Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жигмэддоржийн Долгормаа |
Хэргийн индекс | 138/2016/0127/э |
Дугаар | 129 |
Огноо | 2016-11-29 |
Зүйл хэсэг | 145.2., |
Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 129
Монгол Улсын нэрийн өмнөөс
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг
Улсын яллагч С.Алтай
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг
Шүүгдэгч Б.Гүрсоронзон нарыг оролцуулан
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халх овогт Баярмаагийн Гүрсоронзонд холбогдох эрүүгийн 201611000388 дугаартай хэргийг 2016 оны 11 сарын 11-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 10 сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-Уулын 16б-03 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувийн групптэй, ЖЯ82102878 регистрийн дугаартай, Халх овогт Баярмаагийн Гүрсоронзон.
Шүүгдэгч Б. Гүрсоронзон нь согтуугаар 2016 оны 08 сарын 25-ны өглөө 04 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-Уулын 7-10б тоотод оршин суух иргэн Ц.Батцэрэнгийн гэрт нэвтэрч эрэгтэй хүний хурганы арьсан дотортой дээл 1 ширхэг, эрэгтэй, эмэгтэй хүүхдийн 15 ширхэг сурагчийн дүрэмт хувцас, автомашины 2 ширхэг дугуй зэрэг эд зүйл хулгайлж бусдад 1025000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Гүрсоронзон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн өдөр сүү авах гэж гэрээсээ гарсан юм. Дэлгүүр явж байгаад нэг согтуу залуутай таарсан. Тэр хүн "хоёулаа ганц юм хувааж ууя" гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хашааны буланд нэг шил архи хувааж уусан. Архиа ууж дуусаад явах гэхэд "дахиад нэг шил юм хувааж ууя. Энд миний таньдаг хүн байгаа. Тэнд орж ууя" гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд хамт явсан ба биднийг ороход гэрт нь нэг хүн согтуу унтаж байсан. Сүүлийн архийг ууж байх үед намайг "хойд талын айлаас ус аваад ир" гэж хэлсэн. Би гэрээс нь гараад хойд талынх нь айл руу орох гэхэд хаалга нь онгойхгүй болохоор нь цонхыг нь татаж үзээд орсон. Намайг ороход тэр айлд 2 хайрцагтай юм болон 2 дугуй байхаар нь аваад хашааны үүдэнд тавьж байгаад гарахдаа авч явсан. 2 дугуйг дүүгийнхээ гэрт аваачиж тавьсан. Хайрцагтай юмыг нь гэртээ авч ирсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин хэрэг төвөгт орохгүй гэв.
Хохирогч Ц.Батцэрэн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: "… Манайх Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-Уулын 7-10б тоотод байдаг бөгөөд миний төрсөн ах Дашцэрэн манай хашаанд пинд амьдардаг юм. 2016 оны 08 сарын 25-ны шөнө 02 цагийн орчимд манай ахтай архи ууж байсан хүмүүс хоорондоо маргалдаад байхаар нь би гараад тэр хүмүүсийг нь хөөж явуулсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2016 оны 08 сарын 25-ны өглөө 07 цаг өнгөрөөгөөд босоод хартал машины 2 ширхэг дугуй, цаасан хайрцагтай сурагчийн дүрэмт хувцас, цэнхэр гадартай хурганы арьсан дотортой дээл алга болсон байсан…"гэжээ. /хх-ийн 13-15/
Нотлох баримтаар:
- Б.Гүрсоронзонгийн тайлбар /хх-ийн 4/
- Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6/
- Эд зүйл хураан авсан тэмдэглэл/хх-ийн 7/
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 8/
- Хохирогч Ц.Батцэрэнг байцаасан тэмдэглэл /хх-ийн 13-15/
- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 16/
- Гэрч Д.Цогтсэргэлэнг байцаасан тэмдэглэл /хх-ийн 17-18/
- Гэрч Д.Отгонзаяаг байцаасан тэмдэглэл /хх-ийн 19/
- Гэрч Б.Гандөлийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 21-22/
- Гэрч Д.Болорцэцэгийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 23-24/
- Сэжигтнээр Б.Гүрсоронзонг байцаасан тэмдэглэл /хх-ийн 29-31/
- Яллагдагчаар Б.Гүрсоронзонг байцаасан тэмдэглэл /хх-ийн 33-34/
- Багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 35/
- Улсын бүртгэлийн газрын тодорхойлолт /хх-ийн 38/
- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/
- Хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 43/
- Нийгмийн халамжийн хэлтсийн газрын тодорхойлолт, ам бүлийн тодорхойлолт, группын баримт, хувийн зан байдлын тодорхойлолт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Гүрсоронзон нь согтуурсан үедээ 2016 оны 08 сарын 25-ны өглөө 04 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-Уулын 7-10б тоотод оршин суух иргэн Ц.Батцэрэнгийн гэрт нэвтэрч эрэгтэй хүний хурганы арьсан дотортой дээл 1 ширхэг, эрэгтэй, эмэгтэй хүүхдийн 15 ширхэг сурагчийн дүрэмт хувцас автомашины 2 ширхэг дугуй зэрэг эд зүйл хулгайлж бусдад 1025000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар батлагдаж байна. Үүнд: Хохирогч Ц.Батцэрэн, гэрч Д.Цогтсэргэлэн, Б.Гандөл, Д.Болорцэцэг нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Б.Гүрсоронзонгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, тухайн хэрэгт хамааралтай хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Б.Гүрсоронзонд холбогдох хэргийг Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Гүрсоронзонг бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь мөн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Дээрх нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг / хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувийн групптэй/ харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзахаар тогтов.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг шийтгэх тогтоолд тус тус дурдаж, түүний эзэмшлээс "Nokia" маркийн гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй ба баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Б.Гүрсоронзонгийн ЖЯ82102878 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олговол зохино.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Халх овогт Баярмаагийн Гүрсоронзонг бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч Баярмаагийн Гүрсоронзонг 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Гүрсоронзонд оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Гүрсоронзонд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Ялтан Б.Гүрсоронзон нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, түүний ЖЯ82102878 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Гүрсоронзонгийн эзэмшлийн "Nokia" маркийн товчлууртай гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 сарын 04-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Б.Гүрсоронзонгийн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзсан 1 жилийн хугацааг 2016 оны 11 сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ж.ДОЛГОРМАА