Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1250

 

 

 

 

 

 

 

 

      2022           10         07                                          2022/ШЦТ/1250

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

улсын яллагч Г.Мөнхтүвшин,

шүүгдэгч, хохирогч Н.О, түүний өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг

шүүгдэгч, хохирогч Т.Х, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхтүвшинээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.О, Т.Х нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 1463 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт, урьд:

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 549 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнсэж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 11 сар 23 хоногийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгосон,

/;

 

2. Монгол Улсын иргэн, 1978 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Фүжи холдинг” ХХК-д хэсгийн ахлагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Х, Н.О нар нь 2022 оны 8 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө “Поло” нэртэй караокед “зөөгчийн асуудлаас” болж маргалдаж улмаар Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 19, 20 дугаар байрны баруун талд харилцан зодолдож, хэн хэнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1133 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Н.О, Т.Х.

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаангүй болохоо илэрхийлэн, тэдгээрийн өмгөөлөгч нар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Н.О, Т.Х нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө “Поло” нэртэй караокед “зөөгчийн асуудлаас” болж маргалдаж улмаар караокенаас гарч Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 19, 20 дугаар байрны баруун талд харилцан зодолдож, хэн хэнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

            Энэ нь Н.Оын хохирогчоор мэдүүлсэн “...Би 2022 оны 8 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө 00 цагийн орчимд найз Л.Оын хамт Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Поло” гэдэг караокед орж үйлчлүүлсэн. Караокед ороод 0,5 литрийн хоёр шил архи авч уугаад шөнийн 02 цаг өнгөрч байхад караокеноос гарсан чинь караокены үүдэнд нөгөө ширээнд сууж байсан залуу тамхи татаад зогсож байсан ба тэр залуутай маргалдаад Л.О бид хоёр тэр залуугийн хамт зам хөндлөн гарсан. Тэгээд би тэр маргалдсан залуутай харилцан зодолдож тэр залуу намайг хэд хэдэн удаа гараараа цохиж авсан ба би зөрүүлж тэр залууг нэг, хоёр удаа цохисон. Дүгнэлтэд дурдсан миний биед учирсан зүүн нүдний дээд доод зовхи, хамар, зүүн хацар, шанаа, эрүү, цээжинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлийг тухайн үед эрүүлжүүлэхэд орсон сүүлд нэрийг нь мэдсэн Х гэдэг залуу намайг зодож учруулсан. Өөр хүн цохиж зодоогүй. Тэнд Х бид хоёр харилцан зодолдсон...” гэсэн мэдүүлэг /хх15-16/,

            - Т.Хын хохирогчоор мэдүүлсэн “...Би 2022 оны 8 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Хархорин захын замын ард байдаг “Поло” гэх нэртэй караокед би ганцаараа орсон ба караокед би М гэдэг залуутай танилцаад нэг ширээнд суугаад би пиво авч уугаад сууж байсан. М надад архи авч өгөөд бид хоёр архи уугаад сууж байсан чинь эсрэг талын ширээн дээр сууж байсан хоёр эрэгтэй хүний нэг нь тухайн караокены зөөгчийн бөгснөөс базахаар нь М бид хоёр тэр залууг “боль” гэж уурлаад тухайн үед тэр залуутай зодолдоогүй маргалдаагүй салсан. Тэгээд архиа уугаад караокед дуулаад хэсэг байж байгаад ойролцоогоор 10-аас 20 минутын дараа “Поло” караокеноос гараад тамхи татаад зогсож байсан чинь араас кароаокед зөөгчийн бөгсийг базсан гэж надтай караоке дотор маргалддаг эрэгтэй, гарч ирээд “чи юу гээд байгаа юм. Чамд ямар хамаатай юм” гэж над руу дайраад бид нар барьцалдаж аваад авто замын зүүн талд гарсан чинь тэр хоёр эрэгтэйн нэг нь миний уруул хэсэг рүү гараараа цохиж би газар унасан. Тэгээд би цохиулснаас болж босож ирээд намайг цохисон эрэгтэйг хөлөөрөө өшиглөж аваад гараараа 2, 3 удаа цээж рүү нь цохиод салсан...” гэсэн мэдүүлэг /хх21-22/,

            - гэрч Б.Мын “..Архиа уугаад, дуу дуулаад байж байсан чинь эсрэг талын хана дагуух ширээнд сууж үйлчлүүлж байсан нэг нь эрээн цамцтай, нөгөө нь цайвар футболктой хоёр эрэгтэйн цайвар футболктой нь тухайн караокены зөөгч Гэрлээ гэх эмэгтэйг оролдоод байна гэхээр нь би тэр эрэгтэйд хандаж “та зүгээр байгаач” гэж хэлээд шанаа руу нь гараараа түлхсэн. Тэгсэн миний хажууд сууж байсан Хадаа ах тэр залуутай маргалдаад дайраад байхаар нь би “боль, боль” гээд болиулсан ба тухайн хүмүүс маргалдахаа болиод караокед зүгээр үйлчлүүлж байсан. Тэгээд дуу дуулаад сууж байгаад ойролцоогоор 10 гаруй минутын дараа Хадаа болон нөгөө эсрэг талын ширээн дээр сууж байсан хоёр эрэгтэй караокед байхгүй гараад явсан байсан. Удалгүй тэр караокед үйлчлүүлж байсан нэг танихгүй эрэгтэй хүн гаднаас орж ирээд “чамтай хамт явсан залуу гадаа зодуулаад байна” гэхээр нь би караокеноос гарч харсан чинь тухайн караокены ертөнцийн зүгээр зүүн талд буюу замын эсрэг талд замын цаана Хадаа нөгөө караокед эсрэг ширээн дээр сууж байсан эрээн цамтай, цайвар футболктой хоёр залууд зодуулсан гээд эрээн цамцтай залуутай нь маргалдаад байж байсан. Юу болсон гэж Хадаагаас асуусан чинь энэ залуу миний шүдийг хөдөлгөчихлөө гэж эрээн цамцтай залууг зааж хэлсэн...Хадаа газар унаж босож ирээд эрээн цамцтай залууг зөрүүлж 2, 3 удаа гараараа нүүрэн хэсэг рүү нь цохихоор нь би “боль боль, цагдаа дууд” гэж хэлчхээд яваад өгсөн. Хадаа болон эрээн цамцтай залуу хоёр тэндээ маргалдаж зууралдаад үлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх29-30/,  2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх3/, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.            

3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 11129 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Т.Хын биед доод уруулын дотор талд цус хуралт, язрал, дээд үүдэн баруун 1 дүгээр шүдний хугарал, зүүн хөлийн шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх44/,

4. Мөн 11098 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Н.Оын биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн хацар, шантал эрүү, хүзүү, цээжинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх49/,

5. Хохирогч  нарын биед учирсан дээрх хөнгөн хохирол нь гэм буруугийн санаатай хэлбэрээр хоорондоо харилцан зодолдсон, гараараа цохисон үйлдлээс үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

6. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Н.О, Т.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

7. Хохирогч Н.О, Т.Х нараас хохирлын баримт хэрэгт гаргаагүй бөгөөд “бид хоорондоо эвлэрсэн, гомдол саналгүй” гэж мэдүүлжээ.  

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нар улсын яллагчийн гаргасан ялын саналыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн болно.

9. Шүүгдэгч Н.О, Т.Х нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

11. Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч Н.О, Т.Х нар нь уг ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дискийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч   Х,    О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О, Т.Х нарт тус тус 700 нэгж буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн диск 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР