Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 107

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа

Улсын яллагч: Б.Билэгсайхан

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Доржготов нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийв.

Эрүүгийн хэргийн дугаар 201605000100

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Бямбажавт холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт- Овоо суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн Далангийн 27 дугаар байрны 29 тоотод тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, хувьд ногдох хөрөнгөгүй, Чамин овогт Лхагвасүрэнгийн Бямбажав /КЮ79110810/.

Үйлдсэн гэмт хэргийн талаар

Шүүгдэч Л.Бямбажав нь 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийнхөө өмчлөлийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Баруунсайхан 16 дугаар гудамж 13 тоотод хашаанд байрлах амбаартаа нитро нэгдэл агуулсан Эмульс гэх тэсэрч дэлбэрэх бодис 29 ширхэг, нэг талдаа төмөр хонгио бүхий цайвар ногоон утас бүхий цахилгаан бус тэслүүр, тэсэлгээний цочир дамжуулах шижим болох улаан, саарал улбар шар, цайвар ягаан өнгийн утас, тэсэлгээний хэрэгсэл гал дамжуулах шижим болох саарал өнгийн эд зүйл зэргийг хууль бусаар санаатай хадгалсан,

2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өөрийнхөө өмчлөлийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Баруунсайхан 16 дугаар гудамж 13 тоотод хашаанд байрлах амбаараас Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 3 дугаар баг далангийн 27 дугаар байрны гадна талбай хүртэл нитро нэгдэл агуулсан Эмульс гэх тэсэрч дэлбэрэх бодис 29 ширхэг, нэг талдаа төмөр хонгио бүхий цайвар ногоон утас бүхий цахилгаан бус тэслүүр, тэсэлгээний цочир дамжуулах шижим болох улаан, саарал улбар шар, цайвар ягаан өнгийн утас, тэсэлгээний хэрэгсэл гал дамжуулах шижим болох саарал өнгийн эд зүйл зэргийг хууль бусаар, санаатай тээвэрлэсэн,

2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 3 дугаар баг далангийн 27 дугаар байрны гадна талбайд байрлах амбаартаа нитро нэгдэл агуулсан Эмульс гэх тэсэрч дэлбэрэх бодис 29 ширхэг, нэг талдаа төмөр хонгио бүхий цайвар ногоон утас бүхий цахилгаан бус тэслүүр, тэсэлгээний цочир дамжуулах шижим болох улаан, саарал улбар шар, цайвар ягаан өнгийн утас, тэсэлгээний хэрэгсэл гал дамжуулах шижим болох саарал өнгийн эд зүйл зэргийгхууль бусаар, санаатай хадгалсан,

2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө хүртэлх хугацаанд Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 3 дугаар баг далангийн 27 дугаар байрны гадна талбайгаас иргэн Э.Чулаан-Арилдийгийн эзэмшлийн 00-55 ӨМА улсын дугаартай Ландкруйзер-80 маркийн тээврийн хэрэгслээр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг дэвсгэр хүртэл нитро нэгдэл агуулсан эмульс гэх тэсэрч дэлбэрэх бодис 29 ширхэг, нэг талдаа төмөр хонгио бүхий цайвар ногоон утас бүхий цахилгаан бус тэслүүр, тэсэлгээний цочир дамжуулах шижим болох улаан, саарал улбар шар, цайвар ягаан өнгийн утас, тэсэлгээний хэрэгсэл гал дамжуулах шижим болох саарал өнгийн эд зүйл зэргийг хууль бусаар, санаатай тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ 

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч Л.Бямбажавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би Өмнөговь аймгаас 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр найз Чулуун-арилди, түүний дүү Мөнхтөр нарыг хамтаар Чулуун- арилдийн эзэмшлийн 00-55 ӨМА улсын дугаартай Ланд круйзер 80 маркийн машинаар Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт гар аргаар ашигт малтмал олборлохоор явсан. Бид гурав Баянлиг сум, Баянхонгор аймгийн төвөөр дайраад аймгийн төвөөс гараад самбартай хөтлийн наана хээр хоносон. Тэгээд маргааш өглөө нь буюу 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн өглөө Шинэжинст сумруу явсан. ...Бид тэр газраа очоод ядраад шөнөө унтсан. Маргааш өглөө нь эрт цагдаа нар ирж бид гурвыг шалгаж, машинд үзлэг хийсэн. Машины кабинд хамт явсан хоёртоо хэлэлгүйгээр тэсэлгээний бодис, хэрэгслийг шуудайнд хийгээд нүднээс далд тавьсан байсан. Түүнийг цагдаа нар олж илрүүлсэн. Тэсэлгээний бодис 29 ширхэг, задгай гялгар цаастай нэг, мөн утаснууд, ногоон өнгөтэй мулдок 1 ширхэг байсан. Чулуун-арилди, Мөнхтөр нарт ханьтай Баянхонгор ороод ирье гэдгийг хэлсэн. Түүнээс тэсэлгээ хийгээд ашигт малтмал олборлоод ирье гэж хэлээгүй. Тэсэлгээний бодис, хэрэгслийг 3-4 жилийн өмнө манай найз Ховог гэх залуу чамд хэрэг болж мэднээ гээд ууттай зүйл өгч байсан. Тэр залуу одоогоос 1 жилийн өмнө нас барсан. ...Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. жолоодож явсан гэх ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Чулуун-арилди найзаасаа 5.000.000 төгрөгөөр авч, өгөлцөхөөр тохирсон, урьдчилгаа болгож 3.000.000 төгрөгийг өгсөн байгаа. Гэхдээ Чулуун-арилдийн машин бол хуучин учир үнийг нь буулгахаар ярилцсан. Тээврийн хэрэгслийн гэрчилгээнд эзэмшигчийн нэр өөрчлөгдөж авто машин худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй байгаа... гэх мэдүүлэг. /ХХ-ийн 70-71 /

...Би өөрийнхөө хашаанд буюу Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Баруунсайхан 16 дугаар гудамж 13 тоотод 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд амбаартаа хадгалсан. 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр оршин суугаа газраа өөрчилж Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 3 дугаар баг далангийн 27 дугаар байрны 29 тоотод оршин суух болсон. Би 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шинээр оршин сууж байгаа хаяг руугаа гэрээ нүүлгэхдээ тухайн үед хүн гуйж гэр, амбаараа нүүлгэж байсан. Тухайн үед хэнээр нүүлгүүлж байснаа санахгүй байна. 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд тэсэлгээний бодис, хэрэгслийг Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Баянхонгор аймгийн Шинэжинст сум хүртэл ӨМА 0055 улсын дугаартай Тоёота ланд круйзер 80 маркийн машинаар тээвэрлэж явсан минь үнэн... гэх мэдүүлэг. /хх-ийн 72 /

... Би тэсэлгээний бодис, хэрэгслийг авч яваа гэдгээ хамт явсан Мөнхтөр, Чулуун-арилди нарт хэлээгүй. Тэр хоёр мэдэх боломж байгаагүй. Бид гурав 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 26-нд шилжих шөнө тухайн газартаа очиж хоноод, өглөө нь буюу 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн өглөө цагдаа нарт баригдсан. Мөнхтөр, Чулуун-арилди нар надтай хамт явахаар эд зүйл бэлтгэж авч явсан зүйлгүй, би бүгдийг бэлдсэн байсан юм. ..гэх мэдүүлэг. /хх-ийн 75-76 /

...Л.Бямбажавын талийгаач найз Ховогийн албан ёсны нэр нь Батсайханы Ганбуд гэдэг байсан. Өмнөговь аймгийн Даланзадгад суманд оршин суудаг байсан. Талийгаач Ганбудын гэр бүлийнхэн хүмүүс одоо хаана байдгийг мэдэхгүй. Дотно үерхэж байсан найзууд гэвэл миний бие, мөн Д.Алтанхуяг бид хоёр байна. Талийгаач манай гэрт ганцаараа ирж байсан, ямар унаагаар ирж байсныг санахгүй байна. Талийгаач надад 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр авчирч өгч байсан. Миний хувьд өөрөө болон өөр хүнд өгч тэсэлгээний бодис, хэрэгслийг ашиглуулсан, хэрэглэсэн зүйл байхгүй. Мөн бусдад зарсан, дамжуулсан зүйлгүй. Би өөрийнхөө хашаанд буюу Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Баруунсайхан 16 дугаар гудамж 13 тоотод 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд амбаартаа хадгалсан. 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр оршин суугаа газраа өөрчилж Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 3 дугаар баг далангийн 27 дугаар байрны 29 тоотод оршин суух болсон. Эд хогшил хадгалдаг амбаартаа шинээр оршин суух байрныхаа гадаа аваачиж тавьсан ...гэх мэдүүлэг. /хх-ийн 77-78 /

Хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болорчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Тэсэлгээний хэрэгсэл гэж тэсэрч дэлбэрэх бодисын тэсрэлтийг үүсгэх зориулалттай цэнэг агуулсан өдөөгч хэрэгслийг ойлгодог. Тэсэлгээний бодис, хэрэгслийг ахуйн зориулалтаар ашигладаггүй зөвхөн уул уурхай, замын үйл ажиллагаанд ашигладаг. Мөн тэсэлгээний бодис, хэрэгслийг тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэнд хяналт тавих тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу тусгайлан тоноглосон тээврийн хэрэгслээр аюулгүй байдлыг хангаж харуул хамгаалалттай тээвэрлэх бөгөөд тээврийн хэрэгслийн зөвшөөрөл, тээвэрлэлтийн маршрут, харуул хамгаалалттай тээвэрлэх ёстой. Тус хуулийн 20 дугаар зүйлд зааснаар тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэхийг хориглосон байдаг. Тэсэлгээний бодис, хэрэгслийг хувь иргэн хууль бусаар олж авах, худалдах, хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах хориотой. Дээрх хэрэгт хохирол гараагүй учир мөнгөн хэлбэрээр хохирол нэхэмжлэх боломжгүй байна. Хүн болон, байгаль орчинд хохирол учруулаагүй... гэх мэдүүлэг. /хх-ийн 38-39-/

Иргэний нэхэмжлэгч Э.Чулуун-Аралдийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... манай найз Бямбажав нь 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр манай гэрт ирсэн. Тэр Баянхонгор аймаг руу хамт яваад ирье гэхээр нь зөвшөөрсөн. Тухайн үед мал төллөөгүй байсан учир зөвшөөрсөн. ...Бямбажавыг хамт яваад ирье гэхээр нь холын ах дүү, хамар хашааны Мөнхтөрийг хамт явъя гэж хэлэхэд тэр зөвшөөрөөд гурвуулаа явахаар болсон. Бид гурав Өмнөговь аймгийн Баяндалай сумаас 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн үдээс хойш гараад замаараа Баянлиг сум, Баянхонгор аймгийн төв дайраад аймгаас баруун урагшаа Шинэжинст сум руу гарсан. Явах замдаа аймгаас гараад холгүй унтаж амраад маргааш өглөө нь буюу 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Шинэжинст сум руу яваад 2016 оны 03 дугаар сарын 25-нд шилжих шөнөө очиж хоносон. Маргааш өглөө нь цагдаа нар ирээд бичиг баримт шалгаад машины кабинд үзлэг хийсэн. Тэгтэл машин дотроос тэсэлгээний хэрэгсэл гэсэн хиам шиг хэлбэртэй улбар шар зүйлүүд, мөн утаснууд гарч ирсэн. Тэр нь тэсэлгээний бодис, хэрэгсэл гэж байсан, Мөнхтөр бид хоёрын хувьд дээрх зүйлийг авч явсаныг мэдээгүй. Бямбажав надад хэлэхдээ найзаа өр зээлэнд ороод байна, Баянхонгор аймаг руу яваад ирье гэдгийг хэлсэн. Түүнээс Мөнхтөр бид хоёр алт олборлож тэсэлгээ хийнэ гэж янз бүрийн зүйл бэлдээгүй. Би машинаа Бямбажав найздаа зарахаар тохиролцоод түүнд машинаа 2016 оны эхээр өгсөн, тэр надад 3.000.000 төгрөгийг өгсөн. ...Би машинаа одоо 5.000.000 төгрөгөөр үнэлнэ... гэх мэдүүлэг. /хх- ийн 31-32 /

... Бямбажав бид хоёр цаг хугацааг буруу тооцоолсон байна. Мөнхтөрийн мэдүүлж байгаа цаг хугацаа буюу 2016 оны 03 дугаар сарын 26-ны өглөө баригдсан юм... гэх мэдүүлэг. /хх-ийн 33-34 /

Гэрч Б.Мөнхтөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... Бид гурав Баянхонгор аймаг руу Чулуун-аралди ахын 00-55 ӨМА улсын дугаартай ланд круйзер маркийн машинаар явсан. Гэхдээ Чулуун-аралди ах машинаа унахаа болиод Бямбажав ахад зарахаар тохиролцсон гэж байсан. Бид явсаар Баянлиг сум, Баянхонгор аймгийн төв дайраад Шинэжинст сумын нутаг гэсэн нэг газарт бид гурав машиндаа унтаж байгаад буюу 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 26-нд шилжих шөнө унтаад өглөө нь цагдаа нар ирж бид гурвыг шалгасан. Машины кабин дотор үзлэг хийж байхад машинаас нэг шуудайтай зүйл гаргатал дотроос нь хиам шиг хэлбэртэй зүйлүүд, утаснууд гарч ирсэн. Тэрийг цагдаа нар тэсэлгээний бодис, хэрэгслүүд байна гэж байсан. Тэгээд л тэсэлгээний хэрэгсэл, бодис байна гэдгийг мэдсэн. Түүнээс Бямбажав ахыг тэсэлгээний бодис хэрэгсэл авч яваа гэдгийг мэдээгүй байсан. Цагдаа нарыг дагаад яваад толгой аараг дундуур дамжихад тухайн явж байгаа газрын ойролцоо уурхайн кемпи байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 40-41 /

Гэрч Ц.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ...Бямбажавыг тэсэлгээний бодис, хэрэгслийг авч явсан хэргээр шалгагдаж байгааг мэдсэн. Бямбажав алт шороогоор хааяа явдаг, өөрийн эрхэлсэн тодорхой ажилгүй. Унаж явсан машинаа Чулуун-аралди гэх найзаасаа худалдаж аваад мөнгийг нь өгөөгүй байгаа талаар ярьж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 42-43 /

Гэрч Д.Алтанхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би Л.Бямбажавыг 5-6 жилийн өмнөөс таньдаг болж түүнээс хойш үерхэж нөхөрлөж ирсэн найзууд. ...Түүнийг Баянхонгор аймагт эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа гэдгийг өөрөөс нь сонссон Бямбажав надад ярихдаа талийгаач Ховог буюу Ганбуд надад шуудайтай зүйл өгч байсан, түүнийг нь алтанд явахдаа авч явж байгаад Баянхонгор аймгийн Шинэжинст суманд цагдаа нарт саатуулагдаж шалгуулаад баригдсан талаараа ярьсан. Тэр авч явсан зүйл нь тэсэлгээний бодис хэрэгсэл байсан юм билээ. Ховог буюу Ганбудтай Бямбажав бид хоёр найзууд тэр 2012 онд гэмтлийн улмаас нас барсан юм ...гэх мэдүүлэг. /хх-ийн 44-45 /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 07- ны өдрийн 2338 дугаартай:

1.Шинжилгээнд ирүүлсэн нэг үзүүртэй төмөр хонгиотой цайвар ногоон өнгийн утастай эд зүйл нь тэсэлгээний хэрэгсэл мөн. Уг эд зүйлийг цахилгаан бус тэслүүр гэж нэрлэнэ.

2. Шинжилж буй улаан, улбар шар, цайвар ногоон өнгийн эд зүйлүүд нь тэсэлгээний хэрэгсэл болох цочир дамжуулах шижим, харин саарал өнгийн эд зүйл нь тэсэлгээний хэрэгсэл болох гал дамжуулах шижим байна. Эдгээр эд зүйлсийг тэсэлгээний ажил хийхэд ашиглана... гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 48-50, 51-52 /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 14- ний өдрийн 2962 дугаартай:

1.Шинжилгээнд ирэлсэн улбар шар өнгөтэй 21.5 см урттай, 2.5 см диаметртэй гонзгой хэлбэрийн зүйлд нитро нэгдэл илэрсэн.

2.Нитро нэгдэл нь тэсэрч дэлбэрэх бодисын гол найрлаганд ордог болно.

3. Шинжилгээнд ирүүлсэн тротиловая шашка 75 мг гэсэн бичиглэлтэй дундаа нүхтэй цилиндр хэлбэрийн зүйл нь Тринитротолуол нь (тротил, тол, ТNТ, 2,4,6- трипитрометилбензол) шаргал өнгийн талст бодис бөгөөд практикт хэрэглэгддэг хамгийн хүчтэй тэсрэх бодис... гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 53-55 /

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол/хх-ийн 1/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 9-11/, тэсэлгээний бодис, хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл/12-15/, хураан авах тогтоол, тэмдэглэл /23-24/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 25-28/, Хөрөнгийн үнэлгээний төвийн авто машин үнэлсэн тхай тайлан /хх-ийн 60-61/, 05-55 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ/хх-ийн 93/, шүүгдэгч Л.Бямбажавын хувийн байдлын талаарх иргэний үнэмлэхний лавлагаа/хх-ийн 86/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 103/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэч Л.Бямбажав нь 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийнхөө өмчлөлийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Баруунсайхан 16 дугаар гудамж 13 тоотод хашаанд байрлах амбаартаа нитро нэгдэл агуулсан Эмульс гэх тэсэрч дэлбэрэх бодис 29 ширхэг, нэг талдаа төмөр хонгио бүхий цайвар ногоон утас бүхий цахилгаан бус тэслүүр, тэсэлгээний цочир дамжуулах шижим болох улаан, саарал улбар шар, цайвар ягаан өнгийн утас, тэсэлгээний хэрэгсэл гал дамжуулах шижим болох саарал өнгийн эд зүйл зэргийг хууль бусаар санаатай хадгалсан,

2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өөрийнхөө өмчлөлийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Баруунсайхан 16 дугаар гудамж 13 тоотод хашаанд байрлах амбаараас Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 3 дугаар баг далангийн 27 дугаар байрны гадна талбай хүртэл нитро нэгдэл агуулсан Эмульс гэх тэсэрч дэлбэрэх бодис 29 ширхэг, нэг талдаа төмөр хонгио бүхий цайвар ногоон утас бүхий цахилгаан бус тэслүүр, тэсэлгээний цочир дамжуулах шижим болох улаан, саарал улбар шар, цайвар ягаан өнгийн утас, тэсэлгээний хэрэгсэл гал дамжуулах шижим болох саарал өнгийн эд зүйл зэргийг хууль бусаар, санаатай тээвэрлэсэн,

2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 3 дугаар баг далангийн 27 дугаар байрны гадна талбайд байрлах амбаартаа нитро нэгдэл агуулсан эмульс гэх тэсэрч дэлбэрэх бодис 29 ширхэг, нэг талдаа төмөр хонгио бүхий цайвар ногоон утас бүхий цахилгаан бус тэслүүр, тэсэлгээний цочир дамжуулах шижим болох улаан, саарал улбар шар, цайвар ягаан өнгийн утас, тэсэлгээний хэрэгсэл гал дамжуулах шижим болох саарал өнгийн эд зүйл зэргийгхууль бусаар, санаатай хадгалсан,

2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө хүртэлх хугацаанд Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 3 дугаар баг далангийн 27 дугаар байрны гадна талбайгаас иргэн Э.Чулаан-Аралдийгийн эзэмшлийн 00-55 ӨМА улсын дугаартай Ландкруйзер-80 маркийн тээврийн хэрэгслээр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг дэвсгэр хүртэл нитро нэгдэл агуулсан Эмульс гэх тэсэрч дэлбэрэх бодис 29 ширхэг, нэг талдаа төмөр хонгио бүхий цайвар ногоон утас бүхий цахилгаан бус тэслүүр, тэсэлгээний цочир дамжуулах шижим болох улаан, саарал улбар шар, цайвар ягаан өнгийн утас, тэсэлгээний хэрэгсэл гал дамжуулах шижим болох саарал өнгийн эд зүйл зэргийг хууль бусаар, санаатай тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Л.Бямбажавын мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 70-72, 75-78/,  хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болорчимэгийн мэдүүлэг. /хх-ийн 38-39/, иргэний нэхэмжлэгч Э.Чулуун-Аралдийн мэдүүлэг. /хх- ийн 31-34 /, гэрч Б.Мөнхтөрийн мэдүүлэг. /хх-ийн 40-41/, гэрч Ц.Мөнхбатын мэдүүлэг. /хх-ийн 42-43 /, гэрч Д.Алтанхуяг нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд. /хх-ийн 44-45 /, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 07- ны өдрийн 2338, 2016 оны 04 дүгээр сарын 14- ний өдрийн  2962 дугаартай дүгнэлтүүд/хх-ийн 48-55/ хэрэгт авагдсан бичгийн болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Бямбажавт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Л.Бямбажавыг тэсэрч дэлбэрэх бодисийг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Л.Бямбажавын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хх-ийн 103/ Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Бямбажав нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал,  үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-д зааснаар тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Л.Бямбажавт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу биечлэн эдлүүлэхгүйгээр хянан харгалзав.

Хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болорчимэг нь ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Л.Бямбажавыг бусдад төлөх төлбөргүй , мөн хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Бямбажавын гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн өмчлөлийн 00-55 ӨМА улсын дугаартай TOYOTA LAND GRUISER маркийн тээврийн хэрэгслийг хэрэглэсэн  гэж үзэх үндэслэлгүй бөгөөд учир нь иргэний нэхэмжлэгч Э.Чулуун-аралди, шүүгдэгч Л.Бямбажав нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй, шүүгдэгч Л.Бямбажав нь мөрдөн байцаалтын шатанд 3.000.000 төгрөгийн өгсөн гэж мэдүүлсэн боловч Э.Чулуун-аралдийгийн шүүхэд гаргасан “...Л.Бямбажав нь ямар ч мөнгө өгөөгүй...” гэх хүсэлт болон №00725226 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Л.Бямбажавын нэр дээр  шилжүүлээгүй, тухайн тээврийн хэрэгслийн жинхэнэ өмчлөгч нь Э.Чулуун-аралди мөн болох нь тогтоогдож байх тул 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх, мөн улсын дугааргүй Дон сон маркийн мотоцикль зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, өмчлөгч иргэний нэхэмжлэгч Э.Чулуун-аралди, шүүгдэгч Л.Бямбажав нарт буцаан олгож шийдвэрлэв.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт хадгалагдаж байгаа эмульс 29 ширхэг, задарсан эмульс 1 ширхэг, тротиловая шашка гэх бичигтэй 75 грамм жинтэй зүйл 1 ширхэг, цахилгаан бус тэслүүр 2 боодол, тэсэлгээний цочир дамжуулах шижим болох буюу улаан, улбар шар, цайван ногоон өнгийн утас 3 боодол, тэсэлгээний хэрэгсэл болох гал дамжуулах шижим болох саарал өнгийн утас 1 боодол, тэсэлгээний цочир дамжуулах шижим болох улаан, саарал улбар шар, цайвар ягаан өнгийн утасны тасархай 3 ширхэг, тэсэлгээний хэрэгсэл болох гал дамжуулах шижим болох саарал өнгийн утасны тасархай 1 ширхэг зэргийг устгаж, харин  Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа ногоон өнгийн мулдок 1 ширхэгийг Л.Бямбажавт буцаан олгож шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1,  297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

    ТОГТООХ нь

1.Шүүгдэгч Чамин овогт Лхагвасүрэнгийн Бямбажавыг тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1-д зааснаар шүүгдэгч Л.Бямбажавыг хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Л.Бямбажавыг хоёр жил нэг сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бямбажавт оногдуулсан хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Л.Бямбажав нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг мэдэгдсүгэй. 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.4 -т зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт хадгалагдаж байгаа эмульс 29 ширхэг, задарсан эмульс 1 ширхэг, тротиловая шашка гэх бичигтэй 75 грамм жинтэй зүйл 1 ширхэг, цахилгаан бус тэслүүр 2 боодол, тэсэлгээний цочир дамжуулах шижим болох буюу улаан, улбар шар, цайван ногоон өнгийн утас 3 боодол, тэсэлгээний хэрэгсэл болох гал дамжуулах шижим болох саарал өнгийн утас 1 боодол, тэсэлгээний цочир дамжуулах шижим болох улаан, саарал улбар шар, цайвар ягаан өнгийн утасны тасархай 3 ширхэг, тэсэлгээний хэрэгсэл болох гал дамжуулах шижим болох саарал өнгийн утасны тасархай 1 ширхэг зэргийг устгаж, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа ногоон өнгийн Мулдок 1 ширхэгийг Л.Бямбажавт буцаан олгосугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч Л.Бямбажавын өмчлөлийн улсын дугааргүй До сон маркийн мотоцикль, иргэний нэхэмжлэгч Э.Чулуун-аралдийн өмчлөлийн 00-55 ӨМА улсын дугаартай TOYOTA LAND GRUISER маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, өмчлөгч шүүгдэгч Л.Бямбажав, иргэний нэхэмжлэгч Э.Чулуун-аралди нарт олгосугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 297.1.4-д зааснаар шүүгдэгч Л.Бямбажав нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д зааснаар шүүгдэгч Л.Бямбажавт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй  болохыг дурьдсугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Бямбажавт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА