Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 123/2024/0019/З |
Дугаар | 221/МА2024/0572 |
Огноо | 2024-08-28 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2024/0572
“Д ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Ж
Нэхэмжлэлийн шаардлага “Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/82 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 34 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин
Хэргийн индекс: 123/2024/0019/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Д ” ХХК нь “Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/82 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 34 дүгээр шийдвэр шийдвэрээр “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д ХХК-ийн Баянчандмань сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/82 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
3.1. “... Нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж байгааг болон түүнийг хэрхэн сэргээлгэх гэж байгааг шүүх анхнаасаа бүрэн гүйцэт тодруулах ёстой ба энэ талаарх ажиллагааг дутуу хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хүсэл, зорилго, нэхэмжлэлийн агуулга чухал гэсэн онолын ойлголтыг шүүх харгалзан үзсэнгүй. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д хэргийн хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ. Мөн хуулийн 32.3-д хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй. Гэтэл хариуцагч талаас шүүх хуралдааны үеэр “Д ” ХХК-ийн газрын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй. Гэрээ дүгнүүлээгүй гэж тайлбарласан байдаг. Шүүх газрын гэрээ дүгнүүлдэг, дүгнэгдсэн эсэхийг тогтоохгүйгээр нотлох баримтгүй хариуцагчийн тайлбараар газрын гэрээ дүгнүүлдэггүй байсан байна” гэж шийдвэртээ үндэслэсэн.
3.2. Газар эзэмших ашиглах журмын 14 дүгээр зүйлд заасны дагуу 14.6-д Гэрээний үүргийн биелэлтээр хоёр удаа “Биелүүлээгүй” гэж дүгнэгдсэн тохиолдолд эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу хийж гүйцэтгэнэ гэж заасан. Газар эзэмших ашиглах журмын 14 дүгээр зүйлд заасны дагуу 14.6-д гэрээний үүргийн биелэлтээр хоёр удаа “Биелүүлээгүй” гэж дүгнэгдсэн тохиолдолд эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу хийж гүйцэтгэнэ гэж заасан байдаг. Гэтэл энэ талаар маргаагүй захиргааны актад үндэслээгүй байхад шүүгч шүүхийн шийдвэрт үндэслэсэнд гомдолтой байна. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс өнөөдрийг хүртэл бид газрын төлбөрийг тасралтгүйгээр төлж ирсэн. Газартай холбоотой асуудал цахимжсанаар бид газрын төлбөрийг цахимаар хийж гүйцэтгэдэг. Хэрвээ гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу гэрээгээ дүгнүүлээгүй байсан бол цахим системд нэвтэрч үйлчилгээ авч төлбөр хураамж төлөх боломжгүй байх байсан. Хэрвээ 2 жилийн хугацаанд газрын гэрээ дүгнээгүй байсан бол иргэн аж ахуй нэгжид сануулах, мэдэгдэл хүргүүлэх ажиллагаа хийх байсан. Гэтэл хариуцагч талаас өмнө мэдэгдэл болон сануулах ажиллагаа огт хийгээгүй байхад шүүгч хариуцагчийн хариу тайлбарыг үндэслэн газрын гэрээгээ дүгнүүлж байгаагүй юм байна гэж хоёр үзүүртэй ойлгомжгүй байдлаар шийдвэрлэж захиргааны ерөнхий хуульд заасан “хуульд үндэслэх”, “бодит нөхцөлд тохирсон үндэслэл бүхий шийдвэр гаргасан” гэж заасан үндсэн зарчимд нийцэхгүй.
3.3. Мөн шүүх хуралдааны үеэр Хөдөө аж ахуйн салбар хорио цээрийн дэглэм тогтоосон талаар хариуцагч талаас асуухад хариуцагч талаас уг хорио цээрийн дэглэм Хөдөө аж ахуйд хамааралгүй хэвийн үйл ажиллагаа явуулж байсан гэх баримтгүй тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас гаралтай Ковид-19 дэлхийн цар тахлын өвчин үүсэж гамшгийн давагдашгүй хүчин зүйлсийн үеэр бүхий л бизнесийн салбарт хязгаарлалт хийж хүнд хэцүү үеийг даван туулсан нь нийтэд илэрхий юм. Гэтэл Төв аймгийн Баянчандмань сумаас Хөдөө аж ахуйн салбарт хязгаарлалт огт хийгээгүй гэж” шүүх хуралдаан дээр нотлох баримтгүйгээр тайлбарласан. 95 аж ахуй нэгж байгууллагын газрын гэрчилгээг цуцлах ажиллагаа явуулсан байгаагаас харахад цар тахлын аюулт өвчний үед аж ахуй нэгжид хэрхэн хүнд туссан, нөлөөлж байгаа нь харагдаж байна.
3.4. Уг нөхцөл байдал нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрэхгүй, хэргийн оролцогчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийхгүй байх гэсэн хуулийн зохицуулалт байгаа ч энэ нь шүүхэд хандсан этгээдийн гаргасан хүсэлтээс хэтэрсэн шийдвэр гаргахыг шүүхэд хориглосон агуулгатай юм. Харин шаардлагын төрөлд үгчлэн баригдахгүйгээр үндэслэл, нэхэмжлэгчийн эцсийн зорилго зэргийг бүхэлд нь нэгдмэл байдлаар дүгнэн үзэж, нэхэмжлэгчийн шүүхэд хандсан буюу эрх зүйн хамгаалалт хүссэн бодит үндэслэлд тулгуурлах ёстой байсан.
3.5. … Шүүх хуралдааны явцад хариуцагч байгууллага сонсох ажиллагаа огт хийгээгүй. Сонинд нийтлэл гаргаж байгааг манай сонсох ажиллагаа гэж үзэж байна гэж тайлбарласан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс эзэмшил газар дээрээ төсөл хэрэгжүүлж байсан бөгөөдд төслөө бэлтгэж санхүүжилттэй холбоотой асуудлыг шийдүүлэхийг тулд холбогдох эрх бүхий газарт хандан шийдвэрлүүлэхээр ажиллаж байсан. Гэтэл олон улсыг хамарсан Ковид-19 цар тахал гарч хот хоорондын үйл ажиллагаанууд бүгд зогсонги байдалд орсон. Энэ нь бүхэлдээ үйл ажиллагаа явуулах боломжгүй давагдашгүй зүйл болох нь нийтэд илэрхий байхад бодит байдалд нийцээгүй, хуулийн үндэслэлгүй шийдвэр болсон. Тухайн шийдвэрээ зохих ёсоор нэхэмжлэгчид мэдэгдээгүй зэргээс дүгнэхэд захиргааны шийдвэр гаргах ажиллагааг хууль ёсны дагуу явагдсан гэж үзэх боломжгүй байна.
3.6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2.1. Нэхэмжлэгч “Д ” ХХК нь Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад холбогдуулан “...Баянчандмань сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/82 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргажээ.
2.2. Анхан шатны шүүх “... Нэхэмжлэгч нь 2016-2019 онуудад тоосгон байшин барьж, хашаа татаж, иргэн Т.Ц,Ш.П, В.Ц нартай сахиулын гэрээ байгуулан эзэмшлийн газар дээрээ ажиллуулсан. Харин 2020 оноос 2024 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд тухайн газар дээр сахиул ажиллуулаагүй, ямар нэг зүйл бариагүй, үйл ажиллагаа явуулаагүй, тодруулбал уг газраа фермийн зориулалтаар ашиглаагүй нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна … нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн 5 га газраа фермийн зориулалтаар эзэмшиж, ашиглах зэрэг хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүй … сонсох ажиллагаа явуулаагүй” гэж үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/160 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Д ” ХХК-д Эрдэнэ багийн ард фермийн зориулалтаар 5 га газыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, тус сумын газрын даамал нь 2016 оны 06 дугаар сарын 13, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрүүдэд тус тус газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, улмаар маргаан бүхий Баянчандмань сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/82 дугаар захирамжаар “... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн нэхэмжлэгч “Д ” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
2.4. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, 35 дугаар зүйлийн 35.1.1-д “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах”, 40 дүгээр зүйлийн 40.1-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан бөгөөд хууль тогтоомжийн дээрх зохицуулалтын дагуу газар эзэмшигч этгээд нь газраа зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлж байж газар эзэмших эрх нь хамгаалагдах зарчимтай.
2.5. Хэрэгт авагдсан баримтууд болон маргаан бүхий газрын зургийг харахад нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дахин газар эзэмшүүлэх гэрээг байгуулснаас хойш газраа зориулалтын дагуу ашиглаагүй, үйл ажиллагаа явуулаагүй байхаас гадна зөвхөн “газрын төлбөрийг хугацаанд нь төлж байсан” гэх үндэслэлээр Газрын тухай хууль, газар ашиглах гэрээнд заасан газрыг зориулалтын дагуу ашиглах үүргээ хэрэгжүүлээгүйг зөвтгөх үндэслэл болохгүй.
2.6. Түүнчлэн, Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний, эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тус тус тайлбарлажээ.
2.7. Уг тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийн “... өнөөдрийг хүртэл бид газрын төлбөрийг тасралтгүйгээр төлж ирсэн … Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас гаралтай Ковид-19 дэлхийн цар тахлын өвчин үүсэж гамшгийн давагдашгүй хүчин зүйлсийн үеэр бүхий л бизнесийн салбарт хязгаарлалт хийж хүнд хэцүү үеийг даван туулсан. Төр засгаас хатуу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн хөл хорионд орж эдийн засаг зогсонги байдалд орсон … Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалт 5 жилдээ үргэлжилсэн. Уг нөхцөл байдлаас үүсэж газар дээрээ бүтээн байгуулалт хийх ажил удааширч, зогсонги байдалд орсон” гэх давж заалдах гомдолд болон нэхэмжлэлдээ дурдсан нэхэмжлэгч талын тайлбар нь хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй.
2.8. Өөрөөр хэлбэл, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/160 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Д ” ХХК-д фермийн зориулалтаар газар эзэмших эрхтэй болж, сүүлд 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулснаас хойш маргаан бүхий акт гарах хүртэл буюу 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд дээрх нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан нөхцөл байдал арилснаас хойш газраа зориулалтын дагуу ашиглах хангалттай хугацаа байхад тухайн газартаа фермийн зориулалтаар үйл ажиллагаа явуулаагүй байна.
2.9. Мөн энэ хэргийн тухайд сонсох ажиллагаа хийсэн ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу ашиглаагүй нөхцөл байдал өөрчлөгдөхгүй, уг ажиллагааг явуулсан ч үр дүнд хүрэхээргүй байх тул сонсох ажиллагааг хийгээгүй гэсэн үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй.
2.10. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 34 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ