Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1295

 

 

 

 

 

 

 

 

      2022           10         18                                          2022/ШЦТ/1295  

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч П.А, түүний өмгөөлөгч А.Ганзориг /ҮД:2446/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Бат-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Ат холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 03052 1492 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Боса Импекс” ХХК-д операторчин ажилтай, ам бүл 2, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар баг, Борхойн 2 дугаар гудамжны 32 тоотод оршин суух бүртгэлтэй, найзын хамт

- Сум дундын 9 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар,

- Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

- Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч П.А согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 15 дугаар гудамжинд хохирогч Д.Пг хөөж, хашаа руу шахаж, улмаар түүний толгойн тус газар нь цохиж, биед нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1137 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон гэрч С.Бат-Өлзий, Э.Эрдэнэболд нарын мэдүүлэг /хх47,49/ шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч П.А.

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон бол, түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болохыг дурдаж байна.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч П.А согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 15 дугаар гудамжинд хохирогч Д.Пг хөөж, хашаа руу шахаж, улмаар түүний толгойн тус газар нь цохиж, биед нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

            Энэ нь хохирогч Д.Пгийн “.... 2021 оны 11 дүгээр сарын 21-ний орой Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овоо 15 дугаар гудамжинд байх айлд ажил явдлаар ирээд орой 00 цаг 05 минутад гарч, Мандал овоо 15 дугаар гудамжаар төв зам руу уруудаад явж байхад өөдөөс хос комбинезон хувцастай эрэгтэй хүн муухай муухай инээгээд ирж байсан. Тэгээд хажуугаар нь зөрөх гэсэн чинь намайг зөрүүлэхгүй зам хаагаад байхаар нь зугтсан чинь араас хөөж намайг барьж аваад хашаа руу шахаж унагаасан. Тэгээд би орилсон чинь тэр хүн намайг “дуугай бай” гэсэн ба би арай гэж босоод дахиад зугтах гэж оролдсон чинь миний толгой руу гараараа цохиод намайг өөр лүүгээ татаад чирч авч явах гээд байсан. Миний өмсөж явсан хар өнгийн шубийг урсан, зүүн чихэнд байсан монетон ээмэг алга болсон байсан. Тэгээд тэр гудамжаар Приус 20 загварын машин ирж байхыг хараад нөгөө залуу намайг тавиад цаашаа яваад өгсөн. Гэхдээ би тэр машинтай хүнээс тусламж гуйсан чинь зогсохгүй яваад өгсөн. Тэгэхээр нь би арагшаа харсан чинь нөгөө залуу араас гүйгээд ирж байсан ба би зам руу гүйж гараад нэг машины урдуур орж зогсоосон. Тэгээд намайг ирж авах гэж байсан найз маань ирээд нөгөө залууг замын нөгөө талаас бариад, цагдаад дуудлага өгсөн...намайг зодож цохих үедээ юм хэлээгүй, халаас руу гараа хийгээгүй, өмсөж явсан өмд, шубийг тайлах гэж оролдсон зүйл байгүй...” гэсэн мэдүүлэг /хх41-42, 45/,

            - Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагаа /хх15/,

            - Эрх бүхий албан тушаалтны 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: “...2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 00 цаг 05 минут 23 секундэд уг гудамжаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш уруудаад явж байгаа хар хувцас, цагаан ороолттой эмэгтэй хүн харагдах ба уг эмэгтэйг улбар шар, цэнхэр өнгийн ажлын хос комбинезон хувцас өмссөн эрэгтэй хүн замыг нь хааж явуулахгүй байна. 00 цаг 05 минут 39 секундэд хар өнгийн хувцас, цагаан өнгийн ороолттой эмэгтэй хүний улбар шар өнгийн ажлын хос комбинезон хувцастай эрэгтэй хүн араас нь хөөж барьж авсан дүрслэл харагдаж байна. ...эрэгтэй хүн хар хувцастай эмэгтэйг хашаа руу шахаж, газар унагаасан дүрслэл бичигдсэн байв. ...эрэгтэй хүн гараараа хар хувцастай эмэгтэй хүний толгой хэсэг рүү цохиж байна...” гэжээ. /хх27-31/,

Шүүгдэгч П.Аын яллагдагчаар өгсөн “... яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Санал нийлж байна. 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн өглөө ажилдаа явчхаад 21 цагийн үед нийтийн байрандаа ирээд цалин буусан болохоор нь найз Энхтулгын хамт нийтийн байрандаа 0.75 литрийн Хараа нэртэй 2 шил архи, дараа нь 1 том пиво уусны дараа бид нарын ууж байсан архи пиво дуусчихаар нь 11 дүгээр сарын 21-ээс 22-ны шилжих шөнө дэлгүүр орж пиво авчхаад буцаад нийтийн байрандаа очиж суусан юм. Удалгүй авсан пиво дахиад дуусчихаар нь би гэрээсээ гараад дээшээ гудмаар өгсөж байгаад нэг үл таних эмэгтэйтэй таарсан юм байна лээ. Тухайн үед би архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан болохоор болсон асуудлаа санахгүй байгаа. Харин камерын бичлэг үзтэл улбар шар цэнхэр өнгийн ажлын хос комбинезон хувцастай залуу би мөн байсан. Бичлэгт гудамжинд таарсан эмэгтэйг зуурч, зулгааж, цохиж байгаа хүн би болж таарсан. Камерын бичлэгт хохирогч эмэгтэйг зодож байгаа хүн би байсан. Би хохирогчийн биед гэмтэл учруулж зодож цохисноо сайн дураараа зөвшөөрч, их гэмшиж байна гэсэн мэдүүлэг /хх115/, хохирогчийн биед хохирол учирсныг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна. 

            3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 11791 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Д.Пгийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэжээ. /хх57/,

4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр түүнийг цохисон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Шүүгдэгч П.Аын шөнийн цагаар гудамжинд ганцаар явсан эмэгтэй хүнийг хашаад явуулахгүй байсан, хохирогчийг хойноос нь хөөж барьж авсан, толгойн тус газарт нь цохисон, газарт унасан хойно нь чирсэн, энэхүү үйлдлээ нь гудамжинд машин явснаар больсон нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд өөр бусад гэмт санаа зорилго байсан талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул прокуророос хэргийг шилжүүлсэн хүрээнд шийдвэрлэв.  

6. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч П.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

7. Хохирогч Д.П нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой 160.000 төгрөгийн баримтыг /хх25/ нотлох баримтаар гаргаж, түүний хэрэг болох үед алга болгосон монетон ээмгийг 390.000 төгрөгөөр үнэлсэн байна. Хохирогчийн  шубийг 250.000 төгрөгөөр үнэлсэн байх боловч хохирогч ханзарсан хэсгийг оёсон, өмсөх боломжгүйгээр урагдаагүй гэжээ. 

8. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заажээ.

9. Иймд Иргэний хуулийн 497.1, 505.1, 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ааас 550.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Пд олгуулахаар шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

10. Улсын яллагчаас шүүгдэгч П.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

11. Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: П.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлөхөө илэрхийлж байгаа, ажлын газрын тодорхойлолт авч чадаагүй ч хөдөлмөр эрхэлдэг талаар гэрч С.Бат-Өлзий, Э.Эрдэнэболд /хх47,49/ нар мэдүүлсэн зэргийг харгалзан 1000 нэгжээр торгож өгнө үү гэжээ.

12. Шүүгдэгч П.А нь урьд санаатай гэмт хэрэг үйлдэж байсан тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй ба шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

13. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд шөнийн цагаар ганцаар явсан хохирогч эмэгтэйн биед халдан зодсон, хохирол хор уршгийг арилгаагүй, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд урьд 3 удаа санаатай гэмт хэрэг үйлдэж байсан зэргийг харгалзан үзлээ.

14. Иймд шүүгдэгч П.Аын гэмт хэрэг үйлдсэн шинж байдал, хөдөлмөр эрхэлдэг байдлыг харгалзан түүнд хуульд заасан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгж буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

15. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий дискийг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Аыг 1200 нэгж буюу 1.200.000 /нэг сая, хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 4 /дөрөв/ сарын  хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн диск 1 ширхийг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497.1, 505.1, 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ааас 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Д.Пд олгосугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР