Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 176

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сант сум, Ивэн 1 дүгээр баг, 1-111 тоотод оршин суух Намираа овогт Түмэндэмбэрэлийн Болорцэцэг РД/МЛ92012207/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Төв аймгийн, Батсүмбэр сум, 4-р баг, Үдлэг гэх газар оршин суух  Боржигон овогт Найдангийн Мөнхдуулал РД/МВ92021418/-д холбогдох эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.  

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Болорцэцэг, хариуцагч Н.Мөнхдуулал, нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр  нар оролцов.                                  

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Т.Болорцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түмэндэмбэрэл овогтой Болорцэцэг миний бие Найдан овогтой Мөнхдуулалтай 2010 онд анх танилцаж дотно харьцаатай болсоны улмаас 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр бид хоёрын дундаас хүү Болорцэцэг овогтой Баяржаргал төрсөн. Хүү маань одоо 5 настай. Сант сумын 13 дугаар цэцэрлэгт явж хүмүүжиж байгаа. Бид хоёр тусдаа амьдарч байгаа. Иймд Баяржаргалын эцэг Мөнхдуулал мөн болохыг тогтоож, Мөнхдуулалаас хүү Баяржаргалд хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Мөнхдуулал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан Овоогийн 10-05 тоотод оршин суух хаягтай Найдан овогтой Мөнхдуулал би 2010 онд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд ах танилцаж байсан юм. Тэгээд хамт нэг гэрт амьдарч байгаад 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр би Цэргийн албанд татагдсан 1 жил хугацаат цэргийн алба хаахаар болсон намайг цэрэгт явах үед Болорцэцэг жирэмсэн байсан. Тэгээд намайг цэргийн албаа Улаанбаатар хот 0151 дүгээр ангид алба хааж байхад 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр манай хүү төрсөн. Тэгээд хүүдээ Баяржаргал гэсэн нэр өгсөн. Тухайн үед би цэргийн алба хааж байсан бас Болорцэцэг бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй байсан учир ээжээрээ овоглож Болорцэцэгийн Баяржаргал гэсэн бичиг баримттай болсон юм. Тэгээд би 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанаас халагдаад ирэхэд Болорцэцэг нь Улаанбаатар хот үйлдвэр 19 гэх газар нийтийн 19 дүгээр байранд нэг залуутай хамтран амьдарч байсан. Тэгээд нэг хэсэг тусдаа амьдарч байгаад би өөрөө Болорцэцэг дээр очоод хүүхдээ бодох хэрэгтэй хоёулаа тусдаа амьдарч яах юм бэ гэж гуйж байгаад өөрийн амьдарч байсан нийтийн байранд Болорцэцэгийг хүүтэйгээ хамт авч ирсэн. Тэгээд хамт амьдарч байхад шөнө орой  унтаж амраахгүй баахан залуучууд залгадаг байсан. Болорцэцэг Түрк талхны цехэд ажил хийдэг харин би тухайн үед Хилийн цэргийн 0288 дугаар ангид тракторын жолоочоор ажилд орсон юм. Тэгээд би хүү Баяржаргалыг хараад асардаг ажилтай үедээ ажил дээр хүүгээ авч ирээд хардаг байсан. Харин Болорцэцэг ажил хийх нэрийдлээр гэр орондоо ирэхгүй шөнийн 2-3 цаг хүртэл алга болдог байсан. Хэсэг хугацааны дараа Болорцэцэг нь цэргийн ангийн цалин бага байна гэж голоод намайг ажлаас гаргачихаад “Өнчин цагаан” гэх хужаа эзэнтэй ноосны үйлдвэрт Болорцэцэг бид хоёр хамт ажилд орсон. Тэгээд тэнд ажиллаж байхад Болорцэцэг нь ээлж ажиллаж ажилладаг Мөнхбаяр гэх залуутай явалдаад байсан. Тэгэхээр нь би салаад тэр ажлаас гараад Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд том эгч Хонгороо дээр ирж гэрт нь амьдарч байсан. Намайг салаад явснаас хойш Болорцэцэг хэд хэдэн залуутай хамт амьдарсан байсан. Харин миний хүү Баяржаргал нь ээж дээр өссөн юм. Б.Баяржаргал нь миний хүү мөн юм. Би одоогоор ямар нэгэн эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа учир ажилд орохоороо тодорхой хэмжээний мөнгө өгнө тэрнээс их хэмжээний мөнгө бол өгч чадахгүй. Учир нь одоо дахин гэр бүлийн амьдрал зохиогоод 2 хүүхэдтэй болсон учир гэр бүлээ авч явахад мөнгөний асуудал их байгаа. Ийм болж байгаа нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү гэжээ.

 

Хариуцагч Н.Мөнхдуулал шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хүүхдийн эцэг гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Болорцэцэг нь хариуцагч Н.Мөнхдуулалд холбогдуулан эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.  

 

Хариуцагч Н.Мөнхдуулал нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул зохигчдын шүүхэд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартай адитгаж үзсэн болно.

 

Нэхэмжлэгч Т.Болорцэцэг, хариуцагч Н.Мөнхдуулал нар нь 2010 онд танилцаж тэдний дундаас 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүү Т.Баяржаргал төрж, эрүүл өсөн бойжиж байгаа болох нь Б.Баяржаргалын төрсний гэрчилгээний хуулбар/хх-ийн 7/, Сэлэнгэ аймгийн Сант сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт/хх-ийн 5/, Сэлэнгэ аймгийн Сант сумын 13 дугаар цэцэрлэгийн тодорхойлолт/хх-ийн 6/ зэргээр тогтоогдож байна.  

 

Хүү Б.Баяржаргалыг төрөх үед Н.Мөнхдуулал нь цэргийн алба хааж байсан бөгөөд гэрлэлтээ батлуулаагүй учир эх Т.Болорцэцэгээр хүү Баяржаргалыг овоглосон байна. Н.Мөнхдуулал нь 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанаас халагдаж ирээд хамтдаа амьдарсан боловч хоорондоо таарч тохирохгүйн улмаас тусдаа амьдарч үүнээс хойш өнөөдрийг хүртэл хүү Б.Баяржаргал нь эх Т.Болорцэцэгийн асрамжид эрүүл, энх өсч хүмүүжиж байна.

Хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаагүй болно.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн  Боржигон овогт Болорцэцэгийн Баяржаргал РД/МЛ13220712/-ын төрсөн эцгээр  Боржигон овогт Найдангийн Мөнхдуулал РД/МВ92021418/-г тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд эцэг, эх хүүхдээ асран хамгаалж тэжээн тэтгэх үүрэг хүлээнэ гэж заасан байдаг ба энэ хуулийн 35 дугаар зүйлд  “эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх”, 38 дугаар зүйлийн 38.2.Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулан тэтгэлэг тогтоож болно. 38.3.Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж зааж өгсөн.

 Зохигчид хүүхдийн тэтгэлгийн талаар тохиролцоогүй тул Гэр бүлийн хуулийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Б.Баяржаргалыг 11 нас хүртэл  тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Н.Мөнхдуулалаар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Болорцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 100.036 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгт оногдсон улсын тэмдэгтийн хураамж 29.836 төгрөг,  7.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг тогтоох хүсэлтэд оногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг нийт 100.036 төгрөгийг хариуцагч Н.Мөнхдуулалаас гаргуулан нэхэмжлэгч Т.Болорцэцэгт олгох нь зүйтэй байна.

Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болно.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 , 118,  133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн  Боржигон овогт Б-н  Б-л РД/00000000/-ын төрсөн эцгээр Боржигон овогт - М-л РД/00000000/-г тогтоосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар хүү Б.Баяржаргалыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Н.М-р тэжээн тэтгүүлсүгэй.  

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Б-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 100.036 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.М-с 100.036 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Б-т олгосугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг төрсөн эх Т.Б-т даалгасугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлсүгэй.  

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь шүүхэд өөрөө хүрэлцэн ирж шийдвэрийг хувийг гардан авахыг дурдсугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.НАРАНТУЯА