| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2022/1242/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1251 |
| Огноо | 2022-10-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Чанцалням |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1251
2022 10 07 2022/ШЦТ/1251
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,
улсын яллагч Э.Чанцалням,
шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Чанцалнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дансрангийн Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 1419 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1963 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт, хувиараа аж ахуй эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, охины хамт
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо 1-179 тоотод гэртээ өөрийн охин Б.Оэтэй ахуйн шинжтэй маргаанаас үүдэн төмрөөр толгой болон хөл, гар луу нь цохиж, зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1108 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Д.Б.
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болохыг дурдаж байна.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо 1-179 тоотод гэртээ өөрийн охин Б.Оэтэй ахуйн шинжтэй маргаанаас үүдэн хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар төмрөөр толгой болон хөл, гар луу нь цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Б.Оийн “...Би 2022 оны 8 дугаар сарын 02-ны өглөө 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Халгайт 1-178 тоотод байх аавынхаа гэрт босоод аав Д.Бы хамт гахай нядлахаар болсон юм. Тухайн үед бид хоёр гахайн фермер лүүгээ ороод 3 гахайг зүс таних хүнд нядлаад зээлээр өгч явуулсан юм. Тэгээд орой 19 цагийн үед нөгөө зүс таних эмэгтэй гахайн махныхаа тооцоог хийхдээ 0,5 литрийн Алтанговь гэх нэртэй тортой пиво авчраад ээж Аэ, аав Б нарын хамт ууж байгаад надад 1 ширхгийг өгөхөөр нь би гэрээс нь гараад гахайндаа хоол өгч байхдаа уусан. Тухайн үед хийж байсан ажлаа дуусаад гэр лүү нь эргээд ороход нөгөө хэд нэлээн согтчихсон бололтой зүс таних эмэгтэй надад хандан чи гахай зарсан мөнгөтэй байгаа юм чинь бид гуравт пиво авч өг гэж хэлэхэд нь би за тэгье гэж хэлчхээд ширхгийг авч үлдээд уулгүй утсаараа оролдоод сууж байсан юм. Тухайн үед аав, ээж болон миний зүс таних хүмүүс авсан пиво ууж байгаад орой 22 цагийн үед зүс эмэгтэй болон үл таних найз эрэгтэйнхээ хамт яваад өгсөн. Тэгээд би болон аав, ээж хоёр үлдсэн пивоо уугаад суухаар нь би орондоо ороод унтаад өгсөн юм. Тухайн үед шөнө унтаж байтал аав, ээж хоёр маргалдаад байгаа бололтой чанга дуу гарахаар нь би сэрсэн. Тэгээд намайг босоход аав, ээжийг хэл амаар доромжлоод байгаа бололтой байхаар нь би ээжийг өмөөрч аавтай хэрэлдэхэд гэнэт аав уурлаад гэрээс гарч гүйгээд эргэж орж ирэхдээ өөрийнхөө өндөртэй адил бүдүүн турбаа баруун гартаа барьж орж ирээд миний толгойн баруун дээд дух, зүүн чих рүү 2-3 удаа цохиод авахаар нь би айгаад гэрт байсан дүүгийн хоёр хүүхдэд цагдаа дуудаарай гэж хэлээд орилоход манай дүү Ану-Үжин цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн юм. ...Б нь миний төрсөн аав байгаа юм. Манай ээж Аэтэй хамт нэг гэрт амьдардаг. ...барьж байсан турбаагаа хоёр гараараа барьж байгаад хэвлий болон хөл рүү минь 6-7 удаа цохисон. Тухайн үед зодуулсны улмаас миний баруун дээд дух хавдаж, зүүн талын чих сэдэрч, хөхөрч хавдсан байдалтай байна. ...Миний толгойн баруун дээд дух хэсэгт, зүүн чих рүү турбаагаар хоёр гараараа далайж байгаад 2-3 удаа цохисон. Мөн би цохиулахгүй гээд хоёр гараараа хамгаалахад барьж байсан турбагаар хоёр гараараа барьж байгаад хэвлий болон хөлрүү минь 6-7 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх17-18/,
- гэрч Н.Аийн “...би нөхөртөө хандан өдөр охиныгоо загнаад байсан, хөгшин хүн байж битгий охинтойгоо тэгж харьцаж бай болохгүй гээд ярьж байсан юм. Тэгээд намайг ярьж дууссаны дараа манай нөхөр охиныгоо өрний тулам гэж хэлэхэд охин уурлаад нөгөө өрөөнөөс орж ирээд аавтайгаа хэрүүл маргаан болоод байхаар нь хойд өрөөндөө ороод сууж байтал хоорондоо юм шидэлцээд байгаа бололтой байж байсан юм. ...Болсон асуудлыг хараагүй. Харин муудалцаад хоорондоо шидэлцээд байсныг мэднэ...” гэсэн мэдүүлэг /хх36-40/,
- 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх1/,
- шүүгдэгч Д.Бы “...охинтойгоо зээлээ төлөх тал дээр маргалдаад ээжийнхээ дансанд мөнгө хийхгүй надтай маргалдаад байхаар нь уур хүрээд гэрээс гарч байшингийн ард байсан төмөр турбааг аваад гэр лүүгээ эргэж ороод уурандаа баруун гартаа барьж байсан турбаагаар охиныхоо толгойн баруун дээд дух хэсэгт нэг удаа, зүүн чих рүү нь 2-3 удаа цохисон. Хоорондоо ноцолдож байгаад 2 гар луу нь цохих шиг болсон. Хэдэн удаа цохисноо мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх97/, хохирогчийн биед хохирол учирсныг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна.
3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 10800 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Б.Оийн биед духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал, шарх, цээж, хэвлий, зүүн шуу, баруун тохой, зүүн гуя, баруун, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн цохих, үрэх үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй...” гэжээ. /хх25/, дүгнэлттэй холбоотой шинжээч эмч Э.Эрхэмбаяр мэдүүлэхдээ “...Тухайн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь бүгд цохих үед үүсэх боломжтой. Унах үед үүсэх боломжгүй. Энэ гэмтлүүд нь мохоо зүйлийн буюу төмөр турбагаар хэд хэдэн удаагийн үйлчлэлээр цохих үед үүсэх боломжтой...” гэжээ. /хх31/,
4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр түүнийг турба төмрөөр удаа дараа цохисон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
5. Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх102/ талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
6. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
7. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
8. Улсын яллагчаас шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
9. Шүүгдэгч Д.Быг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
11. Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч Д.Б нь уг ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг турба төмрийг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг турба төмрийг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР