| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2022/1224/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1280 |
| Огноо | 2022-10-17 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Чинзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1280
2022 10 17 2022/ШЦТ/
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,
улсын яллагч Б.Чинзориг /томилолтоор/,
шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бт холбогдох эрүүгийн 2203 00396 0427 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Сүмбэр суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Улаанбаатар хот,
.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 14 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 22-ын товчооны зам, “Урин” хүнс, аяны дэлгүүрийн урд замд "Toyota Prius" маркийн, 08-38 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо эсрэг урсгал руу орж, "Beiben North Benz" маркийн, 28-89 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас хамт зорчин явсан Г.Оын амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 9 дүгээр сарын 20-ний өдрийн 424 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Г.Б.
1. Шүүгдэгч Г.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, түүний өмгөөлөгч нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон талуудын мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч нь Г.Б нь 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 14 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 22-ын товчооны зам, “Урин” хүнс, аяны дэлгүүрийн урд замд "Toyota Prius" маркийн 08-38 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/... хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3 т заасан “(үргэлжилсэн хос шугам)-дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана”, мөн хавсралтын 1.4-т заасан "1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгал руу орж "Beiben North Benz" маркийн 28-89 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, түүнтэй хамт явсан зорчигч Г.Оын амь нас хохирсон үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Баттүвшиний "...Юу болсон талаар асуухад 08-38 УАВ улсын дугаартай манай эхнэрийн нэр дээр бүртгэлтэй “Приус 20” маркийн тээврийн хэрэгслийг эхнэрийн төрсөн ах Г.Б жолоодоод эхнэрийн хамт Эмээлт зах руу хонины мах худалдаж авахаар явж байхдаа зүүрмэглээд эсрэг урсгал руу орж өөдөөс ирж байсан том машинтай мөргөлдөж манай эхнэр нас барсан байсан...Ийм зүйл болсонд маш их харамсаж байна...Машины үнэлгээгээр тогтоогдсон мөнгийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг, /хх19/,
- гэрч Г.Нгийн "... 14 цагийн үед буцаад Улаанбаатар хотын төв рүү чиглэлтэй давхиж явтал гэнэт эсрэг урсгалаас мөнгөлөг саарал өнгийн "Приус 20" маркийн автомашин урсгал сөрөөд ороод ирсэн. Тэгээд би баруун гар тал руугаа дараад тоормос гишгэхэд миний унаж явсан "Норд Бенз" маркийн улаан өнгийн 28 89 ДГС улсын дугаартай автомашины зүүн урд талаас эрчээрээ ирээд мөргөөд бүтэн эргээд замын голын цагаан зураасан дээр зүүн хойд зүг рүү харж зогссон..." гэсэн мэдүүлэг, /хх25/
- гэрч Г.Аийн “..2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр намайг хороололд явж байхад Б над руу залгаад осолд орчихлоо гэхээр нь хаана гэхэд хуучин 22-ын товчооны наахан талд гэхээр нь яваад очиход эмэгтэй дүү маань нас барчихсан, Б машиныхаа дэргэд зогсож байсан бөгөөд унаж явсан Приус-20 машин эвдэрсэн байсан. Юу болсон талаар асуухад Б нойрмоглоод урсгал сөрж ороод том тэрэгтэй мөргөлдсөн гэж хэлсэн. Бийн хувьд ходоодны хорт хавдартай, ходоодоо авхуулчихсан ба байнгын эмчийн хяналтад байдаг, химийн эмчилгээ тогтмол хийлгэдэг, 10 настай хүү Гэрэлт-Одын хамт амьдардаг, эхнэр нь нас бараад 3 жил болж байна. Хүү Гэрэлт-Од нь 100 хувийн саажилттай, асаргаанд байдаг...” гэсэн мэдүүлэг /хх25/,
- 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлага, лавлагааны хуудас /хх3/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх5-14/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 58-61/, шүүгдэгчийн “урд өдөр нь химийн эмчилгээ хийлгэсэн, осол гарах үед үүрэглэснээс болоод эсрэг урсгалд орсон... гэм буруугаа хүлээж байна” гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
3. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл болон ашиглалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос үүдэн осол гарсан, улмаар тухайн буруутай үйлдлийн улмаас хуульд заасан хохирол учирсан байхыг шаарддаг.
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч О.Нансалмаагийн гаргасан 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 1837 дугаартай дүгнэлтэд "...Г.Оын цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр хоёр талын олон хавирганы хугарал, уушгины эдийн няцрал, уушгины холбоосын урагдал, цээжний баруун хөндийд шингэн хуралдалт, давсагны ханын урагдал, задрал, хэвлийн хөндийд шингэн хуралдалт, хэвлийн гялтангийн цус хуралт, бөөрний өөхлөг, элэгний гялтан болон нүүр мөчдийн цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Г.О нь хавсарсан хүнд гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ..." гэжээ. /хх39-42/,
5. Тээврийн цагдаагийн албаны мөрдөгч 870 дугаар магадалгаанд: “Тоёота приус 20” маркийн, 08-38 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3-т заасан (үргэлжилсэн хос шугам) - дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана; мөн хавсралтын 1.4-т заасан “1.1-1.3, 1.15.а—1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэх гэх үндэслэлтэй байна. 28-89 ДГС улсын дугаартай Beiben маркийн тээврийн хэрэгслийн жолооч Г.Н нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн зүйл заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна /хх 111/, гэснийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
6. Шүүгдэгчийн хувьд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, үүрэглэсний улмаас эсрэг урсгал руу орж зам тээврийн осол гаргаж, улмаар хүний амь нас хохирсон нөхцөл байдал тогтоогдож байна.
7. Иймд шүүгдэгч Г.Бийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин хамт тээврийн хэрэгсэлд зорчин явсан хүний амь насыг хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:
8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “гомдол саналгүй, хохирол бүрэн төлөгдсөн” /хх156/ талаар бичгээр хүсэлт гаргажээ.
9. Иргэний нэхэмжлэгч Т.Элбэгзаяа “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” /хх153/ талаар бичгээр хүсэлтээ тус тус гаргажээ. Иймд шүүгдэгч Г.Бийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
10. Улсын яллагчаас шүүгдэгч Г.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар Улаанбаатар хотоос гадагш явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
11. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн, хувийн байдлын хувьд байнгын асаргаа шаардлагатай хүүхдээ хардаг, өөрөө хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдалттай байдлыг харгалзан ял оногдуулж өгнө үү гэв.
12. Шүүгдэгч Г.Б нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлоо төлсөн, тохиолдлын шинжтэй анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
13. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг харгалзан үзлээ. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасныг харгалзлаа.
14. Шүүгдэгч Г.Бийн хувьд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн, 90 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай /хх147/, байнгын асаргаа шаардлагатай саажилттай 10 настай хүүхдээ асран халамжилж хоёулаа амьдардаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хуульд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
15. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.
Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, учирсан хор уршиг арилахгүй боловч шүүгдэгч болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн хувьд хууль зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлсөн байх тул дээрх хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзлээ.
16. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
17. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохоор тогтоов.
18. Тэнсэж шийдвэрлэж байгаатай холбоотойгоор шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.
Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
19. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний 1067356 дугаар жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн болохыг тус тус дурдав.
20. Мөн шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
21. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулдаг, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг шүүгдэгчид анхааруулж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг шүүгдэгчид хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний 1067356 дугаартай жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж шийдвэрлэсэн болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР