16627 дугаар албан бичигт “ялтан Б.Д нь 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар 11 сар 15 хоногийн ялыг эдэлж, 01 жил 6 сар, 14 хоногийн үлдэгдэлтэй байна” гэжээ. /хх77/ Б.Д нь өнөөдрийн шүүх хуралдаан хүртэл зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж, цахим бугуйвч зүүж байх тул түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааг 01 жил 5 сар, 15 хоногоор тогтоох нь зөв байна.

13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 5 сар, 15 хоногийн ялыг мөн хугацааны хорих ялаар солин нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хугацааг 2 жил 1 сар 15 хоногийн хугацаагаар тогтоож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

14. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг бичлэг бүхий дискийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дг 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 925 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 5 сар, 15 хоногийн ялыг мөн хугацааны хорих ялаар солин нэмж нэгтгэн, шүүгдэгчийн нийт эдлэх хорих ялын хугацааг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 2 ширхэг дискийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР