Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/143

 

 

 

2022                 07              20                                           2022/ШЦТ/143               

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,

Улсын яллагч М.Сумъяа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай  хэргийг  2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн тоног төхөөрөмж засвар ашиглалт мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар баг, Дэнжийн 1204 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 216 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссэн, /РД:*******/,*******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч *******  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 11 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө 02 цагийн үед Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр ******* тоотод Ц.Түвшинбаяртай маргалдаж муудсаны улмаас түүний цээж хэсэгт заазуураар зүсэж, цээжинд болон зүүн гарын бугалгад зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогчтой эвлэрсэн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

 Хохирогч ******* “...Би Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр баг ******* тоотод амьдардаг юм. 2021 оны 11 дүгээр сарын 12 орой 21 цагийн үед гэртээ байж байхад гаднаас найз Лувсанжамц, ******* нарын хүмүүс халамцуу ирцгээсэн бөгөөд эдгээр хүмүүс нь ирэхдээ 2 шил архитай ирцгээсэн.Тэгээд бид гурав тухайн архины эхний шил архийг ууж дуусаад сүүлийн архийг дөнгөж уугаад байж байхад ******* нь уусан архиндаа согтоод агсан тавиад байхаар нь би тухайн хүмүүст “бүгдээрээ хоорондоо маргалдаж муудаад хэрэггүй, та нар манай гэрээс яв” гэж хэлэхэд ******* нь сууж байгаад босоод цохих гээд гараа далайхаар нь тухайн хүнийг хоёр гараараа цээж рүү хойшоо түлхэхэд хойшоо ухарч байгаад гал тогооны өрөөнөөс хутганы саванд байсан хар өнгийн жижиг заазуур аваад цээжин тус газарт нэг удаа зүсэж, удаа дараалан гараараа зүүн чих рүү алгадсан. Тэгэхэд 00 өрөөнөөс найз Адъяабаатар орж ирээд “та нар ямар учраас хоорондоо маргалдаж муудаад бие биенийгээ заазуураар зүсэж байгаа юм бэ” гээд бид нарыг салгасан. Тэгээд би уг асуудлын талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргахад цагдаа нар намайг эмнэлэгт үзүүлсэн. ...*******т заазуурдуулсны улмаас зүрхний доод хэсэгт 5-6 см урттай зүсэгдсэн, мөн зүүн чих рүү удаа дараалан алгадсаны улмаас зүүн чих бага зэрэг хатгуулж өвдөөд байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 х/,

 

 Гэрч ******* “...2021 оны 11 дүгээр сарын 12-ны орой 21 цагийн үед ******* гэрт ороход Ц.Түвшинбаяр, *******, Б.Лувсанжамц нарын хүмүүс Ерөөл нэртэй 0.75 литрийн архи уугаад байж байсан. Тэгээд эдгээр хүмүүстэй хамт тухайн архинаас нь 3 удаа амсаад 00 өрөө рүү бие засах гээд орсон. Бие засаад байж байхад хэн хэнтэйгээ маргалдаж муудаж байгаа гэдгийг нь мэдэхгүй байна, ямар ч байсан 2 хүн хоорондоо хэрэлдэж маргалдаад байхаар нь 00 гарахад ******* нь жижиг хар өнгийн заазуур бариад зогсож байсан. Харин Ц.Түвшинбаяр нь *******ийн цаашаа гээд түлхээд байж байхаар нь “та нар ямар учраас хоорондоо маргалдаж муудаад байгаа юм бэ” гэж хэлээд Ц.Түвшинбаярыг цагдаагийн байгууллагад дуудлага өг гэж хэлээд дуудлага өгүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 х/,

 

 Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад А.Болор-Эрдэнийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “...1. ******* биед цээжинд болон зүүн гарын бугалгад зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь хурц ир хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх 528 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-28 х/,

 

Яллагдагч *******ийн “...Түвшинбаяраас би уг асуудлын талаар сонсоод, тухайн хүнээс уучлалт гуйгаад бид 2 сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Иймд би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 х/

 

Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-ийн 39 х/

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 216 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 45-47 х/

 

Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 х/

 

Шүүгдэгч *******ийн оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 71 х/

 

Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 72 х/ зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 11 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө 02 цагийн үед Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр ******* тоотод Ц.Түвшинбаяртай маргалдаж муудсаны улмаас түүний цээж хэсэгт заазуураар зүсэж, цээжинд болон зүүн гарын бугалгад зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч  Т.Түвшинбаярын “ ... ******* нь уусан архиндаа согтоод агсан тавиад байхаар нь би тухайн хүмүүст “бүгдээрээ хоорондоо маргалдаж муудаад хэрэггүй, та нар манай гэрээс яв” гэж хэлэхэд ******* нь сууж байгаад босоод цохих гээд гараа далайхаар нь тухайн хүнийг хоёр гараараа цээж рүү хойшоо түлхэхэд хойшоо ухарч байгаад гал тогооны өрөөнөөс хутганы саванд байсан хар өнгийн жижиг заазуур аваад цээжин тус газарт нэг удаа зүсэж, удаа дараалан гараараа зүүн чих рүү алгадсан...” гэх,

Гэрч ******* “...Бие засаад байж байхад хэн хэнтэйгээ маргалдаж муудаж байгаа гэдгийг нь мэдэхгүй байна, ямар ч байсан 2 хүн хоорондоо хэрэлдэж маргалдаад байхаар нь 00 гарахад ******* нь жижиг хар өнгийн заазуур бариад зогсож байсан. Харин Ц.Түвшинбаяр нь *******ийн цаашаа гээд түлхээд байж байхаар нь “та нар ямар учраас хоорондоо маргалдаж муудаад байгаа юм бэ” гэж хэлээд Ц.Түвшинбаярыг цагдаагийн байгууллагад дуудлага өг гэж хэлээд дуудлага өгүүлсэн... гэх  мэдүүлгүүд,

Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад А.Болор-Эрдэнийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “...1. ******* биед цээжинд болон зүүн гарын бугалгад зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь хурц ир хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

1.3. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжин шөнө 02 цагийн үед Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр баг 5 шарын байрны 5-13 тоотод оршин суух ******* цээж хэсэгт заазуураар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрч Адъяабаатарын мэдүүлэг шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шинжээчийн 528 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Гэмт хэргийн улмаас хохирогч  ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг шүүхэд гаргаж байна гэв.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж заазуураар зүсэхэд гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* цээж болон бугалганд заазуураар зүсэж, түүний эрүүл мэндэд нь биед цээжинд болон зүүн гарын бугалганд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч *******ийг  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагч: Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйсан байдал, өмнө гэмт хэрэг үйлдэж байсан хувийн байдлыг харгалзан үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон болон баривчлагдсан хоног байхгүй. Хэрэгт эд  мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэв.

 

Шүүгдэгч *******: Хэлэх зүйлгүй гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, гэрчүүдийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдсон тогтсон ажил, төрөлгүй зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.

 

2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч ******* биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч гомдолтой, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэж хэрэгт мэдүүлжээ.

   Хохирогч Ц.Түвшинбаяр нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянах шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******ийг 500  /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга /төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг 90  хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Түвшинбаяр нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянах шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай

 

7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч ******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.