Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1294

 

        

 

 

 

 

 

 

 

2022           10         18                                       2022/ШЦТ/1294

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Г.Лхагвасүрэн /томилолтоор/,

            шүүгдэгч З.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

           Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Оргилбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Бд холбогдох эрүүгийн 2208 00000 1499 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, 1990 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “Хос түрүү” ХХК-нд нярав ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.Б нь 2022 оны 8 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны гадна байсан хохирогч Б.Оын эзэмшлийн 52-77 УАЕ улсын дугаартай, Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1116 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч З.Б.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаангүй болохоо илэрхийлэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно. 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон талуудын мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч нь З.Б нь 2022 оны 8 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны гадна байсан хохирогч Б.Оын эзэмшлийн 11.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 52-77 УАЕ улсын дугаартай, Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйл баримт тогтоогдож байх тул улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн авсан болно. 

Үүнд: Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт ирсэн дуудлага мэдээллийн лавлагаа, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх 2/,

- Хохирогч Б.Оын: “...би 2022 оны 8 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө 04 цагийн үед Бийг найз Мөөгийгийн хамт гэрээс нь очиж аваад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах манай ажил руу явж байхдаа Бийн хамтаар нэг 2.5 литрийн пиво уусан. Тэгээд Мөөгий бид хоёрыг хүргэж өгчхөөд явсан. Тухайн үед миний машин ажлын гадна зогсоол дээр байсан. Манай ажлын гадна Б бид хоёрыг очиход Т гэх залуу байсан ба Б, Т хоёр нэг шил архи хувааж уусан. Тэгээд би дуудлагын жолооч дуудаж машинаа бариулаад Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 33 дугаар байрны 2 дугаар орцны урд талын зогсоол дээр тээврийн хэрэгслээ тавьсан. ... Т надад чи одоо гэр лүүгээ орвол эхнэр хүүхэд чинь уурлах байх гэж хэлсэн. Тэгээд хүүхдүүд чинь зайрмаг аваад өгье гэхээр нь би Тгийн хамтаар дэлгүүр орсон. Тэр үед Б миний машины ард сууж байсан ба машины түлхүүр урд хайрцаг дээр байсан. Тэгээд Тгийн хамтаар дэлгүүр орчхоод гараад иртэл миний машин байхгүй байсан. Тухайн үед Б гар утсаа Тд үлдээчихсэн байсан. Тэгээд би дугаар луу залгахад дуудаад авахгүй байсан. Б миний машиныг унаад явах талаар юм яриагүй. Б нэлээд согтуу байсан. Би машин авч явах зөвшөөрөл огт өгөөгүй. Миний машины хойд хаалга, хойд крыло хонхойсон байсан. ...Би автомашинаа бүрэн хүлээн авсан.  Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх15, 17/,  

Гэрч Т.Тгийн “...Би Бийн хүүхдүүдэд юм авч өгөх гээд Бтэй хамт дэлгүүр орсон. Тэр үед цаг 09 цаг болж байсан байх. Дэлгүүр онгойчихсон байсан. Тэгээд дэлгүүрээс гараад иртэл Бийн машин байгаагүй. Тухайн машинд Б сууж байсан ба түлхүүр нь машин дотор байсан. Тухайн үед Б нэлээд согтсон байсан. Харин найз О болон миний бие арай гаагүй байсан. Бид нар шөнө 05 цагийн үед уулзаад нэг шил архи, 3 шил пиво уусан. Өөр ямар нэгэн архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан..." гэсэн мэдүүлэг /хх22-23 /, шүүгдэгчийн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, тухайн үед согтуугаар зөвшөөрөлгүй тээврийн хэрэгсэл авч явсан, мөн замын цагдаад саатуулагдан, жолоодох эрхээ хасуулсан...” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

3. Шүүгдэгч нь 52-77 УАЕ улсын дугаартай, Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан үйлдэл нь эд хөрөнгө завших зорилгогүй, мөн хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүйгээр авч явсан нь тогтоогдож байна.

4. Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчид автомашиныг хүлээлгэн өгсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй /хх68/ талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

5. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

6. Иймд шүүгдэгч З.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцон шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

7. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан ялын саналыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн болно.

8. Шүүгдэгч З.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид автомашиныг буцаан хүлээлгэн өгсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

10. Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч З.Б нь уг ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

11. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бийг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР