Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 125/ШШ2020/0021

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны дарга Г.Өөдэй, хяналт шалгалын улсын байцаагч Ж.Цэнд-Аюуш, Г.Мягмартүвшин холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны Улсын ахлах байцаагчийн 2020 оны 05 сарын 22-ны өдрийн 35/02/99 дугаартай "Сахилгын шийтгэлтэй ажилтнуудад олгосон урамшуулах төлүүлэх тухай" актын байгаль орчны улсын байцаагч *******т урамшуулалд олгосон 270,000 төгрөгийг төлүүлэх тухай хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагч Ж.Цэнд-Аюуш, Г.Мягмартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* би Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажилладаг төрийн жинхэнэ албан хаагч юм.

Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагчийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 35-02/99 дугаартай актаар Дуут сумын Засаг даргын Тамгын газрын нэр бүхий албан хаагчдад олгосон урамшууллыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсний дотор ******* надад төрөөс олгосон урамшуулал болох 270000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн дээрх акт нь Хөдөлмөрийн тухай хууль болон Төсвийн тухай хууль, Улсын их хурлын 2017 оны 11 сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоол, Засгийн газрын хуралдааны 2017 оны 12 сарын 06-ны өдрийн 52 дугаар тэмдэглэлийг үндэслэсэн байна.

Улсын их хурлын 2017 оны 11 сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоол нь Монгол улсын 2017 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” байх ба тогтоолын нэг дэх хэсгийн 1-д 2017 оны төсвийн жилд төрийн албан хаагчдад 300 000 төгрөгийн ажлын үр дүнгийн урамшууллыг олгох” тухай шийдвэр юм. Энэхүү тогтоолоор төрийн албан хаагчдад урамшуулал олгохдоо ямар нэгэн хязгаарлалт, хориглолт, тогтоосон шийдвэр гаргаагүй байна.

Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлд Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар асуудал хэлэлцэлцэхээр хуралдааныг хийх тухай” хуульчилсан байх ба мөн хуулийн 30 дугаар зүйлд “Хуралдаанаар хэлэлцэх асуудлаар Засгийн газар тогтоол, Ерөнхий сайд захирамж гаргах” эрхийг заажээ.

Захиргааны Ерөнхий хуульд зааснаар “Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж” нь Захиргааны акт болох бөгөөд хуралдааны тэмдэглэл нь нийгмийн харилцааны хэм хэмжээг тогтоосон эрх зүйн акт биш юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны дарга Г.Өөдэй, хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Цэнд-Аюуш, Ж.Мягмартүвшин нар шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01 дүгээр удирдамжаар баталсан хуваарийн дагуу Дуут сумын төсвийн байгууллагуудын 2016-2019 онуудын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн.

Уг хяналт шалгалтаар тус сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* болон бусад холбогдох албан тушаалтанд нийт 1791507 төгрөгийг нөхөн төлүүлэхээр улсын ахлах байцаагчийн 2020 оны 5 сарын 22-ны өдрийн 35-02/99 дугаартай акт гарсан.

Монгол улсын Их хурлын 2017 оны 11 сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоолоор 2017 оны төсвийн жилд төсвийн албан хаагчдын ажлын үр дүнг үндэслэн нэг удаа 300000 төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн ба уг тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 52 дугаар тэмдэглэл гарсан.

Уг тэмдэглэлд “...сахилгын шийтгэл хүлээсэн бөгөөд сахилгын шийтгэл тооцох хугацаа дуусаагүй байгаа албан хаагчдаас бусад албан хаагчдад мөнгөн урамшуулал олгох арга хэмжээ авахыг төсвийн шууд захирагч нарт даалгах...” үүрэг чиглэлийг өгсөн.

Нэхэмжлэгч *******т Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 7 сарын 26-ны өдрийн А/03 дугаар тушаалаар түүний сарын үндсэн цалинг 1 сарын хугацаатай 10 хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан байсан ба Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд зааснаар мөнгөн урамшуулал авах эрхгүй байтал түүнд 270000 төгрөгийн урамшуулал олгосон байсан тул акт тогтоосон.

Монгол улсын Сангийн сайд, Улсын ерөнхий байцаагчийн албан бичигт “...Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн эрх зүйн шууд үр дагавар бий болгох амаар болон бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”...” гэж дурдсан байгаа. Мөн Засгийн газрын хуралдааны журамд “Даалгавар үүрэг чиглэл өгч тэмдэглэл гаргаж болно” гэж заасан тул улсын байцаагч бид Засгийн газрын 2017 оны 52 дугаар хуралдааны тэмдэглэлийг мөрдүүлж ажилласан болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч ******* нь төрийн жинхэнэ албан хаагчаар олон жил үр бүтээлтэй ажилласан. Улсын их хурлын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар “Монгол улсын 2017 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулах авах арга хэмжээ”-ний талаар тогтоол гарсан.

Дээрх тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол улсын Их хурлын Төсвийн байнгын хороонд даалгасан. Мөн Улсын их хурлын тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Монгол улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар “Төрийн албан хаагчдад үр дүнгийн мөнгөн урамшуулал олгохтой холбоотой Монгол улсын их хурлын 2017 төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” гэх танилцуулга хийгдсэн. Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 52 дугаар тэмдэглэлээс харахад уг урамшууллыг хэрхэн олгох талаар хэлэлцээд 2017 онд сахилгын шийтгэл авагдсан, эсхүл сахилгын шийтгэл тооцсон нь дуусаагүй байгаа албан хаагчдаас бусад төрийн албан хаагчдад мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн.

Засгийн газрын хуралдааны тэмдэглэл нь захиргааны акт биш юм. “Захиргааны акт” гэдэг нь тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар, нийтийн эрх зүйн хүрээнд, гадагш чиглэсэн эрх зүйн үр дагаврыг шууд бий болгосон амаар бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж Захиргааны Ерөнхий хуульд заасан.

Монгол улсны Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлд Засгийн газар шийдвэрийг ямар хэлбэрээр гаргах, мөн энэ хуульд нийцүүлэн гаргасан Монгол улсын Засгийн газрын хуралдааны журмын 10 дугаар зүйлийн 10.3, 10.4-т “Засгийн газар нь бүрэн эрхийнхээ хүрээнд хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар шийдвэр гаргана. Хуралдаанаар асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэж тогтоол гарна” гэж тус тус заасан. Харин цаг үеийн шинжтэй шуурхай асуудлаар захирамж гаргаж болно.

Монгол улсын Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг үндэслэж хяналт шалгалтын улсын байцаагч акт тогтоож байгаа нь эрх зүйн зөрчилтэй захиргааны акт болсон гэдэг нь үндэслэлтэй. Хүсэлтийн дагуу нэмэлт ажиллагаа хийгдэж гэрчээр Ход аймгийн Дуут сумын Засаг даргын Тамгын газрын даргыг асуухад уг мөнгөн урамшуулал олгогдоход Засгийн газрын тэмдэглэл очоогүй байсан талаар мэдүүлсэн.

Иймд Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны Улсын ахлах байцаагчийн 2020 оны 05 сарын 22-ны өдрийн 35/02/99 дугаартай "Сахилгын шийтгэлтэй ажилтнуудад олгосон урамшуулах төлүүлэх тухай" акт нь эрх зүйн зөрчилтэй, акт тогтоох болсон үндэслэл нь захиргааны акт биш байх тул маргаан бүхий актын *******т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч *******ийн Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2020 оны 05 сарын 22-ны өдрийн 35/02/99 дугаартай “Сахилгын шийтгэлтэй ажилтнуудад олгосон урамшуулал төлүүлэх тухай” актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүхээс нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, шүүхэд хуралдаанд хэргийн оролцогч, өмгөөлөгчийн гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан бичгийн нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар хэлэлцэж үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба нь аймгийн Засаг даргын баталсан 2020 оны 02 сарын 18-ны өдрийн 01 дугаартай удирдамжийн дагуу  2020 оны 05 сарын 02-ны өдрөөс 22-ны өдрүүдэд Дуут суманд ажиллаж, сумын Засаг даргын Тамгын газрын 2016 оноос 2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар сахилгын шийтгэл хүлээсэн төрийн албан хаагчдад мөнгөн урамшуулал олгосныг нөхөн төлүүлэх акт тогтоосонтой холбоотой маргаан үүсчээ.

Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2020 оны 05 сарын 22-ны өдрийн 35/02/99 дугаартай “Сахилгын шийтгэлтэй ажилтнуудад олгосон урамшуулал төлүүлэх тухай” актад[1] “... байгаль орчны улсын байцаагч *******т 270.000 төгрөгийг сахилгын шийтгэл оногдуулсан байхад олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.4, 16.5.6 дахь заалт, Улсын Их хурлын 2017 оны 11 сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоол, Засгийн газрын 2017 оны 12 сарын 06-ны өдрийн 52 дугаар тэмдэглэлийг зөрчсөн” гэж дүгнэжээ.  

 Засгийн газрын 2015 оны 12 сарын 14-ний өдрийн 483 дугаар тогтоолоор баталсан “Дотоод аудитын дүрэм” –ийн 6.3.1, 7.5-д зааснаар санхүүгийн хяналт шалгалтын улсын /ахлах/ байцаагч нь акт гаргах эрхтэй, 6.3.1-д зааснаар актыг шалгуулсан этгээдэд танилцуулж, холбогдох баримт бичигт гарын үсэг зуруулах үүрэгтэй байна.

Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагч нараас Дуут суманд ажиллах хугацаандаа маргаан бүхий актыг гаргахаас өмнө нэхэмжлэгч  *******т танилцуулсан, актыг 2020 оны 05 сарын 22-ны өдөр бичгээр гаргаж албажуулан сумын Засаг даргын тамгын газрын даргад хүлээлгэж өгсөн талаар тайлбарласан ба талууд энэ талаар маргаагүй.

            Дотоод аудитын дүрмийн 11.1-д “Улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногт багтаан Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргана. 11.2-д “Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч гомдол хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарласнаар 2020 оны 06 сард сумын Засаг даргын тамгын газрын даргаас маргаан бүхий актыг авч Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргасан гэх ба хариуг 07 сарын 21-ний өдрийн 13-2/4853 дугаартай албан бичгээр[2] хүлээн авч, 08 сарын 13-ны өдөр тус шүүхэд хандсан байх тул шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэв.   

            Учир нь хариуцагчаас актыг нэхэмжлэгч *******т тусгайлан гардуулахыг шаардахгүй, мөн сумын Засаг даргын Тамгын газрын даргын актыг  хүлээн авсан өдрөөс нэхэмжлэгчийн гомдол гаргах хугацааг тоолох үндэслэлгүй бөгөөд Тамгын газрын даргаас нэхэмжлэгчид актыг гардуулсан баримт байхгүй, санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч гомдлыг хүлээн авч хариу өгсөн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчээс сахилгын шийтгэл хүлээсэн бөгөөд сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа нь дуусаагүй байгаа албан хаагчаас бусад төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгохоор тусгасан Засгийн газрын хуралдааны 52 дугаар тэмдэглэл нь захиргааны актын шинжийг агуулаагүй, заавал дагаж мөрдөх шинжгүй тул уг тогтоолыг үндэслэн гаргасан улсын ахлах байцаагчийн акт үндэслэлгүй гэж тайлбарлан маргана. 

Нэхэмжлэгч ******* нь Дуут сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 07 сарын 26-ны өдрийн А/03 дугаар тушаалаар[3] сарын үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн ба энэ талаар маргаагүй.

 Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай/2002 он/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно.”гэж зааснаар нэхэмжлэгчийг сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад буюу 2017 оны 12 сарын 14-ний өдрийн А/152 дугаартай захирамжаар[4]300.000 /гурван зуун мянган/ төгрөгийн урамшуулал авсан байна.

 

Улсын Их хурлын 2017 оны 11 сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоолын 1.1-д Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль  

баталсантай холбогдуулан 2017 оны төсвийн жилд төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчид 300000 төгрөгийн ажлын үр дүнгийн урамшуулал олгох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар даалгаж шийдвэрлэжээ.

Засгийн газрын 2017 оны 12 сарын 06-ны өдрийн хуралдаанаар Улсын Их хурлын 2017 оны 67 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцээд тогтоолд заасан төрийн албан хаагчид ажлын үр дүнгийн урамшуулал олгохдоо тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчид шагнал, урамшил олгох журам”, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын зохицуулалтыг харгалзан сахилгын шийтгэл хүлээсэн бөгөөд сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа нь дуусаагүй байгаа төрийн албан хаагчид олгохгүй байхыг төсвийн шууд захирагч нарт даалгахаар шийдвэрлэж, 52 дугаар тэмдэглэлээр[5] хүргүүлсэн байна.

Засгийн газрын хуралдааны 52 дугаар тэмдэглэлийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 12 сарын 18-ны өдрийн 2/2940 дугаартай албан бичгээр[6]сумдын Засаг дарга нарт хүргүүлсэн байх ч уг бичиг гарахаас өмнө Дуут сумын төрийн албан хаагчдад урамшууллыг олгожээ.  

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.“ гэжээ.

Засгийн газрын хуралдааны 52 дугаар тэмдэглэл нь асуудлыг шийдвэрлэсэн бус Улсын их хурлын 67 дугаар тогтоолоор даалгасан ажлыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор  үүрэг, чиглэл өгсөн агуулгатай байна.

Гэхдээ хуралдааны тэмдэглэлээр сахилгын шийтгэл хүлээсэн бөгөөд сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа нь дуусаагүй төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгохгүй байх зохицуулалт хийсэн нь зарим төрийн албан хаагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, эрх зүйн үр шууд дагаврыг бий болгож байх тул захиргааны актын шинжийг агуулсан гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр сахилын шийтгэл хүлээсэн төрийн албан хаагчдын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал авах эрхийг  хязгаарласан нь үндэслэлгүй гэж маргаагүй атлаа уг тэмдэглэлийг хэрэгжүүлэх нь үндэслэлгүй гэж маргаж, улсын ахлах байцаагчийн актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангах боломжгүй.

Учир нь Дотоод аудитын дүрмийн 5.2.1-д “... санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нь төсөв, санхүүгийн холбогдолтой хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон тэдгээрийг үндэслэн эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журам, заавар, стандарт, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ.” гэж заасан байх тул Улсын Их хурлын тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг зөрчсөн гэх үндэслэлээр акт тогтоосныг буруутгахааргүй байна гэж дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч *******ийн “Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2020 оны 05 сарын 22-ны өдрийн 35/02/99 дугаартай “Сахилгын шийтгэлтэй ажилтнуудад олгосон урамшуулал төлүүлэх тухай” актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь заалтыг тус тус баримтлан *******ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын /ахлах/ байцаагч нарт холбогдох “Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны Улсын ахлах байцаагчийн 2020 оны 05 сарын 22-ны өдрийн 35/02/99 дугаартай "Сахилгын шийтгэлтэй ажилтнуудад олгосон урамшуулах төлүүлэх тухай" актын байгаль орчны улсын байцаагч *******т урамшуулалд олгосон 270,000 төгрөгийг төлүүлэх тухай хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЮУНГЭРЭЛ

 

 

 

 

 

 

[1] хх-ийн 17 дугаар хуудас

[2] хх-ийн 5 дугаар хуудас

[3] хх-ийн 71 дүгээр хуудас

[4] хх-ийн 69-70 дугаар хуудас

[5] хх-ийн 64 дүгээр хуудас

[6]