Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2024/0295/З |
Дугаар | 221/МА2024/0567 |
Огноо | 2024-08-27 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2024/0567
М.Б-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагч Т.Г
Нэхэмжлэлийн шаардлага: “... Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/180 дугаарт тушаалыг хүчингүй болгож, М.Б-г С аймгийн цагдаагийн газрын Е сумын цагдаагийн тасгийн Экологийн асуудал хариуцсан байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилж, ахмад цолыг сэргээж, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүг гаргуулахыг хариуцагчид даалгах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 506 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, Э.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр
Хэргийн индекс: 128/2024/0295/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Б нь “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/180 дугаарт тушаалыг хүчингүй болгож, М.Б-г С аймгийн цагдаагийн газрын Е сумын цагдаагийн тасгийн Экологийн асуудал хариуцсан байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилж, ахмад цолыг сэргээж, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүг гаргуулахыг хариуцагчид даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 506 дугаар шийдвэрээр: “Цагдаагийн албаны тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2, 79.2.1, 81 дүгээр зүйлийн 81.4, 81.4.3, 81.4.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан М.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/180 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, М.Б-г С аймгийн Цагдаагийн газрын Е сумын Цагдаагийн тасгийн экологийн асуудал хариуцсан байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, М.Б цолыг сэргээх, албан тушаалыг бууруулснаас үүссэн цалингийн зөрүү 1,159,250 төгрөгийг нөхөн олгохыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгаж” шийдвэрлэсэн байна.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
3.1 “... Захиргааны байгууллагаас өөрийн бүрэн эрхийн хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд албаны шалгалт явуулсан бөгөөд захиргааны байгууллагаас 4 экскаватор биш 2 экскаватор байсан гэж маргаж байхад хэрэгт цугласан баримтыг зөв ойлголгүй хэргийг шийдвэрлэсэн. Шүүхээс хэрэв энэ асуудал маргаантай гэж үзвэл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж тодорхой заасны дагуу тухайн газарт яг хэдэн экскаватор байсныг тогтоох чиг үүргээ хэрэгжүүлээгүй. Албаны шалгалтын хүрээнд авсан болон албаны шалгалтын материалд хавсаргагдсан Экологийн цагдаагийн албаны мөрдөгч нарын авсан тайлбараар нэхэмжлэгч гэмт хэргийн газар очиж, гэмт хэргийг илрүүлсэн талаар хангалттай мэдүүлэг, тайлбар байсаар байтал анхан шатны шүүхээс гэрчүүдийн мэдүүлэг зөрөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.
3.2. Мөн тухайн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг цагдаагийн байгууллагын гэмт хэргийн санд бүртгүүлээгүй, шалгалтын илтгэх хуудсандаа дурдаагүй, ахлах даргадаа мэдэгдээгүй тухайн нэхэмжлэгч өөрөө болон шат шатны удирдлага нь анхан шатны шүүх хуралд гэрчээр мэдүүлсээр байтал шүүх энэ баримтад дүгнэлт өгөөгүй, буруу тайлбарлаж байгаа нь хууль зөрчжээ.
3.3. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг гэмт хэрэг үйлдэж байсан этгээдүүдэд шаардлага тавьсан, техникээ буулгах талаар сануулсан нь зөрчил гаргасан гэж үзэхгүй мэтээр дүгнэсэн бөгөөд захиргааны байгууллагаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа гэмт хэргийн шинжтэй үйлдлийн гэмт хэргийн санд бүртгүүлээгүй, удирдах албаны тушаалтандаа мэдэгдээгүй, шалгалтын илтгэх хуудсанд оруулаагүй гэсэн үндэслэлээр гаргасан гэдгийг анхан шатны шүүх ойлгоогүй шийдвэр гаргажээ. Түүний нуун дарагдуулсан үйлдэлд С аймгийн прокурорын газраас яллагдагчаар татах тогтоол гаргаж хэргийг шалгаж байгаа баримт хавтаст хэрэг байгаа нь тухайн нуун дарагдуулсан, албаны үүрэгтээ хайнга хандсан үйлдэл нь ноцтой асуудал байсан нь давхар нотлогдож байна.
3.4. … анхан шатны шүүх хуралдааны явцад хавтас хэрэгт авагдсан дээрх баримтыг нотлох баримтаас хасаагүй, нэхэмжлэгчээс энэ талаар хүсэлт гаргаагүй байтал зарим гэрчүүдийн мэдүүлгийг үнэлэхгүй байгаа нь харин ч шүүхэд урьдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэснийг зөрчжээ.
3.5. Цагдаагийн албаны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт “Эрхэлж байгаа албан тушаал, алба хаасан хугацаа, ажлын үр дүнг харгалзан цагдаагийн алба хаагчид дараах цол олгоно”, 75 дугаар зүйлийн 75.3 дахь хэсэгт “Цагдаагийн цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх журмыг Засгийн газар батална” гэж тус тус зохицуулсан. Дээрх зохицуулалтын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолын хавсралтаар “Цагдаагийн бага, дунд, ахлах цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх журам”-ын баталсан ба уг журмын 5.1 дэх хэсэгт “Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4.31, 81.4.42-т заасан тохиолдолд цагдаагийн цолыг бууруулна” гэснийг анхан шатны шүүхээс буруу тайлбарлан хэрэглэсэн. Цагдаагийн алба хаагч нь Цагдаагийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн цагдаагийн албанд орохдоо: “Монгол Улсын иргэн би цагдаагийн албанд ажиллахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, алба хаагчийн ёс зүй, сахилга, албаны нууцыг чанд сахин, чин шударгаар ажиллаж, шаардлага гарвал амь биеэ үл хайрлан зүтгэхээ батлан тангараглая. Би энэ тангаргаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээнэ” гэж тангараг өргөнө” гэсэн тангаргийг өргөдөг бөгөөд нэхэмжлэгч нь хууль, тогтоомж, сахилга, ёс зүйгээ зөрчиж, шалгалтын илтгэх хуудсанд илэрсэн нөхцөл байдлыг бүрэн тусгаагүй, удирдах албаны тушаалтанд мэдэгдээгүй, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй нь түүнд сахилгын шийтгэл оногдуулсан захиргааны байгууллагын шийдвэрийг буруутгах боломжгүй.
3.6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2.1. Нэхэмжлэгч М.Б нь Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/180 дугаарт тушаалыг хүчингүй болгож, М.Б ийг С аймгийн цагдаагийн газрын Е сумын цагдаагийн тасгийн Экологийн асуудал хариуцсан байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилж, ахмад цолыг сэргээж, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүг гаргуулахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
2.2. Анхан шатны шүүх “... хуульд заасан чиг үүргийн хүрээнд М.Б нь С аймгийн Е сумын Бугант тосгоны 35-ын ам, Залтын ам гэх газарт хууль бусаар алт олборлохоор бэлтгэж байсан иргэдийн гэмт үйлдлийг таслан зогсоох үүргээ огт биелүүлээгүй, удирдлагадаа мэдээлээгүй гэж үзэхээргүй байна. Учир нь М.Б нь шалгалт явуулаад уг газар дээр байсан иргэдийг уулнаас техник хэрэгслээ буулгах шаардлагыг тавьсан, үүний дагуу тэдгээр иргэд нь Бугант тосгонд буцаж ирсэн болох нь тэдгээрийн мэдүүлгээр тогтоогдож байна. М.Б нь С аймгийн Е сумын Бугант тосгоны 35-ын ам, Залтын ам гэх газарт очиж шалгалт явуулж байгаа тэр цаг хугацаанд иргэдээс алт олборлож байсан, үүнийг нь илрүүлсэн атлаа нуун дарагдуулсан гэх үйл баримт нь нотлох баримтаар нотлогдсонгүй. Нэхэмжлэгч М.Б хууль бусаар алт олборлож байсан гэх үйлдэл байгаагүй тул цагдаагийн гомдол, мэдээллийн санд орлуулах шаардлагагүй гэж үзсэн нь мөрдөн байцаагч өөрийн эрх хэмжээний хүрээнд нөхцөл байдлыг тогтоон, мэргэжлийн дүгнэлт хийх дотоод итгэл үнэмшилд хамаарч байгаа тул шүүх үүнийг нь буруутгах боломжгүй байна. М.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шалгалтын Илтгэх хуудсыг бичээгүй, тэрээр гэр бүлийн нөхцөл байдлын улмаас хэвийн ажиллах нөхөлд байдалд байгаагүй зэрэг нь нотлогдсон тул түүнийг албан үүргээ бүрэн гүйцэтгээгүй гэж албан тушаал болон цолыг бууруулахуйцаар буруутгах үндэслэл байхгүй” гэж үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
2.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч М.Б нь анх Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/334 дүгээр тушаалаар С аймаг дахь цагдаагийн газарт томилогдож, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/271 дүгээр тушаалаар С аймгийн Цагдаагийн газрын Е сумын Цагдаагийн тасгийн экологийн асуудал хариуцсан байцаагчаар томилогдон ажиллаж байхад нь маргаан бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/180 дугаар тушаалаар
“2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр газрын хэвлийд халдсан гэмт хэргийн газарт очиж шалгасан боловч хяналт, шалгалт явуулсан илтгэх хуудсандаа тусгаж удирдах албан тушаалтандаа танилцуулаагүй, цагдаагийн байгууллагын гомдол мэдээллийн нэгдсэн бүртгэлд оруулаагүй” гэх зөрчил гаргасан гэх үндэслэлээр С аймгийн Цагдаагийн газрын Е сумын Цагдаагийн тасгийн экологийн асуудал хариуцсан байцаагчийн албан тушаалаас чөлөөлж, цагдаагийн ахмад цолыг нь хурааж, цагдаагийн ахлагч цол олгож, цагдаагаар ажиллуулахаар шилжүүлж, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
2.4. Цагдаагийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-т “гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг тогтоох, арилгуулах”, 10.1.2-т “гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж, завдаж байгаа тухай мэдээллийг хүлээж авах, бүртгэх, олзлох, цуглуулах, олж авмагц таслан зогсоох, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ авах, гэмт хэргийг илрүүлэх”, 23 дугаар зүйлийн 23.1-т “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно”, 23.6-д “Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан.
2.5. Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч М.Б нь дээрх хууль тогтоомж болон Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн үйл баримт тогтоохгүй байна. Учир нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хэргийн газарт очин шалгаж, техник хэрэгслээ буулгах талаар шаардлагыг тавьсан байх тул түүнийг хяналт, шалгалт явуулсан илтгэх хуудсандаа тусгаж удирдах албан тушаалтандаа танилцуулаагүй, цагдаагийн байгууллагын гомдол мэдээллийн нэгдсэн бүртгэлд мэдээллийг оруулаагүй гэж шууд буруутгахааргүй байна.
2.6. Түүнчлэн, гэрч Л.Г, Г.Г, Б.Э нарын мэдүүлэг дангаараа нэхэмжлэгч М.Б ийг техник хэрэгсэл ашиглан хууль бусаар ашигт малтмал /алт/ олборлож байхад нь очиж шалгасан боловч цагдаагийн байгууллагын гомдол, мэдээллийн санд бүртгэн, хяналт шалгалт явуулсан илтгэх хуудсандаа тусгаж удирдах албан тушаалтанд танилцуулаагүй гэдгийг нотлохгүй бөгөөд нэр бүхий иргэдийг ашигт малтмал /алт/ олборлож байсан, үүнийг нэхэмжлэгч М.Б илрүүлсэн гэдгийг хөтөлбөргүй тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
2.7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн “...шалгалтын илтгэх хуудсанд илэрсэн нөхцөл байдлыг бүрэн тусгаагүй, удирдах албаны тушаалтанд мэдэгдээгүй, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй нь түүнд сахилгын шийтгэл оногдуулсан захиргааны байгууллагын шийдвэрийг буруутгах боломжгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
2.8. Харин анхан шатны шүүх “Журмын 5.2-т заасан энэ зохицуулалт, агуулгаас харвал цагдаагийн цолыг цагдаагийн албанд ажиллахгүй болсон, цагдаагийн албан хаагчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болсон этгээдээс хураан авах зохицуулалттай байхад М.Б ийг цагдаагийн албанаас халаагүй атлаа цолыг хураасан нь хууль бус байна” гэх дүгнэлтийг хийсэн нь буруу бөгөөд Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмээр тогтоосон ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдлөг болгон ажиллах үүргээ сахин биелүүлээгүй зөрчилд албан хаагчийн цолыг томилох эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураахаар байх тул албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан энэ үндэслэлээр хариуцагчийг буруутгахгүй.
2.9. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 506 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагуудаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ