Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 894

 

 

 

 

 

 

 

  2019          09             05                                           2019/ДШМ/894                          

 

 

Э.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ширэндэв,

шүүгдэгч Э.Г-ын өмгөөлөгч Г.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга Т.Алтанзул нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 444 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Г- болон түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Э.Г-д холбогдох 19100000000116 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д овгийн Э-ийн Г, Улаанбаатар хотод 1969 оны 2 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошуу 9 дүгээр гудамжны 30 тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэгт холбогдох үедээ Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 3 дугаар гудамжны 128 тоотод түр оршин сууж байсан, ял шийтгэлгүй, /РД:000000000/;

Шүүгдэгч Э.Г- нь 2019 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 3 дугаар гудамжны 120 тоот гэртээ, согтуурсан үедээ хамтран амьдрагч С.Сүнжидмааг хэвлийн тус газар нь хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Э.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Гантулгыг гэр бүлийн хүчирхийллээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар 18 жил хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 130 хоногийг  эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-ас 7,004,962 төгрөг гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Хишигдуламд олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга болон хохирогчийн өмсөж байсан хувцас, орны цагаан хэрэглэл, бүтээлэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Г- давж заалдах гомдолдоо: “... Миний бие анхан шатны шүүхийн шийдвэр болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хэргийн зүйлчлэлийг өөрчилж, ялыг минь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” талаар заасан. Энэ зүйлд заасан үндэслэлээр оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэхэд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхыг шаарддаг. Миний үйлчлүүлэгч Э.Г- нь өөрийн гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч, анхнаасаа үйлдсэн гэмт хэргийнхээ талаар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үнэн зөв тогтвортой мэдүүлсэн. Үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Гэм буруугийн хувьд маргах зүйлгүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоосон гэмт хэргийн улмаас учруулсан 7,004,962 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч Э.Гантулгыг “хүнийг алах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэлээр үйлдсэн гэм буруутайд тооцож, 18 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг хэтэрхий дордуулсан гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч Э.Гантулгын ард өндөр настай ээж нь хөгжлийн бэрхшээлтэй дүүтэй нь хамт үлдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад давж заалдах шатны шүүх нь шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж болно гэж заасан. Хэргийн зүйлчлэл тохирсон, гэм буруу, хохирлын хувьд маргаагүй тул оногдуулсан ялын хэмжээг багасгаж өгнө үү.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ хуульд заасан тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн хүнийг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж бүх насаар хорих ял эдлүүлнэ” гэж заасан. Гэтэл Э.Г-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад бүх насаар хорих ял байхгүй, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх боломжтой тул Э.Г-д оногдуулсан хорих ялыг түүний засрал хүмүүжил, нийгэмшлийг нь харгалзан үзэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Ширэндэв тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Ялыг хөнгөрүүлэх үндэслэл байхгүй. Гэм буруугаа зөвшөөрсөн хүн бүрийн ялыг хөнгөрүүлэх ойлголт хуульчлагдаагүй. Хэдийгээр шүүх хөнгөрүүлж болох тухай заасан боловч үйлдсэн гэмт хэргийн хор уршиг арилахгүй. Энэ гэмт хэрэг нь бүх насаар хорих ял оногдуулж болохоор заасан учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл хамаарахгүй гэж үзэж байна. Түүнчлэн хохирол төлбөр төлөгдөөгүй байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Э.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч болон өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлуудын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч Э.Г- нь 2019 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 3 дугаар гудамжны 128 тоот гэртээ, согтуурсан үедээ хамтран амьдрагч С.Сүнжидмааг хэвлийн тус газар нь хутгалж санаатай алсан болох нь:

“2019 оны 2 дугаар сарын 8-ны 22 цаг 09 минутанд ээж С.Сүнжидмаа нь “Гд хутгалуулсан, түргэн тусламж дууд” гэж утсаар ярьсан талаар, С.Сүнжидмаа, Э.Г- нар 2016 оны 10 дугаар сараас эхлэн хамт амьдарч эхэлсэн, Э.Г- согтуурсан үедээ архи нэхэж агсам тавьж, ээжийг нь цохиж зоддог байсан” талаар амь хохирогч С.Сүнжидмаагийн төрсөн охин Ж.Хишигдулам, Ж.Пагмадулам нарын өгсөн мэдүүлгүүд /1-р хх 37-38, 45-47/, 

гэрч Ү.Мэнд-Амарын “... 2019 оны 2 дугаар сарын 8-ны орой, 21 цагийн орчимд эмнэлгийн түргэн тусламжийн автомашин гадаа ирээд “танай хаяг дээр дуудлага өгсөн” гэхээр нь ... ганц эзэнтэй байсан айлын хаалгыг татаад үзэхэд нэг эгч орон дээрээ амьсгаа нь давчидсан байдалтай байсан. Эмч гэрт ороод нөгөө эгчийг харчихаад “хэнд хутгалуулсан бэ?” гэж асуухад “манай нөхөр намайг хутгалсан” гэж хариулсан” гэх /1-р хх 42-44/,

гэрч А.Цэнд-Аюушийн “... Сүнжидмаагийн нөхөр гудамжинд согтуу байж байхаар нь “чи яагаад эхнэрээ хутгалж байгаа юм” гэхэд “би эхнэртэйгээ архи уугаад маргалдаж байгаад хутгалсан нь үнэн” гэж хэлсэн. Удалгүй цагдаа ирээд аваад явсан. ...” гэх /1-р хх 49-50/,

гэрч М.Баярлахын “... 22 цагийн үед “Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 3-126 тоотод хүн хутгалуулсан байна” гэсэн дуудлагаар очиход ... зүүн талын орон дээр дээшээ харсан, хэвлийгээ дарсан, гарын хажуугаар нь цус асгарч шалан дээгүүр урссан, цус болсон хэсгийг гэрийн халаатаар арчсан байдалтай эмэгтэй хүн хэвтэж байсан, ... энэ эмэгтэй ухаан санаа бүдэг, ... “хэн хутгалсан бэ” гэхэд “нөхөр хутгалчихаад гараад явсан” гэж хэлсэн, ... шалан дээр цус болсон хутга хэвтэж байсан. Эмэгтэйн биед үзлэг хийхэд хэвлийн зүүн дээд хэсэгт 10 см орчим урт, хөндлөн шархтай, сэмж, дотор гэдэс ил гарсан байдалтай байсан. ...” гэх /1-р хх 63-64/,

гэрч Д.Даваанямын “... Г намайг нэг удаа хутгалж гэмтээж байсан. Энэ үйл явдал 2018 оны 9 дүгээр сарын 10-ны шөнө Арцатын 3-128 тоотод гэрт нь болж байсан. ... Сүнжидмаагаас асуухад тэр хоёрыг маргалдахад би дундуур нь орсон чинь намайг дундуур орлоо гээд хутгалсан гэж хэлсэн. ... Г нь Сүнжидмаад “чиний тахир дутуу хүүхдийг сургуульд хүргэж өгөөд ажил хийж чадахгүй байна, чи ээжийгээ авч ир” гэж маргаан болж байсан, ... өмнөх өдөр нь Сүнжидмаагийн нүүр зүгээр байж байгаад маргааш нь цагдаа дээр ирэхэд хацар дээр халцарсан байсан. ...” гэх /1-р хх 65-66/,

гэрч С.Наранцэцэгийн “...Сүнжидмаа нүүр, ам нь хөх эрээн болсон байдаг байсан. ...” гэх /1-р хх 71-72/ тус тус мэдүүлгүүд,

амь хохирогч С.Сүнжидмаа нь хэвлийн зүүн дээд хэсгээр нэвтэрч үүдэн вен, элэгийг нэвт гэмтээн баруун 9-10 дугаар хавирга хоорондын булчин гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цус алдаж нас барсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №488 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хх 74-76/,

хэргийн газрын үзлэгээр хураагдсан хутган дээрээс хохирогч С.Сүнжидмаагийн цус илэрсэн болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1152 дугаартай дүгнэлт /1-р хх 118-119/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 9-19/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 22-24/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна. 

Шүүгдэгч, хохирогч нарын хамтын амьдралыг судалж үзэхэд шүүгдэгч Э.Г-  гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч С.Сүнжидмаагийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Хишигдулам, гэрч Ж.Пагмадулам, С.Наранцэцэг, Д.Давааням нар тодорхой мэдүүлсэн байх тул шүүгдэгч Э.Гантулгын үйлдлийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан” гэмт хэргээр зүйлчилж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Иймд шүүгдэгч Э.Гантулгын “... хэргийн зүйлчлэл өөрчилж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэдийгээр шүүгдэгч Э.Г- нь хүнийг алсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн дагуу хорих ялыг хөнгөрүүлж, нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлж өгнө үү ...” гэсэн өмгөөлөгч Г.Ганцэцэгийн давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй гэж үзлээ. 

 Харин анхан шатны шүүхээс, шүүгдэгч Э.Г-д 18 жил хорих ял шийтгэсэн нь түүний гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээтэй харьцуулахад хэт хүндэдсэн ял байх тул ялын хэмжээг 15 жил хорих ял болгон хөнгөрүүлж, энэ талаар гаргасан шүүгдэгч Э.Гантулгын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 444 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заалтад зааснаар шүүгдэгч Э.Г-ыг 18 /арван найм/ жил хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Г-ыг 15 жил хорих ялаар шийтгэсүгэй” гэж өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Э.Г-ын давж заалдах гомдлоос “... хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэсэн хэсгийг хангаж, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэгийн гаргасан “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн хорих ялыг хөнгөрүүлж, нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлыг, шүүгдэгч Э.Г-ын гаргасан давж заалдах гомдлын “... хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү ...” гэсэн хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                 ШҮҮГЧ                                                               М.ПҮРЭВСҮРЭН