Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 134/ШШ2019/00009

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.М нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б-д холбогдох

хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.М, хариуцагч Б.Б, нарийн бичгийн дарга нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.М миний бие Б.Б 2011 онд хамт амьдарч байсан. Б.Б гэр бүл болсноос хойш 2012 оны 07 дугаар сарны 15-ны өдөр хүү М.Ж-г төрүүлсэн. Б.Б нь архи уун, ааш зан нь эвдэрч, согтуугаар агсам тавин, хэрүүл маргаан тасрахгүй, амар тайван амьдрах орчин бүрдэхгүй байсан  тул 2016 оноос эхлэн тусдаа амьдрах болсон. Цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул хүү М.Ж-д хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Б миний бие хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Миний бие архи дарс ууж, амар амгалан байдлыг нь алдагдуулж байгаагүй гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.М нь хариуцагч Б.Б-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Б.Б, М.М нар нь гэрлэлтээ батлуулаагүй хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2012 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүү М.Ж төрсөн нь зохигчийн тайлбар, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн төрсний бүртгэлийн 1-3/001229 дугаартай лавлагаа зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Хүү М.Ж эх М.М овоглож, гэрчилгээ авсан байх ба эцэг Б.Б нь түүнийг өөрийн хүү мөн гэж тайлбарлаж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч, энэ талаар маргаагүй болно.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэснээр хуульд заасан эрх, үүргийн харилцаа үүссэн байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хуульд заасан журмын дагуу эцэг Б.Б-р тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв. Тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан журмын дагуу амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдийн насны байдлыг харгалзан тогтоосон болно.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, хүүхэдтэйгээ уулзах болон эцэг, эхийн бусад эрх, үүрэг нь хэвээр үлдэх тул эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхэд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эх хэн хэндээ саад учруулахгүй байх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь 1 жилд төлөгдөх тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож, 29,900 төгрөг төлсөн тул 29,836 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 64 төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хүүхдийн тэтгэлэг тогтоож шийдвэрлэсэн тул хариуцагчаас 29,836 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирлага болгон 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү М.Ж-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Б.Баяржаргалаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж, хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.М-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,836 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 64 төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б-с 29,836 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.М-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй. 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ц.НАРАНЧИМЭГ