| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2022/1262/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1278 |
| Огноо | 2022-10-14 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1278
2022 10 14 2022/ШЦТ/1278
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,
улсын яллагч А.Ариунаа,
шүүгдэгч Х.П, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Х.Пд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203 00426 0416 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1964 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Дархан суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, урьд:
- Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 1984 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 3/13 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 63 дугаар зүйлийн 63б дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,
- Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 255 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,
/,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Х.П нь 2022 оны 7 дугаар сарын 13-ны шөнийн 23 цаг 00 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Монсуль” шатахуун түгээх станцын урд замд “Тоёота приус” маркийн, 08-75 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасныг зөрчин явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч хохирогч Э.Хг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 427 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Э.П.
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаангүй болохоо илэрхийлж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч Х.П нь 2022 оны 7 дугаар сарын 13-ны шөнийн 23 цаг 00 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Монсуль” шатахуун түгээх станцын урд замд “Тоёота приус” маркийн, 08-75 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч хохирогч Э.Хг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх4-13/,
- хохирогч Э.Хн “...миний эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардлыг бүгдийг жолооч төлж барагдуулсан. Яг хэдэн төгрөг гарсныг жолооч мэдэж байгаа. Миний хувьд эмнэлгээс гарснаас хойш буюу энэ хүмүүсийн авч өгсөн эмчилгээнүүдээс өөрөө зардал одоогоор гараагүй байгаа. Миний биеийн байдал сайнгүй, байнга толгой эргээд юм мартаад байдаг болчихсон...Би ажил хийх чадваргүй болсон учраас 6 сарын цалин болох 9.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг, /хх14/,
- гэрч Ц.Гийн “...хотоос гарах гээд явж байхдаа 22-ын товчоо дөхөж байх үедээ 23 цагийн үед замын нэгдүгээр эгнээгээр явж байгаад явган хүн мөргөсөн. Тухайн хүн нь явган хүний зохицуулдаггүй гарцын харалдаа явж байгаад мөргүүлсэн. Замын урд талаас тухайн хоёр хүн гарч ирсэн бөгөөд эхлээд цагаан хувцастай хүн нь гэрэлд ороод ирэхэд манай нөхөр тоормос гишгэж хурдаа хасаад бараг зогсонгуутаа дахиад хаазаа гишгээд хөдөлтөл араас нь бараан өнгийн хувцастай хүн явж байсныг нь харалгүй мөргөчихсөн...” гэсэн мэдүүлэг /хх35/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн тэмдэглэлд “...2 хүн баруунаас зүүн тийш чигтээ зам хөндлөн гарч баруунаас зүүн тийш чиглэх урсгалыг туулж дуусан зүүнээс баруун тийш чиглэх урсгал руу ороход зүүнээс ирж байсан машины гэрэл гялбан удаашран зогсож байх ба холоос бичигдсэн учир мөргөгдөж унаж байгаа нь харагдахгүй, цагаан өнгийн хувцастай хүн машин зогсонгуут цаанаас машин руу гүйж ирж байгаа нь харагдаж байна...” гэсэн /хх16/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шүүх эмнэлгийн дүгнэлт, ослын шалтгаан нөхцөлийг тодорхойлсон магадалгаа, шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
3. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл болон ашиглалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос үүдэн осол гарсан, улмаар тухайн буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хуульд заасан хохирол учирсан байхыг шаарддаг.
4. Хохирогч Э.Хн биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтэд “Э.Хн биед гавлын дагз яснаас суурь яс руу үргэлжилсэн шугаман далд хугарал, тархины аалзан хальсны доорх цус харвалт, хоёр тал бөмбөлгийн духны дэлбэн, зүүн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, нуруу, баруун, зүүн тохой, баруун ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Тархины эдийн няцрал гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” /хх59/ гэжээ.
5. Ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор Тээврийн цагдаагийн албаны мөрдөгч 827 дугаар магадалгаа гаргасан байх ба тус магадалгаанд “Тоёота приус 20 маркийн 08-75 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.П нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Э.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэжээ. /хх63/
6. Дээрх тохиолдолд шүүгдэгч нь явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон очих үедээ хурдаа удаашруулах, тээврийн хэрэгслийг зогсоох, явган зорчигчид зам тавьж үүргээ биелүүлээгүйгээс нь осол гарчээ.
7. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Х.Пг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
8. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан. Шүүгдэгч Х.Пгийн жолоодож явсан “Тоёота приус” маркийн, 08-75 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл Ч.Дагвадоржийн эзэмшлийн /хх111/ болох нь тогтоогдсон, Ч.Дагвадоржийг тус хэрэгт иргэний хариуцагчаар татжээ. Тиймээс тээврийн хэрэгслийн эзэмшигч иргэний хариуцагч нь ослын улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцан арилгах нь зөв байна.
9. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасан.
Мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.3 дахь хэсэгт “Эрүүл мэндийг хохироосноос хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсан буюу хөдөлмөрийн чадвар нь буурсан, эсхүл хэрэглээ зардал нь нэмэгдсэн бол гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд хохирогчид сар тутам мөнгө /тэжээн тэтгэхтэй холбогдсон тэтгэлэг/ төлөх замаар гэм хорыг арилгах үүрэгтэй.”, 228.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж тус тус заажээ.
10. Хохирогч Э.Хн эмчилгээний зардалд нийт 2.169.873 төгрөгийг шүүгдэгч Х.П нь төлсөн нь талуудын тайлбар, баримтаар тогтоогдож байна. Хохирогч нь “Ойн сэвшээ” ХХК-нд барилгын туслах ажилтнаар өдрийн 50.000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан гэсэн тодорхойлолт /хх102/ гарган улмаас ажилгүй байсан хугацааны цалинд 9.000.000 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ.
Хохирогч Э.Хн “Ойн сэвшээ” ХХК-д туслах ажилтан хийдэг гэсэн тодорхойлолтоор /хх102/, түүний цалин, орлогыг тодорхойлох боломжгүй байна. Учир цалин, орлого нь бусад санхүүгийн холбогдох баримт (нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, дансны хуулга) хэрэгт авагдаагүй тул зөвхөн тухайн байгууллагын тодорхойлолтод үндэслэн орлогыг тогтоон шийдвэрлэх боломжгүй юм.
Харин хохирогч Э.Х нь гавлын дагз яснаас суурь яс руу үргэлжилсэн шугаман далд хугарал, тархины аалзан хальсны доорх цус харвалт бүхий хүнд гэмтэл авсан 2022 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс хойш 3 сарын хугацаанд хөдөлмөр эрхлэх боломжгүй байжээ. Иргэний хуулийн 505.2 дахь хэсэгт зааснаар хохирогчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420.000 төгрөгөөр тооцон 3 сарын хугацааны буюу 420.000*3=1.260.000 төгрөгийн нөхөн төлбөрийг иргэний хариуцагч Ч.Дагвадоржоос гаргуулж хохирогчид олгуулж шийдвэрлэлээ. Хохирогчийн хувьд энэхүү хэмжээнээс илүү орлоготой байсан талаарх холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй, мөн гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, цаашид гарах эмчилгээний зардлыг буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.
11. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлнэ гэж заасан.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй.” гэж заасан ба тус хэрэгт иргэний нэхэмжлэгчээр прокурор Ч.Энхтуяаг тогтоосон нь хуульд нийцжээ. Улмаар иргэний нэхэмжлэгчээс “...манай эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Э.Хн эмчилгээний зардалд зарцуулсан 1.266.900 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулж өгнө үү” гэж /хх41, 86/ холбогдох баримтыг хавсаргажээ.
Тиймээс хохирлыг хариуцан төлбөл зохих иргэний хариуцагч Ч.Дагвадоржоос 1.266.900 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 10090020080 дугаарын дансанд төлүүлэхээр шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
12. Улсын яллагчаас шүүгдэгч Х.Пүрэвээг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар жолоодох эрхийг 1 жил хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх эрүүгийн хариуцлагын санал, дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч улсын яллагчийн гаргасан ялын саналыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн болно.
13. Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Х.Пүрэвээ нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээж байгаа, хохирол төлсөн, хохирогч осол гарах үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцуулах гэжээ.
14. Шүүгдэгч Х.Пүрэвээ нь урьд гэмт хэрэг үйлдэж байсан тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй, мөн хохирогчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь осол гарахад нөлөөлөөгүй тул хохирогчийн буруутай үйл ажиллагаа байхгүй гэж үзсэн. Харин шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардлыг төлсөн, хохирогчид яаралтай туслалцаа үзүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэж, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
15. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.
16. Иймд шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Пүрэвээгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
17. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохоор тогтоов.
18. Тэнсэж шийдвэрлэж байгаатай холбоотойгоор шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
19. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий диск 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
20. Мөн шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
21. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулдаг, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг шүүгдэгчид анхааруулж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Пүрэвээгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг шүүгдэгчид хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч Ч.Дагвадоржоос 1.260.000 /нэг сая, хоёр зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Э.Хд олгуулж, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой эмчилгээний болон ажилгүй байсан хугацааны зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар иргэний хариуцагч Ч.Дагвадоржоо 1.266.900 /нэг сая хоёр зуун жаран зургаан мянга есөн зуу/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 10090020080 дугаарын дансанд төлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн диск 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР