Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1304

 

 

 

 

 

 

 

 

      2022           10         19                                          2022/ШЦТ/1304  

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Б.Энхбаяр,

шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 02397 1605 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймгийн Өгий нуур суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, төрсөн ах, бэр эгчийн хамт, урьд:

- Архангай аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар,

- Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 20 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан,

/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Г.М нь 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудал дээр Г.Стай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний зүүн хацарт архины хагархай шилээр зүсэж, эрүүл мэндэд нь “зүүн хацарт шарх бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1177 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Г.М.

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болохыг дурдаж байна.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Г.М нь 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудал дээр хохирогч Г.Стай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний зүүн хацарт архины хагархай шилээр зүсэж, эрүүл мэндэд нь “зүүн хацарт шарх бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

            Энэ нь хохирогч Г.Сын “...2022 оны 7 дугаар сарын 10-ны орой 18 цагийн үед би хуурай ах Итгэлийн гэрт очиж бид хоёр 1 литрийн Россий нэртэй архи хувааж уучхаад гэр лүүгээ харихаар явж байх замдаа Ганаа гэх залуутай танилцаж, хамт алхаад Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Давхарын автобусны буудал дээр сууж байхад үл таних 45-50 орчим насны эрэгтэй хүн Давхарын буудлын хойно байх дэлгүүрийн урд эмэгтэй хүнтэй маргалдаад зогсож байхаар нь би та болиоч эмэгтэй хүнтэй маргалдаад гэж хэлтэл тухайн үл таних хүн шууд над руу ирээд чамд ямар хамаатай юм пизда минь гэж хэлээд намайг заамдаж барьцалдаад байхаар нь би цаашаа түлхээд болъё гэж хэлчхээд автобусны буудлын сандал дээр суух үед тухайн танихгүй хүн архины хагархай шилээр миний зүүн хацрыг зүссэн юм... миний зүүн хацрын доод хэсэгт 7 оёдол тавьсан ба миний зүүн эгэм хэсэгт архины шил зоогдсон байсныг авсан....Би тухайн өдрөө Гэмтлийн эмнэлэгт очиж оёдол тавиулсан. Эмчилгээний зардал нийт 50.000 төгрөг болсон ба М тухайн үедээ надад бэлнээр өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх10, 13/, хохирогчийн биед хохирол учирсныг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. 

            3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 9895 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Г.Сын биед зүүн хацарт шарх, зүүн нүдний гадна булан, зүүн чамархай хацар, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна... Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Зүүн хацарт шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэжээ. /хх19/,

4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр түүнийг архины хагархай шилээр зүссэн үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

6. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

7. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

9. Шүүгдэгч Г.М нь хохирол төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

11. Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч Г.М нь уг ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР