Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 8

 

Европын сэргээн босголт хөгжлийн банкны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00145/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1132 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Европын сэргээн босголт хөгжлийн банкны нэхэмжлэлтэй,

“Шарын гол” ХК-д холбогдох

          “3.281.369 ам доллар гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагатай, “Зээлийн гэрээний 2.07 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайваны гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс:

Европын сэргээн босголт хөгжлийн банк нь Шарын голын нүүрс  боловсруулах тоног төхөөрөмжийг худалдан авах суурилуулах утаагүй түлш,  нүүрсний шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийг шинэчлэх худалдан авах, суурилуулах нэмэлт нүүрсний шахмал түлшний үйлдвэр байгуулах, уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдан авалт хийх зорилгоор  2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Шарын гол” ХК, “Нако” ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Европын сэргээн босголт хөгжлийн банк нь зээлдэгч  буюу “Шарын гол” ХК, “Нако” ХХК-д  10.000.000 ам доллараас ихгүй зээл олгохыг зөвшөөрсөн бөгөөд Зээлийн гэрээний 2.02-т “Хавсралт 2-т заасан нөхцөл шаардлагад  нийцүүлэн банк нь  үүрэгт хугацаанд  Зээлдэгчийн хүсэлтийг харгалзан ажлын өдрийн аль ч өдөр зээлийг нэг буюу түүнээс дээш  удаа олгож болно.  Энэхүү зээлийг зээлдэгч нь  хавсралт А маягт болон банкны  шаардлагад нийцүүлэн хүсэлт гаргана, хүсэлтийг мөнгө авах өдрөөс 10 хоногийн өмнө банкинд гаргаж өгөх шаардлагатай.  Энэ нь зээлдэгчийн эцсийн  бөгөөд  үүрэг хүлээсэн хүсэлт байна. Зээл олголт нь 5.000.000 ам доллараас доошгүй дүн байна гэж заасан бөгөөд Зээлийн гэрээний дагуу Европын сэргээн босголт хөгжлийн банк нь зээлдэгч “Шарын гол” ХК-д 5.000.000 ам долларыг 2014 оны 03 дугаар сарын 16-ны өдөр “Шарын гол” ХК-ийн Хаан банкны 5038040002 тоот дансанд шилжүүлсэн. Зээлийн гэрээний 2.07-д зааснаар зээлдэгч нь зээлийн гэрээг буцаан төлөхдөө 6 тэнцүү хувааж хагас жил тутамд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцсон. “Шарын гол” ХК-нд төлбөрийн үлдэгдлийг  төлөх талаар Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас удаа дараа албан бичгээр мэдэгдсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл зээлдэгч “Шарын гол” ХК нь зээлийн гэрээний дагуу төлбөрийг төлөхгүй байгаа тул шүүхэд хандаж байгаа болно. 2017 оны  06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэг нь үндсэн зээлийн төлбөр 2.499.999 ам доллар, зээлийн хүү 585.016 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 181.631 ам доллар, шимтгэл 14.722 ам доллар нийт 3.281.369 ам долларыг хариуцагч “Шарын гол” ХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайванаас:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь тодорхойгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан гэдэг хариу тайлбар өгөх боломжгүй байна. Нэхэмжлэлийнхээ  агуулга үндэслэх хэсэгт нэхэмжлээд байгаа хуримтлагдсан хүү, нэмэгдсэн хүү, торгуулийг яаж тооцсон буюу нэгж хугацааны хүү, нэмэгдсэн хүү болон торгуулийн хэмжээ нь хэд юм, хэзээнээс хэдий хүртэлх  хугацаа хамаарч байгаа юм гэдгээ бичээгүй тул нэхэмжлэлийн шаардлагын дээрх дүнгүүд хэрхэн  гарсан нь тодорхойгүй  байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага нь хуримтлагдсан хүү, нэмэгдсэн хүү, торгууль зэргээс бүрдэж байгаа тул эдгээр шаардлага тус бүр ойлгомжтой тодорхой байна гэмээнэ, хариуцагч тэдгээр шаардлагад хариу тайлбар өгөх урьдач нөхцөл бүрдэнэ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа өөрөө үнэн зөв тодорхойлж түүнийгээ нотлох үүрэгтэй бөгөөд нөгөө талаас хариуцагч тэрхүү нэхэмжлэлийн үндэслэл шаардлагатай холбогдуулан үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байхад хариуцагч нэхэмжлэлд хариуцагч тайлбар гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх үүргээ бодитоор хэрэгжүүлэх  мэтгэлцэх зарчмыг ханган оролцох нөхцөл хязгаарлагдаж байна. Мөн нэхэмжлэгч зөвхөн “Шарын гол” ХК-аас нэхээд байгаа эсхүл талыг нь  нэхээд байгаа нь  боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч Европын сэргээн босголт хөгжлийн банктай “Шарын гол” ХК ганцаараа зээлдэгчийн үүрэг хүлээж,  зээлийн гэрээ байгуулж мөнгө зээлээгүй ба  бие даан тусдаа үйл ажиллагаа эрхэлдэг  хуулийн этгээд болох “Нако түлш” ХК зээлийн гэрээ байгуулж  зээлдэгчийн эрх үүргийг хүлээсэн тул нөгөө зээлдэгч болох “Нако түлш” ХК-аас дээрх шаардлагын үнийн дүнгийн  талыг нь  эсхүл тодорхой  хэсгийг нэхэмжилж байгаа,  эсхүл нэхэмжлэхээр шүүхэд хандсан зэргээс “Шарын гол” ХК-ийн зүгээс гаргах тайлбарын агуулга шууд хамаарна. “Шарын гол” ХК нь  шүүхийн өмнө “Нако түлш” ХК-ийг төлөөлөхгүй бөгөөд түүний өмнөөс тайлбар  гаргах зэрэг байр суурь илэрхийлэх эрхгүй болно. Түүнчлэн энэхүү иргэний нэхэмжлэлийн үнийн дүн нь их, хариуцагчийн үйл ажиллагаа, санхүүгийн чадавхид асар их нөлөөлөх үнийн дүнтэй маргаан нөгөө талаас хариуцагчийн хариу тайлбар гэдэг нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар нотолгооны хэрэгсэл болдог тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар  бүрэн дүүрэн хангалттай мэдээлэлтэй байсны үндсэн дээр үндэслэл бүхий хариу тайлбар гаргах замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эрх хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаална гэжээ.

Хариуцагч “Шарын гол” ХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Тус шүүхэд Европын сэргээн босголт хөгжлийн банк нь “Шарын гол” ХК-д холбогдуулан 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой нэхэмжлэл гаргасан. Европын сэргээн босголт хөгжлийн банк нь зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.07 дахь заалтын дагуу зээлийг буцаан төлөх хугацаа болсон гэж тэрхүү заалтад заасан эргэн төлөлтийг шаардсан нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн зүгээс 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Зээлийн гэрээний 2.07 дахь заалт буюу зээлдэгч нь зээлийг 6 тэнцүү хуваасан хэмжээгээр эргэн төлнө гэсэн заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэж, хүчин төгөлдөр бусд тооцуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрхийнхээ дагуу сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа болно. Зээлийн гэрээний 2.07 дахь заалтыг дараах үндэслэлүүдээр хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа болно.Үүнд зээлдэгч “Шарын гол” ХК нь Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас 10 сая ам доллар зээлээгүй ба 5 сая доллар зээлсэн. Гэтэл зээлийн гэрээний эргэн төлөлт нь 10 сая ам доллар 1 удаагийн эргэн төлөлт нь л гэхэд 1.666.667 ам доллар байгаа нь талуудын хооронд үүссэн зээлийн харилцаанаас өөр зээлийн харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ юм. Өөрөөр хэлбэл талуудын хоорондын зээлийн харилцаанд үйлчлэхгүй буюу 10 сая ам доллар зээлсэн зээлийн харилцаанд хамааралтай бөгөөд энэхүү заалтаар зээлийн эргэн төлөлтийн хугацааг тодорхойлсон нь зээлдэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд харшлах Олон улсад болон Монгол улсад хүлээн зөвшөөрсөн бизнесийн зээлийн харилцааны зан суртахууны хэм хэмжээг зөрчсөнийг илтгэнэ. Тодруулбал зээлийн дүн нь ямар хэмжээний эрсдэл хүлээж байгааг илэрхийлж эргэн төлөлтийн хугацаа болон хүүг ямар хэмжээгээр тогтоох вэ гэдэг үндэслэл шалгуур болдог тул 5 сая ам долларын зээлийн эргэн төлөлтийн хугацаа хүүгийн хэмжээг 10 сая ам долларын зээлийн эргэн төлөлтийн хугацаа хүүгийн хэмжээнээс өөрөөр тохиролцох нь хэн бүхэнд ойлгомжтой. Зээл авах зорилго нь  зээлдэгч бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх сайжруулахад зарцуулах байсан бөгөөд тэр ч утгаараа зээлдүүлэгч зээлдэгчийн бизнес төлөвлөгөө бусад шаардлагатай бичиг баримтад үнэлэлт дүгнэлт өгч хэдийг зээлсэн тохиолдолд  зээлийн зарцуулалтын үр шимийг гаргаж зээлийг ийм хугацаанд эргэн төлөх боломжтой гэж зээл олгосон. Гэтэл тэрхүү 10 сая ам долларын зээл олголт дээр хийсэн бизнес төлөвлөгөө зээлийн үр шимийн тооцоолол дээр тулгуурлан гаргасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлдэгчээс зээлийн эргэн төлөлтийг  хийхийг шаардсан нь гэрээний шударга ёсны болон гэрээний агуулгыг харилцан ашигтайгаар бодитоор тогтоох зарчмыг зөрчснийг харуулж байна. Тухайлбал зээлдэгч 10 сая ам долларыг зээлж чадаагүй бүр талтай нь тэнцэх хэмжээний санхүүжилт авсан тул төсөл хөтөлбөрөө бүрэн санхүүжүүлж чадахгүй төсөл хөтөлбөрийн үр дүн гарахгүй цаашлаад зээлийн үр шим гарах хугацаа дахин мөн хэрээр хойшилж зээлийн эргэн төлөлтөд шууд нөлөөлнө. Тэгэхээр 5 сая ам доллар зээлсэн тохиолдолд эргэн төлөх хугацаа нь ямар байх вэ гэдэг байхгүй бөгөөд 10 сая ам доллар зээлсэн  тохиолдолд буцаан төлөх хугацаагаар тодорхойлсон заалт нь  зээлдэгчийн эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх хэт нэг талыг барьсан хууль бус заалт юм. Гэрээний 2.07 дахь заалтад 10 сая долларыг 1.666.667 ам доллараар 6 удаа 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хагас жил тутам төлөх агуулгыг цагаан дээр хараар маш тодорхой бичсэн байхад нэхэмжлэгч тэрхүү заалтыг өөрт ашигтай буюу  хугацааг тогтоосон хэсгийг үндэслэж харин 1 удаа төлөх 1.666.667 ам доллар гэдгийг 833.333 ам доллар гэж уншиж нэхэмжлэл гаргаж байгаагаас гэрээний харилцааны тэгш байдлыг хангах хэм хэмжээний зарчим зөрчигдсөн заалт болохыг нотолно. Нөгөө талаас зээлийн гэрээ байгуулахаас өмнө хэлэлцээр зээлийн гэрээний агуулгад дүн шинжилгээ хийж үзэхэд зээлдүүлэгч зээлдэгчид 10 сая ам доллар зээлэх болохоор эрсдэл өндөр тул хүү нь ийм байна эргэн төлөх хуваарь нь ийм байна гэж тооцоолж харилцан тохиролцчихоод 5 сая ам долларын зээлийн нөхцөл агуулгыг хүлээн зөвшөөрүүлчихсэн зүйл илт ажиглагдана. Өөрөөр хэлбэл зээлдэгч өөрт хэрэгцээтэй санхүүжилтийн зээл авахын тулд зээлдүүлэгчийн зээл олгох эсэх давамгайлсан бодит нөхцөл байдлын улмаас  хэрвээ бид 5 сая ам долларын зээл авсан тохиолдолд 10 сая ам доллартай адил нөхцлөөр зээлийг эргэн төлөх үү гэдгийг бодолгүй өөрт илт хохиролтой заалт байсаар байтал хүлээн зөвшөөрч баталгаажуулсан. 2013 оны 01 дүгээр сарын  15-ны  өдөр Европын сэргээн босголт  хөгжлийн банк “Шарын гол” ХК, “Нако түлш” ХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.07 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билгүүн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч тал нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэж байна. Хоёр тал зээлийн гэрээг нарийн тохиролцсоны үндсэн дээр байгуулсан. Гэрээний 2.1-т 10.000.000 ам доллараас илүүгүй байна гэж заасан. Мөн зээлийн гэрээний 2.2-т 5.000.000 ам доллараас багагүй хэмжээний зээл олгоно гэж заасан. Европын сэргээн босголт хөгжлийн банкны хувьд 5.000.000 ам доллар олгосныхоо дараа дахин 5.000.000 ам доллар олгох боломжтой байсан. Гэтэл хариуцагч тал нэмж 5.000.000 ам доллар олгох шаардлагыг хангаагүй.  Зээлийн гэрээний 2.07 дахь заалтад дүн шинжилгээ хийхэд ерөнхий болон нарийвчилсан байдлаар гэрээний графикийг тогтоосон байгаа. Манай байгууллагын хувьд зээлийн гэрээнд бичигдсэн дүнгээр буюу 1666 ам доллараар төлбөрөө шаардсан зүйл байхгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх ашиг зөрчигдөөгүй. Хариуцагч тал гэрээнд заасан шаардлагаа хангаж чадаагүй тул талуудын тохиролцсон график хүчингүй болсон. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1132 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасныг баримтлан “Шарын гол” ХК-аас зээлийн төлбөрт нийт 3.281.369,91 ам долларыг гаргуулж, нэхэмжлэгч Европын Сэргээн босголт хөгжлийн банкинд олгож, хариуцагч “Шарын гол” ХК-ийн  гаргасан зээлийн гэрээний 2.07 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн  шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.721.660 /27,747,090+19,000+1,460,150+1,495,420/ төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг  тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Шарын гол” ХК-аас улсын тэмдэгтийн хураамж 30.721.660 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Европын сэргээн босголт хөгжлийн банкинд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг эс зөвшөөрч байна. Шүүх гэрээг тайлбарлахдаа үгийн утгыг шууд анхаарна гэсэн зарчмыг зөрчиж, өөр утгаар ойлгож тайлбарласан. Төлбөрийн дүнг тухайлан тогтоогоогүй буюу зохицуулаагүй. Олон асуудлыг нэг заалтаар зохицуулсан тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж дүгнэсэн нь өрөөсгөл юм. Мөн хариуцагч ямар ч тохиолдолд 10.000.000 ам долларыг зээлэх юм байна гэж төөрөгдөн 10.000.000 ам долларын эргэн төлөлтийн хуваарийг зохицуулсан заалтыг зөвшөөрсөн буюу тэрхүү заалтын талаар ноцтой төөрөгдсөн бодит үйл баримт, нөхцөл байдлыг үнэн зөвөөр үнэлээгүй ба энэ талаар үгүйсгэсэн дүгнэлт хийж чадаагүй. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Европын сэргээн босголт хөгжлийн банк “Шарын гол” ХК-д холбогдуулан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3.281.369 ам доллар гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч  “Шарын гол” ХК нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй,  ба  “Зээлийн гэрээний 2.07 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Анхан шатны шүүх “Шарын гол” ХК-аас зээлийн төлбөрт нийт 3.281.369,91 ам долларыг гаргуулж, нэхэмжлэгч Европын сэргээн босголт хөгжлийн банкинд олгож, хариуцагч “Шарын гол” ХК-ийн  гаргасан зээлийн гэрээний 2.07 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн  шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дээрх үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргажээ.

Харин нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтийг ирүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билгүүн хүсэлтдээ: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзаж, мөн өмнө гаргасан нэхэмжлэгчийн эрх залгамжлагчаар “Монголиан Гоулд Минт” ХХК-ийг оролцуулах тухай хүсэлтээсээ татгалзаж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “нэхэмжлэгч тал нэхэмжлэлээсээ хуульд заасан журмаар татгалзаж байгаа тул талуудын зээлийн гэрээний 2.07 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл болон давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолтойгоо холбогдуулж тайлбар гаргахгүй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т зааснаар хэргийг шийдвэрлэнэ  үү”  гэж тайлбарлав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт ...давж заалдах гомдол гаргасны дараа ...нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол… давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан байна.

Иймд нэхэмжлэгч Европын сэргээн босголт хөгжлийн банк давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцэх шатанд нэхэмжлэлээсээ татгалзсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Мөн энэ тохиолдолд хуульд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй байхаар  заасан тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй болно.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1132 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т зааснаар хариуцагчаас  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.  

 

 

                                           ДАРГАЛАГЧ

                                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 О.НАРАНГЭРЭЛ

                                           ШҮҮГЧИД                                               Л.АМАРСАНАА

                                                                                                           С.ОЮУНЦЭЦЭГ